Номын сан
Би Хоёр дахь Ирэлтэд бэлтгэхэд туслах ямар зүйлүүдийг судраас сурч чадах вэ?


Би Хоёр дахь Ирэлтэд бэлтгэхэд туслах ямар зүйлүүдийг судраас сурч чадах вэ?

Есүс Христ дэлхий дээр хүч чадал болон алдар суугаараа дахин ирэх болно гэж амласан юм. Хожмын үеийн гэгээнтний хувьд бидний хүлээдэг үүргүүдийн нэг нь Хоёр дахь Ирэлтэд өөрсдийгөө бэлтгэж мөн дэлхийнхэнд бэлэн байхад нь туслах явдал юм. Шударга хүмүүсийн хувьд Хоёр дахь Ирэлт нь энх амгалан болон ялалтын өдөр байх болно. Аврагч дахин яг хэзээ ирэхийг бид мэдэхгүй, гэхдээ бошиглолуудыг судлан мөн Түүний ирэлтийн тэмдгүүдийг ажиглах нь Хоёр дахь Ирэлтийн талаарх бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлж, Түүнийг ирэх үед бэлэн байхад маань туслах болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Танд Хоёр дахь Ирэлтийн талаарх ямар судрууд амар амгаланг авчирдаг вэ? Та Хоёр дахь Ирэлтэд бэлтгэн юу хийж байна вэ?

Өсвөр үеийнхэн судрууд дахь суралцах тусламжуудыг сайн ашиглаж мэдэх үү? Судруудаас суралцаж сурах нь тэднийг ямар арга замуудаар адислах вэ?

Эдгээр судар болон бусад материалуудыг залбирч, судал. Та өсвөр үеийнхэнтэй юу хуваалцахаар өдөөгдсөн бэ?

Лук 21:34–36 (Их Эзэний өмнө зогсохдоо зохистой байхын тулд бид ямагт сэргэг байж мөн залбирч байх хэрэгтэй)

2 Петр 3:10–13 (Бид Аврагчийн Ирэлтийг хүлээж мөн бэлдэх ёстой)

1 Нифай 22:17 (Зөв шударгыг үйлдэгчид айхын хэрэггүй)

C ба Г 45:26–44; Иосеф Смит—Maтай 1:21–36 (Хоёр дахь Ирэлтийн тэмдгүүд)

C ба Г 49:7; Иосеф Смит—Maтай 1:40 (Их Эзэний ирэх цаг болон өдрийг мэдэх хүмүүн үгүй)

Есүс Христийн Хоёр дахь Ирэлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 89–91

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч, Өөрийн заах тэднийг итгэлээр үйлдэж мөн Өөрийнх нь заасан үнэний дагуу амьдрахад урьдаг. Өөрийн бүх сургаалд Тэр дагалдагчдаа бүх зүрх сэтгэлээрээ сайн мэдээний дагуу амьдрахад нь туслахад анхаардаг байв. Өсвөр үеийнхнийг сурсан зүйлсийнхээ дагуу үйлдэхийг та хэрхэн урамшуулж байна вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Өсвөр үеийнхнийг хувиараа судраас суралцахдаа эсвэл Сүмийн ангиуддаа сурч байгаа сэдвүүдийнхээ талаар ярилцахад урь. Тэдэнд сурч байгаа зүйлсийнхээ талаар асуух асуулт байна уу?

  • Аврагчийн мэндэлж байгаа болон Хоёр дахь Ирэлтийн сэдэвтэй зургуудыг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, 30, 66 үзнэ үү). Өсвөр үеийнхнээс “Есүс эгэлхнээр төрсөн” (Сүмийн дуулал, х. 20) дууг дуулж эсвэл үгийг нь уншин, Түүний дэлхий дээрх тохинуулал Хоёр дахь Ирэлтээс нь ямар ялгаатай байхыг харуулсан үгс, холбоо үгсийг зураг тус бүрийн дор бичин жагсаалт гаргахыг хүс. Өсвөр үеийнхэнд Хоёр дахь Ирэлтийн талаар ямар асуултууд байгааг асуу. Тэдний асуултуудыг самбар дээр бичин мөн энэ хичээл дээр Хоёр дахь Ирэлтийн талаар судруудаас суралцах үедээ хариултуудыг эрэлхийлэхийг тэдэнд урамшуул.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь өсвөр үеийнхэнд Хоёр дахь Ирэлтэд хэрхэн бэлтгэхийг ойлгоход нь туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Хоёр дахь Ирэлтийн талаарх дараах асуултуудыг самбар дээр бич: Юу тохиолдох вэ? Би бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Би өөр юу сурч байна вэ? Судруудын удирдамжаас “Есүс Христийн хоёр дахь Ирэлт” гэсэн үгийг харж мөн хэд хэдэн унших судруудыг сонгон эдгээр асуултуудад хариулт олохыг өсвөр үеийнхнээс хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээсээ хуваалцахад урь.

  • Өсвөр үеийнхнээс Итгэлдээ үнэнч байх нь номоос “Есүс Христийн Хоёр дахь Ирэлт” хэсгийг уншихыг хүс. Энэ хэсэгт санал болгосон судруудыг ашиглан, судрын хэлхээг хэрхэн гаргахыг өсвөр үеийнхэнд үзүүл. Tэд 90–91-р хуудас дээр жагсаагдсан бошиглогдсон үйл явдлууд болон тэмдэг бүрд судрын хэлхээ гаргаж болох юм. Жишээлбэл: “Газар дэлхий хийгээд тэнгэр дэх тэмдгүүд”-ийн талаар судрын хэлхээ үүсгэхийн тулд тэд Иоел 2:30–31 шүлгийг гарган, хажуу талын зайнд нь дараагийн судрын лавлах буюу Maтай 24:29–30 гэж бичнэ. Maтай 24:29–30-ыг бичсэн хажуу талын зайнд тэд C ба Г 29:14–16 гэж бичин, цааш үргэлжлүүлнэ. Өсвөр үеийнхнийг уг сэдвийн талаар өөр судруудыг олж, уг хэлхээндээ нэмж бичихэд урамшуул. Өсвөр үеийнхнээс судрын хэлхээ гаргах нь яагаад хэрэгтэй гэж бодож байгаа талаар асуу. Тэд урьд өмнө нь мэдэж байгаагүй ямар тэмдгүүдийн талаар Хоёр дахь ирэлтийн тухай өгүүлэх судруудаас мэдэж авсан бэ? Тэд яагаад Хоёр дахь Ирэлтийн тэмдгүүдийн талаар мэдэх нь чухал гэж бодож байна вэ? (C ба Г 45:34–39-ийг үзнэ үү).

  • Ангиараа Сургаал ба Гэрээ 45:44-ийг унш. Ангийнхандаа энэ шүлгийн зүүлт тайлбарыг унших нь илүү сайн ойлгоход нь хэрхэн тусалж болохыг харуул. Жишээлбэл: Зүүлт тайлбар б нь Maрк 13:32–37 гэж байгаа бөгөөд энэ нь Хоёр дахь Ирэлтийн өдөр, цагийг хэн ч мэдэхгүй гэдгийг заадаг. Энэ нь бид яагаад анхааралтай байх ёстойг ойлгоход тусалж байна. Өсвөр үеийнхэн бүрд энэхүү хичээлд эсвэл Итгэлдээ үнэнч байх нь номын 89–91-р хуудас дахь санал болгосон зүйлс гэх мэтчилэн Хоёр дахь ирэлтийн талаарх нийтлэлүүдийг оноож өг. Өсвөр үеийнхнээс уг шүлгүүдийг судлан, зүүлт тайлбар дахь шүлгүүдийг уншсанаар олж авсан мэдлэгээ бичиж авахыг хүс. Тэдэнд өөрсдөө суралцан, сурсан зүйлсээ хуваалцах цаг гаргаж өг. Тэдний сурсан зүйлс Хоёр дахь Ирэлтэд илүү сайн бэлтгэлтэй байхад нь хэрхэн туслах вэ?

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Хоёр дахь Ирэлтийн талаар суралцахын тулд судруудыг хэрхэн судлахаа тэд ойлгож мэдэж байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Сайн мэдээг судлах ур чадварууд

Сэдэвчилсэн удирдамжийг ашиглах нь. Энэ хэсгийн эхний үйл ажиллагаагаар өсвөр үеийнхнийг Есүс Христийн Хоёр дахь Ирэлтийн талаарх судруудыг олохын тулд сэдэвчилсэн удирдамжийг ашиглахад урьсан. Сэдэвчилсэн удирдамжийн эшлэл бүрийн дор, сурч байгаа сэдвийнхээ талаар илүү ихийг суралцахад нь өсвөр үеийнхэнд туслахуйц үгс, үг хэллэгүүд байгаа. Мөн өсвөр үеийнхэн өөрсдийн сэдэвтэй холбоотой үгсийг бодож олоод, тэдгээрийг сэдэвчилсэн удирдамжаас харж болно. Сайн мэдээний ямар нэг тодорхой сэдвийн талаар суралцахыг хүсэх бүрдээ сэдэвчилсэн удирдамжийг ашиглаж байхад тэднийг урамшуул.

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнийг хичээлийн үеэр төрсөн сэтгэгдлээ хуваалцахад урь. Хоёр дахь Ирэлтэд бэлтгэхийн тулд тэд юу хийх вэ? Тэд өнөөдөр хувиараа судраас суралцахдаа хэрэгжүүлэх ямар зүйл сурсан бэ?