Институт
20-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Ариун сүмийн ёслолууд ба бишрэл шүтлэг


“20-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Ариун сүмийн ёслолууд ба бишрэл шүтлэг,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“20-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

20-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Ариун сүмийн ёслолууд ба бишрэл шүтлэг

Зураг
Ариун сүмийн урд буй эмэгтэй

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид ариун сүм барьж босгодог мөн ариун сүмд очдог хүмүүс билээ” гэж заасан (“Чуулгандаа тавтай морилно уу,” Ensign, May 2014, 5 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 17). Та энэ материалыг судалж байхдаа, яагаад ариун сүмийн ёслолууд эцсийн өдрүүд дэх Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэд ийм чухал үүрэг гүйцэтгэдэг тухай бодож үзнэ үү. Ариун сүмийн бишрэл шүтлэгийг амьдралдаа илүү чухал хэсэг болгохын тулд юу хийж чадахаа шийд.

1-р хэсэг

Ариун сүмд бишрэн шүтэх нь амьдралыг маань хэрхэн адисалж болох вэ?

2019 онд Тэргүүн Зөвлөл ийнхүү хуваалцжээ.

Их Эзэн дэлхий дээр үгийг нь дуулгавартай дагах хүмүүстэй болмогцоо тэдэнд ариун сүм барих зарлиг өгдөг байсан. Судрууд Адам, Ева, Мосе, Соломон, Нифай болон бусдын цаг үеэс ариун сүмийн бишрэл шүтлэгийн хэв маягийг баримтжуулсан байдаг.

Ийнхүү эцсийн өдрүүдэд сайн мэдээ сэргээгдсэнээр дэлхий даяарх болон хөшигний нөгөө талд байх хүмүүсийн амьдралыг адислахаар ариун сүмийн бишрэл шүтлэг ч мөн адил сэргээгдсэн юм. … Онцгойлон адислагдсан ариун сүм бол дэлхий дээрх бишрэн шүтэх хамгийн ариун газар юм. (“First Presidency Statement on Temples,” Jan. 2, 2019, newsroom.ChurchofJesusChrist.org).

Зураг
Адам, Ева хоёр өргөл өргөсөн нь, Д.Кэйт Ларсон

Адам, Ева хоёр өргөл өргөсөн нь (Мосе 5:5–7)

Зураг
Цөл дэх Мосегийн асар, Жэрри Томпсон

Асар (Гэтлэл 26–28)

Зураг
Соломоны ариун сүмийн дүрслэл, Сам Лоулор

Соломоны ариун сүм (1 Хаад 6)

Зураг
Хаан Бенжамин нифайчуудад номлож байгаа нь, Гари Л.Капп

Хаан Бенжамин нифайчуудад номлож байгаа нь (2 Нифай 5:16; Мозая 2:1; 3 Нифай 11)

Манай эрин үеийн хамгийн анхны ариун сүм 1836 онд Көртландад баригдсан. Тэр ариун сүмийн онцгойлон адислал сүнслэг илэрхийллийн гайхамшигт эрин үеийг эхлүүлсэн юм. Итгэлтэй хүмүүс Ариун Сүнсийг мэдэрч, зарим нь олон хэлээр ярьж, үзэгдэл үзэж, тэнгэрүүдийг харсан. Энэ цаг үеийн хамгийн оргил үйл явдал Көртландын ариун сүмийг онцгойлон адислаад удаагүй байхад Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Аврагч үзэгдсэн явдал байсан юм. Тэр үед Аврагч “Би энэ өргөөг хүлээж авлаа” (Сургаал ба Гэрээ 110:7) хэмээсэн.

Зураг
Көртландын ариун сүм
Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та Их Эзэний ариун сүмд орохдоо мэдэрч байсан эсвэл мэдрэхийг хүсэж байгаа зарим мэдрэмжээ бодож үз.

1836 оны 3-р сарын 27-нд Иосеф Смит Көртландын ариун сүмийг (Их Эзэнээс илчлэлтээр хүлээн авсан үгсээр) онцгойлон адисалж залбирав. Энэ онцгойлон адисалсан залбирал Сургаал ба Гэрээ 109-д цэдэглэгдсэн байдаг. Энэ залбирлаараа Иосеф ариун сүмд бишрэн шүтдэг хүмүүст тодорхой адислалууд өгөхийг Их Эзэнээс хүсжээ.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 109:13, 22–26-г уншина уу.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байсан Жийн А.Стивэнс эгч бидний ариун сүмд хүлээн авдаг адислалуудын талаар ийн хэлсэн.

Зураг
Жийн А.Стивэнс эгч

Хэрэв бид Бурханы бидэнд өгөөмрөөр өгдөг бүх адислалыг хүлээн авъя гэвэл, бидний дэлхийн зам ариун сүм рүү хөтлөх ёстой. Ариун сүмүүд бол Бурханы хайрын илэрхийлэл юм. Тэрээр бид бүгдийг ариун сүмд очиж, Түүний талаар суралцан, хайрыг нь мэдэрч, Түүнтэй мөнх амьдралд хамт байхад шаардлагатай санваарын ёслолуудыг хүлээн авахад урьдаг билээ. Гэрээ бүрийг нэг нэгээр нь байгуулдаг. Зүрх сэтгэлийн агуу өөрчлөлт болгон Их Эзэнд чухал юм. Энэ нь та нарт ч бас чухал бөгөөд Түүний ариун өргөөнд орсноор бид [Түүний] сүр хүчээр зэвсэглэн, … [Түүний] нэр [бидэн] дээр байж, … [Түүний] алдар суу [бидний] эргэн тойронд байж, мөн [Түүний] тэнгэр элчүүд [бидний] дээр захирч байх болно [Сургаал ба Гэрээ 109:22].

… Түүний Хайрт Хүү, Есүс Христээр дамжуулан ариун сүмийн бүх найдвар, амлалт, адислал биелэгдэх болно. (Жийн А.Стивэнс, “Бурханы гэрээт охид,” Ensign, Nov. 2014, 117 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 133)

Зураг
шигтгээ зураг, ярилцах

Бусадтай ярилцах

Гэр бүлийн гишүүн эсвэл найз тань ариун сүмийн ёслол хүлээн авч, бишрэл шүтлэгт оролцсоноор амьдралдаа ямар онцгой адислал хүлээн авсныг асуу. Энэ хүн ариун сүмд очсоноор Бурханы хайрыг ямар арга замаар мэдэрсэн бэ?

2-р хэсэг

Их Эзэн яагаад Өөрийн хүмүүст ариун сүм барихыг зарлигладаг вэ?

Их Эзэнийг гэгээнтнүүдэд Көртландад ариун сүм барихыг зарлиглахаас өмнө Миссури дэх гэгээнтнүүд Миссурийн Индепенденст ариун сүм барих газрыг онцгойлон адисалсан. Хожим нь тэд Миссурийн Фар Вестэд ариун сүмийн суурийг тавьсан ч гэгээнтнүүдийг гэр орон болон орогнох газраас нь хөөсөн тул энэ хоёрыг хоёуланг нь барьж дуусгалгүй үлдээсэн юм. Гэгээнтнүүд 1840 оны 10-р сарын чуулганаар Наувуд ариун сүм барих бошиглогчийн дуудлагыг хүлээн авав. Гэгээнтнүүд дахиад л барилгын ажилд туслахаар хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө болон бусад эд сурвалжаа золиос гарган хандивлаж эхлэв. 1841 оны 1-р сард Иосеф Смит Их Эзэн яагаад энэ ариун сүмийг барихыг шаардсан бусад шалтгааныг тайлбарласан илчлэлт хүлээн авав. Энэ зөвлөгөө Сургаал ба Гэрээ 124-т цэдэглэгдсэн байдаг. Дараах эшлэлүүдийг судлахдаа, Их Эзэн яагаад эцсийн өдрүүдэд ариун сүм барихыг зарлигласан зарим шалтгааныг бодож үз.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 124:27–28, 40–42-ыг уншина уу.

Гэгээнтнүүд Их Эзэний бошиглогчид илчилсэн чухал ёслолуудыг, түүний дотор хувийн хишгийн ёслолыг ариун сүмд хүлээн авчээ.

Эдгээр [ариун сүмийн] ёслолд хувийн хишиг хэмээх нэгэн ёслол байсан ба энэ нь Иосефын Көртландын ариун сүмд 1836 онд танилцуулсан угаах, тослох ёслолуудын үргэлжлэл байв. Иосеф Смит ариун сүмийг барьж дуусгахаас өмнө амь насанд нь халдаж магадгүй хэмээн эмээж байсан тул 1842 оны 5-р сарын 3-нд хэдхэн эрэгтэйг дуудаж, Улаан тоосгон дэлгүүрийн дээд давхрыг “чадах чинээгээрээ ариун сүмийн дотоод хэсгийг” төлөөлүүлэн зохион байгуулаад, маргааш нь хамгийн анхны есөн хүндээ хувийн хишиг хүртээсэн байна. (“Temple Endowment,” Church History Topics, ChurchofJesusChrist.org/study/church-history)

Зураг
Улаан тоосгон дэлгүүр

Энэ хувийн хишгийн ёслол нь “өргөмжлөлийн үнэнүүдийг зааж, хүмүүсийг авралын төлөвлөгөөний дагуу алхам алхмаар удирдан чиглүүлэхдээ Бүтээлтийн болон Еденийн цэцэрлэгийн талаарх судрын түүхүүд дээр үндэслэсэн байв. Тэд Абрахам болон эртний бусад бошиглогчийн адилаар Бурханы дэргэд буцаан аваачих мэдлэгийг өөрсдөдөө олж авав. Үүний зэрэгцээ эрчүүд зөв шударга, ариун явдлаар амьдарч, Их Эзэнд үйлчлэхэд өөрсдийгөө зориулна хэмээн гэрээ байгуулж байв” (Гэгээнтнүүд: Хожмын өдрүүд дэх Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 453).

1843 оны 9-р сарын 28-нд [эсвэл өмнө нь] Эмма Смит хувийн хишиг хүртсэн хамгийн анхны эмэгтэй болов. Халамжийн нийгэмлэгийн гишүүд “хувийн хишгийн адислалууд үргэлжилсээр байхыг” харах болно гэсэн Иосефын амлалт Эммаг бусад эмэгтэйчүүдэд ёслол хүртэхэд тусалж эхэлснээр батлагдах болов. (Jill Mulvay Derr and others, eds., The First Fifty Years of Relief Society: Key Documents in Latter-day Saint Women’s History [2016], 10)

Зураг
Наувугийн ариун сүмийн түүхэн зураг

Иосеф эхлээд хэдхэн хүнийг хувийн хишигт оролцоход урьсан боловч зохистой хожмын үеийн гэгээнтнүүдэд ариун сүмийн ёслолуудыг илүү хүртээмжтэй болгохыг зорьж байсан нь тодорхой. … Виллард Ричардс “Хожмын үеийн бүх гэгээнтэн хүлээн авахад бэлтгэгдэж мөн тэдэнтэй холбогдох [ариун сүм] бэлэн болох тийм цаг мөч ирнэ гэдгийг л [бидэнд] мэдэгдсэн байлаа” хэмээн тайлбарлажээ (“Anointed Quorum (‘Holy Older’),” Church History Topics, ChurchofJesusChrist.org/study/church-history).

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Ариун сүм барих тухай Их Эзэний зарлигуудаас бид Түүний талаар юу мэдэж авч болох вэ? Их Эзэн яагаад Өөрийн хүмүүсийг ариун сүмд хувийн хишиг хүртээсэй хэмээн хүсдэг вэ?

3-р хэсэг

Ариун сүмийн хувийн хишгээр дамжуулан би хайртай хүмүүсийнхээ хамт хэрхэн адислагдаж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ Сүмийн бүх гишүүн temples.ChurchofJesusChrist.org вэбсайтад байгаа материалуудыг мэддэг болох хэрэгтэй гэж заасан (“Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь,” Ensign, May 2019, 103–104 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123). Бид энэ вэбсайтаас ариун сүмийн хувийн хишгийн талаар дараах зүйлсийг сурч мэдэж болно. Тухайлбал:

Хувийн хишиг гэдэг нь “бэлэг” гэсэн утгатай. Энэ утгаараа ариун сүмийн хувийн хишиг нь гагцхүү [Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан] та нарын дээр ариун нандин адислалуудыг соёрхдог Бурханы бэлэг юм. Хувийн хишгийг зөвхөн Түүний арга замаар мөн ариун сүмд хүлээн авч болно. Ариун сүмийн хувийн хишгээр дамжуулан таны хүлээн авч болох зарим бэлгийг дурдвал:

  1. Их Эзэний зорилго болон сургаалуудын талаарх илүү их мэдлэг

  2. Бурханы биднээр хийлгэхийг хүссэн болгоныг хийх хүч

  3. Их Эзэнд, гэр бүлдээ мөн бусдад үйлчлэх үед авах тэнгэрлэг удирдамж ба хамгаалалт

  4. Илүү их итгэл найдвар, тайтгарал, амар амгалан

  5. Одоо болон үүрд мөнхөд амлагдсан адислалууд гэх мэт …

Таныг эдгээр ёслолтой холбоотойгоор тодорхой гэрээнүүдийг Бурхантай байгуулахад урих болно. Эдгээр гэрээнд дараах хуулиуд орно. Үүнд:

  • Дуулгавартай байдлын хууль

  • Золиослолын хууль

  • Сайн мэдээний хууль

  • Ариун явдлын хууль

  • Өргөлийн хууль

Бурхан энэ бүхний хариуд энэ амьдралд гайхалтай адислалуудыг болон Түүнтэй үүрд хамт амьдрахаар эргэн ирэх боломжийг амладаг. (“About the Temple Endowment,” temples.ChurchofJesusChrist.org)

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хувийн хишгийн сүнслэг ач холбогдлын талаар ийн заасан.

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

Ариун сүмд хүлээн авдаг хувийн хишиг илчлэлтээр өгөгдсөн юм. Тийм учраас цэвэр ариун зүрх сэтгэл, оргилуун хүсэл эрмэлзлээр эрэлхийлсэн илчлэлтээр хувийн хишиг илүү сайн ойлгогддог. “Таны хишиг буюу Их Эзэний өргөөнд хүлээн авдаг бүх ёслол танд зайлшгүй чухал бөгөөд энэ амьдралыг орхисны тань дараа, харуул болон зогсох тэнгэр элчүүдийн дэргэдүүр өнгөрч, Эцэгийн дэргэд эргэж очих боломжийг танд олгож, … мөнхийн өргөмжлөлд хүргэх болно” гэж ерөнхийлөгч Бригам Янг тайлбарлажээ [Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 416]. (Russell M. Nelson, “Preparing for the Blessings of the Temple,” Ensign, Oct. 2010, 42)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэх

Та хэн нэгэнд хувийн хишгээ хүлээн авахаар бэлтгэхэд нь юу хийхийг санал болгох вэ? Ариун сүм болон үүний ёслолууд таны хувьд яагаад чухал вэ? Бодлоо хувийн тэмдэглэлийн дэвтэртээ эсвэл доорх зайд бич.