2010–2019
Бурханы сэнтий рүү дөхөж очихдоо өөртөө итгэлтэй байх нь
Аравдугаар сар 2014


Бурханы сэнтий рүү дөхөж очихдоо өөртөө итгэлтэй байх нь

Хэрэв та сонсож мөн үйлдэхэд бэлэн байвал Есүс Христийн Цагаатгалыг хэрэгжүүлснээр сүнслэг итгэлтэй байдлыг тань яг өнөөдрөөс өсгөж эхлэх болно.

Та нар Бурханы өмнө өөрсдийнхөө сүнслэг итгэлтэй байдлыг 1-ээс 10-ын тооны хооронд хэрхэн дүгнэх вэ? Хожмын үеийн гэгээнтний хувьд таны хийж буй үйлчлэл мөнхийн амьдралыг өвлөн авахад хангалттай гэдэг хувийн гэрчлэл танд байдаг уу? Та өөрийгөө Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэж байгаа гэдэгт итгэдэг үү? Хэрэв та одоо нэг минутын дараа Аврагчтай ярилцах гэж байгаа гэвэл танд юу бодогдохсон бол? Таны өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нүгэл, харамсал, дутагдлууд тань илүү давамгайлах уу? Эсвэл та зөвхөн баяр хөөрийг мэдрэх үү? Та түүн рүү эгцлэн харах уу, эсвэл хараагаа булзааруулах уу? Та хойш суух уу, аль эсвэл Түүн рүү итгэлтэй дөхөж очих уу?

Та нарын адил хичээдэг ч төгс бус гэгээнтнүүдийг хайрладаг Бурханаа эсэргүүц хэмээн ятгаж чадахгүй үедээ дайсан нь та нарын болон Бурханы хооронд аль болох том ангал бий болгохын тулд зальт төлөвлөгөөнүүдийг ашигладаг. Христэд итгэх итгэл нь буюу байнга нигүүлсэл үзүүлж, хүчит гайхамшгуудыг хүртэл авчирдаг энэ итгэл нь зөвийг сонгохыг хичээж байгаа гэх та нарын хувийн итгэлтэй холбоотой гэдгийг дайсан мэддэг. Тиймээс л тэрээр Тэнгэрлэг Эцэгийн танд найдах найдлага тасарсан, Цагаатгалын адислалууд нь таны хувьд боломжгүй болсон, оролдож үзэх шаардлагагүй, бүх хүн танаас дээр ч гэх юм уу, иймэрхүү хилэнцэт олон арга замаар худал ярьж, зүрх сэтгэлд тань нөлөөлөхийг оролддог.

Хэрэв та эдгээр дуу хоолойнд өөрийн бодгалиас эмтлэн өгөхийг зөвшөөрвөл Бурханы сэнтий рүү дөхөж очихдоо өөртөө итгэлтэй байж чадахгүй. Та юу хийж, юуны төлөө залбирч, мөн ямар ч гайхамшгуудад найдсан бай, Бурханд итгэх итгэлийг тань төдийгүй өөртөө итгэх итгэлийг тань сэт татан устгах хангалттай эргэлзээ танд үргэлж байсаар байх болно. Энэ маягаар сайн мэдээний дагуу амьдрах нь тийм ч зөв, сонирхолтой байдаггүй. Хамгийн чухал нь ингэж амьдрах ямар ч хэрэггүй юм! Үүнийг өөрчлөх шийдвэр таных—зөвхөн таных л байна.

Хэрэгжүүлж чадвал тэдгээр хилэнцэт дуу хоолойг зайлуулах, хүсвэл амар амгалан баталгаа ба сүнслэг итгэлтэй байдлыг тань сэргээж чадах зургаан ашигтай зөвлөгөөг би та нартай хуваалцмаар байна. Та өөрийгөө 1-ээс 10-ын хооронд хэрхэн дүгнэснээс тань үл шалтгаалан, хэрэв та сонсож мөн үйлдэхэд бэлэн байвал Есүс Христийн Цагаатгалыг хэрэгжүүлснээр сүнслэг итгэлтэй байдлыг тань яг өнөөдрөөс өсгөж эхлэх болно. Би та нарыг гомдоохын тулд биш, харин та нарт ойлгуулахын тулд шулуухан ярья.

1. Сүнслэг байдлынхаа сайн сайхны төлөө өөрөө өөртөө хариуцлага хүлээ. Бүрэн дуулгавартай байж чадахгүй байгаагийнхаа төлөө бусдыг болон өөрийнхөө нөхцөл байдлыг буруутгаж, өөрийгөө зөвтгөн, шалтаг хайхаа боль. Та “бие махбодийн дагуу” “эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох … эрхтэй” (2 Нифай 2:27) гэдгээ хүлээн зөвшөөр. Их Эзэн та нарын нөхцөл байдлыг төгс мэддэг бөгөөд та нарыг сайн мэдээний дагуу бүрэн дуулгавартай амьдрахаар сонгоогүй байхад чинь хүртэл бас төгс мэддэг. Хэрэв энэ нөхцөл байдал танд бий болсон бол үүнийг шударгаар хүлээн зөвшөөрч, өөрийнхөө нөхцөл байдлын хүрээнд төгс байхыг хичээцгээ. Та Есүс Христийн Цагаатгалыг амьдралдаа өдөр бүр хэрэгжүүлж, сүнслэг байдлынхаа сайн сайхны төлөө хариуцлагатай байх үед сүнслэг итгэлтэй байдал тань өсдөг.

2. Бие махбодынхоо сайн сайхны төлөө өөрөө өөртөө хариуцлага хүлээ. Таны бодгаль бие махбод ба сүнснээс бүрддэг (С ба Г 88:15-ыг үзнэ үү). Ариун сүм болох бие махбодоо үл хайхран, зөвхөн сүнсээ тэжээх нь сүнслэг зөрчилдөөнд, мөн өөрийгөө дорд үзэхэд хүргэдэг. Хэрэв та эрүүл чийрэг биш бөгөөд өөрийнхөө бие махбодод сэтгэл дундуур байдаг бол, мөн үүнийг засахын тулд ямар нэгэн зүйл хийх боломжтой бол хий! Ахлагч Рассэлл М.Нэлсон: бид “өөрсдийн бие махбодыг ариун сүмтэй зүйрлэдэг” ба “бие махбодынхоо эрүүл мэндийн төлөө хоол хүнсээ зохицуулж, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй” гэж заасан байдаг (“We Are Children of God,”Ensign, 1998 оны 11-р сар, 87; Лиахона, 1999 оны 1-р сар, 103).

Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Бие махбод маань бидний оюун ухааны зэмсэг, зан байдлын үндэс суурь болох арга замаар бидний сүнс ба бие махбод нэгддэг” гэж заасан (“The Instrument of Your Mind and the Foundation of Your Character,” [Church Educational System fireside, Feb. 2, 2003], 2; speeches.byu.edu). Иймээс юуг мөн хэдий хэмжээгээр идэхээ хүртэл ухаалгаар шийдэн, бие махбоддоо хэрэгтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж бай. Хэрэв та бие махбодын чадамжтай бол өнөөдрөөс эхлэн өөрийнхөө бие махбодыг захирч, өөрийн чадварт тохирсон урт хугацааны, байнгын дасгал хийх хөтөлбөрийг эрүүл хооллох дэглэмтэй хамт хэрэгжүүлж эхэл. Та нарын сүнс эрэгтэй, эмэгтэй хүний эгэл байдлаа Аврагчийн тусламжтайгаар хяналтандаа байлгаж чадсан үед л сүнслэг итгэлтэй байдал тань өсдөг.

3. Сайн дураараа бүрэн дүүрэн дуулгавартай байхыг амьдралынхаа нэгэн хэсэг болгож хүлээн ав. Та Бурханы зарлигуудыг дагахгүйгээр Түүнийг хайрлаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр. “Хэрэв та нар намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” (Иохан 14:15) гэсэн Аврагчийн жишиг нь тодорхой мөн энгийн билээ. Хэрэв зарим зарлигт дуулгавартай байвал зарим адислалыг л авчирдаг бөгөөд хэрвээ ямар нэгэн маш муу зүйлийн оронд арай гайгүй өөр муу зүйлийг сонговол, бас л бурууг сонгож буй хэрэг юм. Та маш муу биш, арай гайгүй муу кино үзсэн болохоор ариун журмыг мэдэрнэ гэж хүсэн хүлээж болохгүй. Зөвхөн зарим зарлигийг итгэлтэй дагаж, бусад зарим зарлигийг үл тоомсорлохыг зөвтгөж болохгүй. Абрахам Линкольн: “Би сайныг хийх үедээ сайныг мэдэрдэг. Би мууг хийх үедээ мууг мэдэрдэг” гэж үнэхээр үнэн хэлсэн (quoted in William H. Herndon and Jesse William Weik, Herndon’s Lincoln: The True Story of a Great Life, 3 vols. [1889], 3:439).

Мөн зөв зүйлс хийхдээ зөв шалтгаантай хий. “Зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг” (С ба Г 64:34), мөн “бодлууд мөн санааг ялган танигч” (С ба Г 33:1) Их Эзэн таныг яагаад сүмд явж байгааг, мөн зүгээр л бие махбод тань тэнд байгаад байна уу, эсвэл та үнэнээсээ шүтэн биширч байна уу гэдгийг мэддэг. Та ням гарагт “Өө Вавилон, өө Вавилон минь ийн бид салцгаая” (“Ye Elders of Israel,” Hymns,, дугаар 319) гэж дуулчихаад, хормын дараа муу зүйлсийг эрэлхийлэн, үүнийг үйлдэж болохгүй. Сүнслэг зүйлсийн хувьд нойрмог байх нь хэзээ ч аз жаргалтай байдаггүй гэдгийг санаарай. Сүмийг болон сэргээгдсэн сайн мэдээг зөвхөн гаднах буюу нийгмийн амьдралынхаа нэг хэсэг болгоод зогсохгүй, бүхий л амьдралаа болго. Энэ өдөр хэнд үйлчлэхээ сонгох гэдэг нь үүний дагуу амьдрах хүртэл зүгээр л хоосон үгс байх болно (Иошуа 24:15 24:15-ыг үзнэ үү). Та өөрийнхөө төгс бус байдлаас үл хамааран ариулан адислагдсан амьдралаар амьдрах гэж зөв учир шалтгаанаар хичээх юм бол сүнслэг итгэлтэй байдал тань өсөх болно!

4. Бүрэн гүйцэд бөгөөд тэр даруй наманчлахад гаргуун бай. Есүс Христийн Цагаатгал нь үнэхээр үр ашигтай, хэзээ ч төгсөшгүй учраас та үүнийг хоногийн 24 цагт, мөн долоо хоногийн долоон өдөр ч ашиглаж болно. Агуу Эмчийн заавруудын дагуу Есүс Христийн Цагаатгал, наманчлалыг өдөр бүр урин дуудаж, түүнийг хэрэгжүүлэх ёстой зүйл хэмээн хүлээж ав. Байнгын бөгөөд аз жаргалтай, баяр хөөртэй наманчлалыг сонгох сонголтоо амьдралын хэв маягаа болго. Үүнийг хийхдээ хойш тавих уруу таталтуудаас сэрэмжил, мөн хөгжөөн дэмжихийг дэлхийгээс бүү хүсэн хүлээ. Аврагчид анхаарлаа төвлөрүүлж, Тэр таны талаар юу гэж боддог тухайд илүү санаа тавих юм бол үр дүн нь харагдах болно. Жижиг ч бай, том ч бай, та бүх нүглээ тэр даруй, сайн дураараа, мөн баяр баясгалантай наманчилж, Есүс Христийн Цагаатгалыг хэрэгжүүлэх үед сүнслэг итгэлтэй байдал тань өсдөг.

5. Уучлахдаа гаргуун бай. “Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” (С ба Г 64:10). Бүх хүнийг, мөн бүх зүйлийг бүхий л үед уучилж, эсвэл уучлахыг хичээснээр өршөөлийг амьдралдаа ирэхийг нь зөвшөөр. Битгий өс санаж, амархан гомдож бай. Хурдан уучилж, хурдан март. Мөн энэ зарлигууд өөрт тань хамаагүй гэж хэзээ ч бүү бод. Таныг өөр нэгэн бодгалийн тухай муу муухайгаар боддоггүйг Их Эзэн мэддэг гэдгийг мэдвэл сүнслэг итгэлтэй байдал тань өснө.

6. Зовлон бэрхшээл, саад тотгоруудыг болон “гэнэтийг зүйлсийг” мөнх бус байдлын туршлагын нэгээхэн хэсэг хэмээн хүлээж ав. Нэмж хэлэхэд, “бүх л нөхцөл байдалд”, “[таны] Бурхан [та нарт] зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн [та нарыг] хийх нь үү гэдгийг харахын тулд” (Абрахам 3:25), мөн та нар үүгээр өөрсдийгөө батлан харуулахаар, мөн соригдохоор ирсэн гэдгийг санаарай. Та нарын олон сая ах, эгч соригдсон, мөн одоо ч гэсэн соригдож байгаа болохоор та нар үүнээс мултарч чадна гэж үү? Зарим сорилт бэрхшээл бидний дуулгаваргүй юм уу, хайхрамжгүй байдлаас болж ирдэг. Зарим бэрхшээл нь бусдын хайхрамжгүй байдлын улмаас, эсвэл зүгээр л энэ нь унасан дэлхий учраас ирдэг. Эдгээр бэрхшээл ирэх үед дайсны дагалдагчид та нар буруу зүйл хийсэн, энэ бол шийтгэл, бас Тэнгэрлэг Эцэг та нарт хайргүйн тэмдэг гэж хэлцгээж эхэлнэ. Үүнийг битгий тоо! Харин инээмсэглэхийг хичээж, тэнгэр рүү ширтэн, “Их Эзэн минь, би ойлгож байна. Би энэ юу болохыг мэднэ. Өөрийгөө батлан харуулах цаг маань ирчихээд байна” гэж хэл. Тэгээд эцсээ хүртэл маш сайн тэвчихийн тулд Түүнтэй хамтарч ажилла. “Ихэнх тохиолдолд, [та] зөв зүйлийг хийж байгаа учраас л зовлон бэрхшээл, саад тотгор амьдралд тань ирдэг юм шүү” гэдгийг хүлээн зөвшөөрөх үед сүнслэг итгэлтэй байдал тань өсдөг (Глэнн Л.Пэйс, “Crying with the Saints” [Brigham Young University devotional, 1987 оны 12-р сарын 13], 2; speeches.byu.edu).

Би Украйны Киев номлолыг тэргүүлж байх үедээ нэгэн итгэлтэй номлогч эгчээс яагаад өөрийгөө үргэлж дутуу үнэлдгийг, мөн яагаад жижиг зүйлээс болж өөртөө шүүмжлэлтэй ханддагийг нь асуусан юм. Түүний хариулт буруу дуу хоолойг сонсдог хүмүүсийн нийтлэг жишээ байсан. Тэр “Бусдаас илүү дээгүүрт гарахын тулд” гэж хариулж билээ.

Ах, эгч нар аа, энэ номлогч эгчид өгсөн миний зөвлөгөө та нарт ч мөн хамаатай. Сул дорой байдлаа таньж, хүлээн зөвшөөр. Гэхдээ та заримтай нь энэ мөнх бус амьдралыг орхин явах хүртлээ үргэлж хамт байх учраас тэдгээрээс болж үйлдлээ бүү хязгаарла. Одоогийн нөхцөл байдал тань ямар байгаагаас үл шалтгаалан, зүгээр л хамгийн сайныг хийж, хамгийн сайнаараа байхыг хичээхдээ шударга, баяр баясгалантай байж, өдөр тутмын наманчлалаа сайн дураараа сонгох юм бол Аврагчийн Цагаатгал байгаа газар болгонд тань таныг хүрээлж, дагах болно. Та энэ маягаар амьдарснаар үнэхээр өдрийн цаг бүрд, мөн минутын секунд бүрд “нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах болно” (Мозая 4:12), мөн бүх цаг үед Бурханы өмнө бүрэн дүүрэн цэвэр, хүлээн зөвшөөрөгдөхүйц байх болно.

Та өөрийнхөө сул дорой байдлаас үл шалтгаалан Бурханы таалалд нийцэж байгаа гэдгээ өнөөдөр, эсвэл хэзээ нэгэн өдөр олж мэдэхийг хүсэж байвал танд үүнийг мэдэх онцгой эрх нь байгаа билээ. Биднээс зарлигуудын дагуу амьдрахыг хүсдэг, мөн Өөрийн ач ивээл, нигүүлслийг өгөхөд үргэлж бэлэн байдаг, хайраар дүүрэн Аврагчийн талаар би гэрчилж байна. Зөв замаар явж байгаа гэдэг амар амгалан, аз жаргалтай нотолгооны хамт Түүний Цагаатгалыг өдөр бүр хэрэгжүүлэхэд минь баярладаг, мөн “итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болохыг” та нараас хүсэж байгаа, хайраар дүүрэн Аврагчийн тухай би гэрчилж байна (С ба Г 121:45). Есүс Христийн нэрээр, амен.