2018
Сайн мэдээний дагуу амьдрах бидний сэдэл
2018 оны аравдугаар сар


Залуучуудад зориулав

Сайн мэдээний дагуу амьдрах бидний сэдэл

“Хэцүү үгс” үргэлж байсаар байна. Гэхдээ эргэлзээ, тодорхой бус байдлын оронд итгэлийг сонгох сонголт үргэлж байх болно.

Зураг
man hiking in the mountains

Шавь байх зам нь “харагдах ба үл харагдах”1 адислалуудаар дүүрэн байдаг. Энэ замаар явбал адислагдах нь тодорхой байдаг ч үргэлж амар хялбар, тааламжтай байдаггүй. Есүс Христийн шавь болохын тулд хөдөлмөрлөж, золиослол хийх шаардлагатай бөгөөд заримдаа зарлигуудын дагуу амьдарч, эдгээр золиослолыг гаргах сэдлийг олох амаргүй байдаг.

Залуу хүний хувьд та нар шинэ үүрэг хариуцлагуудаа хооронд нь зохицуулан, амьдралаа өөрчлөх шийдвэр гаргаж, үлдсэн амьдралынхаа туршид шавь байх өөрийн гэсэн замаа олох гээд завгүй байгаа байх. Үүнээс гадна та нарт Сүмийн бодлого, түүх болон сайн мэдээний сургаалын хувьд сайн ойлгодоггүй зүйлс, тэмцэлддэг уруу таталтуудаас гадна өнөөг хүртэл хүсэн хүлээж буй адислал, Бурханы танд зориулсан төлөвлөгөөний талаар асуулт байж болно.

Бидний зарим нь амлагдсан адислалуудыг авахын тулд сайн мэдээний дагуу амьдрах нь хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу гэж боддог. Бид нийцэхгүй, хэт их ажиллагаатай эсвэл хариултын оронд асуулт их байна гэж маргаж болох юм. Гэхдээ үнэндээ бүх зүйл сэдлээс шалтгаална. Та нар яагаад хийж байгаа зүйлээ хийж, амьдарч байгаа хэв маягаараа амьдардаг вэ? Та яагаад эргэн тойрныхон чинь анзаарахгүй байсан ч зарлигуудыг дагасаар байдаг вэ?

Таны хэн болох мөн та амьдралынхаа аль шатанд явж байгаагаас үл хамааран, Аврагчид болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ хөгжүүлэн, өөрийн гэсэн сэдлийг олж авах сонголт зөвхөн таных юм.

Бид хэнд хандах ёстой вэ?

Сайн мэдээний дагуу амьдрах сэдлийг олж, авч үлдэх нь өнөө үед өвөрмөц сорилт бэрхшээл байхаа больжээ. Аврагчийг дэлхий дээр байх үед ч гэсэн хүмүүст Түүний заасан зарчмуудыг ойлгож, улмаар дагахад хэцүү байсан. Түүнийг “амийн талх[ын]” (Иохан 6:35–58-ыг үзнэ үү) хувьд Өөрийн гүйцэтгэдэг үүрэг буюу ойлголтыг тайлбарлахыг сонсоод хэдэн шавь нь таалсангүй. Тэд “Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ?” (Иохан 6:60) гэцгээн эргэлзсээр хариулжээ.

Тэд энэ сургаалд итгэж, хүлээн авахгүй байгааг Христ хараад, “Энэ нь та нарыг бүдрүүлчихэв үү?” (Иохан 6:61) хэмээн асуув. Итгэхийн оронд эргэлзсэн учраас Түүний дагалдагчдаас олон хүн “зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй” (Иохан 6:66).

Харин Христ үлдсэн шавь нараасаа “явахыг хүсэж байна уу?” гэхэд Петр Түүнд “Эзэн, бид хэн уруу явах юм бэ?” (Иохан 6:67–68) гэж боломжтой цорын ганц хариултыг өгчээ.

Бидний сэдлийн эх үүсвэр

Петр сэдлийнх нь эх сурвалж хэн гэдгийг мэдэж байсан. Энэ нь сайн мэдээг дагахын тулд бид хийдэг зүйлсээ яагаад хийдгийн үндсэн шалтгаан буюу бидний Есүс Христийн талаарх гэрчлэл, Түүнд итгэх итгэл юм. “Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн” (Иохан 6:69; онцлон тэмдэглэл нэмэгдсэн) хэмээн Петр тунхагласан. Бид Есүс Христ, Түүний бурханлаг зан чанар, үйл хэргийн талаар үүний адил бат бөх итгэлтэй болсноор хүнд хэцүү, хэн ч анзаарч харахгүй үед, бүр юу хийхээ мэдэхгүй байхдаа ч гэсэн сайн мэдээний дагуу үргэлжлүүлэн амьдрах сэдлийг олж авах боломжтой.

“Хэцүү үгс” үргэлж байсаар байна. Гэхдээ эргэлзээ, тодорхой бус байдлын оронд итгэлийг сонгох сонголт үргэлж байх болно. Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Л.Витни Клэйтон: “Итгэх шийдвэр нь бидний хийдэг хамгийн чухал сонголт юм”2 хэмээн хэлсэн.

Хэрэв бид тэрхүү “хэцүү үгс” хэмээн хэлсэн хүмүүсээс өөр бодолтой бол юу хийх вэ?

1. Хэдийгээр “орхин яв[ах]” амархан ч итгэлтэй хэвээр үлдсэн Петр болон бусад шавийн үлгэр жишээг дага. Бошиглогч, төлөөлөгч, удирдагчдын зөвлөгөөг сонс.

“Айдаст автаж, эргэлзээнд идүүлж эсвэл хүнд хүчир цаг үетэй тулгарахдаа олж авсан итгэлээ бүү алд. Тэр итгэл тань хэчнээн хязгаарлагдмал бага байсан ч хамаагүй. … Олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа.”3

“Итгэлээр урагшаа нэг энгийн алхам, дараа нь дахиад нэг алхам хий. … Тэрээр итгэдэг байсан үнэнүүддээ анхаарлаа төвлөрүүлж чадсан ба тэдгээр үнэнээр оюун ухаан, зүрх сэтгэлээ дүүргэ. …

… Сайн мэдээний энгийн үнэнээс эхэл.”4

2. Судруудад ойр байж, сургаалыг нь дага.

“Мормоны Номыг өдөр бүр залбиран судалж, тунгаан бод.”5

“Хэрэв хэн нэгэн Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” (Иохан 7:17).

“Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун” (Иаков 1:22).

3. Зарлигуудыг үргэлжлүүлэн сахь.

“Хичээнгүйлэн эрэлхийлж, зарлигуудын дагуу амьдрах үед бидний чин сэтгэлийн асуултуудын хариулт ирдэг. … Бидний итгэл учир зүйн хувьд ойлгогдохгүй байгаа зүйлсэд итгэхэд маань тусалдаг.”6

“Та нар үргэлжлүүлэн дуулгавартай байснаар, … эрэлхийлж буй мэдлэг, ойлголтоо олж авах болно.”7

Эцэст нь Петрийн хэлсэн зүйл бидний сэдлийн үндэс суурь юм. Есүс бол Христ бөгөөд Тэрээр Өөрийн Сүмийг удирддаг мөн мөнх амьдралын үгс Түүнд байдаг гэдэгт бид итгэдэг үү? Түүнд итгэх итгэл яг одоо ойлгохгүй байгаа “хэцүү үгсээс” илүү байх ёсгүй гэж үү?

Сайн мэдээний дагуу амьдрахын ашиг тус

Зураг
looking at the view from the top of a mountain

Бид Бурхан болон Есүс Христийг дагаж, бүрэн ойлгохгүй байсан ч зарлигуудыг сахих юм бол хэмжээлшгүй их адислалыг хүлээн авах болно. Эгэл хүн “Энэ нь надад ямар ашигтай вэ?” гэж асуудаг. Сайн мэдээний сургаалууд “энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авна;” Бурханы эзэмшилд танд бэлдсэн байр бий; Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхэн танд өгөгдөнө; “хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж бол[но]” (С ба Г 59:23; Ифер 12:34; С ба Г 84:38; Мозая 2:41) болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын хэлснээр “Эндээс [Сүмээс] та үнэлж боломгүй үнэ цэнтэй зүйлээ олох болно. … Та эндээс мөнх амийн үгс, адислагдсан гэтэлгэлийн амлалт, амар амгалан болон аз жаргалд хүрэх замыг олох болно.”8 Тэдгээрээс цөөн хэдийг нэрлэе.

Христийг дагаж, Түүний зарлигуудыг сахихад өөрийгөө зориулах үед биднийг дээр дурдсанаас гадна өөр олон зүйлийг хүртэх болно хэмээн амласан байдаг. Энэ нь уг зам үргэлж амархан буюу ойлгомжтой байна гэсэн үг биш ч, гуйвшгүй байснаар хүлээн авна хэмээн амлагдсан адислалууд амьдралын маань туршид болон бүр дараа нь ч өгөгдсөөр байх болно.

Хэдийгээр эдгээр адислал гайхамшигтай хэдий ч сайн мэдээний дагуу амьдрах бидний гол сэдэл болох ёсгүй. Танд ямар асуулт байгаа мөн аль сургаалыг ойлгохгүй байгаагаас үл хамааран Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэл тань Петр болон бусдын хувьд байсны адил сайн мэдээний дагуу амьдрах сэдлийн тань түлхүүр байх болно.

Ахлагч Угдорф “Бидний сэдэл, бодол санаа эцсийн эцэст үйлдэлд маань нөлөөлнө. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэнүүдийн талаарх гэрчлэл амьдралын маань хамгийн хүчирхэг сэдэл юм. Их Эзэн өөрт нь үйлчлэхийг хүссэн хүмүүст хандан ‘Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай’ (С ба Г 6:36) хэмээн дахин дахин хэлсэн юм.

Есүс Христ болон сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэл Бурханы бидэнд тусгайлан зориулсан төлөвлөгөөний талаар олж мэдэн, үүний дагуу үйлдэхэд тусална. Энэ нь бидэнд Бурханы бодит байдал, үнэн болон нинжин сэтгэлийг мөн Есүс Христийн сургаал, Цагаатгал, хожмын үеийн бошиглогчдын бурханлаг дуудлагыг баталдаг.”9

Миний хувьд хэцүү байсан ч би үргэлжлүүлэн хичээнэ. Би залбирч, судраа судалсаар байх болно. Би бас өдөр бүр Аврагчийн тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хичээл зүтгэл гаргана. Мөн Түүний хүссэний дагуу амьдарч, Түүний болон амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгс хэрхэн амьдрахыг заана гэдэгт итгэж, зөвхөн миний итгэлээс биш, харин Түүний мөнхийн золиослол болон намайг гэх хайраас урган гардаг сэдэлд найдсаар байх болно.

Эшлэлүүд

  1. Дийтр Ф.Угдорф, “Шавь болох зам,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 75.

  2. Л.Витни Клэйтон, “Итгэхийг сонго,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 20.

  3. Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108; онцлон тэмдэглэлт эх хувь дээр байгаа.

  4. Рөүзмэри М.Виксом, “Итгэлээ сэргээх нь,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80.

  5. Томас С.Монсон, “Мормоны Номын хүч,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73.

  6. Рөүзмэри М.Виксом, “Итгэлээ сэргээх нь,” 80.

  7. Рассэлл М.Нэлсон, “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  8. Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23.

  9. Dieter F. Uchtdorf, “The Power of a Personal Testimony,” Liahona, Nov. 2006, 37.