2010–2019
Ном
Аравдугаар сар 2014


Ном

Би 12 настай балчир скаут байхдаа, скаут хүний хувьд маш үнэ цэнэтэй нэгэн бэлэг авч билээ. Энэ нь зузаан арьсан хуйтай жижиг сүх байв. Дараахан нь нэг өдрийн явган аялалд бид хоноглох газартаа харанхуй болсон хойно ирцгээлээ. Цас их орсон байсан учир бүгд норж, даарцгаасан байв. Толгойд минь том түүдэг гал асаая гэсэн ганц л зүйл бодогдож байлаа. Би унанги моддоос тэр даруй шинэхэн сүхээрээ цавчиж эхлэв. Шинэ сүхээр хурдан цавччихна гэж бодож байтал модод тийм ч амархан хугарахгүй байсан тул би бухимдсандаа илүү хүчтэй цавчиж эхэлсэн юм. Гэтэл эцэст нь миний урам хугарч, би хуарандаа хэдхэн мөчир л авчрав. Өөр хэн нэгний асаасан галын гэрэлд би асуудлынхаа шалтгааныг олж харж билээ. Би сүхнийхээ хуйг авахаа мартсан байжээ. Хуйны маань хэрчигдэж, хэрэглэхийн аргагүй болсон байв. Би бусад чухал зүйлийг огт анзааралгүй орхисон нь миний сурсан хичээл байсан юм.

Бид өргөмжлөлийг хүртэхээр урагшлахдаа бидний авралд шаардлагатай бүх зүйл дээр ажиллах хэрэгтэй байдаг бөгөөд чухал гэж боддог ганц нэг зүйл дээр хэт төвлөрөөд, бусдыг нь анхааралгүй орхиж болохгүй юм. Бурханы хаант улсыг эрэлхийлэх нь аз жаргал, баяр хөөр тийш хөтөлдөг.1 Хэрвээ шаардлагатай бол бид өөрчлөгдөх хүсэлтэй байх хэрэгтэй. Үе үе багахан өөрчлөлт хийх нь том эргэлт хийхээс илүү амар бөгөөд учрах шаналал нь ч бага байдаг.

Пакэр эгч бид хоёр саяхан гадаадын хэд хэдэн улсад зорчсон юм. Бид гадаад паспорт ба бусад шаардлагатай бичиг баримтаа бэлдэж; вакцин хийлгэх, эмчийн үзлэгт орох, виз авч, тамга даруулах зэрэг бүх л бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн. Очих газартаа хүрэхэд, бичиг баримтыг маань шалгаад, бүх шаардлага хангагдсан байсан тул биднийг оруулсан юм.

Өргөмжлөлд бэлтгэх нь өөр нэгэн улс руу орохтой тун төстэй. Бид бүгд өөр өөрсдийн сүнслэг паспортыг авах ёстой. Тавигдах шаардлагуудыг бид өөрсдөө гаргаж ирдэггүй, харин уг шаардлагуудыг дор бүрнээ хангах үүрэгтэй байдаг. Авралын төлөвлөгөөнд бүх хүнд өргөмжлөлд хүрэхэд шаардлагатай бүхий л сургаал, хууль, тушаал, ёслолууд байдаг.2 Тиймээс, “[Есүс] Христийн Цагаатгалаар дамжин бүх хүн төрөлхтөн аврагдана.”3 Сүм бидэнд тусалдаг боловч бидний өмнөөс эдгээрийг гүйцэтгэж чадахгүй юм. Өргөмжлөл хүртэхүйц зохистой болох нь бидний амьдралын зорилго билээ.

Христ бидэнд туслахын тулд Сүмээ байгуулсан. Тэрээр Сүмийг удирдаж, хүмүүст зааж зөвлөх 15 хүнийг бошиглогч, үзмэрч, илчлэгчээр дуудсан бөгөөд бид тэднийг дэмждэг. Тэргүүн Зөвлөл4, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга5 хоёр нь эрх мэдлээрээ тэнцүү байдаг6 бөгөөд ахмад төлөөлөгч нь Сүмийн ерөнхийлөгчөөр томилогддог. Тэдэнд туслуулахаар Далын гишүүдийг мөн дууддаг билээ.7 Эдгээр удирдагч өргөмжлөлд хүрэх шаардлагуудыг тогтоогоогүй, харин Бурхан үүнийг тогтоосон! Эдгээр удирдагч биднийг замаасаа хазайхгүй байж болохын тулд бидэнд зааж, ухуулж, мөн анхааруулахын тулд дуудагддаг юм.8

Сүмийн гарын авлагад тайлбарлахдаа: “Сүм хувь хүмүүс болон гэр бүлүүдийг өргөмжлөлд тэнцэхүйц болоход нь туслах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тэнгэрлэгээр өгөгдсөн үүрэг хариуцлага дээрээ анхаарал төвлөрүүлдэг. Есүс Христийн сайн мэдээгээр амьдрахад гишүүдэд туслах, номлолын ажлаар дамжуулан Израилийг цуглуулах, ядуусыг болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, ариун сүмүүд барьж, төлөөлөх ёслолуудаар дамжуулан нас барагсдын авралыг боломжтой болгох зэрэг нь эдгээр үүрэг хариуцлагад ордог”9 гэжээ. Эдгээр дөрвөн үүрэг болон бусад бүх хууль, тушаал, ёслол бүгд шаардлагатай зүйлс бөгөөд аль нэгийг сонгоод, нөгөөг нь орхих зүйл биш юм. Есүс Христийн Цагаатгалаар болон эдгээр зүйлийг нэг бүрчлэн хийснээр бид сүнслэг паспорт дээрээ шаардлагатай тамгаа даруулж буй хэрэг билээ.

Бид энэ чуулганы туршид илүү сайн бэлтгэлтэй болоход маань бид бүгдэд туслах өөрчлөлтүүдээс суралцаж байна.

Гэр бүл бол авралын төлөвлөгөөний гол цөм бөгөөд түүнийг “аз жаргалын агуу төлөвлөгөө”10 гэж өөрөөр нэрлэдэг нь ч үүнтэй холбоотой болов уу. Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Сүмийн бүх үйл ажиллагааны үндсэн зорилго бол хүн эхнэр, хүүхдүүдтэйгээ гэртээ аз жаргалтай байх явдал юм”11 гэж хэлсэн.

Харин ерөнхийлөгч Спэнсэр Кимбалл “Сүмийн болон хувь хүний амжилт аль аль нь бид гэр орондоо сургаалаар амьдрахын тулд хэр хичээж байгаагаас ихээхэн хамаардаг”12 гэж хэлжээ.Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил нь гэртээ сургаалыг дагаж амьдрахын нэгээхэн хэсэг юм. Энэ ажил нь Сүмийн үйл ажиллагаанаас илүүтэй, гэр бүлийн үйл ажиллагаа байх ёстой.

Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын Чуулгаас гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажилд өмнөхөөсөө илүү их ач холбогдол өгч байгаа билээ.13 Үүнийг та өөртөө тусган авч үйлдсэнээр таны болон гэр бүлийн тань аз жаргал улам бүр нэмэгдэх болно.

Сургаал ба Гэрээн дээрээс бид “Их Эзэний агуу өдөр ойрхон байна. … Тиймийн тул, бид сүм болон хүмүүсийн хувьд, мөн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөцгөөе. Түүний ариун [сүмд] хүлээн зөвшөөрөх бүх зүйлээс зохистой нь болох бидний нас барагсдын цэдгүүдийг агуулагч номыг тэнд байлгацгаая”14 гэсэн судрыг уншдаг.

Энэ “номыг” бид Сүмийн FamilyTree (Гэр бүлийн мод) мэдээллийн сан дахь нэр болон ёслолуудын бүртгэлүүдийг ашиглан бэлтгэж болно.

Хайртай бүх хүний маань нэр энэхүү номонд бичигдсэн байхын тулд би дээрх мэдээллийн санг шалгаж, нэрсүүдийг бүртгэлд оруулдаг. Та ч бас үүнийг хүсэхгүй гэж үү?

Сургаал ба Гэрээний 128-р хэсгээс бид: “Учир нь бид [өөрсдийн өвөг дээдэсгүйгээр] төгс болгогдож чадах нь үгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй”15 хэмээн уншдаг билээ.

Гэр бүлийн түүхийн ажил бол зөвхөн угийн бичиг, бүртгэл хийх дүрэм болон нэрс, огноо, газар орнуудын цуглуулгын ажил төдий зүйл биш юм. Энэ нь өнгөрсөн рүү төвлөрөн харахаас ч илүү чухал ажил юм. Гэр бүлийн түүхэнд бидний өнөөдрийн бүтээж буй өөрсдийн маань түүх ордог. Үүнд бидний үр хойчоороо дамжуулан бүтээх ирээдүй ч бас орно. Тухайлбал, гэр бүлийнхээ зураг, түүхүүдийг хүүхдүүдтэйгээ хуваалцаж буй залуу ээж ч мөн гэр бүлийн түүхийн ажлаа хийж байгаа хэрэг юм.

Бид цуглаанд оролцож, ариун ёслолоос хүртдэг шигээ, мөн судраас уншиж, хувийн залбирлаа хийдэг шиг гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажил нь бидний хувийн шүтлэгийн тогтмол хийдэг зүйлсийн нэг байх ёстой. Бошиглолын урианы дагуу манай өсвөр үеийнхний болон бусад гишүүний гаргасан хичээл зүтгэл бахадмаар байгаа бөгөөд энэ нь энэхүү ажлыг аль ч насны бүх хүн хийж чадна мөн хийх ч ёстой гэдгийг батлан харуулж байна.

Ахлагч Квинтин Л.Күкийн тайлбарласнаар, одоо бидэнд сургаал, ариун сүм, мөн технологи аль аль нь байна.16 Энэ ажлыг хийхэд маш хялбар болсон ба одоо энэ ажил нь уг ажлыг чухалчлан үзэх гишүүдийн тооноос л гагцхүү хамаарч байна. Хэдийгээр энэ ажлыг хийхэд цаг хугацаа, золиослол шаардлагатай ч, хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй хялбар бөгөөд бүгд хийх боломжтой болсон билээ.

Гишүүддээ туслахын тулд Сүм бүртгэлүүдийг нэгтгэн цуглуулж, ашиглах программуудаар нь хангаснаар ихэнх ажлыг гэртээ, сүмийн байранд, мөн ариун сүмд хийх боломжтой болсон юм. Хэцүү хүнд бэрхшээлүүд ард хоцорчээ. Энэ ажлын талаарх таны ойлголт өмнө нь ямар ч байсан бай одоо огт өөр болсон!

Хэдий тийм ч, Сүмийн хийж чадахгүй нэг л зүйл байна. Энэ бол энэ ажилд хандах хувь хүний хойрго байдал юм. Уг нь бол бид шийдвэрээ гаргаад, жаахан зүтгэхэд л болох юм. Үүнд нэгмөсөн урт хугацаа зарцуулах шаардлагагүй. Багахан хугацааг тогтмол зориулснаар бид энэ ажлын үр жимс, баяр баяслыг мэдрэх болно. Үүнийг эхлэх анхны алхмаа хий, суралц, мөн бусдаас тусламж хүс. Тэд туслах болно! Олж, ариун сүмд аваачих нэрс тань “номонд”17 бүртгэгдэх болно.

Хэдийгээр гишүүдийн оролцоо өмнөхөөс ихээхэн нэмэгдсэн ч, Сүмийн гишүүдээс харьцангуй цөөхөн нь л гэр бүлийнхнийхээ нэрсийг олж, ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэж байна.18Энэ нь чухалчилдаг зүйлсүүдээ өөрчлөхийг биднээс шаардаж байна. Өөрчлөлтийг бүү эсэргүүц, харин үүнийг хүлээн ав! Өөрчлөлт бол аз жаргалын агуу төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Энэ ажлыг гүйцэтгэх шаардлагатай бөгөөд бид үүнийг Сүмийн төлөө биш, харин нас барагсдынхаа төлөө, мөн өөрсдийнхөө төлөө хийх хэрэгтэй билээ. Бид болон бидний нас барсан өвөг дээдэс сүнслэг паспорт дээрээ тамга даруулах шаардлагатай байна.

Бидний гэр бүлийн үе үеийнхнийг дамжуулан холбох “гагнагч холбоо”19 нь зөвхөн ариун сүмд хийгдэх холболтын ёслолуудаар дамжин гүйцэтгэгддэг. Үүнийг хийх алхмууд нь маш энгийн буюу ердөө л нэрсүүдийг олж, ариун сүмд аваачих явдал юм. Яваандаа та нар бусдад үүнийг хийхэд нь тусалдаг болно.

Бидний ихэнх нь үүнийг хийж чадна!

Энэ ажлыг хийснээр бидний амьдралд мэдэгдэхүйц адислалууд ирэх болно. Олон эцэг эх өнөөгийн дэлхийн нөхцөл байдал ба түүний нөлөөлөл гэр бүл, үр хүүхдүүдэд нь хэрхэн тусаж буйд санаа зовнидог билээ.

Ахлагч Дэвид А.Бэднар “Би Сүмийн залуу үеийнхнийг Елиагийн Сүнсийг ойлгон суралцаж мөн мэдрээсэй хэмээн уриалж байна… Та нар дайсны хүчирхэгжиж буй нөлөөллөөс хамгаалагдах болно гэдгийг мөн амлаж байна. Та нар энэхүү ариун ажилд оролцож, үүнийг дуртайяа хийдэг болцгоовол өсвөр насандаа болон амьдралынхаа туршид хамгаалагдах болно”20 хэмээн амласан.

Ах, эгч нар аа, бид сүхээ хуйнаас нь гаргаж, ажилдаа ханцуй шамлан орох цаг болжээ. Бид өөрсдийн болоод гэр бүлийнхнийхээ өргөмжлөлийг чухал бус сонирхлуудаараа солин, золиосолж болохгүй билээ.

Бурханы энэхүү ажлыг хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, нас хүйс харгалзахгүйгээр гишүүд, гишүүн бус хүмүүс бүгд хийх ёстой.

Би үгээ сүмийн дууллын англи номны 324-р дууны нэгдүгээр бадгийг нэг үгийг нь өөрчлөн хуваалцаж дуусгая:

“Бурханы [Гэгээнтнүүд]-ээ босоцгоо!

Хэрэггүй зүйлсээ орхицгоо.

Зүрх сэтгэл, оюун, чадлаараа

Хаадын Хаанд үйлчилцгээ.21

Есүс Христ бол Хаан юм! Би Түүний талаар Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.