2010–2019
Ариун ёслол ба Цагаатгал
Аравдугаар сар 2014


Ариун ёслол ба Цагаатгал

Ариун ёслол нь бидний хувьд илүү ариун бөгөөд нандин байх ёстой.

Гетсемани болон Калвари дахь үйл явдлуудын өмнөх орой Есүс сүүлчийн удаа ёслол үйлдэхээр Өөрийн Төлөөлөгчдийг цуглуулжээ. Тэд нэгэн шавийнхаа Иерусалимд байрлах гэрийнх нь дээд давхрын өрөөнд цугларсан байсан бөгөөд тэр үед Дээгүүр Өнгөрөх баяр болж байлаа.1

Тэдний өмнө Израилийн өмнөх боолчлол болон үхлийн аврал2, ирээдүйд болох гэтэлгэлийн3 бэлэгдэл болсон тахилын хурга, дарс болон исгээгүй талхаас бүрдсэн Дээгүүр Өнгөрөх баярын уламжлалт зоог байв. Есүс хэсэг талхыг аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд4, “Май, ид.5 Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд”6 гэж айлдаад Өөрийн Төлөөлөгчдөд өгөв. Үүнтэй адилаар, Тэр аягатай дарсыг авч, адисалж, Өөрийг нь хүрээлэн байгаа хүмүүст өгч, “Энэ аяга бол Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм.7 … нүглүүдийн уучлалын тулд … урсгах гэрээний Миний цус.”8 “Намайг дурсаж үүнийг үйлд”9 гэж айлдсан байдаг.

Энэхүү энгийн бөгөөд гүн утга бүхий үйлдлээр Есүс Бурханы гэрээт хүмүүст зориулсан шинэ ёслолыг танилцуулжээ. Хэзээ нэгэн өдөр ирэх Христийн гэтэлгэгч золиослолыг горилхийлэх, цаашид цус урсган өргөл өргөх шаардлагагүй болсон юм.10Үүний оронд аль хэдийн ирсэн Христийн зовсон бие, урсгасан цусыг орлосон бэлэгдлүүдийг Түүний гэтэлгэгч золиослолыг дурсан санахад зориулан идэх болсон байна.11 Энэхүү шинэ ёслолд оролцох нь Есүсийг амлагдсан Христ хэмээн гүн хүндэтгэлтэй хүлээн авч, мөн Түүнийг болон Түүний зарлигуудыг бүхий л зүрх сэтгэлээрээ дагахыг хүсч байгаагаа бүгдэд илэрхийлж байгаа хэрэг байлаа. Ийнхүү өөрсдийгөө бүгдэд илэрхийлж, үүнийхээ дагуу амьдарсан хүмүүсийн дээгүүр сүнслэг үхэл “өнгөрөн гарах” бөгөөд тэд мөнх амьдралыг хүлээн авах нь баталгаатай болох байв.

Дараагийн хэдэн цаг болон өдрүүдэд Есүс Гетсеманид очиж, Калвари уруу хүргэгдэн, Ариматаеагийн булшийг ялгуулсаар орхисон билээ. Есүс тэднийг орхин явсны дараа Иерусалим дахь болон ойр хавийн Түүний итгэлт шавь нар долоо хоногийн эхний өдөр “талх хуваахаар”12цугласан бөгөөд тэр үеэс хойш уг ёслолыг “байнга”13 хийдэг болжээ. Мэдээж, тэд зөвхөн дээш одсон Эзэнээ дурсан санахын тулд биш, харин тэдний төлөө хийсэн Түүний гайхамшигт Гэтэлгэлд талархаж, Түүнд итгэж байгаагаа илэрхийлэхийн тулд үйлддэг байв.

Есүс үүнтэй адил Америк дахь шавь нар дээрээ айлчлахдаа тэдний дунд ариун ёслолыг танилцуулсан нь14 ихээхэн ач холбогдолтой юм. Ингэхдээ, Тэрээр: “Үүнийг та нар хийхээр … үргэлж чармайх болно”15 мөн “Энэ нь Эцэгт та нар намайг үргэлж дурсан санаж байгаагийн гэрчлэл байх болно”16 хэмээн хэлжээ. Мөн Сэргээлтийн эхэн үед Их Эзэн урьд нь шавь нартаа өгч байсны адилаар ариун ёслолыг хийх заавар өгч, танилцуулж байжээ.17

Ариун ёслолыг “Сүм дэх хамгийн ариун, нандин ёслолуудын нэг”18 гэдэг. Энэ нь хүн бүрийн хувьд улам илүү ариун нандин болох ёстой. Есүс Христ нь биднийг гэтэлгэхийн тулд юу хийснээ сануулж, мөн хэрхэн Түүний Гэтэлгэлийг хүлээн авч, тэгснээрээ Бурхантай дахин хамт амьдрахыг зааж өгөхийн тулд энэхүү ёслолыг танилцуулсан юм.

Хувааж, жижиглэсэн талхаар бид бүх төрлийн өвчин эмгэг, зовлон зүдгүүр болон уруу таталттай тэмцэж байсан19, мөн сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн зовлон шаналлын ачааг үүрч,20 бие нь шалбарч, зүрх нь шархалсан21 цовдлогдсон Есүс Христийн бие махбодыг дурсан санаж байгаагаа харуулдаг. Хэдийгээр яг тэр бие нь үхсэн ч, дахин хэзээ ч өвдөж, ялзарч, эсвэл үхэхгүйгээр булшнаас дахин амьдралд боссон гэдэгт бид итгэдэг болохоо харуулдаг.22 Мөн бид талхнаас хүртсэнээрээ Христийн мөнх бус бие махбодын адил бидний бие ч бас үхлийн хүлээсээс тайлагдаж, булшнаас ялгуусан байдлаар амилан босч, мөнхийн сүнстэйгээ эргэж нэгдэнэ гэдгээ хүлээн зөвшөөрдөг.23

Жижиг аягатай усаар бид Есүсийн асгаруулсан цус болон бүх хүн төрөлхтний төлөө тэсэж гарсан Түүний сүнслэг зовнилыг дурсан санаж байгаагаа харуулдаг юм. Гетсемани цэцэрлэгт асар их цус дуслуулахад хүргэсэн Түүний шаналлыг бид дурсан санадаг билээ.24 Түүнийг баривчилсан этгээдүүдийн гараас олсон зодуурын мөр, ташуурын шархыг бид мөн санадаг юм.25Калварид байхад нь гар, хөл, хажуу хавирганаас нь урссан Түүний цусыг бид санадаг.26 Мөн “хэр зэрэг гашууныг чи мэдэх нь үгүй, хэр зэрэг хүчтэйг чи мэдэх нь үгүй, тийм ээ, тэвчихэд хэр зэрэг хэцүүг чи мэдэх нь үгүй”27 хэмээн зовлон шаналлынхаа талаар хэлсэн Түүний үгсийг бид дурсан санадаг. Уснаас хүртсэнээрээ бид Түүний цус болон зовлон шаналал нь бидний нүглийг цагаатгасан гэдгийг мөн Түүний сайн мэдээний зарчмууд болон ёслолуудыг хүлээн авч, зөвшөөрөх үед Тэрээр бидний нүглийг өршөөнө гэдгийг хүлээн зөвшөөрдөг билээ.

Тиймээс талх болон ус нь бидэнд үхэл ба нүглээс биднийг аварсан Христийн Гэтэлгэлийг сануулдаг билээ. Эхлээд талх, дараа нь уснаас хүртэх хэмээх дараалал нь утга учиргүй зүйл биш юм. Талхнаас хүртэх нь бие болон сүнсний нэгдэл гэхээс хавьгүй чухал, бидэнд зайлшгүй тохиох амилалтыг сануулдаг. Зөвхөн амилалтын хүчээр бид бүгдээрээ Бурханы оршихуйд сэргээгдэх билээ.28 Энэ бодит нөхцөл байдал нь бидний амьдралын хамгийн гол асуултыг ил гаргаж өгдөг. Бидний өмнө тавигдаж байгаа тэрхүү хамгийн гол асуулт бол бид амилах уу, үгүй юу биш, харин нас барсныхаа дараа бид хэнтэй амьдрах вэ гэсэн асуулт юм. Хүн бүр Бурханы оршихуйд буцаж очих ч, хүн болгон Түүнтэй хамт үлдэхгүй юм.

Мөнх бус амьдралдаа бид бүгд нүгэл хийж, зөрчил гаргаснаар бохирддог.29 Бид ёс бус бодол бодож, үгс хэлж, үйлдэл хийдэг.30 Товчоор хэлбэл, бид цэвэр бус байх юм. Бурханы оршихуйд цэвэр бус байдал нь ямар үр дагавартай болохыг Есүс маш тодорхой буюу “Цэвэр бус нэгээхэн ч зүйл … түүний оршихуйд оршиж чадахгүй”31 хэмээн тайлбарласан байдаг. Энэхүү байдал нь ариун, тэнгэр элчтэй нүүр тулан уулзсаныхаа дараа, “… Бурханы дэргэд зогсохоор аваачигдахгүй байж болохын тулд … сүнс болон биеэрээ ч үл орших болж чаддаг болоосой” хэмээн хүсэх хүртлээ цэвэр бус байдлаасаа болж зовж, шаналж, тарчилсан залуу Алмаг гэрт нь буцаан авчирсан билээ.32

Бид ариун ёслолын уснаас хүртсэнээрээ хэрхэн нүгэл болон зөрчлөөсөө цэвэршигдэж, мөн тэгж чадсанаараа Бурханы оршихуйд зогсож болох талаар заалгадаг. Гэмгүй цусаа урсгаснаараа Есүс Христ бүхий л нүгэл болон зөрчлүүдийг Өөр дээрээ авч, шударга ёсны шаардлагыг хангасан билээ. Үүний дараа, хэрэв бид наманчлал хийхүйц хангалттай итгэлтэй байвал, баптисмаас эхлээд авралын бүхий л ёслолууд болон гэрээнүүдийг хүлээн зөвшөөрч, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авбал Тэрээр биднийг цэвэр болгоно хэмээн амалсан. Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар бид цэвэршигдэж ариусгагддаг. Есүс энэхүү сургаалыг маш тодорхой болгож өгсөн байдаг:

“Мөн ямар ч цэвэр бус зүйл түүний хаант улсад орж чадахгүй; … миний цусанд өөрсдийн өмсгөлийг угаасан тэднээс бусад юу ч түүний амралтад орохгүй.

“Эдүгээ уг зарлиг нь энэ болой: Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, газар дэлхийн хязгаарууд та нар бүгд.”33

Энэ бол Христийн сургаал юм.34 Энэхүү сургаалыг бид хүлээн авч, түүний дагуу амьдарч чадвал бид үнэхээр Христийн цусаар бүх толбоноос цэвэршигдэх болно.35

Ариун ёслолын залбирлаар дамжуулан бид Христийн сургаалыг хүлээн авч байгаагаа, түүнчлэн түүний дагуу амьдарна хэмээх амлалтаа илэрхийлдэг юм. Бурхан, Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирахдаа бид Түүний хайртай Хүүг “үргэлж дурсан санана” гэдгээ илэрхийлдэг. Эхлээд бид дурсан санах “хүсэлтэй” гэдгээ гэрчилдэг. Дараа нь дурсан санадаг болохоо гэрчилдэг. Ингэснээрээ бид Есүс Христ болон биднийг үхэл болоод нүглээс аварсан Түүний Гэтэлгэлд итгэх итгэлээ хөгжүүлнэ гэсэн нэн чухал, ариун амлалтыг өгдөг юм.

Цаашилбал бид “түүний зарлигуудыг дагана” гэдгээ мэдэгддэг. Өөрөөр хэлбэл энэ нь наманчилна гэсэн чухал амлалт билээ. Хэрвээ бидний бодол санаа, үгс болон үйлдлүүд маань урьд нь байснаасаа дордсон байвал бид цаашдаа өөрсдийн амьдралыг Түүнийхтэй илүү ойртуулна гэсэн ариун амлалтыг дахин өгдөг.

Дараа нь бид “өөрсөд дээрээ таны Хүүгийн нэрийг авна”36гэдгээ мэдэгддэг. Энэ нь өөрсдийгөө Түүний эрх мэдэлд оруулж, авралын бүх ёслолууд болон гэрээнүүдийг хүлээн авч, Түүний ажлыг хийнэ гэсэн ариун амлалт юм.37

Бид эдгээр зарчмыг дагана хэмээн хүлээн зөвшөөрөх үед “түүний Сүнсийг өөрсөдтэйгээ үргэлж хамт байлгана”38гэсэн амлалтыг ариун ёслолын залбирлаар дамжуулан бидэнд өгсөн байдаг. Сүнс нь биднийг нүгэл болон зөрчлөөс ангижруулан цэвэршүүлдэг хүчин зүйл учраас Сүнсийг дахин хүлээн авна гэдэг нь хамгийн дээд адислалуудын нэг билээ.39

Ах, эгч нар аа, мөнх бус болон мөнхийн амьдралын хамгийн чухал үйл явдал бол Есүс Христийн Цагаатгал билээ. Цагаатгалыг хийж чадсан Тэрээр ариун ёслолыг зөвхөн хийгдсэн гэрээгээ сануулах зорилгоор биш, харин биднийг энэхүү хамгаас дээд ач ивээлээр ирэх бүхий л адислалыг аваасай хэмээн өгсөн юм. Энэхүү ариун ёслолд тогтмол мөн чин сэтгэлээсээ оролцох нь баптисмын дараа Христийн сургаалыг үргэлжлүүлэн хүлээн авч, үүний дагуу амьдарч, тэгснээрээ ариун болох үйл явцаа үргэлжлүүлж, гүйцэлдүүлэхэд маань тусалдаг. Ариун ёслол нь бидэнд яах аргагүй эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчиж, Есүсийн адил буюу ач ивээлээр ач ивээлийг хүртсэнээр Эцэгийн бүрэн дүүрэн байдлыг хүлээн авахад туслах юм.40

Бид бүгдийг үхэл болон нүглээс гэтэлгэх Есүс Христийн хүч болон “Бурханы, бүр Эцэгийн нүүрийг үзэж мөн амьдрахад”41 биднийг бэлтгэдэг ариун ёслол болон Түүний санваарын бусад ёслолуудын хүч чадлыг би гэрчилж байна. Бид ирэх долоо хоногт, мөн түүнээс хойших долоо хоног бүр ариун ёслолыг илүү гүн хүсэл эрмэлзлээр, мөн илүү ач холбогдол өгч хүртэх болтугай хэмээн би Их Эзэн Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.