2010–2019
Та хаашаа харсан байна вэ?
Аравдугаар сар 2014


Та хаашаа харсан байна вэ?

Бурханы таалалд нийцэхээсээ өмнө бусдын таалалд нийцэхийг хичээх нь эхний болон хоёр дахь агуу зарлигийн дарааллыг сольж байгаа хэрэг юм.

Шинэ Далын гишүүн болоод хамгийн анхны үүрэгт ажлаараа ахлагч Боид К. Пакэртай хамт явж байхад, тэрээр “Та хаашаа харсан байна вэ?” гэж асуусан нь намайг тун гайхшируулсан юм. Ямар нэг нэмэлт тайлбаргүйгээр би энэ асуултын учрыг олоогүй. Тэр цааш нь, “Далын гишүүн бошиглогчийн өмнө хүмүүсийг төлөөлдөггүй, харин хүмүүсийн өмнө бошиглогчийг төлөөлдөг. Хаашаа харах ёстойгоо хэзээ ч бүү март!” гэж хэлж билээ. Энэ нь сэтгэлд гүн шингэсэн хичээл болсон юм.

Бурханы таалалд нийцэхээсээ өмнө бусдын таалалд нийцэхийг хичээх нь эхний болон хоёр дахь агуу зарлигийн дарааллыг сольж байгаа хэрэг юм (Maтай 22:37–39-ийг үзнэ үү). Энэ нь хаашаа харах ёстойгоо мартаж байгаа гэсэн үг. Гэсэн хэдий ч бид бүгд хүмүүнээс айснаас болж л энэ алдааг гаргадаг. Исаиагийн номонд Их Эзэн “Хүний зэмлэлээс бүү ай” (Исаиа 51:7; мөн 2 Нифай 8:7-г үзнэ үү) хэмээн бидэнд сануулсан. Лихайн зүүдэнд энэхүү айдас нь агуу хийгээд нүсэр барилга дотор хүмүүс хуруугаараа чичилснээс үүдэлтэй бөгөөд ингэснээр хүмүүс хаашаа харах ёстойгоо мартаж, “ичингүйрхсэн” байдалтайгаар модыг орхиход хүрсэн (1 Нифай 8:25–28-ыг үзнэ үү).

Энэ шахалт нь тухайн хүнд бусдыг гомдоох вий гэдгээс айх мэдрэмжийг бий болгох замаар хүний зан төлөвийг биш юм аа гэхэд, хандлагыг нь өөрчилдөг. Бид хуруугаараа чичилж байгаа хүмүүстэй эвтэй байхыг хүсдэг ч, энэхүү айдас нь нүглийг зөвтгөхөд биднийг уруу татах үед Сургаалт үгс номонд дурдсанчлан “занга” болж хувирдаг юм (Сургаалт үгс 29:25-ыг үзнэ үү). Энэ занга нь бидний өрөвч сэтгэлийг ашиглан, нүгэлтэй эвлэрэхэд хүргэх юм уу, тэр байтугай Бурханы буруутгасан зүйлийг ч сайшаахад хүргэхүйцээр тун зальжин тавигдсан байдаг. Итгэл султай хүмүүсийн хувьд энэ нь томоохон тээглэх чулуу болдог. Жишээлбэл, зарим номлогч энэхүү хүнээс айх айдсаасаа салалгүйгээр номлолын талбарт ирсэн байдаг. Тэд дур зоргоороо байгаа хамтрагчаа гомдоохыг хүсдэггүй учраас хамтрагчийнхаа дуулгаваргүй байдлыг номлолын ерөнхийлөгчдөө хэлж чаддаггүй. Харин эхний болон хоёр дахь агуу зарлигийн дарааллыг санах юм бол, зөв шийдвэрүүд гардаг юм (Матай 22:37–39-ийг үзнэ үү). Эдгээр будилсан номлогч хамтрагчийнхаа өмнө бус, харин Бурханы өмнө хариуцлага хүлээдэг гэдгээ ойлгосноор тэднийг зөвийг хийхэд зоригжуулах болно.

Иосеф Смит ч гэсэн 22 настай байхдаа, орчуулгын 116 хуудсыг Мартин Харрист өгөх зөвшөөрөл авах гэж Их Эзэнээс дахин дахин асууснаар хаашаа харах ёстойгоо мартсан юм. Иосеф Мартины дэмжлэгт талархаж байгаагаа харуулахыг хүссэн ч байж болох шүү дээ. Тэрээр өөрийнх нь талаар тархсан худал хуурмаг зүйлүүдийн эсрэг өөртэй нь хамт зогсох гэрчүүд байгаасай гэж туйлын их хүсэж байсныг бид мэднэ.

Иосеф ямар ч шалтгаантай байсан бай, эсвэл тэдгээр нь хэчнээн зөвтгөж болмоор байсан ч Их Эзэн тэднийг зөвтгөөгүй бөгөөд “Чи хичнээн олон удаа зөрчиж, мөн хүмүүний ятгалгад хөтлөгдсөн билээ. Учрыг болгоогтун, чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ” хэмээн хатуу ширүүн зэмлэжээ (С ба Г 3:6–7; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Энэ гашуун туршлага нь хаашаа харах ёстойгоо үүрд санаж байхад нь Иосефт тусалсан юм.

Хүн бусдын өмнө нэр нүүрээ авч гарах гэж хичээх үедээ өөрийн эрхгүй Бурханы өмнө нэр нүүрээ алдаж байдаг. Бурханы тааллыг олохын хажуугаар хүмүүний дуулгаваргүй байдлыг зөвшөөрч болно гэж боддог хүмүүс дунджийг барих биш, харин ч хоёр сэтгэл гаргах буюу хоёр нүүртэн болж буй, эсвэл “хоёр эзэнд үйлчилж” буй хэрэг юм (Матай 6:24; 3 Нифай 13:24).

Аюултай нүүр тулахад эр зориг гарцаагүй шаардлагатай байдаг ч, эр зоригийн жинхэнэ илрэл бол хүмүүнээс айх айдсыг даван туулах явдал юм. Жишээлбэл, Даниелийн залбирал арслантай нүүр тулахад түүнд тусалсан ч гэлээ, түүнийг арслангийн зүрхтэй болгосон зүйл нь гагцхүү Дариус хааныг сөрөн зогссон явдал байсан Даниел 6-г үзнэ үү). Иймэрхүү эр зориг нь Бурханаас эмээдэг, Түүнд хандан залбирдаг хүмүүст өгөгддөг Сүнсний бэлэг билээ. Eстер хатны залбирлууд түүнд өөрийн нөхөр Aхашверош хааны эсрэг зогсох эр зоригийг өгсөн бөгөөд өөрийн амьдралыг эрсдэлд оруулж байгаагаа ч тэрээр мэдэж байсан юм (Естер 4:8–16-г үзнэ үү).

Эр зориг нь хамгийн чухал зан чанаруудын нэг төдий бус, харин C.С.Льюисийн хэлснээр: “Эр зориг нь … бүх чухал чанарууд соригдон шалгагдах үед харагддаг… Пилат ард олны уур хилэн дэгдэж, аюултай нөхцөл байдал үүсэх хүртэл нигүүлсэнгүй байсан.”1 Захирагч Херод Иохан Баптистын толгойг авах хүсэлтийг сонсоод харууссан ч “ирсэн зочдын” (Матай 14:9) таалалд нийцүүлэхийг хүссэн. Мөн хаан Ноа Абинадайг суллахад бэлэн байсан ч, ёс бус санваартнуудын шахалт түүнийг тээнэгэлзэхэд хүргэсэн юм (Мозая 17:11–12)-ыг үзнэ үү). Саул хаан “ард олноос айж, тэдний үгийг дагасан” (1 Самуел 15:24) учраас Их Эзэний үгийг зөрчин, дайны олзноос авч үлдсэн байдаг. Aaрон дуулгаваргүй израильчуудыг тайвшруулах гэж Синай уулын бэлд алтан тугал бүтээснээр хаашаа харах ёстойгоо мартсан юм (Египетээс гарсан нь 32-ыг үзнэ үү). Шинэ Гэрээний захирагчдаас олон хүн “[Их Эзэнд] итгэсэн билээ. Гэвч тэд фарисайчуудаас болж Түүнийг илээр хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд синагогоос хөөгдөх вий гэсэндээ тэгжээ. Учир нь тэд хүний алдрыг Бурхны алдраас илүү таалсан юм” (Иохан 12:42–43). Судрууд ийм жишээнүүдээр дүүрэн байдаг.

Одоо урам өгөхүйц хэдэн жишээг сонс доо:

  • Эхлээд Мормон “Болгоогтун, би Бурханы эрх мэдэлтэй учир зоригтойгоор ярьж байна; мөн би хүмүүний юу хийж чадахаас үл айна; учир нь төгс хайр бүх айдсыг зайлуулдаг” гэж хэлсэн (Моронай 8:16;; онцлон бичилт нэмэгдсэн).

  • Нифай: “Иймийн тул, би дэлхийд таалагдах зүйлүүдийг бус, харин Бурханы таалалд мөн дэлхийд үл харьяалагдах тэдний таалалд нийцэх зүйлүүдийг бичиглэх болой” хэмээн хэлсэн (1 Нифай 6:5).

  • Ахмад Моронай: “Болгоогтун, би бол Моронай, та нараар тохоогдсон ерөнхий ахмад. Би удирдан захирах хүчийг бус, харин үүнийг устган зайлуулахыг эрэлхийлнэ. Би дэлхийн нэр төрийг эрэлхийлдэггүй, харин Бурханыхаа алдар сууг мөн улс орныхоо эрх чөлөө мөн аз жаргалыг болой” гэжээ (Алма 60:36).

Моронай хаашаа харах ёстойгоо санахдаа үнэхээр агуу зоригтой байсан бөгөөд сударт түүний тухай “Хэрэв бүх хүмүүн Моронайн адил байсан мөн байдаг, мөн байх аваас, болгоогтун, тамын чухамхүү хүчин чадал үүрд сэгсрэгдэн сулруулагдах сан; тийм ээ, хүмүүний үрсийн зүрх сэтгэлийг давах хүч чөтгөрт хэзээ ч байхгүй байх сан” (Алма 48:17) хэмээн бичсэн байдаг.

Хүмүүс үе үеийн бошиглогчид руу хуруугаараа чичлэн, доромжилсоор ирсэн. Яагаад тэр вэ? Судруудаас үзэхэд, “… гэмтнүүдэд, энэ нь тэдний зүрхийг зүсэх учир үнэн хатуу санагдах бөлгөө” (1 Нифай 16:2) мөн өөрөөр хэлбэл ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн хэлснээр “Оногдсон шувуу далавчаа дэрвэлзүүлдэг!”2 гэдэгт шалтгаан нь оршиж байна. Тэдний хариу үйлдэл гэм буруутайг нь бодит байдал дээр батлан харуулдаг. Корихор ч мөн үүнтэй адил “би Бурхан байдгийг ямагт мэддэг байсан” (Алма 30:52) хэмээн эцэст нь үнэнээ хүлээсэн юм. Корихор бусдыг худал үгэнд ятгахдаа үнэхээр үнэмшилтэй байсан бөгөөд тэрээр өөрөө ч үүндээ итгэсэн байжээ (Алма 30:53-ыг үзнэ үү).

Доромжлогч хүмүүс ихэвчлэн бошиглогчдыг 21-р зуунаас хоцрогдсон, эсвэл хэт хүлээцгүй ханддаг хэмээн буруутгадаг. Тэд өөрсдийнхөө зүй бус зан авиртай нийцүүлэх гэж Сүмийг Бурханы жишгүүдийг бууруулахад ятгаж, тэр ч байтугай дарамт үзүүлдэг ба ахлагч Нийл А.Максвэллийн хэлснээр энэ байдал нь “хувийн өсөлт хөгжил болон наманчлалын оронд өөртөө сэтгэл хангалуун байхад хүргэх”3 болно. Нийгмийн зохисгүй зан авиртай нийцүүлэхийн тулд Их Эзэний жишгүүдийг бууруулах нь урвалт юм. Аврагчийн айлчлалаас хойш хоёр зуун жилийн дараа, нифайчуудын дунд байсан олон сүм сургаалыг ахлагч Холландын хэлсэнчлэн “амархан болгож” эхэлсэн билээ.4

4-р Нифайн дараах шүлгийг сонсохдоо өнөө үетэй тохирч байгаа зүйлийг нь хайгаарай: “Мөнхүү улиран тохиох дор хоёр зуун арван жил улирч одсон үед уг нутагт олон сүм байв; тийм ээ, Христийг мэднэ хэмээн тунхагладаг авч түүний сайн мэдээний ихээхэн хэсгийг үгүйсгэж, үүний хэрээр тэд бүх төрлийн ёс бусын үйлийг хүлээж авч, мөн зохисгүй байдлынх нь улмаас түүнийг хүртэх нь хориглогдсон нэгэнд, ариун нандин болох түүнийг хүртээж байсан олон сүм байлаа” (4 Нифай 1:27).

Энэ нь хожмын үед давтагдаж байна! Зарим гишүүн сайн мэдээний соёлтой үл нийцэх орон нутгийн эсвэл үндэстний “эцгүүдийнх нь уламжлал[уудыг]” (С ба Г 93:39) нийтэд ятгах үедээ энэ занганд ордог гэдгээ ойлгодоггүй. Өөрсдийгөө хуурч, буруугаа олж хардаггүй зарим нэг нь ариун сүмийн эрхийн бичиг, сургуулийн тодорхойлолт, эсвэл номлогчийн өргөдлийн маягтын жишгүүдийг бууруулахыг бишопуудаасаа гуйх юм уу, шаарддаг. Бишоп иймэрхүү дарамтан дор байна гэдэг амаргүй. Хэдий тийм ч, ариун нандин чанарыг нь хамгаалахын тулд Аврагч ариун сүмийг цэвэрлэсэнтэй адил (Иохан 2:15–16) бишопууд өнөөдөр ариун сүмийн жишгүүдийг зоригтой хамгаалахаар дуудагдсан юм. Аврагч “өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно, … хэрэв миний хүмүүс зарлигуудыг минь сахьж, мөн энэ ариун өргөөг бохирлохгүй байх аваас” (С ба Г 110:7–8) хэмээн хэлсэн байдаг.

Бидний агуу үлгэр дуурайл болсон Аврагч маань үргэлж Эцэг рүүгээ хардаг байсан. Тэрээр бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилдэг байсан боловч “Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй” (Иохан 5:41) гэдэг байсан. Тэрээр зааж байсан хүмүүсээсээ Өөрийг нь дагахыг хүсдэг байсан ч тэдний тааллыг хэзээ ч эрэлхийлж байгаагүй. Тэрээр өвчтөнийг эдгээх гэх мэт энэрлийн үйлдэл хийх үедээ ихэвчлэн “хэнд ч хэлж болохгүй” ((Матай 8:4; Марк 7:36; Лук 5:14; 8:56) хэмээн хүсдэг байв. Тэр зайлсхийхийг хичээдэг байсан ч Өөрийг нь дагаж байсан алдар нэрээс хол байхын тулд үүнийг хийдэг байсан юм (Матай 4:24-ийг үзнэ үү). Тэрээр хүмүүст харагдахын тулд сайн үйлс хийдэг фарисайчуудыг буруушаасан билээ (Матай 6:5-ыг үзнэ үү).

Төгс амьдралаар амьдарсан цорын ганц хүн болох Аврагч хамгийн зоригтой нь байсан юм. Тэрээр амьдралдаа олон чичлэн доромжлогчтой учирч байсан боловч тэдний чичлэхээс хэзээ ч айж байгаагүй. Тэр “Би үргэлж [Эцэгт] тааламжтай зүйлсийг үйлддэг” (Иохан 8:29), мөн “Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг” (Иохан 5:30) гэж хэлсэн бөгөөд Өөрийнхөө хаашаа харах ёстойг хэзээ ч мартаагүй цорын ганц хүн юм.

3 Нифай 11 болон 3 Нифай 28-р бүлэгт Эцэг гэдэг үгийг Аврагч наад зах нь 150 удаа хэрэглэсэн бөгөөд Тэрээр Эцэгийгээ төлөөлөн үйлдэж байсан гэдгээ нифайчуудад тодорхой ойлгуулсан байна. Иохан 14–17-р бүлэгт Эцэг гэдэг үгийг Аврагч хамгийн багадаа 50 удаа хэрэглэжээ. Тэр бүх талаараа Эцэгийнхээ төгс дагалдагч байсан юм. Тэрээр Эцэгийгээ төгс төлөөлсөн бөгөөд Аврагчийг таних нь Эцэгийг танихтай адил байв. Хүүг харах нь Эцэгийг харахтай адил (Иохан 14:9-ийг үзнэ үү), Хүүг сонсох нь Эцэгийг сонсохтой адил байв (Иохан 5:36-г үзнэ үү). Чухамдаа Тэр Эцэгээсээ ялгагдахааргүй болсон юм. Түүний Эцэг, Тэр хоёр нэг байсан (Иохан 17:21–22-ыг үзнэ үү). Тэр хаашаа харах ёстойгоо төгс мэддэг байсан.

Түүний урам зориг өгсөн үлгэр жишээ биднийг гаднаас ирэх зусардалт эсвэл дотроос ирэх онгироо бардам зангийн эсрэг хүчирхэгжүүлэх болтугай. Энэ нь бидэнд айлган сүрдүүлэлтийн өмнө айхгүй мөн урвахгүй байх эр зоригийг өгөх болтугай. Энэ нь бид бүхнийг аль болох бусдад мэдэгдэхгүйгээр сайныг үйлдэж, “хүмүүсээс хүндэтгэл хүлээхийг эрмэлздэг” (С ба Г 121:35) бус байхад урамшуулж нөлөөлөх болтугай. Түүний зүйрлэшгүй үлгэр жишээ нь “агуу нь бөгөөд хамгийн агуу тушаал” (Maтай 22:38) аль нь болохыг санахад бидэнд туслах болтугай. Бусад хүн Бурханы зарлигуудыг эсэргүүцэхдээ бидний магтаал сайшаалыг шаардах үед бид хэний дагалдагч гэдгээ, хаашаа харах ёстойгоо үргэлж санах болтугай гэж би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Эшлэлүүд

  1. C. S. Lewis, The Screwtape Letters, rev. ed. (1982), 137–38.

  2. Harold B. Lee, in Mine Errand from the Lord: Selections from the Sermons and Writings of Boyd K. Packer (2008), 356.

  3. Нийл А.Максвэлл, “Наманчлал,” Ensign, 1991 оны 11-р сар, 32

  4. Жэффри Р.Холланд, “Христтэй адил байх дуудлага,” Ensign,, 2014 оны 6-р сар, 33; Liahona, 2014 оны 6-р сар, 35.