2018
Бусдад туслахын тулд тусламж авах нь
2018 оны аравдугаар сар


Тохинууллын зарчмууд

Бусдад туслахын тулд тусламж авах нь

Тохинуулах хүчин чармайлтад тусламж хэрэгтэй үед бид бусдыг үүнд хэрхэн татан оролцуулж болох вэ? Тохинууллын ярилцлагад болон эхний ням гаргийн зөвлөлийн хуралд оролц.

Зураг
two women talking

Хэд хэдэн судасны хатуурлын улмаас Кэйт тэргэнцэр дээр суух болсон бөгөөд түүнийг орой бүр тэргэнцрээс нь ор руу нь оруулахад тусламж хэрэгтэй болохыг тэр олж мэдэв. Энэ ажлыг нэг гишүүнд хариуцуулахад хэтэрхий хүнд байлаа. Тиймээс ахлагчдын чуулгынхан зөвлөлдөөд, түүнд орой бүр туслах хуваарь гаргав.1

Бид үйлчилж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээ, чадавхыг мэдсэнээр тэдний хэрэгцээнд туслахын тулд юу хэрэгтэй болохыг олж мэдэх боломжтой. Тохинууллын ярилцлага болон эхний ням гаргийн зөвлөлийн хурал нь бусдыг хэрхэн зохих ёсоор татан оролцуулах ажлыг авч хэлэлцэх хоёр боломж юм.

Тохинууллын ярилцлага

Тохинуулагч эгч нар ба Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл тохинуулагч ах нар ба ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн хооронд хийгддэг улирал тутмын эдгээр ярилцлага нь бидний тохинуулдаг хүмүүстэй холбоотой гаргадаг цорын ганц албан ёсны тайлан юм. Тохинууллын ярилцлага нь наад зах нь улиралд нэг удаа (1) хариуцсан гэр бүл, хувь хүмүүсийнхээ боломж чадавх, хэрэгцээ шаардлага, асуудлын талаар зөвлөлдөх, (2) ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэг эсвэл тойргийн зөвлөлийн зүгээс үзүүлж болох дэмжлэг туслалцааг тодорхойлох, (3) удирдагчдаас суралцаж, тохинуулалд урам дэм авах боломж юм.

Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид чухал хэрэгцээг бишоптойгоо шууд ярилцан, түүнээс зөвлөгөө, удирдамж авна.

Та тохинууллын ярилцлагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ministering.lds.org-оос авна уу.

Тохинууллын ярилцлагыг утга учиртай болгох нь

Тохинууллын хөтөлбөр нь Сүмийн зүг чигийг чиглүүлдэг гол цэг болох талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний мэдэгдлийг дэмжин, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гари И.Стивэнсон “Энэхүү алсын хараа хэрхэн хэрэгжих нь … тохинуулагч ах, эгч нарт тохинууллын ярилцлагаар хэрхэн зааж, мөн тэд хэрхэн оролцож байгаагаас шалтгаалж болно”2 гэж заажээ.

Тохинуулагч ах, эгч нарт өгөх 4 зөвлөгөө:

  • Зөвлөгөө эрэлхийлэн ярилцлагад ор. Суралцахад бэлэн бай.

  • Өөрт тань хэрэг болох хэрэгцээг авч хэлэлцэхэд бэлэн бай.

  • Хувь хүний хэрэгцээ шаардлагаас гадна давуу тал, ур чадвар дээр нь төвлөр.

  • Шаардлагатай бол улирал тутмын ярилцлагын хооронд ерөнхийлөгчийн зөвлөлийнхөнтэй холбоо барь.

Удирдагчдад өгөх 5 зөвлөгөө:

  • Ярилцлага урт байх шаардлагагүй ч утга учир бүхий ярилцлага өрнүүлэх боломжтой газарт уулзахад хангалттай цаг төлөвлөсөн байх ёстой.

  • Тохинуулагч ах юм уу эгчид тохинуулах боломжийг ашигла.

  • Та зөвхөн айлчлан очсон гэсэн тоо авах эсвэл холбоо барьсан эсэхийг шалгаж байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх асуултыг бүү тавь (“Та тохинууллаа хийсэн үү?”). Хүссэн үйл явцыг бататгах асуултуудыг тавь (“Тухайн гэр бүлийн төлөө залбирахад танд ямар мэдрэмж төрсөн бэ? Таныг эдгээр мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд юу болсон бэ?”).

  • Чин сэтгэлээсээ сонс мөн тэмдэглэж ав.

  • Хамтдаа зөвлөлд. Тохинууллын хамтрагчид томилогдсон хүмүүсийнхээ төлөө илчлэлт хүлээн авах эрхтэй.

Тохинууллын ярилцлагын талаарх асуулт хариулт

Тохинууллын ярилцлага гэж юу вэ?

Энэ нь тохинуулагч ах нар ба ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл тохинуулагч эгч нар ба Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хооронд Ариун Сүнснээс сүнслэг өдөөлт эрэлхийлж, хүлээн авах боломж олгох орчинд хийгддэг ярилцлага юм. Үүний үр дүнд тохинуулагч ах, эгч нар Аврагчийн арга замаар харж халамжлан, хайрлаж, зааж, тайтгаруулахад сүнслэгээр өдөөгдөх боломжтой.

Улирал тутмын эдгээр ярилцлагыг биечлэн уулзаж хийх хэрэгтэй юү?

Тэдгээрийг гол төлөв биечлэн уулзаж хийдэг ч нүүр тулан уулзах боломжгүй бол утсаар эсвэл онлайнаар хийж болно. Ерөнхийдөө, хоёр хамтрагч тохиромжтой үед хоёулаа ярилцлагад оролцоно.

Тохинууллын ярилцлагын зорилго юу вэ?

Тохинууллын ярилцлага нь тохинуулдаг хувь хүн, гэр бүлийнхнийхээ одоогийн нөхцөл байдлыг дүгнэж, хэтийн төлөвлөгөө гаргаж, шаардлагатай тусламжийг үзүүлэх боломжийг тохинуулагч ах, эгч нарт олгодог. Энэ нь мөн ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн зүгээс ямар тусламж үзүүлж болох тухай ярилцах боломжийг олгодог.

Би хувийн чанартай, нууц асуудалд хэрхэн хандах ёстой вэ?”

Тохинуулагч ах, эгч нар хувийн мэдээллийг зөвхөн ахлагчдын чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчтэй эсвэл бишоптой шууд хуваалцана. Хувийн чанартай, нууц мэдээллийг эхний ням гаргийн зөвлөлийн хурлаар хуваалцаж болохгүй.

Зураг
council meeting

Эхний ням гаргийн зөвлөлийн хурал

Тохинууллын ярилцлагаас гадна эхний ням гаргийн зөвлөлийн хурал нь бусдыг тохинуулалд татан оролцуулах өөр нэгэн арга зам юм. Халамжийн нийгэмлэг, ахлагчдын чуулгын хурлуудад Сүнсээр болон бүлгийн бусад хүнээр дамжуулан оролцож байгаа хүмүүст сүнслэг өдөөлт ирж болно.

Зөвлөлийн хурал дараах зорилготой. Үүнд:

  • “Орон нутагтаа хүлээсэн үүрэг, боломж, бэрхшээлтэй асуудлуудаа хамт хэлэлцэх;

  • Бие биенийхээ ойлголт, туршлагаас суралцах, мөн

  • Сүнснээс хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үргэлж үлдэх.”3

Зөвлөлийн хурлууд нь яриа хэлцэл төдий зүйл биш юм. Тэдгээр нь биднийг хувь хүн болон бүлгийн хувьд Сүнсний өдөөлтийн дагуу үйлдэхэд хөтөлдөг. Гишүүд эдгээр хурлын үр дүнд Их Эзэний ажлыг хийж гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа мэдэрдэг.

Үйлдэх урилга

“Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Эрэгтэй, эмэгтэй хүн бүр мөн манай залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн томчууд нь нэг нэгнээ халамжлахаар чин сэтгэлээсээ баттай шийдэж, Христийн цэвэр хайраар ийн үйлдэх урам аваасай хэмээн бид залбирч байна”4 гэж хэлсэн.

Эшлэлүүд

  • Mormon Messages video “Lift,” lds.org/media-library-ийг үзнэ үү.

  • Gary E. Stevenson, in “Ministering Interviews” (video), ministering,lds.org.

  • Come, Follow Me—For Melchizedek Priesthood and Relief Society, in Liahona, Nov. 2017, 140; also available at comefollowme.lds.org.

  • Жэффри Р.Холланд, “Тэдэнтэй хамт байж, бэхжүүл,” Ensign эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 126.