2021
Есүс Христ бидний ялгаварлан гадуурхлаас мэдэрдэг зовлон шаналлыг мэддэг.
2021 оны 9, 10-р сар


Есүс Христ бидний ялгаварлан гадуурхлаас мэдэрдэг зовлон шаналлыг мэддэг.

Энэхүү өгүүллийн зохиогч Өмнөд Африкийн Гаутен мужид амьдардаг.

Миний хүсэл бол хүмүүсийг Аврагчийн харж байгаагаар харах явдал юм.

Зураг
people gathered on the Rome Italy Temple grounds

Италийн Ром ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр гишүүд, найз нөхөд Христ хөшөөг тойрсон байгаа нь зочдын төвийн цонхоор харагдана.

Би бараг 20 жилийн турш өөр, өөр хэлбэрийн ялгаварлал, гадуурхалд өртсөн.

Мозамбик дахь Сүмд элссэнийхээ дараа би Өмнөд Африк руу нүүсэн. Мозамбик үнэхээр үзэсгэлэнтэй орон бөгөөд Африкийн хамгийн чинээлэг улсуудын нэг юм. Хүмүүсийн ялгаатай байдал хийгээд баялаг соёл нь энэ улсын үзэсгэлэнг онцгой болгодог.

Өмнөд Африк бол өнгөрсөнд өрнөсөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд автсан шархнаас эдгэрч буй үндэстэн юм. Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг 1994 онд албан ёсоор цуцалсан боловч засгийн газраас өмнө нь хэрэгжүүлж байсан арьс өнгөний бодлогын сорви одоо хэр нь эдгээгүй хэвээр байна.

Сүүлийн 18 жилийн турш Өмнөд Африкт амьдарч байгаа хар арьст мозамбик Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйн хувьд би бага зэргийн түрэмгийлэл хэлбэрээр ихэвчлэн илэрдэг ялгаварлалт, гадуурхлыг зохицуулсаар ирсэн. Арьс өнгө, нийгмийн давхарга, овог, хүйс, иргэншлээр нь гадуурхах явдал нь нийгэмд тулгарч буй гадуурхлын хор хөнөөлийн хэдэн жишээ юм. Нийгмийг хувааж, ялгаатай байна гэдэг нь муу зүйл хэмээн ойлгуулахыг хүсдэг ямар нэгэн шинж чанар эгэл хүнд маань байдаг мэт.

Бид юу хийхээр хичээх хэрэгтэй вэ?

Сүмийн гишүүд энэ үзэл бодлоор нөлөөлөгдөж болох уу? Тэгэлгүй яахав! Бид бүгд эгэл хүнээ орхин Христийн Цагаатгалаар гэгээнтэн болохоор насан туршдаа хичээх ёстой (Мозая 3:19-ийг үзнэ үү).

Хүүхдүүд маань ч мөн би тусгаарлагдсан, үл тоомсорлогдсон, ялгаварлагдсан, гайхагдсан зэрэг мэдрэмжийг мэдэрсэн үедээ гэртээ ирээд энэ тухайгаа ярилцдаг. Бид “Сая юу болсон бэ? Дэлгэрэнгүй ярилцъя. Хүмүүс яагаад ийм зан гаргасан тухай ярилцъя” хэмээн хэлдэг. Энэ тухай ярилцах нь бидний мэдрэмж дотогшоогоо буглахаас сэргийлдэг.

Би хүүхдүүддээ бидний агуу байдал нийгэмд гадуурхагдсан, ялгаварлагдсан хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаас шалтгаалдаг гэдгийг ойлгуулахыг хичээдэг (Матай 25:40-ийг үзнэ үү). Хүүхдүүд маань бусдад туслах арга замуудыг хайж ингэснээр бид бусдыг ялгаварлахгүй гэсэн үг юм.

Би Есүс шиг байхыг хичээнэ

Зарим тохиолдол нь үнэхээр шаналгадаг хэдий ч, бидний сурч буй зүйлс хүүхдүүдийг маань илүү сайн хүмүүс болгож байгаа. Мөн намайг ч бас. Урам хугаралт бидэнд бусдын оронд өөрийгөө тавих чадвар, өрөвч сэтгэлээ хөгжүүлэхэд тусалсан.

Ялгаварлан гадуурхалтай холбоотой туршлага маань надад сонгох боломжийг олгосон. Би догшин, өширхүү байх уу эсвэл тэр хүнд дахиад ганцаар зогсохгүй хоёр, гурав, дөрөв дэх боломжийг олгох уу? Би нийгмийг аймшигтай газар гэж харах уу эсвэл эерэг өөрчлөлт хийх хүч болох уу?

Аврагч Өөрийн хэн болох, юунд итгэдэг, хаанаас ирснийхээ төлөө ялгаварлан гадуурхагдсан (Иохан 1:46-г үзнэ үү). Гэсэн хэдий ч Тэр хүчирхийлэл, уур хилэн, хорсол, үзэн ядалтаар хариулаагүй. Тэрээр эдгээрийн эсрэг зүйлийг зааж, хайр ба үнэнээр үйлдсэн. Тэрээр хүч буюу нөлөө нь сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар (Сургаал ба Гэрээ 121:41-ийг үзнэ үү) ирдэг хэмээн заасан. Гомдсон үедээ явж ах дүү нартаа очин, хамтдаа ярилц хэмээн Тэрээр бидэнд заасан (Матай 18:15-ыг үзнэ үү). Тэр биднийг хавчигчдын төлөө залбир (Матай 5:38–48-ыг үзнэ үү) хэмээн заасан. Түүнийг шударга бусаар шүүж, загалмай дээр үхүүлэхээр хадахад, Тэр бидэнд уучлахыг заасан (Лук 23:34-ийг үзнэ үү).

Эцэст нь биднийг болон дэлхийг өөрчлөх нь Түүний хайр юм (2 Нифай 26:24-ийг үзнэ үү).

Мөн би хичээсээр байх болно.

Би төгс нэгэн биш. Хэн нэгэн намайг доромжлоход тэр даруй уучилж бараг л чаддаггүй. Үүнд цаг хугацаа, эдгэрэл, Ариун Сүнсний нөлөөлөл шаардагддаг. Заримдаа би гомдохыг сонгодог тул Түүний сүнслэг өдөөлтүүдийг тэр даруй хүлээн авч чаддаггүй. Харин Түүнд нээлттэй байх юм бол, энэ нөхцөл байдалд Тэнгэрлэг Эцэг маань надаар юу хийлгэх байсныг ойлгох хүртэл маань Сүнс надтай тэвчээртэйгээр ажилладаг.

Миний хүсэл бол хүмүүсийг Аврагчийн харж байгаагаар харах явдал юм. Үүний тулд бид бүх хариулт бидэнд байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой. Бид “Би төгс биш; Надад сурах зүйл их бий. Би бусдын үзэл бодлоос юу сурч болох вэ?” хэмээн хэлэх хүсэлтэй үед—тэр үед бид үнэхээр сонсох чадвартай болдог. Тэр үед бид үнэхээр харах чадвартай болдог.

Миний туулж буй энэхүү аялал надад, би энд зорилготой ирсэн, амьдралын сорилтууд түр зуурынх, энэ нь мөнх бус байдлын зайлшгүй хэсэг ба би ганцаараа биш гэдгийг санахад тусалдаг. Энэ бүхнээр дамжуулан би Есүс шиг байхыг хичээж байна! Хичээх гэдэг нь идэвхтэй байдал бөгөөд бүтэлгүйтсэн тохиолдолд бид дахин оролдож болно.