2018
Хар мөн амьдар
January 2018


Харж, амьдар

Бид Бурхан руу эргэхдээ сүнсээ шинэчлэх байнгын эх сурвалжийг бий болгодог.

Зураг
young man standing by broken down car

Зураг чимэглэлийг Пол Манн

Намайг бага байхад гэр бүл маань АНУ-ын Хойд Калифорнигоос Юта руу машинаар байнга аялдаг байсан. Бид элсэн цөлөөр аялахдаа биш, харин зорьсон газраа хүрч, тэнд байгаа гэр бүлийн гишүүд дээрээ зочлох дуртай байсан юм.

Бүрэн цагийн номлолд гарахын өмнөх зун би дахин нэг удаа Ютад байдаг хамаатнууд дээрээ зочлохоор аялсан. Тэр удаад би Дэвид дүүтэйгээ хоёулхнаа аялах болсон бөгөөд бид 16, 18 настай байлаа. Бид гэр бүлийнхэнтэйгээ 10 цагийн аяллыг байсхийгээд л хийчихдэг байсан болохоор дажгүй аялж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан.

Бид авга ах Кэй, авга эгч Дайан, үеэл Мишээл нар дээр зочлон очсон юм. Дэвид тэнд байх хугацаагаа сунгасан ба би шүдний эмчид үзүүлэхээр Калифорни руу ганцаараа буцаж явах ёстой болов.

Намайг Ютагийн Спаниш Форкоос гараад, машинаар явах шөнийн аяллаа эхлэх үед бүрэнхий болж байлаа. Бүх зүйл эхэндээ сайн байсан бөгөөд би өмнөд, хойд зүг рүү явдаг гол замаас гараад, баруун, зүүн зүг рүү явах зам руу оров. Урд гэрлээ асаагаад, Ютагийн баруун хэсэг рүү яаран замдаа гарлаа. Километрийн заалт нэмэгдсээр, элсэн цөлд шөнө харанхуй болох тусам урдах замаа харахад улам бүр бэрхшээлтэй болж байгааг ажиглав. Эцэст нь, би урд гэрэл маань улам сүүмийж байгааг ойлгосон юм. Гэрэл унтарч, хөдөлгүүр зогсон, машин маань гол замын хажууд зогсох нь тэр.

Аккумлятор нурсан байлаа. Машин цаашаа явах боломжгүй боллоо. Би хангалттай түлш хийж, хаана зогсож шатахуун авахаа анхааралтай тооцоолсон байсан ч цахилгаан нь таг унтарна гэдэгт бэлтгэлгүй байв.

Генератор гэж юу вэ?

Гэр бүлийнхээ машиныг засаж янзалдаг хэмээн өөрөөрөө бахархдаг аав маань намайг өсгөж хүмүүжүүлсэн юм. Тэр бидэнд автомашины механикийн талаар заадаг байсан учраас генераторт асуудал үүсээгүй л бол хөдөлж байгаа машины хэвийн ажиллагаатай аккумлятор хэзээ ч нурахгүй гэдгийг би мэддэг байлаа. Генератор нь хөдөлгүүрээс гарсан механик энергийг цахилгаан энерги болгон хувиргах зориулалттай автомашины цахилгаан энергийн үндсэн эх үүсвэр юм. Энэ нь ажиллаж буй хөдөлгүүрийн кинетик энергийг ашиглан, аккумляторын батерейг цэнэглэх цахилгаан болдог соронзон энергийг үүсгэдэг. Энэ нь урд гэрэл, радио, агааржуулагч, бусад цахилгаан хэрэгслийг доголдолгүй ажиллах боломжтой болгодог. Энэ нь мөн хөдөлгүүрийг хэвийн ажиллуулдаг.

Одоо харин машинд маань ямар нэгэн асуудал үүсчихээд байв. Аяллаа үргэлжлүүлэхээс өмнө үүнийг засварлах эсвэл солих хэрэгтэй байлаа.

Гар утас гараагүй байсан болохоор надад алхаж явах л сонголт байв. Эцэст нь, нэгэн эрэгтэй намайг машиндаа суулгаад, зэргэлдээх хотод хүргэж өгсөн юм. Би ачигч машин дуудахаар төлбөртэй утас ашиглав. Би машин руугаа буцахаар нэг цаг аялахдаа жолоочтой хамт бүхээгт нь сууж явсан бөгөөд машинаа ачуулаад, уг жижигхэн хот руу буцахдаа бас хамт явав. Дөрвөн цагийн дараа л би авто засварын газарт ирж, онгойхыг нь хүлээнгээ машин дотроо орж унтах боломжтой болсон юм.

Менежер нь ирээд, жижигхэн хотод нь хэрэгтэй зүйлээ байгаа гэж бодсоныг минь шоолон инээв. Тэр захиалж болох ч хоёр эсвэл гурван өдрийн дараа л ирнэ гэж хэлэв. Дараа нь тэр намайг өрөвдөн, аккумляторыг маань гурван цаг цэнэгээ барихаар цэнэглээд өгч болно гэж хэлсэн бөгөөд энэ нь дараагийн хот хүртэл хангалттай хүрэхээр байв. Тэнд надад хэрэгтэй зүйл байж магадгүй.

Би аккумлятороо цэнэглээд, үнэ цэнтэй цахилгааныг маань дэмий үрэх ямар ч зүйлийг асаалгүйгээр хөдөллөө. Дараагийн хотод очсон ч хэрэгтэй зүйл минь байсангүй. Гурван цаг цэнэглээд, дараа дараагийн хот хүртэл хоёр цаг жолоодно гэх мэтээр аялал үргэлжилсээр байв. Замд тааралдсан сайн санаат хүмүүсийн ачаар би 30 цагийн дараа л ядарч зүдэрсэн ч аюул осолгүй эцэг эхийнхээ гэрт ирсэн юм.

Сүнслэг талх

Миний аялал Хуучин Гэрээний үеийн израильчуудын элсэн цөл дэх аялалтай төстэй байв. Израильчууд 40 жилийн турш талх хэмээх тэнгэрийн хоолоор тэжээлгэсэн. (Египетээс гарсан нь 16-р бүлэг, Тооллого 11-р бүлгийг үзнэ үү.)

Зураг
gathering of manna

Талхаа цуглуулах нь, Жэймс Тиссот

Бидэнд ч бас сүнслэг хоол тэжээл буюу тэнгэрийн хоол хэрэгтэй. Аз болж, бид хэрэгтэй “сүнслэг талхыг” маань “авчрах” “сүнслэг генераторыг” бүтээж чадна. Тэнгэр дэх Эцэг, Түүний Хүү Есүс Христтэй харилцах харилцаагаа хадгалснаар бидний сүнслэг хэрэгцээ хангагддаг учраас израильчууд бие махбодын талхыг цуглуулах гэж өдөр бүр цаг гаргадаг байсантай адил өнөөдөр бид залбирч, сайн мэдээг судлан, Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг эрэлхийлснээр сүнслэг маннаг цуглуулах ёстой.

Эцэст нь, израильчууд бие махбодын талхаа цуглуулахаас залхаж, ардаа орхисон зүйлстээ “шунахайрсан” (Тооллого 11:4) юм. Хэрэв бид сүнслэг талхаа цуглуулахаас залхаж эхэлбэл сүнслэг ашиг сонирхолд маань нийцэхгүй зүйлсийг хүсэж эхэлж магадгүй. Бид уурлаж бухимдсан израильчуудтай адил амлагдсан нутагт хүрэх гол зорилгоо мартах эрсдэлд орно. Бид өөрсдийн “Египетийг” (Тооллого 11:5–6) орхиогүй байсан ч харамсаж магадгүй. Эцэст нь, бидний сүнслэг генератор ажиллахаа больж, аянаа урагш үргэлжлүүлэх боломжгүй болно. Бид ядуурч хоосрон, өлсөж цанган, аврал эрэх болно.

Гайхамшгийг харах нь

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) “Заримдаа бид судруудтай байгаа нь хэчнээн онцгой зүйл болохыг мөн хэчнээн их адислал болохыг ойлгож, талархдаггүй болохоор судруудад хэт хайнга ханддаг юм шиг санагддаг. Бид энэ дэлхийн туршлагууддаа дасаж, бидэнд заагдаж буй сайн мэдээг сонссоор байгаад дасал болсон тул сайн мэдээ байгаагүй бол ямар байхыг төсөөлж ч чадахаа больсон юм шиг санагддаг” хэмээн заажээ.1

Судрыг тууштай судлах, залбирах, дуулгавартай байх хэрэгцээгээ хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Учир нь эдгээр нь Ариун Сүнсний нөхөрлөлийг хадгалахад бидэнд тусалдаг. Хэрэв бид амьдралынхаа сүнслэгээр цэнэглэх үйл ажиллагаануудыг үл тоомсорлож, залхан, зүгээр л автоматаар хийдэг болчихвол сүнслэг генератор маань бүрэн ажиллахгүй. Бид аажим аажмаар сүнслэг хүчээ алдаж, эцэст нь байгаа үгүйг нь ч мэдэхгүй болно. Ийм цаг үед эдгэрэх цорын ганц арга бол Есүс Христ рүү эргэж, наманчлах явдал юм. Есүс Христийн Цагаатгал, чин сэтгэлийн наманчлалаар дамжуулан бүх зүйл сэргээгдэх боломжтой.

Харж, амьдар

Израильчууд гомдоллож эхэлснээр хоол тэжээлдээ талархахаа больсон. Шийтгэл болгож, “ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв” (Тооллого 21:6).

Эцэст нь “ард түмэн Мосе уруу ирж—Бид ЭЗЭН болон таны эсрэг ярьснаас болж нүглийг үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.

Тэгтэл ЭЗЭН Мосед—Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв.

Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа” (Тооллого 21:7–9).

Зураг
brazen serpent

Хүрэл могой, Жэймс Тиссот, Иудей музей, New York/Art Resource, NY

Орчин үеийн хүрэл могой

Хүрэл могой нь загалмайд өргөгдсөн Христийн бэлгэ тэмдэг юм (Иохан 3:14–15-ыг үзнэ үү). Бид орчин үеийн бошиглогчдын зөвлөгөөг анхааран сонссоноор Христ рүү хардаг. Учир нь тэдгээр нь бидний анхаарлыг Эцэгийн төлөвлөгөө рүү болон Есүс Христийн гол үүрэг рүү хандуулдаг. Надад аккумлятороо цэнэглэх боломж олгосон сайн санаат хүмүүстэй адил амьд бошиглогч, үзмэрч, илчлэгчид нь биднийг Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүд гэдгийг мөн Түүний ажил, алдар суу нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) явдал юм гэдгийг сануулснаар биднийг сүнслэгээр цэнэглэдэг. Тэд хүндэтгэлийн өдөр илүү үр дүнтэй шүтэн биширснээр Тэнгэрлэг Эцэгт болон Түүний аз жаргалын төлөвлөгөөнд мөн Есүс Христ, Түүний Цагаатгалд итгэх итгэлээ өсгөнө гэсэн тодорхой зөвлөгөөг бидэнд өгдөг.

Мосегийн болон хүрэл могойн түүхийг Мормоны Номонд бас дурдсан байдаг бөгөөд тэнд “олон нь харж мөн амьдрав” (Алма 33:19; мөн 20–22-р шүлгүүдийг үзнэ үү) гэж хэлсэн байдаг. Гэвч бусад нь харахаас татгалзсан юм. “Тэдний гүйцэлдүүлэх ёстой ажил нь харах байв; мөн уг замын энгийн байдал эсвэл үүний амархны учир тэдгээрээс эрсэдсэн нь олон байв” (1 Нифай 17:41). Биднийг уг зам амархан учир бошиглогчдыг болон тэдний зөвлөгөөг эсэргүүцсэн гэж хэзээ нэгэн өдөр ярих болов уу?

“Хэрэв та нар эдгээгдэж болохын тулд зөвхөн харц чулуудсанаар эдгээгдэж болдог бол, та нар хурдхан болгоохгүй гэж үү? …

… Тэгвэл харц чулуудан мөн Бурханы Хүүд … итгэж эхлэгтүн” (Алма 33:21, 22).

Биднийг “тэнгэрт хүргэх гол замаар” аяллаа үргэлжүүлэн, бусдыг мөн адил үйлдэхэд урамшуулан дэмжих үед ирдэг адислалуудад би талархдаг. Мөн би замаасаа хазайсан үедээ наманчилж, муу зуршлаа хаян, зөв замдаа эргэж орох боломжтой байгаадаа талархаж байна. Эдгээр адислал бол хэмжигдэшгүй билээ.

Израильчуудын уг туршлагын талаар дурдсан Мормоны Номын өөр нэгэн хэсэг “тэрхүү могойг харсан болгон амьдрах байсны адил, тэрчлэн Бурханы Хүүг итгэлтэйгээр мөн гэмшсэн сэтгэлтэйгээр харсан болгон, бүр мөнхийн болох тэрхүү амьдралаар амьдарч болох бөлгөө” (Хиламан 8:15) гэж төгсдөг.

Орчин үеийн бошиглогчдын зөвлөгөөг анхааран сонсох нь биднийг итгэлтэй байхад сургадаг. Би тэр орой цөлд урагшлах ёстой байсантай адил энэ нь бидэнд аяллынхаа сорилт бэрхшээлийг давж гарах хүч чадлыг өгдөг. Бид Тэнгэр дэх Эцэг болон Түүний Хүү рүү харснаар аяллаасаа утга учир, зорилго чиглэлийг олно гэдгийг би гэрчилж байна.

Та нар энэ өгүүллийн талаарх гэр бүлийн үдшийн санаануудыг lds.org/go/11811-ээс олж болно.

Эшлэл

  1. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 61.