2010–2019
Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая
Аравдугаар сар 2014


Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая

Бид тэнгэрлэг зорилготойгоо нийцсэн байхын тулд бошиглогчийг дэмжин, түүний үгийг дагаж амьдрахаар сонгодог билээ.

Тэнгэр дэх бидний Эцэг бүх хүүхдээ хайрлан, тэднийг Өөрийнх нь аз жаргалын төлөвлөгөөг мэдэж, ойлгоосой хэмээн хүсдэг. Тиймээс Тэрээр хүүхдүүдийнхээ авралын төлөө Бурханы нэрээр үйлдэх хүч ба эрх мэдэлтэйгээр бошиглогчдыг томилон, дууддаг билээ. Тэд бол зөв шударга ёсны элчүүд бөгөөд Есүс Христийн гэрчүүд, тэрчлэн Түүний Цагаатгалын хязгааргүй хүч нь юм. Тэд дэлхий дээрх Бурханы хаант улсын түлхүүрүүдийг атгаж, авралын ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэлтэй байдаг.

Их Эзэний үнэн Сүмд болон “дэлхий дээр ... энэхүү хүч хийгээд энэ санваарын түлхүүрүүдийг олгосон хүн тухайн цаг үед зөвхөн ганцхан л байдаг бөлгөө.”1 Бид ерөнхийлөгч Томас С.Монсонг бидний бошиглогч, үзмэрч, илчлэгчээр дэмжин баталдаг. Тэрээр манай Сүмийг бүхэлд нь удирдан чиглүүлэх Бурханы үгсийг илчилдэг юм. Ерөнхийлөгч Бага Ж.Рүбэн Кларк: “Сүмийн Ерөнхийлөгч Сүмд зориулсан илчлэлтүүдийг ганцаараа хүлээн авах эрхтэй”2 гэж тайлбарлажээ.

Их Эзэн амьд бошиглогчийн талаар Өөрийн Сүмийн хүмүүст зарлиглахдаа:

“Та нар миний өмнө бүхий л цэвэр ариун байдалд алхан, та нарт түүний өгөх түүний бүх үгсэд хийгээд зарлигуудад анхаарал тавигтун;

“Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой.

“Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй”3 гэжээ.

Бид тэнгэрлэг зорилготойгоо нийцсэн байхын тулд бошиглогчийг дэмжин, түүний үгийг дагаж амьдрахаар сонгодог билээ.

Бид бас ерөнхийлөгч Монсоны зөвлөхүүдийг болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынхныг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн үзэж, дэмжин баталдаг. “Тэд [Их Эзэний] оюун ухаан, хүсэл тааллыг тунхаглах эрх, хүч хийгээд эрх мэдэлтэй бөгөөд … Сүмийн ерөнхийлөгчид … захирагддаг.”4 Tэд Христийн нэрээр ярьж, Христийн нэрээр бошиглодог. Мөн тэд бүх зүйлийг Есүс Христийн нэрээр үйлддэг. Бид тэдний үгсээс Их Эзэний дуу хоолойг сонсож, Аврагчийн хайрыг мэдэрдэг билээ. “Мөн Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдөх тэд юуг ч ярилаа гэсэн судар байх болно, … мөн аврал дахь Бурханы сүр хүч буюу.”5 Их Эзэн: “Харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил”6 юм хэмээн Өөрөө хэлсэн.

Бид “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь”7 болсон сүмдээ талархалтай байдаг билээ. Их Эзэний өргөө бол дэг журмын өргөө бөгөөд бид асуултуудынхаа хариултыг хаанаас эрж хайх, эсвэл хэний дуу хоолойг дагах талаар тодорхой ойлголтгүйгээсээ болж хэзээ ч мэхлэгдэх учиргүй. Бид “давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхинд ... туугдалгүй”8 байж чадна. Бурхан Өөрийн үгийг томилогдсон үйлчлэгчдээрээ дамжуулан илчилдэг. “Эдгээр нь ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. Бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл ... ингэх ажээ.”9 Бид бошиглогчдын үгсийг дагаж амьдрахыг сонгосон үед мөнхийн төгөлдөржилт рүү хөтөлдөг гэрээний зам дээр гардаг юм.

Бид өлсгөлөнгийн үеийг амьд мэнд тэсч гарахын төлөө тэмцсэн ганц бие нэгэн эх хүнээс бошиглогчийг дэмжих нь юу гэсэн утгатайг мэдэж авдаг. Их Эзэн бошиглогч Елиад Зарефат руу явж, түүнд тусал хэмээн Бурханы зарлиг болгосон бэлэвсэн эмэгтэйг тэндээс олж уулз хэмээн зааварлажээ. Елиа уг хот руу дөхөж ирээд, нэгэн эмэгтэй мод түүж явахыг харав. Тэгээд тэр эмэгтэйг дуудаад, “Надад уух ус вааранд хийж авчирж өгөөч гэж гуйв.”10

“Тэр эмэгтэй ус авч ирэхээр явах гэж байхад Елиа түүнийг дуудан, Надад зүсэм талх авчирч өгөөч гэж хэлэв.

“Харин тэр эмэгтэй хариуд нь, Таны Бурхан Эзэний амьд буйгаар тангараглая. Надад талх байхгүй. Зөвхөн миний хул аяганд минь атгын төдий гурил, вааранд минь жаахан тос үлдсэн. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ зориулан хоол хийхийн тулд одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байх даа гэв.”

Елиа эмэгтэйд “Бүү ай. Явж, хэлснээрээ гүйцэтгэ. Харин байгаа юмнаасаа эхлээд, надад жижигхэн гурилан боов хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн”11 гэжээ.

Бошиглогч өлсгөлөнд нэрвэгдсэн эхээс ямар хэцүү зүйл гуйсныг агшин зуур төсөөлөөд үз дээ. Мэдээж хэрэг, Бурхан Өөрөө итгэлтэй үйлчлэгчээ хангаж болох байсан шүү дээ. Гэвч Елиа Их Эзэний нэрээр, бошиглогчийг дэмжихийн тулд өөрт байгаагаа золиослохыг Бурханы хайртай охиноос гуйхдаа удирдамжийн дагуу гүйцэтгэсэн ажээ.

Түүнчлэн Елиа “Яагаад гэвэл Израилийн Бурхан ЭЗЭН, … хул аяган дахь гурил ч дуусахгүй, тостой ваар ч хоосрохгүй”12 гэж айлдсан хэмээн дуулгавартай байдлын төлөө түүнд адислал амласан юм. Их Эзэн бэлэвсэн эмэгтэйд бошиглогчийн үгсэд итгэж, дуулгавартай дагахыг сонгох боломж олгосон ажээ.

Зөв шударга ёс хийгээд сүнслэг байдлын өлсгөлөн заналхийлж байгаа энэ дэлхийд бид бошиглогчийг дэмжихээр зарлигдуулсан. Бид бошиглогчийн үгэнд анхаарлаа хандуулж, түүнийг дэмжин баталснаар Их Эзэний таалал, мэргэн ухаанд, мөн Түүний цаг хугацаанд даруухнаар захирагдах итгэлтэй байх болно гэдгээ илэрхийлдэг.

Бошиглогчийн үг үндэслэл муутай, яршигтай, биелүүлэхэд хэцүү юм шиг санагдсан үед ч гэсэн бид үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дэлхийн жишгээр бол, бошиглогчийг дагах нь нийтэд өргөн дэлгэрээгүй бөгөөд улс төрийн хувьд буруу, эсвэл нийгмээр хүлээн зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Гэвч бошиглогчийг дагах нь үргэлж зөв байдаг. “Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.”13 “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.”14

Бошиглогчийн удирдамжинд анхаарлаа хандуулдаг хүмүүсийг Их Эзэн хүндлэн сайшаадаг. Зарефатын бэлэвсэн эмэгтэй Елиад дуулгавартай байснаар өөрийнхөө төдийгүй, хүүгийнхээ амийг ч бас аварсан юм. Бошиглогчийн амласнаар, “Елиагаар дамжуулан ЭЗЭН айлдсанчлан” “... тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв.”15

Их Эзэн “Өөрт нь итгэдэг хүмүүсийн хэрэгцээг хангах болно.”16 Бошиглогчдын үгс бидний бодгальд маннатай адил юм. Бид үүнээс хүртсэн үед адислагдан, сэргийлэгдэж, материаллаг болон сүнслэг байдлын хувьд хамгаалагддаг. Бид тэдний үгсийг зооглосноор хэрхэн Христэд ирж, амьдрах талаар суралцдаг.

Ахлагч Брүс Р.Макконки бошиглогчдоор дамжуулан “Их Эзэн авралын үнэнүүдийг илчилдэг, … аврал нь Христ дотор байдаг; мөн тэрээр мөнх амь руу хөтөлдөг замыг тодорхойлдог ... Их Эзэн өөрийнх нь хүмүүст аюул, зовлон тохиолдсон үед тэдэнд хэрэгтэй удирдамжийг эрин зуун болгонд өгсөөр ирсэн. Мөн ирээдүйд тэнгэрээс бууж ирэн, бошиглогчдын амаар хэлэгдэх Бурханы мэргэн ухаанаас өөр юу ч түүний хүмүүсийг аварч чадахгүй байх тийм цаг үе тохиох нь лавтай юм”17 хэмээн бичжээ.

Миний хувьд, Лоорелын багшийн маань заасан бошиглогчдын үгс гэрээн дэх гэрлэлт гэж юу болох талаар надад ойлгуулсан юм. Бошиглогчдын үгс надад аз жаргалтай гэр бүлийн төлөө өөрийгөө бэлтгэж, ийм гэр бүлтэй болж чадна гэсэн итгэл найдварыг өгсөн. Эртний болон орчин үеийн бошиглогчдын сургаалуудыг байнга судалдаг байсан нь долоон хүүхдээ тээж төрүүлэн, өсгөхөд мөн тэдэнд заах хүч чадал шавхсан хэцүү бэрх он жилүүдийг даван туулахад надад тусалсан билээ. Судрууд дахь болон энэ индэр дээрээс заагддаг бошиглогчдын үгс бол бид бүгдийн хувьд тайтгарал, хайр энэрэл, хүч чадал, урам зоригийн чухал үгс юм.

Бид бошиглогчдын үгсэд анхаарлаа хандуулснаар гэр орноо болон амьдралаа “Бурханы Хүү, Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр, … чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй”18 байж, мөнхийн бат бөх суурин дээр барих болно.

Бидэнд сонголт байдаг. Бид Бурханаар томилогдсон үйлчлэгчдийн хэлсэн Түүний үгсийг ач холбогдол багатай зүйл гэж үзэн үл тоомсорлож, хөл дороо гишгэлэн, хүндэтгэлгүй хандахыг, эсвэл эсэргүүцэхийг сонгож болно. Гэвч ийнхүү үйлддэг хүмүүс Түүний гэрээт хүмүүсээс тусгаарлагдах болно гэж Аврагч заасан юм.19

Бид Христэд итгэх итгэл, үнэн хүсэлтэйгээр бошиглолын ариун үгийг залбирч уншин, судалбал Ариун Сүнс бидний оюун ухаан, зүрх сэтгэлд үнэнийг ярих болно. Бид Бурханы нууцууд бидэнд илчлэгдэхийн төлөө, сонсож болохын тулд сонороо дэлгэн, ойлгож болохын тулд зүрх сэтгэлээ нээх болно гэдэгт би найдаж байна.20

Иосеф Смит бол Есүс Христийн сайн мэдээг болон Түүний санваарыг дэлхий дээр сэргээхээр Бурханаар дуудагдсан бошиглогч байсан бөгөөд мөн гэдгийг би гэрчилж байна. Мөн биднийг Бурханы өнөө үеийн үнэн бошиглогч, ерөнхийлөгч Монсон удирдаж байгааг би гэрчилж байна. Бид итгэлээрээ нэгдэж, Христээр цэвэршигдэн, Бурханы Хүүгийн тухай мэдлэгээр дүүрэх хүртлээ бошиглогчидтой хамт зогсож, тэдний үгсийг дагаж амьдрахыг сонгох болтугай. Есүс Христийн ариун нэрээр, амен.