Номын сан
Би Сүмд хэрхэн илүү үр дүнтэй үйлчилж сурах вэ?


Би Сүмд хэрхэн илүү үр дүнтэй үйлчилж сурах вэ?

Их Эзэн биднийг үйлчлүүлэхээр дуудах үедээ итгэлтэйгээр үйлчлэх чадвартай болгодог. Бид үүрэг хариуцлагаа мэдэн, хичээнгүйлэн биелүүлэх үед Их Эзэн бидний хичээл зүтгэлийг хүчирхэгжүүлдэг. Бид Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагах үед дуудлагадаа үйлчлэхээр адислагддаг. Бид Бурханы хаант улсыг байгуулж, Түүний хүүхдүүдэд үйлчлэхээр ийнхүү хамтран ажилладаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Таныг дуудлагаа биелүүлэхээр хичээх үед Их Эзэн хэрхэн тусалдаг вэ? Та өсвөр үеийнхэнтэй ямар туршлага хуваалцаж болох вэ?

Таны заадаг өсвөр үеийнхнээс хэн хэн нь дуудлагад үйлчилж байна вэ? Одооноос эхлэн Сүмд үр дүнтэй үйлчилж сурах нь тэдний хувьд яагаад чухал вэ?

Бэлдэж байхдаа эдгээр судар, материалыг залбирч, судлаарай. Та өсвөр үеийнхэнтэй юу хуваалцахаар өдөөгдсөн бэ?

Иеремиа 1:5–9; Moзая 2:11; Moсе 6:31–34 (Өөрсдийнхөө дуудлагыг биелүүлэхийн тулд Их Эзэнээс хүч чадал хүлээн авсан бошиглогчид)

Иохан 15:16; Итгэлийн тунхаг 1:5 (Илэрхийллээр дамжуулан үйлчлүүлэхээр Бурхан биднийг дууддаг)

Иаков 1:17–19; C ба Г 4; 107:99; 121:34–36 (Бид дуудлагаа гүйцэтгэхийн тулд бүхий л хичээл зүтгэлээрээ ажиллах ёстой)

C ба Г 25 (Эмма Смит хүлээсэн үүргээ биелүүлэх талаар зөвлөгөө хүлээн авдаг)

Дийтр Ф.Угдорф, “Та нарын дундах хамгийн агуу нь,” Ensign,  2017 оны 5-р сар, 78-81 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,  64-68

Дийтр Ф.Угдорф, “Алма, Амюлек хоёроос суралц,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 59–62

Карл Б.Күк, “Үйлчил,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106–108

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийг нь дагасан хүмүүст итгэдэг байсан. Тэр тэднийг бэлтгэж, заах, адислах, бусдад үйлчлэх чухал үүрэг хариуцлагуудыг өгсөн. Та өсвөр үеийнхэнд бие биедээ заах ямар боломжуудыг олгож чадах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Хамгийн сүүлд сайн мэдээг заасан туршлагаа хуваалцахыг тэднээс хүс. Тэд юу нь сайн болсон гэж бодож байна вэ? Тэд юуг сайжруулахыг хүсч байна вэ?

  • Өсвөр үеийнхнээс сүмд хүлээн авч байсан ямар нэгэн дуудлагынхаа талаар ярихыг хүс. Тэд ямар үүрэг хүлээж байсан бэ? Уг дуудлагын юу нь хэцүү, бэрхшээлтэй байсан бэ? Их Эзэн тэдэнд хэрхэн тусалсан бэ? Өөрийн туршлага болон гэрчлэлээ хуваалц.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь Сүмд хэрхэн үр дүнтэй үйлчлэхэд суралцахад нь өсвөр үеийнхэнд туслах болно. Ариун Сүнсний удирдамжийг даган, ангийнханд тань тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн Та нарын дундах хамгийн агуу нь үгнээс “Сүмд хамгийн чухал дуудлага юу вэ?” гэх мэт өсвөр үеийнхэн хариултыг нь олж болох асуултын жагсаалтыг гарга. Өсвөр үеийнхний дунд асуулт тавьж, уг үгнээс хэн хамгийн түрүүнд хариулт олж чадахыг үз. Өсвөр үеийнхнийг бүх хариултыг олсны дараа энэ нь Сүмд үйлчлэх талаар бидэнд юу зааж буйг ярилцах цаг гарга.

  • Самбарт “Алма,” “Амюлек” гэсэн нэртэй хоёр багана бүхий хүснэгт зур. (Өсвөр үеийнхэнд энгийн зургаар Алма, Амюлек хоёрыг төлөөлүүлэх нь таалагдаж болох юм.) Ангийн гишүүдийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Алма, Амюлек хоёроос суралц” хэлсэн үгийг судалж мөн Алма, Амюлек хоёрын бусдад үйлчилсэн арга замуудыг хайж олоход урь. Ангийн нэг гишүүнийг ямар нэгэн зүйл олж хэлэх үед үүнийгээ хүснэгтэд бичихэд түүнийг урь. Өсвөр үеийнхэн Алма, Амюлек хоёрын үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ? Хүснэгтийн талаар ангиараа ярилц.

  • Хэцүү даалгавар аваад, Их Эзэнээс тусламж хүлээн авсан хэн нэгний тухай түүхийг судруудаас олж хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс (Санаа авахын тулд энэ тоймд санал болгосон судруудыг үзнэ үү). Боломжтой бол тэдэнд Сайн мэдээний зургийн цуглуулга дээрээс эдгээр түүхтэй холбоотой зургуудыг олоход нь туслаарай. Эдгээр түүхийн юу нь тэдэнд сүнслэгээр нөлөөлж байна вэ? Тэд дуудлагаа биелүүлэх талаар энэ түүхүүдээс юу сурч байна вэ?

  • Өсвөр үеийнхнийг  ахлагч Карл Б.Күкийн хэлсэн “Үйлчил,” үгийг уншаад, Сүмийн дуудлагадаа хэрхэн итгэлтэй үйлчлэх талаарх эшлэлийг хайж олоход урь. Ангийн гишүүдээс уншсан эшлэл болон энэ зөвлөгөөг яагаад тустай гэж бодсон талаараа хуваалцахыг хүс. Тэд өөрсдийн мэдсэн зүйлсийг одоогийн болон ирээдүйн дуудлагууддаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? 

  • Самбарт зөвлөгөө ба амлалт гэсэн хоёр гарчиг бич. Өсвөр үеийнхнийг Сургаал ба Гэрээ 25-аас Их Эзэний Эмма Смитэд дуудлагатай нь холбоотой өгсөн зөвлөгөө болон амлалтуудыг эрэлхийлж, олохыг урь. Олж мэдсэн зүйлсээ самбарт бичихийг тэднээс хүс. Энэхүү амлалт болон зөвлөгөө нь өсвөр үеийнхний хүлээж авах дуудлагуудад ямар хамаатай байж болох вэ? Дуудлага авч байсан өсвөр үеийнхнээс уг дуудлагын адислалыг хүлээн авах үедээ авсан амлалт болон зөвлөгөөний талаар санаж байгаа зүйлээсээ хуваалцахыг хүс. Та мөн санаж байгаа зүйлээ хуваалцаж болно. Эдгээр амлалт хэрхэн биелэгдсэн байна вэ?

  • Ангиараа Сургаал ба Гэрээ 107:99-ийг унш. Тэдэнд тойрог эсвэл гадаснаас тодорхой нэг дуудлага өгч байгаагаар төсөөлөн бодоход өсвөр үеийнхнийг урин, ямар дуудлагын талаар бодож байгааг нь тэднээс асуу (Гарын Авлага 2: Сүмийг удирдах ньномын 173–182-р хуудсаас “Дуудлагуудын жагсаалт” хэсгийг үз). Тэд уг дуудлагынх нь үүрэг юу болохыг олж мэдэхийн тулд юу хийх вэ? (Жишээлбэл: Тэд судруудаас болон Гарын авлага 2-оос үзэж эсвэл уг дуудлагад одоо үйлчилж байгаа хүнээс зөвлөгөө авч болно). Өсвөр үеийнхнээс өөрсдийн бодсон дуудлагын талаар хичээлийн туршид болон ирэх долоо хоногт илүү ихийг суран, сурсан зүйлээ дараагийн хичээл дээр хуваалцахыг хүс.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Сүмд хэрхэн үр нөлөөтэй үйлчлэх талаар ойлгож мэдэж байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Сайн мэдээг судлах ур чадварууд

Зарчмуудыг олох нь.Энэ хэсгийн эхний үйл ажиллагаа нь өсвөр үеийнхнийг Бурханы хаант улсад үйлчлэх талаарх зарчмуудыг (эсвэл мөнхийн үнэнүүдийг) судраас хайж, эрэлхийлэхэд урьдаг. Тэднийг өөрсдөөсөө “Би энэ захиасаас ямар зарчим сурч байна вэ? Энэ нь миний бодож байснаас мөн өмнө сурснаас ялгаатай байна уу? Тэдгээр нь надад амьдралынхаа ямар нэг зүйлийг өөрчлөхөд сүнслэгээр нөлөөлж байна уу?” гэх мэт асуултуудыг тавихад урамшуул. Өсвөр үеийнхнийг өөрсдөө хувиараа судраас суралцах үедээ ийм асуултууд тавихад урамшуул.

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйл дээрээ тулгуурлан юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байгаа талаар асуу. Тэднийг эдгээр мэдрэмжүүдийнхээ дагуу үйлдэхэд уриал. Өгсөн даалгавраа шалгаж болох арга замуудын талаар залбирч бодож үзэхдээ Сүнсийг эрэлхийлээрэй.