2018
Аврагчийн үгсийг судал
January 2018


Аврагчийн үгсийг судал

Lds.org/blog дээрх өгүүллээс авав.

Одоо Их Эзэн Аврагч, Есүс Христийн талаарх миний гэрчлэл өсөн нэмэгдэхийн зэрэгцээ би Иосеф Смитийн Мормоны Номыг орчуулахдаа ашигласан систем Бурханы бэлэг байсан талаарх итгэлийнхээ баталгааг дахин нэг удаа хүлээн авсан юм.

Зураг
young woman studying

Би 2017 оны 1-р сарын залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалтыг үзэж суугаа хүмүүсийг долоо хоног бүр дараах зүйлсийг хийж, Аврагчийн талаарх гэрчлэлээ нэмэгдүүлэхэд уриалсан. Үүнд:

  • Хуучин Гэрээнд цэдэглэсэн Есүсийн хэлсэн, хийсэн бүхнийг судлах

  • Шинэ Гэрээнд цэдэглэсэн Түүний зарлигуудыг судлах

  • Мормоны Номонд цэдэглэсэн сургаалуудыг нь судлах

  • Сургаал ба Гэрээнд цэдэглэсэн Түүний үгсийг судлах зэрэг юм.

Үүнийг сонссон хүмүүс боломжийнхоо хэрээр Есүс Христийн талаар судлах юм бол Түүнийг болон Бурханы зарлигийг хайрлах хайр нь төсөөлөхийн аргагүй өсөн нэмэгдэнэ гэдгийг би амлаж байна.

Би үг хэлж байхдаа уг даалгаврыг өөрийн биеэр анх удаа хийж байсан болохоор энэ амлалт үнэхээр биелдэг гэдгийг дурдаагүй.

2016 оны 12-р сард би шинэ судрууд аваад, дараа нь 1-р сард залуучуудад өгөх даалгавраа биелүүлж эхэлсэн билээ. Уг даалгаврыг зургаан долоо хоногийн дараа хийж дуусгах үед би дөрвөн судраас нийт 2200 гаруй эшлэлийг харж, тэмдэглэсэн байв.1

Миний хувьд энэ даалгаврыг хийж дууссан маань сэтгэл хөдөлгөм үйл явдал байсан.

Аврагч бидэнд Өөрийнхөө талаар Хуучин Гэрээний болон Шинэ Гэрээний үе, Сэргээлтийн болон бидний үе гэх мэт өөр өөр цаг үед хэлж байсан нь хамгийн сургамжтай зүйл байсан юм. Судрын бүх номын түүх болон түүхийг өгүүлж буй хүмүүс нь адилхан байсан.

Зураг
President Nelson studying the scriptures

Би 93 наслахдаа олон ч цагийг Аврагчийн талаар суралцахад зориулсан ч энэ зургаан долоо хоногийн дотор сурсны адил ийм их зүйлийг сурч байсан нь ховор. Үнэндээ би ийнхүү суралцсанаар энэ талаар маш их зүйл ойлгож мэдсэн бөгөөд сурсан зүйлээсээ дараа дараагийн хэлэх үгэндээ хуваалцахаар бэлдэж байгаа.2

Би энэ даалгаврыг хийж эхлэхдээ энэ нь надад Иосеф Смитийн бурханлаг ажлын талаар шинэ гэрчлэлтэй болоход тусална гэж бодоогүй ч гэрчлэлтэй болж чадсан! Иосеф Смитийн цэдэглэсэн илчлэлт, Библи дээрээс олж мэдсэн зүйлүүд нь хоорондоо гайхалтай сайхан нийцэж байсан. Суралцаж байхдаа үүнийг олж харсан минь миний билгийн мэлмийг нээж өгсөн билээ.

Мормоны Номыг ийнхүү хурдацтай орчуулж байхдаа номоо Библитэй уялдуулан холбож, солбицсон эшлэл болгон оруулах цаг Иосеф Смитэд байгаагүй нь гарцаагүй атал ийнхүү орсон байлаа!

Тиймээс Их Эзэн хийгээд Аврагч, Есүс Христийн талаарх миний гэрчлэл өсөн нэмэгдээд зогсохгүй, би Иосеф Смитийн Мормоны Номыг орчуулахдаа ашигласан систем Бурханы бэлэг байсан талаарх итгэлийнхээ баталгааг дахин нэг удаа хүлээн авсан юм.

Тэгэхлээр, та нарын зарим нь ийм даалгаврыг хийх цаг зав надад гарахгүй байх гэж дотроо бодож байгаа байх.

Та нарт юу бодогдож байгааг би мэднэ. Би ч гэсэн энэ бүхнийг хийх цаг зав надад байхгүй гэж бодож байсан. Иймэрхүү үгс итгэлийг өсгөн нэмэгдүүлэхгүй гэдгийг би өөртөө сануулах хэрэгтэй байсан юм. Харин “Надад үүнийг хийх цаг зав байхгүй гэдгийг мэдэж байгаа ч цаг зав гаргана. Байгаа цагтаа амжуулж хийнэ” гэх нь итгэлийг өсгөн нэмэгдүүлэх үгс юм.

Энэ даалгаврыг хүлээн авсан бидний хүн нэг бүр өөрийн цаг завд тааруулан хийж дуусгана. Миний хувьд би энэ бүхнийг зургаан долоо хоногт хийж дууссандаа баярладаг. Харьцангуй богино хугацаанд эрчимтэй судалсан маань намайг Хуучин Гэрээ, Мормоны Ном, Шинэ Гэрээ болон Сургаал ба Гэрээн дээрх мэдлэг харилцан бие биенээ нөхдөг чанарыг ойлгож үнэлэх боломжийг олгосон юм.

Цаг завгүй гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд, хэрэв та нар золиослол гаргах юм бол шагнуулах ба үзэл санаа тань өөрчлөгдөн, мэдлэг тань өсөж, хөрвүүлэг тань гүн гүнзгий болсонд гүнээ талархах болно гэдгийг хэлэх гэсэн юм. Би эдгээр шагналыг өөрийн амьдралаас харсан учраас энэ нь үнэн бодит зүйл юм.

Зураг
President Nelsons marked scriptures

Онцгой цугларалтад дурдсанаар, ирээдүйн нэгэн өдөр та Аврагчийн өмнө өөрийгөө танилцуулна. Та Түүний ариун оршихуйд зогсохдоо нулимс тань дуслахыг мэдэрнэ. Та Түүнд таны нүглийн төлөөсийг төлсөнд мөн бусдад эелдэг бус хандсаныг тань уучилсанд болон энэ амьдралаас олсон шарх, шударга бус зүйлээс эдгээсэнд нь талархах үг олох гэж зүдрэх болно.

Түүнчлэн Тэрээр танд боломжгүй зүйлийг хийх хүч чадал өгсөнд, сул талаа хүчтэй болгосонд мөн Өөртэй нь болон гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах боломж олгосонд та талархана. Түүний мөн чанар, Цагаатгал, зан чанар нь танд ойр, бодит болох болно.

Гэхдээ та тэр болтол хүлээх хэрэггүй. Яг одоо Түүний жинхэнэ шавь байх сонголтыг хий. Түүнийг үнэхээр хайрладаг, Түүнтэй адил үйлчилж, удирдахыг чин сэтгэлээсээ хүсдэг нэгэн бол. Хэрэв та нар Түүний үгсийг судалбал Түүнтэй адилхан болох чадавх тань нэмэгдэнэ гэдгийг би амлаж байна. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ.

Эшлэлүүд

  1. Ерөнхийлөгч Нэлсоны онцгой цугларалтандаа санал болгосончлон, та мөн Guide to the Scriptures-ын “Jesus Christ” сэдэв доорх эшлэлүүдийг харж болно.

  2. Ерөнхийлөгч Нэлсоны 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь” үгийг үзнэ үү.