2021
Эргээд ирээрэй
2021 оны 7-р сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Эргээд ирээрэй

Биднийг гурван хүүхэдтэй болох үед Ванэсса “Энэ гэрт шашин шүтлэг хэрэгтэй байна” гэж хэлж билээ.

Зураг
a father helping his son with his shirt sleeve

Намайг 12-той байхад том ах маань бүрэн цагийн номлогчдыг гэрт авчирсан ба тэд бидэнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг танилцуулсан юм. Удалгүй ээж минь намайг хоёр ах, нэг эгчтэй маань хамт сүм рүү дагуулан явдаг болов. Нэг их удалгүй бид бүгдээрээ баптисм хүртлээ.

Гэвч бид аажим аажмаар сүмд явахаа больсон юм. Надад Сүм үргэлж таалагддаг байсан ч 17 нас хүрээд би амьдралын эрхээр өөр замаар явсан. Би сайн хүн байхыг хичээж, хэзээ ч хүнд муу санадаггүй байлаа. Гэвч би хөл алдаж, дэлхийн замаар замнах болов. Ухаарч, сэхээрэх ч боломж олголгүй дэлхий намайг зууран авсан байсан.

Тэр үед би Ванэссатай танилцсан юм. Биднийг хамтдаа хэдэн жил амьдарсны дараа тэр “Энэ гэрт шашин шүтлэг хэрэгтэй байна” гэж хэлж билээ. Тэр үед бид хоёр аль хэдийн гурван хүүхэдтэй болсон байв.

Дэлхий ертөнц ийм байхад хүүхдүүддээ ямар сүнслэг удирдамж заавар өгөх вэ гэж бидний санаа зовж байлаа. Хэрэв бид эргээд шашин шүтэх гэж байгаа юм бол би сүмдээ л эргэж явах хэрэгтэй гэж бодсон. Их л сайн хүмүүстэй газар байсныг би санав.

Намайг Сүмийн нэг гишүүнтэй ярьж, сүмдээ эргэж очих талаар бодож байгаагаа хэлэхэд тэр

“Эргээд ирээрэй!” гэж хэлсэн юм.

Хүүхдүүдэд маань сүм уйтгартай санагдаж, таалагдахгүй байх вий гэсэн бодол хамгийн их сэтгэл зовоож байсан ч эсрэгээрээ тэдэнд таалагдсан. Сүмд үргэлжлүүлэн явснаар, Ванэсса гэр бүл хамтдаа өсөж хөгжихөд Сүмтэй адил тусалдаг газар байхгүй гэдэгт эргэлзэхгүй болжээ. Энэ нь түүний хайж байсан зүйл мөн байлаа. Ванэсса бид хоёр гэрлэж, тэр хүүхдүүдтэйгээ баптисм хүртсэн.

Одоо бид гэр бүлээрээ сайн мэдээний замаар явж байна. Бид ариун сүмд лацдан холбогдох зорилго тавьсан.

Бразилын Рио-де-Жанейро ариун сүмийн барилга баригдаж байх үеэр би бараг өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг байлаа. Намайг найзууддаа “Нэг л өдөр би энэ барилга дотор гэрлэнэ” гэж хэлэхэд

тэд “Чи өдөр бүр нэг л юмаа улиг болтол хэлэх юм” гэдэг байж билээ.

Ариун сүмийн барилгын ажил дуусах дөхөж байгааг би мэдэж байсан бөгөөд гэр бүлээрээ лацдан холбогдохын тулд зөв зүйл хийх ёстой гэдгийг өөртөө сануулахын тулд би тэгж өдөр бүр хэлдэг байсан юм. Энэ бол миний чин хүсэл.

Хүүхдүүд маань дэлхийтэй танилцаж эхэлнэ, надад тохиолдож байсан зарим нэгэн зүйл тэдэнд ч бас тулгарна гэдгийг би мэднэ. Гэхдээ өөрийн туршлагыг хүүхдүүдтэйгээ хуваалцахдаа би “Миний хийснийг л битгий хийгээрэй дээ. Сайн зүйлд хүргэхгүй шүү” гэж хэлдэг.

Би хүүхдүүдээ Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, бусдыг адислахын тулд одооноос номлогч болоход анхаарлаа төвлөрүүлэхэд урамшуулдаг. Тэд бүхнийг ойлгохгүй байгаа ч суралцсаар байгаа. Би тэднээс үүнийг л хүсдэг.