Номын сан
Аврагчийн ач ивээлд найдах нь намайг илүү сайн багш болоход хэрхэн туслах вэ?


Аврагчийн ач ивээлд найдах нь намайг илүү сайн багш болоход хэрхэн туслах вэ?

Бид сайн мэдээг заах үедээ заримдаа өөрсдийгөө энэ ажилд тэнцэхгүй гэж санадаг. Гэвч “сул дорой зүйлсийг хүчирхэг болгоход ... миний ач ивээл хангалттай” (Ифер 12:27) гэсэн Их Эзэний амлалтаас бид урам зориг авдаг билээ. Бид сул дорой байдлаа хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө даруусган, Есүс Христэд итгэх итгэлээ ашиглавал Тэрбээр Өөрийнх нь сайн мэдээг Түүний таалалд нийцэхээр зааж чадахуйц хүч чадлыг бидэнд өгөх болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та сайн мэдээний талаарх асуултууддаа хэрхэн хариулт авсан бэ? Сурах ямар аргууд танд тусалсан бэ?

Сурах ямар аргуудыг өсвөр үеийнхэн мэддэг вэ? Өсвөр үеийнхнээс хэн нэгэн нь ангийнхандаа зааж болох тийм заах арга байна уу?

Иеремиа 1:5–9; Moсе 6:31–34 (Бошиглогчид энэ ажилд өөрийгөө тэнцэхгүй гэж бодож болно, гэвч тэд Их Эзэнээс хүч чадал хүлээн авдаг)

1 Коринт 1:27–31; С ба Г 1:19–23 (Сул дорой бөгөөд энгийн хүмүүс сайн мэдээг тунхагладаг)

Иаков 4:7; Ифер 12:23–29 (Даруу хүмүүсийг хүч чадалтай болгоход Аврагчийн ач ивээл хангалттай)

Aлма 17:9–11; 29:9 (Бид бусдыг Христэд авчрахад Их Эзэний мутарт зэмсэг болж чадна)

Дэвид A.Бэднар “Их Эзэний хүчээр,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 76–78

Дэвид M.МкКонки, “Сайн мэдээнээс суралцах ба заах нь” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 13–15

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч ганцаараа залбирахад зориулж цаг гаргах, мацаг барих болон Эцэгээсээ удирдамж авах замаар Өөрийгөө заахад бэлтгэдэг байлаа. Та өсвөр үеийнхэнд заахаар бэлтгэхдээ Түүний үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхэнд хэдэн минутын туршид, янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судар судлах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа харилцдаг туршлага гэх мэт) өсвөр үеийнхэнд сурч байгаа зүйлсийнхээ хоорондын уялдаа холбоог ойлгоход тусал. Өдөр тутмын амьдрал сайн мэдээтэй хамааралтай болохыг олж харахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Доорх санаанууд танд тусалж болох юм:

  • Цагаатгалын тухай сурч мэдсэн болон сурсан зүйлийнхээ талаар ямар асуултууд байгааг хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь илүү сайн багш болохын тулд Аврагчийн ач ивээлд найдахад өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлж чадна. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Хэцүү буюу дааж давшгүй мэт санагдсан ажил үүрэг хүлээн авсан тухай туршлагаа хуваалцахыг тэднээс хүс. Ирээдүйд тэдний хүлээж авах ямар үүрэг даалгавар дааж давшгүй мэт санагдаж болох вэ? Ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн Их Эзэний хүч чадлаар үгийн эхний 11 догол мөрийг ангиараа уншиж, хүнд даалгавар хүлээн авсан үед тэднийг хүчирхэгжүүлэх буюу урам өгч чадах ямар нэг зүйлийг сонссон буюу уншсан үед гараа өргөхийг тэднээс хүс. Сурч мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг урь. Тэд сайн мэдээг бусдад заахдаа сурч мэдсэн зүйлээ хэрхэн ашиглаж чаддаг вэ? Хэцүү юм шиг санагдаж байсан даалгаврыг биелүүлэхэд Их Эзэнээс хүч чадал хүлээн авсан хувийн туршлагаа хуваалцаж болно.

  • Хичээл эхлэхээс өмнө хөгжим тоглодог нэг хүнээс хөгжмийн зэмсгээ ангид авчрахыг хүс (эсвэл хөгжмийн ямар нэг зэмсгийн зургийг үзүүл). Хөгжмийн зэмсэг ном ёсоороо ажиллаж байхын тулд хөгжимчин юуг анхаарах ёстой тухай ярилцахыг суралцагсдаас хүс. Aлма 17:9–11-ийг уншиж, хөгжим тоглож байгаа хүн Өөрийн сайн мэдээг заахад биднийг зэмсэг болгон ашиглаж байгаа Их Эзэнтэй хэрхэн адилхан болохыг дүрслэхэд ангийн гишүүдийг урь. Мозаягийн хөвгүүд Их Эзэний мутарт үр өгөөжтэй зэмсэг байхын төлөө өөрсдийгөө бэлтгэхийн тулд юу хийсэн бэ? Өсвөр үеийнхэн заахдаа тэдний үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

  • Дэвид М.МкКонкийн “Сайн мэдээнээс суралцах ба заах нь” хэлсэн үгийг уншихыг тэднээс хүс. Сайн мэдээг заахад чухал, бас чухал биш гэж МкКонки ахын хэлсэн зүйлсийн жагсаалтыг самбарт жагсаан бичихэд тэднийг дэмж. МкКонки ахын ашигласан түүхүүд самбар дээр жагсаасан санаануудыг хэрхэн дүрсэлж байгаа тухай хуваалцахад тэднийг дэмж. Бусдад заахдаа Их Эзэнээс ирдэг хүч чадал дээр тулгуурлахын тулд энэ хэлсэн үгнээс сурч мэдсэн зүйлээ ашиглах арга замуудыг төлөвлөхөд өсвөр үеийнхнийг урь.

  • Хичээл заах буюу үг хэлэх даалгаврыг бишопоос хүлээн авсан нэг найз чинь энэ үүргийг биелүүлэхэд өөрийгөө тэнцэхгүй гэж үзэн даалгаврыг хүлээн авах хүсэлгүй байгаагаа хэлжээ гэж төсөөлөн бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Тэд энэ найзаа хэрхэн дэмжиж болох вэ? Тэд түүнд туслахын тулд ямар судруудыг ашиглаж болох вэ? (Жишээ нь, энэ тоймд зөвлөмж болгосон судруудыг үз.) Ийм нөхцөлд байгаа хэн нэгэнд туслахын тулд эдгээр судрыг ашиглан жүжигчилсэн тоглолт хийхэд тэднийг урь.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Илүү сайн багш болоход Аврагчийн ач ивээл хэрхэн тусалдгийг тэд ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэвт илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Хүн асуулт асуусан буюу санал бодлоо илэрхийлсэн үед түүнийг шоолох буюу шүүмжилж огт болохгүй, харин хайраар хийгээд эелдэг дөлгөөн байдлаар хамгийн сайнаараа хариулахыг хичээ. Хүмүүс өөрсдийнх нь санал зөвлөгөөг үнэлж байгааг мэдэрсэн үедээ туршлага, бодол, гэрчлэлээ илүү чөлөөтэй хуваалцах болно” (Teaching, No Greater Call [1999], 64).

Үйлдэхэд урь

  • Өнөөдөр сурсан зүйл нь тэднийг юу хийхэд өдөөж байгааг өсвөр үеийнхнээс асуу. Тэрхүү өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж. Суралцагсад үүний дагуу үйлдэж байгаа эсэхэд хяналт тавих аргуудыг бодож ол.

  • Заах үүрэгт чинь Их Эзэний өгч байгаа хүч чадал, тусламж дэмжлэгийг гэрчил.