2018
Ахлагч Гэррит В.Гонг: Их Эзэнийг хайрла, Түүнд найд
2018 оны аравдугаар сар


Ахлагч Гэррит В.Гонг: Их Эзэнийг хайрла, Түүнд найд

Зураг
Elder and Sister Gong

Гэрлээд удаагүй, Английн Оксфордын Их сургуулийн оюутан Гэррит В.Гонг хувийн туршлагаараа, бид Их Эзэнийг хайрлан, Түүнд найдах үед Тэр бидэнд тусалж, удирдан, хүчирхэгжүүлдэг гэдгийг мэдэж авчээ.

Гэррит нэг нь докторын зэрэг болох, бакалаврын дараах хоёр зэрэг горилохоор ажиллаж байсан бөгөөд Родын тэтгэлэгт оюутан байв. Тэр үед тэрээр Оксфордын тойргийн бишопын зөвлөлд бас үйлчилж байв. Тэрээр эхнэр Сюзаны хамт Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хайтын (1906–2004) Солт Лэйкийн ариун сүмд гэрлэхэд нь өгч байсан зөвлөгөөг дурсан санав. Ахлагч Гонг “тэрээр биднийг үргэлж дуудлагатай байх ёстой гэж хэлсэн” гэж яриад, “Хэрэв бид Бурханд итгэн, чадлынхаа хэрээр хамгийн сайнаараа хийвэл Тэр бидэнд үргэлж тусалдаг гэдгийг бид мэддэг байсан” гэв.

Гэррит, Сюзан хоёр түүний хэлснээр “тэнгэрлэг тусламж, энэрэнгүй өршөөл”-ийг хүлээн авсан ажээ. Гэррит бишопын зөвлөлд үргэлжлүүлэн үйлчилж байхдаа диссертацаасаа гадна докторын зэрэгт шаардагдах бүхий л шаардлагыг гүйцээсэн. Тэрээр Оксфордын тойргийн бишоп Алан Вэбстэрээс санваарын адислал өгөхийг гуйв. Адислал өгч байх үед Гэррит “Хийж чадах бүхнээ үргэлжлүүлэн хий, Их Эзэн чамайг адислах болно” гэсэн амлалтыг хүлээн авсан байна.

Хуульчийн бичиг хэргийн туршлагатай тойргийн хоёр гишүүн нь гар бичмэлийг нь сайн дураараа шивж өгөхөөр болж, Гэррит хэдхэн сарын дотор диссертацаа дуусгах боломжтой болов. Чухамдаа, ердөө гурван жил гаруйн хугацаанд тэрээр магистр, докторын зэргээ хоёуланг хамгаалж чаджээ. Төгсөх үедээ тэр тэнхмийн судалгааны ажил хүлээн авав. Оксфордод суралцсан туршлага нь Их Эзэнд найдах итгэлийг нь, өнөө хүртэл тэвчиж ирсэн найдварыг нь хүчирхэгжүүлсэн бөгөөд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байгаа үед нь ч Гэррит В.Гонгийг үргэлжлүүлэн адислах болно.

Талх ба загас

Ахлагч Гонг “Их Эзэн нинжин сэтгэлтэй, өгөөмөр бөгөөд биднийг адислахаар эрэлхийлж байдаг. Хэрэв бид чадах бүхнээ хийвэл Тэрээр биднийг хийж чадах байснаасаа ч илүүг хийх боломжтой болгох болно. Энэ бол талх, загас үржсэнтэй адил зүйл. Их Эзэн бидний хийж чадсаныг аваад, өөрсдийнхөө хэр хэмжээнд хийж чадахаас маань хавьгүй том болгон өсгөн томруулдаг.”

Талх, загасны зарчим нь суралцах дээр ч бас хэрэгждэг үнэн зарчим юм. “Суралцахуй бол мөнхийн зүйл учраас албан боловсрол олж авах боломжгүй үед ч суралцахуйн сүнс ач холбогдолтой хэвээр байдаг. Бид өөрсдийн нөхцөл байдлаас үл шалтгаалан гэрэл ба үнэнийг эрэлхийлж чадна. Биднийг хийх үед Их Эзэн үүнийг олоход маань туслах болно” гэж хэлэв.

Гэрээнд харьяалагдах нь

Оксфордод байхдаа ахлагч Гонг сайн мэдээний бас нэг өөр зарчимд буюу түүний хэлснээр “гэрээнд харьяалагдах” зарчимд суралцжээ.

Тэрээр “Бид Их Эзэн рүү илүү ойртох үедээ нэг нэгэндээ илүү ойртдог” гэж хэлэв. “Оксфордод байхдаа Сюзан бид хоёр тойрогтоо үйлчилсэн туршлагаа эрдэм номоо дээдлэн үздэгийн адил эрхэмлэн үздэг байсан. Өнөөдрийг хүртэл нөхөрлөсөн хамгийн дотно ихэнх найз маань Оксфордын тойргийн хүмүүс.

Тэдний дундаас Тим, Катэрин Витт хоёр Гонгийнхонтой ариун сүм рүү явахаа мартдаггүй байсан юм. “Гонг ах мөнхийн утга учиртай зүйлсийн талаар бясалган бодож байх үедээ цаг хугацаагаар хязгаарлагдахгүйн тулд бугуйн цагаа тайлдаг байсныг би сайн санаж байна. Тэрхүү жижиг үйлдэл нь ариун сүмийн шүтлэг бишрэлийнхээ тал дээр илүү хичээнгүй байхад минь надад тусалсан юм” гэж Витт эгч хэлэв.

Гонгийнхон сайн мэдээгээр дамжуулан таньж мэддэг болсон найз нөхөдтэйгөө үе үе уулздаг. “Хүмүүс ‘Бид таныг дээд зөвлөлд байхад хамт ажиллаж байсан гэх мэт зүйл хэлнэ. Бид ч бас мөн адил тэгж хэлнэ” гэж ахлагч Гонг хэлээд, “Намайг залуухан бишоп байхад минь тусалсан гадасны ерөнхийлөгч, тойргийн зөвлөлдөө би талархаж байна. Бид бүгдээрээ биднийг Христ рүү ирэхэд хөтөлдөг, урамшуулан дэмждэг, бидэнд сайхан сэтгэлээр ханддаг эцэг эх, хадам, хөрш, номлолын ерөнхийлөгч, эгч нар болон санваарын удирдагчдадаа өртэй” гэв.

Гэр бүлийн өв

Ахлагч Гонгийн гэр бүлийн 34 үеийн түүх МЭ 837 онд төрсөн Анхны Луу Гонгоос улбаатай. Ахлагч Гонгийн эмээ, өвөө хоёр нь Хятадаас Нэгдсэн Улс руу цагаачилжээ. Түүний ээж Жийн АНУ-ын Хавайд өсвөр насандаа Сүмд нэгдсэн юм. Дараа нь тэрээр АНУ-ын Юта муж дахь Провогийн Бригам Янгийн Их Сургуульд элсэн орсон бөгөөд тэнд Дүрслэх урлагийн коллежийн анхны декан Гэррит дэ Жонгийн гэрт байрладаг байжээ. “Дэ Жонгийнхон надад сайн мэдээний гэр бүл гэж ямар байдаг талаар ойлгоход минь тусалсан” гэж тэр хэлсэн.

Жийн БЯИС төгссөнийхөө дараа АНУ-ын Калифорнийн Пало Алто дахь Станфордын Их сургуульд орсон бөгөөд тэнд Волтэр А.Гонгтой танилцжээ. “Тэр аль хэдийн Христэд итгэгч байсан бөгөөд сэргээгдсэн сайн мэдээний санал болгодог зүйлүүдийг маш хурдан ойлгож авсан” гэж тэр хэлэв. Волтэр Гонг Сүмд нэгдээд, жилийн дараа тэд Солт Лэйкийн ариун сүмд гэрлэжээ. Тэд хоёулаа мэргэжлийн сурган хүмүүжүүлэгчид болсон бөгөөд нийтдээ дал гаруй жилийг багшилж сургахад зориулжээ.

“Аав маань бас патриарх болсон бөгөөд манай гэрт өгсөн патриархын адислалууд гэрийг маань хүүхэд болгоноо хайрладаг Бурханы хайрыг бишрэх гүн гүнзгий бишрэл хүндэтгэлээр дүүргэсэн юм” гэж ахлагч Гонг ярив.

Зураг
Elder Gong as a baby with his parents

1953 оны 12-р сарын 23-нд Жийн, Волтэр хоёрын гурван хүүхдийн ууган нь мэндэлжээ. “Түүний нэрийг Гэррит гэсэн нь Гэррит дэ Жонгийн дурсгалд зориулан нэрлэсэн голланд нэр бөгөөд дундах нэрийг Волтэр гэсэн нь аавыг нь дурсан өгсөн нэр юм. Манай овгийн нэр хятад бөгөөд энэ нь түүний өвийг дурссан хэрэг билээ” гэж Жийн тайлбарлав.

Жийн “Гэррит өөрийн хоёр дүү Брайн, Маргурит нараа анхаарч, асран халамжилдаг байсан. Тэр дүү нартаа туслах дуртай, бүр гутлаа үдэх гэх мэт аар саар зүйлд нь ч тусалдаг байсан” гэж хэлэв. Тэрээр нэг удаа Сүмээс ирснийхээ дараа, Гэррит, Брайн хоёрыг ариун ёслол дээр хэлдэг үг уйтгартай гэж хоорондоо ярьж байхыг нь сонссоноо дурсдаг. “Тэгээд би тэдэнд тэгвэл та нар илүү сайн үг бэлдээд ир гэж уриалсан юм. Тэд ч уриалгыг хүлээн авч, бүх үгэнд илүү анхаарал хандуулж эхэлсэн” гэж тэр ярив.

Өсвөр насандаа Гэррит тойргийнхоо залуу эрэгтэйчүүдтэй үүргэвчтэй аялал, явган аялал хийх дуртай байжээ. Насан туршийнх нь найз Волли Солбэкэ нэг кэмпийн аяллынхаа талаар онцгойлон дурсдаг. “Би Гэррит, түүний дүү Брайн, бас манай Сүмийн гишүүн бус нэг найзтайгаа дөрвүүлээ байлаа. Нэг мэдсэн чинь бид сүмийн дуулал дуулж гарлаа. Гэррит аяыг нь, Брайн тенор, би басс хоолойгоор дуулж байв. Бид бараг 10, 20 дуулал дуулсан даа. Зүгээр л бидэнд дуулах нь их хөгжилтэй байсан юм. Маш сайхан байсан шүү. Сүмийн гишүүн бус найзын маань сэтгэл их догдолсон.”

Солбэкэ ах, ахлах сургуульд байхад нь Гэррит хөгжөөн дэмжигчдийн ахлагчдаас шатрын багаа чимээгүй дэмжиж өгөхийг гуйж байсныг нь санадаг аж. “Тэр сэтгэл санааны дэмжлэг хүн бүхэнд хэрэгтэй гэж тэднийг ятгаснаар тэд тэмцээн дээр ирсэн байсан” гэж тэрээр ярив.

Зураг
Elder Gong as a missionary and later with a missionary

Зүүн гар талаас: Маржори, Гордон Б.Хинкли нар Гонгийнхны хуримын хүлээн авалт дээр Гэррит, Сюзан хоёртой хамт байгаа нь. Тайваньд номлогч байхдаа ахлагч Гонг нэгэн гэр бүлд сайн мэдээ заасан бөгөөд олон жилийн дараа ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж байхдаа тэр гэр бүлийн охидын нэгнийх нь зээ хүүтэй уулзсан байна. Вьетнамд ахлагч Гонг, Сюзан Гонг эгч хоёр бэрхшээл сорилттой тулгарсан хүүхдүүдэд баяр баясгалан авчрах арга зам болгож, ханын зураг зурж өгч байгаа нь. Гонгийн гэр бүлийн гишүүд Вьетнамд ханын зураг зурахад тусалсан хүмүүсийн хамт.

Ахлах сургууль төгссөнийхөө дараа ахлагч Гонг Бригам Янгийн Их Сургуульд элсэн оржээ. 1973–1975 оны хооронд тэрээр Тайвань Тайпей номлолд үйлчилсэн бөгөөд буцаж БЯИС-д ирээд, Ази судлал, их сургууль судлалаар бакалаврын зэрэгтэй болжээ.

Үерхэл ба гэрлэлт

Ахлагч Гонг номлолоос буусныхаа дараа Провогийн Номлогчийг бэлтгэх төвд ням гаргийн орой болдог галын дэргэдэх цугларалтуудад сайн дураараа үйлчлэл хийдэг болжээ. Цуглаан нь Тайванийг зорьж байсан номлогчдыг тэндхийн хүмүүс, ёс заншил, соёлтой танилцахад тус болж байв. Номлогчдын нэг болох Сюзан Линдсэй эгч Ютагийн Тэйлорсвиллээс ирсэн бөгөөд Ричард П болон Мариан Б.Линдсэй нарын охин байв. Линдсэй ах Далын хоёрдугаар чуулгын гишүүн байжээ. Ахлагч Гонг “Сюзан надад үргэлж таньдаг хүн шиг минь санагддаг байсан” гэж хэлэв.

Хоёр жилийн дараа Сюзан номлолоо дуусгаад, хэдэн сарын дараа БЯИС-д буцаж ирэхэд Гонг гэрийнхэнтэйгээ Провод байжээ. Аав нь их сургуульд багшилж байсан бөгөөд Гэррит хоёр долоо хоногийн хугацаатайгаар зочлох төлөвлөгөөтэй байжээ. Сюзан тэр хоёр өдөр бүр болзоонд явдаг байснаас болж айлчлал нь дөрвөн долоо хоногоор сунгагдав. Тэгээд Гэррит Оксфорд руу буцахаасаа өмнө Хавайд дадлага хийхээр явав.

“Бид бөмбөрцгийн хоёр өөр газраас болзоо хийдэг байв. Би Англид суралцахынхаа хажуугаар Атлантын далайн цаана байсан түүний тухай бүх зүйлийг мэдэхийг хүсдэг байлаа” гэж ахлагч Гонг дурсав.

Гонг эгч “Бид утсаар ярьж, сүй тавьсан. Талархлын баяраар тэр гэртээ эргэн ирж, шинэ онд нээгдсэн ариун сүмийн анхны өдөр бид хоёр гэрлэсэн юм” гэж ярив. Хоёр долоо хоногийн дараа тэд хамтдаа шинэ амьдралаа эхлүүлэхээр Англи руу нисжээ.

“Хүмүүс гэрлэх үедээ хоёр гэр бүл нэг болох тухай ярьдаг. Яг ийм зүйл надад тохиолдсон. Би Гонгийн гэр бүлийн хэсэг гэдгээ мэдэрдэг шиг бас Линдсэйгийн гэр бүлийн хэсэг гэдгээ мэдэрсэн юм” гэж ахлагч Гонг ярив.

Зураг
Gong wedding photo with the Hinckleys

Онцгой ажил мэргэжил

Тэрээр Оксфордод хэсэг хугацаанд байсныхаа дараа АНУ-ын Вашингтон Ди Си-д засгийн газрын үйлчилгээний албанд ажиллах болжээ. 1984 онд тэрээр Рейган-Буш нарын дахин сонгуулийн компанит ажлын бүрэлдэхүүнд ажилласан бөгөөд тэнд тэр хожим нь Ютагийн амбан захирагч болсон Майк Лийвиттэй нэг өрөөнд ажиллаж байжээ. “Гэррит ажигч, ухаантай хүн байсан хэдий ч тууштай сайхан сэтгэлтэй хүн гэдгээрээ ялгардаг байсан” гэж Лийвитт ах хэлэв.

1985 онд Гэррит Төрийн Департаментийн нарийн бичгийн тусгай туслахаар ажиллаж байв. 1987 онд тэрбээр АНУ-аас Хятадын Бээжин хотод суугаа элчин сайдын тусгай туслах болсон юм. 1989–2001 оны хооронд тэрээр Вашингтон Ди Си дэх Стратеги, олон улс судлалын төвийн хэд хэдэн албыг хашжээ. Түүнийхээ дараа тэрээр БЯИС-ийн стратеги төлөвлөлтийн ерөнхийлөгчийн туслахын албан тушаалыг хүлээн авсан бөгөөд энэ албанд найман жил ажилласан.

БЯИС-ийн харилцаа холбооны ерөнхийлөгчийн туслах Карри Жэнкинс зэргэлдээх өрөөнд нь суудаг байв. Тэр эмэгтэй Гэррит Гонгийн эргэн тойрондоо байгаа хүмүүсийг урамшуулан дэмжих ур чадварынх нь талаар дурсан ярихдаа “Хэрэв танд хэцүү даалгавар хийнэ гэсэн итгэл байхгүй бол таны өмнөөс түүнд тэрхүү итгэл байдаг байлаа. Тэр зөвлөх, найдвар өгөх, урагш зүтгэх, өөрийгөө батлан харуулахад тань туслах бүх зүйлийг хийдэг байсан” гэж ярьсан юм.

Ахлагч Гонгийг Вашингтонд болон БЯИС-д байхаас нь мэддэг Холбооны шүүгч Томас Б.Гриффит түүнтэй харилцаж байсан харьцаагаа дурсан ярихдаа, “Ярианы төгсгөлд бүх анхаарал тан дээр байсан байна гэдгийг та ухаарна. Тэр бол сайн сонсогч. Тэр танд юм бодуулах асуулт тавина” гэж түүнийг тодорхойлов.

Чөлөөндөө гарсан, Далын ерөнхий эрх мэдэлтэн, БЯИС-ийн ерөнхийлөгч асан Сэсил О.Самуэлсон ахлагч Гонг бол “ерөнхийдөө чимээгүй, гэхдээ дугуй нь үргэлж эргэж байдаг хүн” хэмээн хэлжээ.

Зураг
Gong family in Vietnam

Гэр бүлийн амьдрал

Гэррит, Сюзан хоёр Абрахам, Сэмуэл, Кристофэр, Матай гэсэн дөрвөн хүүхдийн эцэг эх болсон бөгөөд хүүхдүүд нь бүгд өөр өөр нөхцөлд өсөн торнижээ.

“Биднийг Бээжинд байхад хүүхдүүд маань нэг нэгнийхээ хамгийн сайн найз нь байхаар адислагдсан байв” гэж ахлагч Гонг ярив.

“Нэг талаар, тэд дэлхийг харах өнцгөө өргөжүүлэх боломжтой байсан. Нөгөө талаар, энэ нь биднийг хоорондоо нягт гэр бүл байхад маань тусалсан юм. Хөвгүүд маань, бидний эцэг эх болохынхоо хувьд тэдэнд хийсэн хамгийн сайн зүйл бол тэдэнд эрэгтэй дүү өгсөн явдал гэж одоо ч гэсэн хэлдэг.”

“Нэг удаа бид олон удаагийн нислэгээс авсан хөнгөлөлт эдлэх эрхээ ашиглах болсон юм” гэж ахлагч Гонг ярив. “Бид хүн бүрд өөр өөрсдийнхөө чиглэлийг сонгох боломжийг олгосон. Бид амьдарч байсан Вашингтон Ди Си-ээсээ аяллаа эхлүүлж, Англи, Чех, Грек, Турк, Энэтхэг, Хятад, Япон руу явахаар болсон.

Бид энэ аяллын туршид нэг журмыг хатуу баримтална гэж тохиролцсон байлаа” гэж Сюзан эгч ярив. “Бид явсан газар болгондоо тухайн нутгийн хүмүүсийн иддэг хоолыг идэж байв.” Аяллын эцсийн цэг болох Японд ахлагч Гонг хөвгүүдээ үхрийн махаараа дэлхийд хамгийн алдартай ресторан руу авч явна гэж хэлэв. Макдоналдст дөрвөн өлссөн хүү эцэг эх хоёртойгоо 17 гамбургэр идэж билээ!” гэж Сюзан эгч ярив.

“Аав, ээж хоёр туршлагаас суралцахад өндөр ач холбогдол өгдөг. Аав маань туршлага хүмүүсийг болон бүхэл бүтэн соёлыг хэрхэн төлөвшүүлдэг талаар их боддог” гэж Абрахам хэлэв. Мөн Абрахам аавынхаа талаар “тэр санаагаа гүйцэд ойлгуулахын тулд маш тодорхой ярьдаг бас хэлсэн болгондоо бүрэн итгэдэг” гэж онцолсон.

Сэм “аав Төрийн Департаментэд завгүй ажилладаг байхдаа ч миний оролцохыг их хүсэж байсан ‘Чэллэнж 24’ гэдэг гуравдугаар ангийн математикийн тэмцээнд бэлтгэхэд орой бүр надад зааж, давтуулдаг байсан. Тэрээр намайг тэмцээнд түрүүлбэл 24 давхаргатай мөхөөлдөстэй үдэшлэг хийнэ гэж хэлж билээ” гэв. Сэм үндэсний шигшээд орох хүртлээ хичээсэн боловч түрүүлээгүй юм. Гэсэн ч Гонгийнхон мөхөөлдөстэй үдэшлэг хийжээ. 24 давхаргатай байлгана гэдэг нь хэцүү байсан ч дунд нь нэгийг борцтой хийсэн байжээ.

Кристофэр, Матай хоёр “эцэг эхийнхээ хуваалцдаг найдвар, хайр, чин сэтгэлээ зориулдаг чанарт нь” хэчнээн их талархалтай байдаг тухай ярив. Энэ бол ахлагч Гонг, Гонг эгч хоёрын нэгэн нэгэнтэйгээ, мөн хөвгүүдийнхээ болон гэр бүлийнхээ хүн нэг бүртэй хуваалцдаг хайр юм.

Сюзан эгч хэлэхдээ “Гэррит бол бүхий л зүрх сэтгэлээ зориулсан сайн аав төдийгүй хүү бас ах юм шүү. Тэрхүү үүргүүд нь түүний хувьд маш чухал байдаг. Тэрээр гэр бүлийн харилцаа нь бусад бүх зүйлээс чухал гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг” гэжээ.

Сүмийн туршлага

Хэдийгээр ажил болон гэртээ завгүй байдаг ч ахлагч Гонг Сүмд дээд зөвлөх, дээд пристийн бүлгийн удирдагч, гадасны ням гаргийн ангийн ерөнхийлөгч, семинарын багш, бишоп, гадасны номлолын ерөнхийлөгч, Бүсийн дал зэрэг дуудлагуудад хүсэл зоригтойгоор үргэлжлүүлэн үйлчилж ирсэн.

Тэр дуудагдсан газраа ч мөн гэр бүлийнхээ амьдралд ч тодорхой зан чанарыг байнга харуулдаг. “Тэрээр хүн бүрийг Тэнгэрлэг Эцэгийн хүү, охин гэж үздэг. “Тэр гэхдээ бүхнээс илүү Бурханыг хайрладаг. Тэнгэрлэг Эцэгийн хаант улсыг байгуулахыг, Түүний хүүхдүүдийг адислахын төлөө бүх зүрх сэтгэлээ зориулахыг тэр үнэхээр хүсдэг” гэж Гонг эгч хэлсэн юм.

Тэрээр эхнэрээ хүндэтгэн биширдэг. “Надад юуг ч хий гэж даалгасан бай, Сюзан надтай хамт байдаг. Сюзан бүх хүнтэй амархан харьцчихдаг ба бусад хүнтэй эв зүйгээ олчихдог. Түүний шинэ газарт очих, шинэ зүйл хийж үзэхдээ үргэлж дуртай байдагт нь би талархдаг” гэж тэр хэлсэн юм.

Далд үйлчилсэн үйлчлэл

Ахлагч Гэррит В.Гонг 2010 оны 4-р сарын 3-нд Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Түүнд Хонгконгт удирдах газар нь байрладаг Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэх томилолт өгчээ. Дараа нь тэрээр Азийн бүсийн ерөнхийлөгч болов. 2015 оны 10-р сарын 6-нд ахлагч Гонг Далын ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд тэндээ Африк, Төв Америк зэрэг дэлхийн янз бүрийн улс орнуудад бүс хариуцах зэргээр олон улсын талаарх туршлага нь үргэлжилсэн.

Тэрээр “Эдгээр газарт та гэгээнтнүүдтэй уулзаад, тэднийг хайрлах болно. Хүмүүс танд, Бурхан тэдний амьдралд хэрхэн оролцдогийг, Бурхан гэж хэн болох, мөн Тэр бидний хүн нэг бүрийг хэр их хайрладгийг мэдэж авсан ойлголтынх нь салшгүй хэсэг болсон учраас итгэлийнхээ тухай ярихад нь та адислагдсанаа мэдэрдэг” гэж хэлсэн юм.

“Бид ямар ч нөхцөл байдал руу ахлагч Гонгийг томилсон бай, түүнтэй холбогдсон хэн боловч анд найзтай болсон гэдгээ мэдэрдэг. Тэр өндөр түвшний мэдлэгтэй ч даруу хүн. Тэр бүх түвшний хүмүүстэй харьцдаг бөгөөд үргэлж сайн бэлтгэлтэй байж, хүмүүсийг итгүүлж чаддаг” гэж ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ярив.

Зураг
Gongs in Thailand

Зүүн гар талаас: Тайландад ахлагч Гонг католик сүмийн дээд албан тушаал бүхий санваартан Франсис Хавиэр, Бангкок хотын тэргүүн бишоп Кардинал Криэнгсак Ковитаванижтай уулзаж байгаа нь. Ахлагч Гонг хүү Сэмийнхээ хамт Канадад аялсныхаа адилаар хүү болгонтойгоо ганцаарчилсан аялал хийх дуртай. Ахлагч Гонг Амьдралын талхны тухай бодлоо 2017 онд институт, семинарын багш нартай хуваалцсан нь. Гонг эгч Камбожийн нэгэн гишүүний гэрт мэндчилж байгаа нь.

Төлөөлөгчөөр дуудагдав

Ахлагч Гонг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчлэх дуудлага хүлээн авах үеийнхээ талаар: “Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хайрт хонгор Сюзаны минь хажууд миний гарыг зөөлхөн гэгч атган, намайг Их Эзэний энэхүү ариун нандин дуудлагад дуудахад би мэгдэн гайхсан” (Их Эзэн Христ энэ өдөр амилсан,” Ensign эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 121) хэмээн хэлжээ. Бүрэн дарууссан боловч Их Эзэнийг хайрлах хайр, Түүнд итгэх итгэл найдварынхаа хувьд бат бөх ахлагч Гонг энэхүү дуудлагыг хүлээн авсан юм. Түүнийг 2018 оны 3-р сарын 31-нд дэмжин баталсан. Тэрээр “Бүх дэлхийд Христийн нэрний тусгай [гэрч]” (С ба Г 107:23) байхаар Их Эзэнээр сайтар бэлтгэгдсэн нэгэн билээ.