2021
“Би та нарыг удирдах болно”
2021 оны 7-р сар


Ирээд, Намайг дага

Сургаал ба Гэрээ 77–80

“Би та нарыг удирдах болно”

Хэдийгээр сүнслэг байдлын хувьд бид хүүхэд адил байж болох ч Их Эзэнд итгэж найдах юм бол Тэрээр биднийг удирдан чиглүүлэх болно.

Зураг
mission president meeting with missionary

Хариултаа олж авахад нь намайг түүнд тусална гэж Сүнс шивнэснийг тэр номлогч надад хэлж билээ.

Зураг чимэглэлийг Дэвид Малан

Сургаал ба Гэрээ 78:17–18-д Аврагч:

“Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, та нар бяцхан хүүхдүүд бөлгөө, мөн хичнээн агуу адислалуудыг Эцэг гартаа байлгаж мөн та нарын төлөө бэлтгэснийг та нар хараахан ойлгоогүй байгаа билээ;

Мөн эдүгээ та нар бүх зүйлийг дааж чадах нь үгүй; гэсэн хэдий ч, зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно. Хаант улс та нарынх болой, мөн үүн дээрх адислалууд та нарынх билээ, мөн үүрд мөнхийн баялагууд та нарынх бөлгөө” хэмээн хэлсэн байдаг.

Бидний хүн нэг бүр амьдралын туршлагаа бодох юм бол Их Эзэн биднийг удирдан чиглүүлж байсан тэр цаг үеийг бид гарцаагүй санах болно.

Номлогчийн итгэл

Их Эзэн хэд хэдэн хүнийг удирдан чиглүүлсэн тэр үеийг би санаж байна. Би тэр үед Бразилын Порто Алегре Өмнөд номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан юм. Манай нэг номлогч сэтэрхий тагнайтай байсан бөгөөд урьд нь огт эмчлүүлж байгаагүй байв. Ярих үед дээд уруул болон хамраар нь хий гарч, бусад хүн түүний хэлснийг сайн ойлгодоггүй байлаа.

Тэр залуу ахлагч энэ асуудлынхаа талаар залбирснаа надад хэлсэн юм. Хариултаа олж авахад нь намайг түүнд тусална гэж Сүнс шивнэснийг тэр надад хэлж билээ. Түүний энэ энгийн бөгөөд шийдвэр төгс итгэл намайг сүнслэгээр өдөөсөн. Би шийдэл олоход туслахыг хүсэн Бурханд хандав.

Энгийн мэс заслаар асуудлыг шийдэж болох ч мэс засал хийлгэх явц тийм ч амар биш байлаа. Хэрэв бид хувийн эмнэлэгт мэс засал хийлгэх юм бол номлогчийн гэр бүлийнхэнд хэт үнэтэй тусах байв. Нөгөөтээгүүр, улсын эмнэлгээр явах юм бол олон газар цаг авах хэрэг гарах бөгөөд номлолынх нь үлдсэн хугацаа бүхэлдээ зарцуулагдахаар байлаа.

Эхнэрийн минь итгэл

Надад шийдвэрлэвэл зохих хүнд даалгавар гарч ирэх бүрд би эхнэрийнхээ итгэл, туслалцаанд найддаг. Би номлогчдоо тулгарсан энэ хүнд нөхцөл байдлыг эхнэртээ тайлбарлаад, орон нутгийн улсын эмнэлгийнхэнтэй ярилцахыг хүссэн юм. Мэс заслыг үнэгүйгээр, боломжийн цаг хугацаанд хийх арга зам байгаа болов уу?

Тусламж хүсэн залбирсныхаа дараа эхнэр маань эмнэлэг рүү явлаа. Тэр эмнэлгийн ажилтантай уулзах гэсэн хүмүүсийн урт дараалалд зогсжээ. Дараалал урагшлах явцад өмнөх хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг эхнэр маань сонссоор байв. Ихэвчлэн хүмүүсийг зургаан сар, заримдаа бүр түүнээс ч удаан хугацааны дараа ир гэж хэлээд гаргаж байжээ.

Манай номлогчийн хувьд ийм удаан хүлээх боломжгүй гэдгийг тэр мэдэж байлаа. Тэр мөчид түүнд дарааллаас гарч, өөр хаалгаар ор гэсэн мэдрэмж төрсөн байна. Тэнд эхнэр маань эмнэлгийн өөр ажилтантай тааралдав. Эхнэр маань өөрийгөө танилцуулаад, номлогчийнхоо асуудлыг хэллээ.

Зураг
a woman talking to a surgeon

Тэр ажилтан түүнд тэр өдөр өөр давхарт мэс засал хийж байгаа мэс заслынх нь эмчтэй шууд ярихыг зөвлөсөн байна. Эхнэр маань ч мэс заслын эмчид номлогч юу хийдгийг, тагнайг нь сэргээн засах мэс засалд орвол тухайн номлогч хэрхэн адислагдах талаар тайлбарлав.

Үүний дараа мэс засалч хэдэн асуулт тавиад, “Бид мэс заслыг хоёр долоо хоногийн дараа хийхээр хуваарьт оруулбал болох уу?” гэж асуужээ. Тэр эмч эмнэлгийн маягтыг бөглөөд, уг мэс заслыг нийгмийн ашиг сонирхлын тулд хийх бөгөөд өөрөө уг мэс заслыг хийх сонирхолтой байгаагаа тайлбарлан бичсэн байна. Тэр маягтаа туслахдаа өгч, мэс засал хийх хуваарьт оруулахыг даалгажээ.

Арав хоногийн дараа тэр эмч манай номлогчид мэс засал хийв. Удалгүй ахлагч маань сэтгэл өндөр, тод ярьдаг болсноор номлолын талбартаа эргэн ирсэн билээ. Урам зориг нь ч сэргэж, Их Эзэн түүнийг удирдан залж байсныг тэр хүлээн зөвшөөрсөн юм.

Энэ номлогчид тохиолдсон үйл явдал бидний Эцэг залбирлыг маань сонсдог төдийгүй биднийг Өөрийн мутраар хөтөлдөг гэдгийг гэрчилдэг.

Бурхангүйгээр бид хэн ч биш

Сүнслэг байдлын хувьд бид бяцхан хүүхэдтэй адилхан. Бид Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулан бэлдсэн агуу адислалуудыг ойлгодоггүй. Бид бие махбодын хувьд өсөж том болох тусам, бидний амьдралыг захирдаг дэлхийн хуулийг илүү сайн ойлгож эхэлдэг. Гэхдээ дэлхийн мэдлэгийг хэзээ ч Тэнгэр дэх Эцэгийн бидэнд бэлдсэн агуу адислалуудын талаарх ойлголтоос дээгүүр тавих ёсгүй.

Хуучин Гэрээний агуу бошиглогч Мосед үнэндээ өөрийг нь ямар өчүүхэн мэдлэгтэй болохыг харуулсан нэгэн үйл явдал тохиосон. Тэр “дэлхий хийгээд үүний хязгааруудыг, мөн байгаа мөн бүтээгдсэн байсан хүмүүний бүх үрсийг болгоов; мөн үүнд тэрбээр агуу ихээр гайхаж мөн гайхшир[чээ].” Дараа нь түүнээс Бурханы оршихуйг татан авсан ба тэрбээр өөрийнхөө байдалд үлдэж, дэлхийд унасан.

“Мосе өөрийн ердийн хүчин чадлыг хүмүүний адилаар хүлээн авахын өмнө энэ нь олон цагийн хугацаа байлаа; мөн тэрээр өөртөө хэлжээ: Эдүгээ, энэ шалтгааны учир хүмүүн юу ч биш, миний хэзээ ч төсөөлж байгаагүй тийм зүйл гэдгийг би мэднэ” (Мосе 1:8–10).

Хэрэв Их Эзэн бидэнд Өөрийнх нь хүчээр хийж болох бүх зүйлийг харуулсан бол бид цочирдох байсан биз. Мосегийн нэгэн адил бид Бурхангүйгээр хэн ч биш юм байна гэдгээ олж харах байсан.

Алхам алхмаар

Их Эзэн биднийг цочирдуулахгүйн тулд алхам алхмаар хөтөлдөг. Энэ нь бидэнд дан ганцаараа байснаас хавьгүй их зүйлийг хийж гүйцэтгэх боломж олгодог.

“Учир нь миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр гэж Эзэн айлдаж байна.

Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ” (Исаиа 55:8–9).

Сургаал ба Гэрээ 78:18-д Их Эзэний өгүүлснээр, бид “эдүгээ бүх зүйлийг дааж чадах нь үгүй.” Бид Түүний ойлгодог зүйлийг ойлгох хараахан болоогүй. Тиймээс бид юу хийх ёстой вэ? Их Эзэн “Зоригтой бай” хэмээн хариулсан.

Гэрээний замаар зоригтой алхахад хүүхэд адил даруу байх явдал ордог. Бид Эцэгээр заалгаж, удирдуулан хөтлүүлэхэд бэлэн байх ёстой (Сургаал ба Гэрээ 112:10-ыг үзнэ үү). Амьдрал ээдрээтэй учир бид аян замынхаа бүх нарийн ширийн зүйлийг хянах боломжгүй. Бид мөн өөрсдийнхөө болон хайртай хүмүүсийнхээ дэлхийд байх хугацаандаа үзэж туулах бүхнийг нэг бүрчлэн ойлгох боломжгүй.

Гэхдээ Их Эзэнд итгэж найдан, Түүнд Өөрийн мутраар хөтлөх боломж олгосноор бид Түүний хаант улсад төсөөлж байснаасаа илүү их зүйлийг гүйцэтгэж чадна. Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийн амьдралыг илүү ихээр адислах боломжтой болно. Бид бас өөрсдийн маань амьдралд Бурханы мутар оролцохыг илүү сайн харж чаддаг болно. Бид Түүний дундаршгүй нигүүлсэл, хайранд илүү их талархдаг болно.

Адислалууд бол та нарынх

Эцэст нь Их Эзэн бидэнд “хаант улс та нарынх болой, мөн үүн дээрх адислалууд та нарынх билээ, мөн үүрд мөнхийн баялгууд та нарынх бөлгөө” (Сургаал ба Гэрээ 78:18) гэдгийг сануулах замаар хөтлөн удирддаг.

Манай номлогчид тохиолдсон үйл явдлыг ахин нэг авч үзье. Түүнд тусламж гуйх хэрэгтэй гэсэн удирдамж ирсэн бөгөөд тэр тод ярих боломжийг олгосон мэс засал хийлгэхээр адислагдсан. Дараа нь тэр сайн мэдээг болон баптисм гэх мэт сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад бэлэн хүмүүс рүү хөтлөгдсөн. Эхнэрийнхээ жишээг ч бас авч үзье. Их Эзэн түүнийг удирдан чиглүүлснээр гэрчлэл нь илүү хүчирхэгжсэн. Дараа нь Тэр тэнгэрийн цонхнуудыг нээж, адислалуудыг цутгасан юм.

Энгийн бөгөөд хүчирхэг итгэлтэй энэ залуу номлогчтой ажиллах боломж олдсонд би талархдаг. Их Эзэнд хөтлөн удирдах боломж олгон, үлгэр жишээ болж байдаг эхнэртэйгээ мөнхөд амьдрах боломжтой байгаадаа би талархдаг.

Үнэхээр хаант улс болон адислалууд биднийх.