Институт
1-р хичээлийн багшийн материал: Сэргээлтийн эхлэл


“1-р хичээлийн багшийн материал: Сэргээлтийн эхлэл,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“1-р хичээлийн багшийн материал” Сэргээлтийн үндэс Багшийн материал

1-р хичээлийн багшийн материал

Сэргээлтийн эхлэл

Их Эзэн Есүс Христ Өөрийн сайн мэдээг ахин нэг удаа дэлхийд сэргээж, Сүмээ зохион байгуулснаар Их урвалтыг төгсгөл болгосон. Энэ хичээлд хамрагдсаны дараа суралцагчид Сэргээлтийн өмнөх үйл явдлуудаас Их Эзэний мутрыг олж харан, үнэнийг Бурханы хүүхдүүдэд дахин түгээх хэрэгцээ шаардлагыг тайлбарлаж сурна.

Тэмдэглэл: Боломжтой бол хичээлийн эхний өдрөөс өмнө энэ ангид бүртгүүлсэн суралцагчидтай холбоо барьж, ангид ирэхийнхээ өмнө 1-р хичээлийн бэлтгэх материалыг уншихад тэднийг урь. Хэрэв та 12-р хичээлийг хамтад нь заах гэж байгаа бол суралцагчдыг 2-р хичээлийн материалыг мөн судлахад урь.

Заах зөвлөмж

Бэлтгэх материалтай танилцаагүй суралцагчдад уг материалыг хэрхэн цахим хэлбэрээр авч болохыг харуул. Та мөн цахим төхөөрөмжгүй суралцагчдад зориулан цаасан дээр хэвлэсэн хувилбарыг өгч болно.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Суралцагчдаа бодон, хичээлээ бэлтгэ. Та заахад бэлтгэхдээ, тухайн хичээлийн үр дүнд суралцагчид юу мэдрээсэй мөн тэдний амьдралд ямар өөрчлөлт гараасай гэж хүсэж байгаагаа бодож үз. Суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг залбирч бодон, бэлтгэж байхдаа Сүнсний зааврыг сонс. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Суралцагч бол дүүргэх ёстой сав биш; суралцагч бол ноцоох ёстой гал юм” хэмээн багш нарт заасан (“Angels and Astonishment,” Church Educational System training broadcast, June 12, 2019).

Их урвалт сайн мэдээг сэргээх боломжийг олгосон.

Нэг суралцагчийг бэлтгэх материалын 1-р хэсгийн удиртгал хэсгийг чанга уншихад урь.

Амьд ургамал, үхсэн эсвэл үхэж буй ургамал (эсвэл шороонд булсан үхсэн мөчир) үзүүл. Жинхэнэ ургамал байхгүй бол дагалдах зургийг үзүүлнэ үү.

Зураг
амьд ургамал
Зураг
үхсэн ургамал
  • Яагаад эдгээр ургамал өөр хоорондоо адилгүй харагдаж байна гэж та бодож байна вэ? Эдгээр ургамлыг ашиглан бид өөрсдийн сүнслэг байдлын талаар ямар зүйрлэлийг гаргаж болох вэ?

Хуучин Гэрээний Амос нэртэй бошиглогч Израилын хорон санаат хүмүүст өлсгөлөнг туулах болно гэдгийг анхааруулж байсныг тайлбарла. Суралцагчдыг Амос 8:11–12-ыг уншихдаа, Амос ямар төрлийн өлсгөлөнг анхааруулсан болохыг олуул.

Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсгээс Их урвалтын үеэр юу алдагдсан болохыг олоход урь. Суралцагчдаар олж мэдсэн зүйлийг нь хуваалцуул.

Суралцагчдад “Dispensations: The Pattern of Apostasy and Restoration” (6:52) видео бичлэгийг үзүүл. Видео бичлэгт өгүүлсэн урвалт ба сэргээлтийн загвар нь Тэнгэрлэг Эцэгийн талаар бидэнд юу зааж байгааг бодоход суралцагчдыг урь.

  • Урвалт, сэргээлтийн энэ загвар нь Тэнгэрлэг Эцэгийн талаар бидэнд юу заасан гэж та бодож байна вэ?

  • Яагаад цаг хугацааны бүрэн байдлын эрин үе бусад эрин үеэс өөр вэ? Энэ цаг үед амьдрах талаар та юу бодож, санаж явдаг вэ?

Их Эзэн сайн мэдээний Сэргээлтийн замыг бэлдсэн.

Их Эзэн сайн мэдээний Сэргээлтийн замыг бэлдсэн гэсэн үнэнийг үзүүл.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, бэлтгэх материалын 2-р хэсгээс ээлжлэн уншиж, сайн мэдээний Сэргээлтийн замыг бэлдсэн үйл явдлуудыг олж мэдэхэд урь. (Хэрэв хичээл эхлэхээс өмнө ихэнх суралцагч тань бэлтгэх материалыг уншсан бол, та тэднийг 2-р хэсгийн агуулгыг хураангуйлан хэлэхэд урьж болно.) Дараах асуултуудыг харуулаад, бүлэг болгонд тэдгээрийг хамтдаа хэлэлцэх цаг гаргаж өг.

  • Их Эзэн Сэргээлтийн замыг хэрхэн бэлдсэн бэ?

  • Их Эзэний Иосеф Смитийг мөн Сэргээлтийн замыг бэлдсэн арга замаас Түүний талаар бид юу суралцаж болох вэ?

Суралцагчид сайн мэдээнээс суралцахад идэвхтэй оролцож болно.

Хичээлийн гарчгийн жагсаалтыг харуул (та тэдгээрийг агуулгын жагсаалтаас олж болно). Энэхүү цуврал хичээл нь үндсэн үйл явдал, сургаал, Сэргээлтийн судрууд дээр төвлөрөхийн зэрэгцээ, заримдаа Сүмийн түүхэнд болж өнгөрсөн хүнд сэдвүүдийг хөндөх болно гэдгийг тайлбарла. Суралцагчдыг дараа дараагийн хичээлийн жагсаалтыг уншаад, аль сэдвийг хамгийн их мэдэхийг хүсэж байгаагаа хуваалцахад урь. Тэдний хариултыг анхаарч тэмдэглэх нь ямар хичээлд арай илүү анхаарал хандуулж болох талаар мэдээлэл өгнө.

Бэлтгэх материал нь энэхүү цуврал хичээлийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд суралцагчдын сайн мэдээнээс суралцах үйл явцыг сайжруулж, хичээлийн үеэр үр ашигтай хувь нэмэр оруулахад тэдэнд тусална гэдгийг тайлбарла.

Хичээл бүрд бэлдэхийн адислалуудыг ойлгоход нь суралцагчдадаа туслахын тулд Далын ахлагч Ким Б.Кларкийн дараах мэдэгдлийг харуул.

Хэрэв та гүн гүнзгий суралцахыг хүсэж, зүрх сэтгэл, оюун ухаанаа сурч мэдэхэд нээлттэй байлгаж мөн тэрхүү хүслийнхээ дагуу үйлдэх юм бол Их Эзэн таныг адислах болно. Та итгэлээр залбиран, бэлдэж, суралцаж, идэвхтэй оролцож, хамгийн сайнаараа үйлдэхийг хичээвэл Ариун Сүнс танд зааж сурган, сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэх чадавхыг тань сайжруулж, Их Эзэний хүсдэг тийм хүн болоход тань туслах болно. (Kim B. Clark, “Learning for the Whole Soul,” Ensign, Aug. 2017, 27)

Суралцагчдыг дараах асуултад хэрхэн хариулахаа тунгаан бодоход урь.

  • Энэ цуврал хичээлд чин сэтгэлээсээ оролцох нь миний сүнслэг өсөлт хөгжилд хэрхэн туслах вэ?

  • Би гүн гүнзгий суралцахад бэлэн ирэхийн тулд хичээл бүрийн өмнө хувиараа суралцахад бэлэн үү? Би өөрийн хуваарьт хувиараа суралцах, бэлдэх явцыг хэзээ нэн тэргүүнд тавьдаг болох вэ?

Суралцагчдыг эдгээр асуулттай холбоотой зорилгоо бичиж тэмдэглэхэд урих талаар бодож үз. Та нар мөн илүү гүнзгий суралцахад бэлэн болоход нь бие биедээ хэрхэн туслах талаар ангиараа ярилцаж болно. (Ангийн мессежээр харилцах, сургалтын бүлгүүд зохион байгуулах, зорилгоо бие биедээ сануулах арга зам эсвэл суралцах явцад олж мэдсэн зүйлээ хуваалцах хэлэлцүүлэг форум нээх зэрэг санаанууд байж болно.)

Дараагийн удаа

Дараагийн хичээлийн бэлтгэх материалд бошиглогч Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаар өгүүлсэн түүхийн зарим хэсэг орно гэдгийг суралцагчдад тайлбарлаж өг. Суралцагчдыг Анхны үзэгдлийн талаарх янз бүрийн түүхээс бид юу сурч мэдэж болохыг мөн энэ үйл явдал үнэн бодит болох тухай өөрийн гэсэн гэрчлэлтэй байхын ач холбогдлын талаар тунгаан бодоход урь.