2010–2019
Завиндаа үлдэж, чанга зууран барь!
Аравдугаар сар 2014


Завиндаа үлдэж, чанга зууран барь!

Хэрэв бид Их Эзэнд анхаарлаа төвлөрүүлбэл, бидэнд хэмжээлшгүй их адислал амласан байдаг.

Саяхан манай найз Юта мужийн урд зүгт орших Колорадо голоос Катаракт хавцал руу хүүтэйгээ аялсан юм. Уг хавцал 23 км урттай бөгөөд ширүүн голын аюултай байж болох боргиогоороо алдартай.

Тэд адал явдалт аялалдаа бэлтгэж, Үндэсний дархан цаазат газрын үйлчилгээний вэбсайт дахь түгээмэл тохиолддог, нууцлаг аюул ослын талаар болон хувийн бэлэн байдлыг хэрхэн хангах талаар анхааралтай судалсан юм.

Аяллын эхэнд голын туршлагатай нэгэн хөтөч аюулгүй байдлын чухал заавруудыг тайлбарлахдаа голын боргио дундуур аюулгүй аялахад анхаарах гурван чухал дүрмийг онцгойлон хэлж өгсөн юм. “Нэгдүгээр дүрэм: Завиндаа үлдэх! Хоёрдугаар дүрэм: Аврах хантаазыг үргэлж өмсөх! Гуравдугаар дүрэм: Хоёр гараараа чанга зууран барих!” Мөн тэрээр “Хамгийн чухал нь нэгдүгээр дүрэм буюу завиндаа үлдэх гэдгийг санаарай” гэж дахин онцлон хэлэв.

Тэдний адал явдал надад мөнх бус аяллыг санагдуулдаг. Бидний ихэнх нь амьдралд тохиолдох тогтмол устай үеийг талархан өнгөрөөдөг. Гэхдээ зарим үед бидний амьдралд бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гарах, хайртай хүнээ алдах, мөрөөдөл, итгэл найдвар маань замхран одох, тэр байтугай зарим маань амьдралын асуудал, асуулт, эргэлзээ дунд итгэлээ алдах гэх мэт Катаракт хавцал руу 23 км үргэлжилсэн голын боргиотой зүйрлэмээр асуудлууд тохиолдох нь бий.

Их Эзэн амьдралын гол уруудан, зорьсон газраа хүрэхэд маань туслуулахын тулд завь, аврах хантааз мэтийн зайлшгүй хэрэгтэй зүйлсийг болон удирдамж, аюулгүй байдлын зааварчилгаа зэргийг нинжин сэтгэлээр өгдөг туршлагатай голын хөтчийг бидэнд өгсөн юм.

“Завиндаа үлд!” хэмээх нэгдүгээр дүрмийн талаар бодож үзье.

Ерөнхийлөгч Бригам Янг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтүүдийн Сүмийг “Сионы хуучин завь” хэмээн зүйрлэсэн байдаг.

Тэрээр нэгэн удаа: “Бид далайн гол хэсэгт байна. Завь маань далайн шуургыг хүчтэй сөрөн зогсож байна хэмээн усан цэргүүдэд хэлжээ. Тэгэхэд нэгэн усан цэрэг ‘Би энд үлдэхгүй’ гэхэд, нөгөө нь ‘Би үүнийг “Сионы завь” гэдэгт итгэхгүй байна гэжээ.’ ‘Гэхдээ бид далайн гол хэсэгт байна шүү дээ’ гэж хэлэхэд нөгөөх нь ‘Тэр надад хамаагүй. Би энд үлдэхгүй’ хэмээн хүрмээ тайлаад, завинаас үсэрчээ. Тэрээр живэхгүй байх болов уу? Үгүй ээ, тэр живнэ. Тэр энэхүү Сүмийг орхин явж буй хүмүүсийн хамт живнэ. Энэ бол ‘Сионы хуучин завь’ бөгөөд үүн дээрээ үлдэцгээе”1 гэж хэлсэн байдаг.

Өөр нэгэн удаа ерөнхийлөгч Янг, амьдрал нь сайхан болж, адислал хүлээн аваад, замаасаа хазайдаг хүмүүсийн төлөө санаа зовдог тухайгаа хэлэхдээ: “Цаг агаар тайван байж, Сионы хуучин онгоц тогтуун салхинд аялан, хөлгийн тавцан дээр бүх зүйл нам жим байхад зарим ах далайд сэлэхийн тулд халим агнах усан онгоцоор явдаг бөгөөд тэдний зарим нь живж, урсгал даган хөвж одоход үлдсэн хэсэг нь завиндаа буцаж ирдэг юм. Бүгдээрээ хуучин завин дээрээ үлдэцгээе. Энэ завь биднийг усан онгоцны зогсоол руу аюулгүй хүргэх учраас та санаа зовох хэрэггүй”2 гэжээ.

Төгсгөлд нь ерөнхийлөгч Янг: “Бид Сионы хуучин завин дээр байна… [Бурхан] жолоог нь залж байгаа бөгөөд бид энд байна… Бүгд сайхан байна. Бурханаа алдаршуулъя. Бурхан бидэнтэй хамт байгаа бөгөөд Тэр тушааж, чиглүүлж, удирддаг. Хэрэв хүмүүс Бурханд бүрэн итгэл хүлээлгэж, гэрээнүүдээ үл зөрчин, Бурханаа мартахгүй л бол Тэрээр биднийг зөв зүг рүү удирдах болно”3гэж гэгээнтнүүддээ сануулжээ.

Өнөөдөр бид тулгарч буй сорилтуудаа даван, хэрхэн Сионы хуучин завин дээр үлдэх вэ?

Хариулт нь энд байна! Бид Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж, Түүний сайн мэдээнд амьдралынхаа туршид итгэлтэй байснаар байнгын хөрвөлтийг мэдрэх хэрэгтэй бөгөөд үүнийг зөвхөн нэг удаа хийх биш, тогтмол хийх хэрэгтэй. Алма “Мөн эдүгээ болгоогтун би та нарт хэлнэ, ах [эгч нар] минь хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эдэлсэн бол, мөн хэрэв та нар гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу?”4 хэмээн асуусан.

Голын туршлагатай хөтчийг бид Сүмийн төлөөлөгч, бошиглогчидтой болон сүнслэгээр өдөөгдсөн орон нутгийн санваартан, туслах бүлгүүдийн удирдагчидтай адилтгаж болно. Тэд хүрэх газраа аюулгүй хүрэхэд бидэнд тусалдаг.

Саяхан би шинээр дуудагдсан номлолын ерөнхийлөгчдийн семинар дээр үг хэлсэн бөгөөд удирдагчдад дараах зөвлөгөөг өгсөн юм.

“Номлолоо Сүмийн удирдагчийн зүгт хандуул. … [Бид та бүхнийг] буруу зүг рүү удирдан залахгүй бөгөөд … тэгж ч чадахгүй юм.

“Та нар бидэн дээр анхаарлаа төвлөрүүлэхийг өөрсдийн номлогчдод зааснаар, тэргүүлэх түлхүүрүүдийг атгадаг санваарын удирдагчдаар дамжуулан, … Сүмийн ажил хэргийг хэрхэн удирдахыг Тэнгэрлэг Эцэг ба Их Эзэн Есүс Христийн хийдгээс ч илүү мэддэг хэмээн бодогсдыг хэзээ ч дагахгүй байхад сургадаг.

“Төөрөлдөж, будилсан хүмүүс нь ихэвчлэн Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын чуулгын нэгдмэл дуу хоолойгоор ярьж байгаа нь тухайн үед хандан ярьж буй Их Эзэний дуу хоолой гэдгийг … мартсан байдгийг би үйлчлэлийнхээ үед олж мэдсэн юм. Их Эзэн бидэнд ‘миний дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил’ [С ба Г 1:38].”5 хэмээн хэлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, тэд Сионы хуучин завийг орхисон бөгөөд тэд унаж, ухарсан. Тэд ихэвчлэн түр зуурын үр дагаврыг, аажимдаа урт хугацааны урьдчилан тооцоогүй үр дагаврыг өөрсөд дээрээ төдийгүй гэр бүлдээ авчирдаг нь тун эмгэнэлтэй юм.

Манай Сүмийн орон нутгийн удирдагчид нь төлөөлөгч, бошиглогчдоор болон Сүмийн бусад албан тушаалтнаар, мөн онцгойлон Их Эзэнээр удирдагдан, сургагдсан байдаг бөгөөд амьдралынхаа туршлагаас олон зүйлийг сурч мэдсэн голын хашир хөтөчтэй адил юм.

Энэ жил би Сүмийн залуучуудад зориулсан 5-р сарын Сүмийн боловсролын системийн онцгой цугларалтын нэвтрүүлэг дээр үг хэлэхдээ:

“Зарим хүн сүмийн удирдагчдыг “нийгмээс салангид” хүмүүс гэж боддог талаар би сонссон. Удирдагч бид олон газар амьдарч, мөн өөр өөр нийгмийн гаралтай хүмүүстэй ажиллан, туршлага хуримтлуулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэдгийг дээрх хүмүүс мартдаг болов уу. Одоогийн дуудлагууд маань биднийг дэлхий даяар аялуулж, үүгээр дамжуулан бид дэлхийн улс төр, шашин, бизнесийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдагчидтай уулзах боломжтой байдаг билээ. Хэдийгээр бид Вашингтон хот дахь Цагаан ордонд [дахь удирдагчдад] бараалхаж, дэлхийн үндэстнүүдийн [болон шашны] удирдагчидтай уулзаж байсан ч гэсэн, дэлхий дээрх хамгийн ядуу [гэр бүлүүд болон хувь хүмүүс] хүмүүс дээр ч мөн айлчилж очин, тэдэнтэй уулзаж, тохинуулж үзсэн. …

“Та бүхэн бидний амьдрал, тохинууллыг анхааралтай бодож үзвэл, бид дэлхий даяар тойрон явж, туршлага хуримтлуулдаг бөгөөд дэлхий дээрх цөөхөн хүн л ийм зүйл хийдэг гэдэгтэй санал нийлэх биз ээ. Бид “нийгмээс салангид” хүмүүс биш гэдгийг та нар ойлгох болно. …

“… Та нарыг тайвшруулах зүйлс нь [Сүмийн удирдагчдын] хувь хүн нэг бүрийн болон хамтын мэргэн ухаанд найдаж болох явдал юм. Бид өөр өөр хууль тогтоомж ба бодлогын үр дагавруудыг үзэх, сэтгэлээр унах, эмгэнэлтэй үйл явдал тохиолдох болон гэр бүлийн гишүүнээ алдах гэх мэт бүх л зүйлийг биеэр үзэж туулсан. Бид та нарын амьдралаас хол хөндий байдаггүй”6 гэдгийг тэдэнд ярьсан билээ.

Миний хэрэглэсэн нэгдүгээр дүрмээс гадна аврах хантаазаа үргэлж өмсөж, хоёр гараараа чанга зууран барь хэмээх хоёр, гуравдугаар дүрмийг санацгаая. Хэрэв бид эдгээрийг дагавал, судар дахь Их Эзэний үг болон төлөөлөгч, бошиглогчдын сургаал бидэнд зөвлөмж, чиглэл өгч, сүнслэг аврах хантааз болж өгдөг бөгөөд хоёр гараараа хэрхэн чанга зууран барихыг мэдэхэд бидэнд тусалдаг.

Бид “үнэний мэдлэгт хүчтэй болсон” Мозаягийн хөвгүүдтэй адил болох хэрэгтэй. Бид “зөв ойлголттой” эрэгтэй, эмэгтэй хүмүүс болж чадна. Үүнийг зөвхөн “[бид] Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүй судал[снаар]”7 гүйцэтгэж чадна.

Судруудыг, мөн одоогийн болон өмнөх төлөөлөгч, бошиглогчдын үгсийг эрэлхийлэхдээ бид Христийн сургаалаас суралцаж, сургаалын дагуу амьдрахад, мөн үүнийг нандигнан хайрлахад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Мөн бид хувиараа судар уншихаа хэвшил болгож, Мозаягийн хөвгүүдийн адил өөрсдийгөө “их залбирал, мөн мацаг барилтанд зориулах”8хэрэгтэй.

Агуу ач холбогдол бүхий эдгээр зүйл нь хэмжиж үзэхэд тийм ч амар биш санагддаг. Эдгээр энгийн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, замаасаа гарахгүйг хичээгтүн.

Хүнд сорилт, гай зовлон учирсан болон амар амгалан аль ч үед завин дээрээ үлдэж, хоёр гараараа чанга бариагүй хүмүүсийг би таньдаг бөгөөд тэдний ихэнх нь Сүмд анх яагаад нэгдсэнээ болон сайн мэдээний жишгийн дагуу тууштай амьдарч, бүхнээ зориулсан ариун үйлчлэлээр бусдыг адисалж байсан учир шалтгаанаа, мөн Сүм тэдний амьдралд “cүнслэг тэжээлээ олж авч, өсч хөгжих газар”9 байсан зэргийг мартсанаас сайн мэдээний чухал үнэнүүдэд анхаарал хандуулахаа больсон байдгийг би анзаарсан юм.

Иосеф Смит энэхүү чухал үнэнийг заахдаа: “Манай шашны үндсэн зарчмууд бол ‘тэрээр үхсэн, оршуулагдсан, гурав дахь өдөртөө амилсан бөгөөд тэнгэрт одсон’ хэмээх Есүс Христийн талаарх төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэл юм. Манай шашинтай холбоотой бусад бүх зүйл эдгээрийн зөвхөн хавсралт төдий билээ”10хэмээжээ.

Хэрэв бид Их Эзэнд анхаарлаа төвлөрүүлбэл, бидэнд хэмжээлшгүй их адислал амласан байдаг. “Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүсийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тулд, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно.”11

Заримдаа итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүд болон чин сэтгэлээсээ сонирхож буй сонирхогчид суурь зарчмууд дээр бус, хавсралтууд дээр нь анхаарлаа төвлөрүүлдэг. Энэ нь Сатан биднийг сэргээгдсэн сайн мэдээний захиасын энгийн, тодорхой байдлаас холдуулан, урхиндаа оруулж байгаа хэрэг юм. Өөр зүйл дээр анхаарлаа хандуулсан хүмүүс чухал биш заншил, сургаал зэрэгт автаж, тэдгээрт анхаарлаа төвлөрүүлсэн байдаг учраас ариун ёслолоос хүртэхээ больдог.

Тэдний зарим нь өөрсдийн эргэлзээ болон асуулт дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг байж ч болох юм. Бүхнээ зориулсан дагалдагчдын хувьд эргэлзээ болон асуулт нь зохисгүй зүйл биш гэдэг нь мэдээж. Саяхан Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын зөвлөл мэдэгдэхдээ: “Сүмийн гишүүд Сүмийн сургаал, түүхийн талаар болон заншил болсон зүйлийн талаарх асуулттай үе үе тулгардаг болохыг бид ойлгож байна. Гишүүд иймэрхүү асуултыг биднээс чөлөөтэй асууж, илүү ойлголт авахаар эрэлхийлж болно”12 гэжээ.

Иосеф Смит асуулт асууснаар Сэргээлт эхэлсэн гэдгийг санацгаая. Тэрээр эрэлхийлэгч байсан бөгөөд Абрахамтай нэгэн адил, амьдралын хамгийн чухал асуултуудад хариултыг нь олсон юм.

Хамгийн чухал асуулт бол бидэнд хамгийн их хамаатай болох, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө ба Аврагчийн Цагаатгалын талаарх асуултууд юм. Бидний эрэл хайгуул биднийг илүү эелдэг, зөөлөн, хайр булаам болон илүү өршөөнгүй, тэвчээртэй, мөн бүхнээ зориулсан шавь байхад удирддаг байх хэрэгтэй. Бид Паулын заасанчлан “нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэ[ж], тийнхүү хуулийг хэрэгжүүл[дэг]”13 хүсэлтэй байх хэрэгтэй.

Хэн нэгний ачаанаас үүрэлцэнэ гэдэг нь өвчтэй, сул дорой, сүнсэндээ ядуу, мөн эрж хайн, зовж шаналж буй хүмүүст болон Их Эзэнээр өнөө үед үйлчлэхээр дуудагдсан Сүмийн удирдагчдыг оролцуулаад, бусад гишүүн, шавь зэрэг хүмүүст тусалж, дэмжиж, тэднийг ойлгохыг хэлнэ.

Ах, эгч нар аа, завиндаа үлдэж, аврах хантаазаа өмсөн, хоёр гараараа зууран барьцгаая. Замаасаа хазайхгүй байцгаая! Хэрэв та нарын хэн нэгэн нь завинаас унасан бол бид та нарыг хайж, олж, үйлчлэх болно. Бид Бурхан Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христ хоёр хөлгийн залуур дээр нь байж, биднийг зөв зүг рүү залах Сионы хуучин завин дээр та нарыг аюулгүй татан гаргана гэдгийг би Есүс Христийн нэрээр даруухнаар гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 82–83.

  2. Brigham Young, “Discourse,” Deseret News,, 1858 оны 1-р сарын 27, 373

  3. Brigham Young, “Remarks,” Deseret News, 1857 оны 11-р сарын 18, 291.

  4. Алма 5:26.

  5. M.Рассэлл Баллард, “Номлогчдын удирдлага,” (Шинэ номлолын ерөнхийлөгчдийн семинар дээр хэлсэн үг, 2014 оны 7-р сарын 25), 8.

  6. M.Рассэлл Баллард, “Тэмцэлдэхээ больж, Намайг Бурхан гэдгийг мэд” (Сүмийн боловсролын системийн онцгой цугларалт, 2014 оны 5-р сарын 4); lds.org/broadcasts.

  7. Алма 17:2.

  8. Алма 17:3.

  9. Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын захидал, 2014 оны 6-р сарын 28.

  10. Иосеф Смит, Elders’ Journal,, 1838 оны 7-р сар, 44.

  11. 2 Нифай 31:20.

  12. Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын захидал, 2014 оны 6-р сарын 28

  13. Галат 6:2.