2010–2019
Бид дахин уулзах хүртэл
Аравдугаар сар 2014


Бид дахин уулзах хүртэл

Бид бүгдээрээ сонссон үнэн зүйлсийнхээ талаар тунгаан бодож, тэдгээр нь биднийг энэхүү чуулганы өмнө байснаас илүү зүрх зоригтой Их Эзэний шавь нар болоход маань туслаасай хэмээн би залбирч байна.

Ах, эгч нар аа, бид Сүнсээр өдөөгдсөн захиасуудыг сонсож, хоёр гайхалтай сайхан өдрийг өнгөрөөлөө. Чуулганы хуралдааны үеэр мэдрэгдсэн Сүнс нь бидний зүрх сэтгэлд хүрч, итгэлийг маань хүчирхэгжүүллээ. Чуулганы төгсгөлд бид Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн олон сайхан адислалд талархаж байна.

Хуралдааны үеэр сэтгэл сэргээж, урам зориг хайрласан уянгалаг сайхан дуу хөгжим сонссондоо талархаж байна. Мөн Бурханд хандан өргөсөн залбирлууд нь биднийг тэнгэрт илүү их ойртууллаа.

Энэ чуулганы үеэр дуудлагат ажлаасаа чөлөөлөгдсөн ах нартаа Сүмийн гишүүд та бүхний өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлэхийг минь зөвшөөрнө үү. Бид бүгд тэднийг санах болно. Бурханы ажилд оруулсан тэдний хувь нэмэр хэмжээлшгүй их бөгөөд хойч үеийнхэнд сайнаар нөлөөлөх юм.

Бид гэртээ харихдаа урьд нь байснаасаа бага ч болов сайжрах хүслийг сэтгэл зүрхэндээ тээж очоосой. Бид илүү өгөөмөр сайхан сэтгэлтэй, илүү анхаарал халамжтай байгаасай. Бид зөвхөн Сүмийн гишүүддээ биш, өөр бусад шашин шүтлэгтэй хүмүүст ч гэсэн тусламжийн гараа сунгах болтугай. Тэдэнтэй нөхөрлөхдөө тэднийг хэрхэн хүндэтгэдэг болохоо харуулаарай.

Бидний дунд өдөр бүр сорилт бэрхшээлтэй тулгардаг хүмүүс байгаа. Бүгдээрээ тэдэнд анхаарал халамж тавьж, тусламжийн гараа сунгацгаая. Бид нэг нэгнийхээ төлөө анхаарал халамж тавьснаар адислагдах болно.

Бүгдээрээ өндөр настай болон гэрээсээ гарах чадваргүй хүмүүстээ санаа тавьцгаая. Тэднийг эргэж тойрон, очих болгондоо тэднийг хайрладаг гэдгийг, мөн тэд үнэ цэнэтэй хүмүүс гэдгийг нь мэдрүүлцгээе. “Сул доройчуудад тусал, доош унжсан гарнуудыг өргөгтүн, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун”1 гэсэн уриалгыг бид санаж байх болтугай.

Бид ямар ч үед, ямар ч нөхцөлд бай үргэлж үнэнч шударга байж, зөв зүйлсийг хийдэг хүмүүс байгаасай. Бид Христийн үнэнч дагалдагчид, зөв шударга байдлын үлгэр жишээ байснаараа “гэрэл мэт үзэгдэ[х]”2 болтугай.

Ах, эгч нар аа, миний төлөө өргөсөн залбиралд тань баярлалаа. Бурханы хүслийг биелүүлэхийн тулд өөрийн бүх зүрх сэтгэл, хүч чадлыг зориулахад, мөн Түүнд болон та бүхэнд үйлчлэхэд та нарын залбирал надад хүч, дэм өгч байдаг билээ.

Чуулганаа өндөрлөх үед би хүн бүрийн дээр тэнгэрийн адислалыг урин дуудаж байна. Гэр орноосоо хол байгаа хүмүүс гэртээ эсэн мэнд хүрч, гэрийн тань бүх зүйл таны орхисон хэвээр байх болтугай. Бид бүгдээрээ сонссон үнэн зүйлсийнхээ талаар тунгаан бодож, тэдгээр нь биднийг энэхүү чуулганы өмнө байснаас илүү зүрх зоригтой Их Эзэний шавь нар болоход маань туслаасай хэмээн би залбирч байна.

Зургаан сарын дараа дахин уулзтал Их Эзэн таныг болон бид бүхнийг адислаасай хэмээн би бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.