2018
Их Эзэн хэрхэн нигүүлсэнгүй хандсаар ирсэн бэ?
2018 оны аравдугаар сар


Их Эзэн хэрхэн нигүүлсэнгүй хандсаар ирсэн бэ?

Сүмийн тухай олон боть түүх нь Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсийн талаарх ой санамжийг маань тэлэх замаар бидэнд гэрээгээ сахихад тусална.

Зураг
holding Saints book

Бараг зуун жилийн дараа Сүмийн олон боть түүх Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлаган доор хэвлэгдэж байна. Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх хэмээх нэртэй энэхүү түүхэн өгүүлэл нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэгээнтэн болсон энгийн хүмүүсийн бодит түүх юм (Мозая 3:19-ийг үзнэ үү). Үнэний жишиг, 1815–1846 гэх эхний боть нь дуусаад байгаа төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд түгээхээр 14 хэл дээр орчуулагдаад байна.

Гэгээнтнүүд ном нь Бурхан Өөрийн хүүхдүүдийг хайрладаг учраас үүрдийн гэрээгээ хэрхэн сэргээсэн талаар өгүүлдэг. Энэ нь Их Эзэн үймээн самуун, сорилт, бэрхшээлтэй үед итгэл найдвар, амар амгаланг өгөхийн тулд хэрхэн сайн мэдээгээ сэргээсэн болохыг үзүүлдэг. Энэ нь бас сэргээгдсэн гэрээнүүдийг Есүс Христээр дамжуулан хэрхэн өргөмжлөлд хүргэдэг болохыг харуулдаг.

Уг түүх Иосеф Смитээр эхлэх байх гэж та бодож болох ч Гэгээнтнүүд ном нь 1815 онд болсон үйл явдлаар буюу дэлхий даяар үхэл, өвчин, сүйрэл авчирсан Индонезид болсон галт уулын дэлбэрэлтээр эхэлдэг. Биднийг Аврагчтай холбож, амьдралын бүхий л асуудлыг даван туулах боломж олгодог гэрээнүүдийг Их Эзэн хэрхэн сэргээсэн талаарх Түүний илчилсэн зүйл дээр эхний цэгийг сонгон суурилуулсан юм.

“Их Эзэн бибээр, дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг мэдэх учраас, өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн ажгуу;

Тэрхүү миний үүрдийн гэрээ үндэслэгдэн бий болж болохын тулд юм” (С ба Г 1:17, 22).

Эхний түүхээсээ эхлэн дэлхий даяар тараагдах хүртлээ Гэгээнтнүүд ном нь дэлхийн өнцөг булан бүрд байх Бурханы хүүхдүүдэд энэ нь тэдний зовлон бэрхшээлийг мэддэг Бурхантай хийсэн гэрээний түүх юм гэдгийг сануулж байгаа юм. Бурхан Өөрийн бошиглогчоор дамжуулан гэрээнүүдийг сэргээсэн бөгөөд тэдгээр нь хилэнц, уй гашуу, зовлон, зүдгүүр, үхэл хагацлыг авч хаяхгүй ч Аврагчийн Цагаатгалаар дамжуулан эдгэрлийг амлаж, бидний амьдралыг ариусган, ер бусын утга агуулгатай болгосон ба энэ дэлхий дээр нандигнан хайрладаг харилцаа холбоо маань “мөнхийн алдар суугаар хоёр дахин ихсэ[н]” (С ба Г 130:2-ыг үзнэ үү) мөнхөд үргэлжлэх боломжтой гэдгийг бататгадаг.

Үнэний жишиг номын эхний 8-н бүлгийг жилийн туршид энэ сэтгүүлийн дугааруудад хэвлэн гаргасан. Энэ сарын дугаарт Гэгээнтнүүд номын хамгийн сүүлчийн цуврал бүлгийг гаргах ч уг түүхийг saints.lds.org, Gospel Library аппликэйшнаар болон хэвлэмэл хувилбараар (store.lds.org дээрээс захиална уу) үргэлжлүүлэн гаргах болно. Би та бүхнийг дээрх арга замуудын аль нэгээр эдгээрийг үргэлжлүүлэн авч уншихад урьж байна.

Тэнгэрлэг загвар ба төлөвлөгөө

Гэгээнтнүүд ном нь бошиглогчид өөрсдийн тохинууллын нэгэн хэсэг болгон бидэнд хэн гэдгээ болон Бурханы зорилгыг амьдралаасаа олж харахад туслахын тулд өнгөрсөн үйл явдлыг ашигладаг бурханлаг загварыг үргэлжлүүлэн ашигладаг. Судруудад олон бошиглогч Их Эзэний өвөг дээдэст нь хэрхэн нигүүлсэнгүй хандсан талаарх түүхүүдийг ярих замаар зааж эхэлдэг.1 Моронай Мормоны Номын уншигчдыг түүхийн туршид “Их Эзэн хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нар санан мөн үүнийг зүрх сэтгэлдээ тунгаахыг” ухуулсан (Моронай 10:3). Бурханы нинжин сэтгэлийн талаар эргэцүүлэн бодох нь бидэнд “тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь” заадаг Сүнсний гэрчийг хүлээн авахад биднийг бэлддэг (Иаков 4:13; Моронай 10:4–5-ыг үзнэ үү).

Зураг
dad holding children

Тэнгэрлэг эцэг эх маань бидний эцсийн аз жаргал, өргөмжлөлийг төлөвлөсөн гэдгийг мэдэх нь бидэнд хэтийн төлөвийг болон тэнгэрлэг эцэг эхийн үр хүүхдүүд гэсэн шинж чанарыг өгч, хүнд хэцүү үед ч Их Эзэнд итгэх итгэлийг маань өсгөн нэмэгдүүлдэг. Их Эзэний нинжин сэтгэлийг санаж байх нь эд баялгаас ирэх бардамнал, аюулаас биднийг мөн адил хамгаална. Моронай нифайчуудын “үлэмж баян болж эх[элсэн]” цагийн тухай бичсэн байдаг. Гэвч бардамнал, эд баялаг нь хүмүүсийн уналтынх нь шалтгаан болж байсан Мормоны Номон дээрх өөр цаг үеүдээс ялгаатай нь, тэд өөр замыг сонгосон байдаг. “Гэвч тэдний баялаг, өөрөөр хэлбэл хүч чадал, өөрөөр хэлбэл дэгжил хөгжил байсан хэдий ч, тэд өөрсдийнхөө нүдэнд бардамнан хөөрсөн нь үгүй; бас Их Эзэн Бурханаа дурсан санахдаа ч хойрго байсангүй; харин тэд түүний өмнө өөрсдийгөө үлэмж даруусгасан ажээ.” Тэд “Их Эзэн тэдний төлөө ямар агуу зүйлүүд хийснийг” (Алма 62:48–50-ийг үзнэ үү) санаж байсан тул гэрээнүүдээ сахиж, зөв шударга хэвээр үлдсэн байжээ.

Гэгээнтнүүд ном нь үүний адил өөр олон сургамжийг заадаг. Та Их Эзэнийг хайрладаг, Түүний хайрыг мэдэрч байсан төгс бус хүмүүсийн итгэлийн сорилт, сэтгэлийн зовлон, баяр баясгалан, илчлэлтүүд болон шийдвэрийг мэдрэх үед энэ нь танд амьдралдаа Их Эзэний мутрыг олж харахад тусална.

Та уншиж байхдаа өмнө нь сонсож байсан түүхээсээ хүртэл шинэ ойлголт, утга агуулга олж харах болно. Сүмийн түүхэнд Иосеф Смитийн Анхны үзэгдлээс өөр сайн цэдэглэгдсэн түүх байхгүй ч Гэгээнтнүүд ном нь Иосеф зүрх сэтгэлдээ мэдэрсэн зүйлээ оюун ухаандаа бодсон зүйлтэйгээ нийцүүлэх гэж хэрхэн тэмцэлдсэн болохыг илүү сайн ойлгоход бидэнд тусалдаг.

Тухайн үед байсан аль ч сүм “Шинэ Гэрээнд цэдэглэгдсэн Есүс Христийн сайн мэдээг”2 заахгүй байгааг Иосеф анзаарсан байсан тул түүний Аврагчийн өршөөлийг мэдрэх гэсэн хүсэл гүйцэлдэх боломжгүй байв. Иосеф аль сүм зөв болохыг эсвэл бүгдээрээ буруу эсэхийг тунгаажээ. Тэр эрэлхийлж буй амар амгалангаа олохын тулд аль нэгийг нь зөв байгаасай хэмээн дотроо ихэд найдаж байсан юм. Бодол санаа, зүрх сэтгэл хоёр нь зөрж байх үед Иосеф Бурханаас асууж болох юм байна гэдгээ олж нээсэн. Тэр залбирахын тулд ой руу явсан. Тэнд түүнд Эцэг, Хүү хоёр үзэгдэж, түүнийг өршөөн, мухардлыг нь төсөөлж ч байгаагүй арга замаар шийдвэрлэж өгсөн билээ.3

Иосеф болон түүний гэр бүлийнхэн мөн Их Эзэний сэргээгдсэн гэрээг хүлээн авсан өөр олон хүн Бурханы тэднийг гэх хайрыг мэдрэн, Түүнд хэрхэн ойртож болох талаар суралцаж, хайртай хүмүүстэйгээ харьцах харилцаагаа илааршуулахыг хүссэн. Гэгээнтнүүд ном нь тэдний түүхийг өгүүлдэг.

Сорилт бэрхшээлтэй үед Их Эзэнд итгэж найдах нь

Гэгээнтнүүд номын 1-р ботид Их Эзэний зарлигуудыг дагаж, Түүний хүслийн дагуу үйлдэж байсан Аманда Барнэс Смит болон түүний гэр бүлийнхний түүх багтсан байдаг.4 Амандагийн нөхрийг нэг хүүтэй нь мөн Миссуригийн Шоал Крийк гэх жижигхэн сууринд буудалласан бусад 15 хожмын үеийн гэгээнтэнтэй хамт хэрцгийгээр хөнөөсөн байлаа. Их Эзэн Амандаг энэхүү аймшигт үйл явдлын туршид өргөн дэмжиж, залбиралд нь хариулсан төдийгүй, хүндээр шархдаж гэмтсэн хүүг нь эдгээсэн юм.5

Гэгээнтнүүд номонд Амандаг асар их зовлон бэрхшээл дунд Их Эзэнд хэрхэн итгэж найдаж сурсан болохыг харуулдаг. Түүнчлэн зовж зүдэрч байхдаа ч гэсэн Иосеф Смит Бурханы нинжин сэтгэлийг хэрхэн олж мэдсэн тухай өгүүлдэг. Энэ нь Их Эзэний ажил хэргийг мэдэх нь бидэнд аливаа зүйлсийг мөнхийн талаас нь харах боломжийг олгон, тэдгээрийг байгаагаар нь төдийгүй, байж болохоор нь харж мөн Тэрээр биднийг хүнд хэцүү үед харж хандана гэдэгт итгэх итгэлээ хөгжүүлэхэд тусалдаг болохыг харуулдаг.

Бошиглогч Иосеф Шоал Крийкт Амандагийн гэр бүл болон бусад хүнд тохиолдсон зүйлийн талаар сонсоод, тэдгээр гэгээнтэнг хоморголон алуулж байснаас өөрөө шоронд орж, үхсэн нь дээр гэж бодож байжээ. Дараа өдөр нь тэр Миссуригийн цагдаагийнхантай асуудлыг тайван байдлаар шийдвэрлэх оролдлого гаргаж, Фар Вэстийн гол суурин дахь гэгээнтнүүд рүү хийх гэж байсан дайралтыг зогсоосон юм. Оронд нь тэр баригдаж, шоронд орсон байлаа.

Бараг таван сарын дараа Иосеф Миссуригийн Либерти шоронгийн хүйтэн өрөөнд шахцалдан, хоригдсон хэвээр байв. Тэр Бурханыг хаана байгааг мөн бэлэвсэрч, өнчирсөн хүмүүсийн гуйлтыг хэчнээн удаан сонсохыг нь асуув. “Ай Их Эзэн минь, тэдэн уруу таны зүрх сэтгэл зөөлөрч, мөн таны дотор тэдэн уруу өрөвч сэтгэлээр хөдөлсөн байхаас өмнө тэд эдгээр буруу зүйлүүдийг мөн хууль бус доромжлолуудыг хэчнээн удаан тэвчих юм бэ?” хэмээн тэр залбирсан билээ. (С ба Г 121:3).

Гэгээнтнүүд ном нь зовлон бэрхшээл бол Их Эзэний таалахгүй эсвэл адислалаа эргүүлэн авч байгаагийн нотолгоо биш гэдгийг бидэнд заадаг. Сөрөг зүйлс нь Бурханы төлөвлөгөөний нэгэн хэсэг бөгөөд тэдгээр нь биднийг мөнхийн, селестиел хувь тавиланд цэвэршүүлэн бэлддэг билээ (2 Нифай 2:11-ийг үзнэ үү). Аврагчийн эцэс төгсгөлгүй зовлон зүдгүүр нь биднийг зовж байхад халамжилж, эцсийн эцэст өргөмжлөх боломжийг Түүнд олгодог гэдгийг Иосеф мэдэж авсан (Алма 7:11–13-ыг үзнэ үү). Иосефын зовлон зүдгүүр дунд тавьсан асуултын хариуд Их Эзэн бүх төрлийн саад бэрхшээлийг тоочсоныхоо эцэст:

“Хэрэв тамын эрүү чиний араас амаа томоор ангайлгах аваас, эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь.

Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?” хэмээн хэлсэн юм. (C ба Г 122:7–8).

Эдгээрийг өөрийн биеэр мэдрэх нь бидэнд Христтэй адил зовлонд унасан хүмүүсийн зовлон шаналлыг ойлгох чадварыг олгодог. Иосеф шоронд байхдаа “Энэ үйл явдлын дараа миний зүрх сэтгэл үргэлж урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр зөөлөрсөн байна” гэдгээ ухаарчээ. Тэр гэгээнтнүүдтэй хамт байж, тэднийг тайтгаруулахыг хүсэж байсан. Тэр “Надад тэдгээр шударга бус явдал тохиолдоогүй бол одоо төрж байгаа мэдрэмжийг би мэдрэхгүй байх байсан”6 хэмээн тайлбарласан байдаг.

Зураг
woman reading Saints book

Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга Гэгээнтнүүд номыг хэвлэхийг зөвшөөрч, үүрэг даалгавар өгсөн шалтгаануудын нэг бол бидний хүн нэг бүрд эдгээр зүйлийг бусдын түүхээр дамжуулан мэдрүүлэх явдал юм. Хэдийгээр Бурхан хэмжээлшгүй мэргэн ухаанаар хилэнц, гай зовлонг зайлуулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн ч биднийг хайрладаг мөн боддог болохыг нь бид Амандагаар дамжуулан сурах боломжтой. Тэрээр бидний залбирлыг сонсдог төдийгүй энэрэнгүй, нинжин сэтгэлтэй билээ.

Ариун сүмийн сэргээгдсэн адислалууд

Тэрхүү энэрэнгүй, нинжин сэтгэлийг нь ариун сүмээс өөр хаанаас ч олж харах боломжгүй юм. Гэгээнтнүүд номын төвд ариун сүмийн сэргээгдсэн адислалуудын түүх байдаг. Эхний боть нь 1846 онд Наувугийн ариун сүмд олон мянган хожмын үеийн гэгээнтэн ариун нандин ёслолуудыг хүлээн авч байгаагаар дуусдаг. Хоёр дахь ботийн оргил хэсэг бол 1893 онд Солт Лэйк ариун сүмийг онцгойлон адисалж, тэнд гэгээнтнүүд ёслолуудыг хүлээн авч эхэлсэн түүх байх юм. Гурав дахь боть нь 1955 онд Европын гэгээнтнүүд Швейцарь дахь ариун сүмд цугларч эхэлсэн түүхээр дуусна. Дөрөв дэх боть дээр орчин үеийн түүх гарах ба эрт дээр үед бошиглогчдын зөгнөн харснаар ариун сүм дэлхий даяар баригдаж, дэлхийн бөмбөрцгийн булан бүрд байх гэгээнтнүүд өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авч байгаа тухай өгүүлнэ.

Их Эзэний өргөөнд бид гэрээнд орж, энэ дэлхийн хилэнц, зовлон зүдгүүр гэх мэт Уналтын үр дагаврыг даван туулах хүчээс хүртдэг. Бид хамгаалалтыг, эцэст нь хайртай хүмүүстэйгээ мөнхөд лацдуулан, Амилалтаар урагш гарч ирэх хүчийг хүлээн авдаг.

Гэгээнтнүүд ном нь бидний ой санамжийг ариун нандин арга замаар тэлэх замаар бидэнд гэрээгээ санахад туслах болно. Энэ нь бидэнд Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлийг үргэлж санахад тусална. Бид Бурханы урьд өмнө хийж байсан зүйлийн талаарх цэдэггүйгээр “Их Эзэн хүмүүний үрсэд хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг” (Моронай 10:3) санахгүй байх байсан. Ийм шалтгааны улмаас бид Их Эзэнд болон Түүний тэднийг гэх хайрыг мэдэрсэн туршлагаа бичиж тэмдэглэсэн гэгээнтнүүдэд талархаж байх ёстой. Их Эзэн Иосеф Смитэд туршлагаа бичиж тэмдэглэхийг зарлигласан (С ба Г 21:1-ийг үзнэ үү). Тэрээр Иосефын удирдлаган доор ажиллаж байсан түүхчид “сүмийн цэдгийг хийгээд түүхийг байнга хөтлөх[ийг]” (С ба Г 47:3) зарлигласан билээ. Түүхэн бичгүүдэд “сүмийн сайн сайхны тулд мөн өсч өндийх ирээдүй үеийнхний тулд байх бүх зүйлийг” (С ба Г 69:8) оруулахыг зарлигласан байдаг.

Эдгээр илчлэлт болон Аврагчийг үргэлж дурсан санаж байх гэрээт амлалтаа марталгүйгээр Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга Гэгээнтнүүд номыг 10 жилийн өмнөөс төлөвлөсөн юм. Одоо бид та нарыг үүнийг уншаад, энэ нь Бурханы төлөвлөгөөг ойлгоход танд тусална гэдэгт итгэж, Их Эзэн хэрхэн нигүүлсэнгүй хандсаар ирсэн гэдгийг олж харан, сайн, муу аль ч үед итгэлтэйгээр тэвчихэд мөн Христтэй адилаар бусдын зовлонг ойлгон, өргөмжлөлд хүргэх гэрээнүүдийг сахихад уриалж байна.

Эшлэлүүд

  1. Жишээнд Нифай (1 Нифай 17:23–43), Хаан Бенжамин (Мозая 1), Лимхай (Мозая 7), Алмад хандсан тэнгэр элч (Мозая 27), Алма (Алма 9:10), Мормон (Мормон 3:17–22), Мосе нар (Египетээс гарсан нь 13:3) орсон болно.

  2. Joseph Smith, in “History, circa Summer 1832,” 2, josephsmithpapers.org.

  3. “History, 1838–1856, volume A-1 [23 December 1805–30 August 1834],” 3, josephsmithpapers.org-ийг үзнэ үү.

  4. “Revelation, 12 January 1838–C,” [1], josephsmithpapers.org-ийг үзнэ үү.

  5. Saints, volume 1, chapter 30, “Fight Like Angels”-ийг үзнэ үү.

  6. “Letter to Presendia Huntington Buell, 15 March 1839,” [1], josephsmithpapers.org.