2010–2019
Гэрийнхээ зүг аюулгүй удирдагдах нь
Аравдугаар сар 2014


Гэрийнхээ зүг аюулгүй удирдагдах нь

Бид өөрчлөгддөггүй зүг чигийн талаар мэдрэх мэдрэмжийн төлөө, зам мөрөө ухаалаг хийгээд зөвөөр тодорхойлж, үүнийгээ дагахын тулд Бурханаас тусламж эрдэг билээ.

Ах нар аа, бид санваарын хүчирхэг бие бүрэлдэхүүний хувьд чуулганы төвд болон дэлхий даяар цуглаад байна. Та бүхэнд хандаж үг хэлэх үүрэг хариуцлага нь хүндэтгэл боловч бас намайг даруусгаж байна. Үг хэлэхэд Их Эзэний Сүнс надтай хамт байх болтугай гэж би залбирч байна.

Далан таван жилийн өмнө буюу 1939 оны хоёрдугаар сарын 14-нд Германы Хамбургт нэгэн нийтийн баяр ёслол болжээ. Цог жавхлантай илтгэл, баяр хөөрөөр бялхсан цугларагсад эх орны сэдэвтэй дууллуудтай зэрэгцэн Бисмарк нэртэй шинэхэн байлдааны хөлөг онгоцыг Эльба мөрнөөр дамжуулан далайд тавьжээ. Урьд хожид үзэгдээгүй хамгийн хүчирхэг энэ хөлөг онгоц хамгаалалтын хуяг болон тухайн үеийн техникийн үзүүлэлтээрээ үнэхээр гайхамшигтай байлаа. Радиолокацийн удирдлагатай 380 милиметрийн хоёр цамхагт их буунуудыг хийхийн тулд 57000 гаруй зураг төсөл ашигласан байна. Хөлөг онгоц доторх цахилгааны холбоос нь 45000 км урт байсан аж. Хөлөг онгоц 35000 гаруй тонн жинтэй байсан ба өвч хуягласан гадаргуу нь дээд зэргийн хамгаалалт болсон байв. Харагдах байдлаараа сүрлэг, хэмжээгээрээ аварга том, өвч зэвсэглэсэн энэхүү ер бусын том хөлөг онгоц хэзээ ч живэхгүй мэт санагдаж байсан аж.

Бисмаркхөлөг онгоц хоёр жил гаруйн дараа буюу 1941 оны тавдугаар сарын 24-нд Бисмарк болон Германы байлдааны хөнгөн хөлөг онгоц ---Принц Югений хамт Британий Тэнгисийн Цэргийн Флотын хамгийн хүчирхэг байлдааны хөлөг онгоцууд Уэльсийн Хунтайж Хуягт дуулга нэртэй хоёр хөлөг онгоцтой тулалдах үед сүйрсэн байна. Бисмарк Английн Хуягт дуулга хөлөг онгоцыг багийн бараг бүх гишүүд болох 1400 гаруй гишүүнтэй нь хамт Атлантын далайн гүнд таван минутын дотор живүүлжээ. Хөлөг онгоцны багаас гуравхан хүн л амьд гарсан гэдэг. Нөгөө Уэльсийн Хунтайж хөлөг онгоц нь маш их хохирол амсан ухарсан ажээ.

Дараагийн гурван өдрийн турш Бисмарк хөлөг Британий байлдааны хөлөг онгоц ба нисэх онгоцтой ахин дахин тулалдсан байна. Британичууд хүчирхэг Бисмарк олж, далайд живүүлэхийн тулд нийтдээ таван байлдааны хөлөг онгоц, хоёр нисэх онгоц тээвэрлэгч, 11 хөнгөн хөлөг онгоц, мөн байлдааны хөлөг онгоцоос илүү хурдан бөгөөд жижигхэн хөлөг онгоц 21-ийг төвлөрүүлэн хүчээ нэмэгдүүлсэн байлаа.

Эдгээр тулааны үеэр их бууны сум Бисмаркийг олон удаа оносон ч өнгөцхөн гэмтэл учруулжээ. Бисмарк үнэхээр живэхгүй онгоц байсан юм болов уу? Тэгтэл нэг шунгадаг мина тохиолдлоор байгаа онож, Бисмаркийн залуурыг гацаасан байна. Залуурыг засах оролдлого ямар ч амжилт олсонгүй. Багийн гишүүд сумласан их буунуудаар галлахад бэлэн байсан ч Бисмарк зөвхөн удаанаар тойрон эргэж байв. Германы хүчирхэг нисэх хүчин холгүй байсан ч, Бисмарк аюулгүйн зогсоолд хүрч чадсангүй. Энэ хоёрын аль нь ч хөлөг онгоцыг аюулгүй газарт авчирч чадаагүй юм. Учир нь Бисмарк зорьсон чиглэлээрээ явах чадвараа алдсан байлаа. Залуургүй болсон хөлөг тусламж авч чадсангүй, зогсоолдоо ч хүрч чадсангүй. Сүйрэл хаяанд ирээд байв. Германы багийнхан сүйрлийн ирмэгт тулж ирэхэд Британий их буунууд галлаж, сөнөх боломжгүй юм шиг санагдаж байсан хөлөг онгоц живжээ. Атлантын далайн хүчит давалгаа Германы Тэнгисийн Цэргийн Флотын бахархал болсон байлдааны хөлөг онгоцыг эхлээд талыг нь нөмөрч дараа нь бүтнээр нь залгих нь тэр. Бисмарк үгүй болов.1

Бисмаркийн адил бидний хүн нэг бүр гайхамшигтай бүтээл юм. Бидний бүтээлт зөвхөн хүмүүний оюун ухаанаар хязгаарлагдаагүй. Хүн хамгийн боловсронгуй төхөөрөмжүүдийг хийж чаддаг ч, тэдгээрт амь оруулж эсвэл сэтгэн бодож, шүүн тунгаах чадвартай болгож чадахгүй. Эдгээр нь зөвхөн Бурханаас өгөгддөг тэнгэрлэг бэлэг юм.

Ах нар аа, хөлөг онгоцны амин чухал залууртай адил явж буй зүг чигээ тодорхойлох арга зам бидэнд өгөгдсөн билээ. Биднийг амьдралын далайгаар аялах үед Их Эзэний гэрэлт цамхаг биднийг дууддаг. Бидний зорилго бол хүссэн чиглэлээрээ буюу Бурханы селестиел хаант улс руу зорьсон замаасаа хазайхгүй залуурдах явдал юм. Зорилгогүй хүн залуургүй хөлөг онгоцтой адил бөгөөд хэзээ ч аюулгүйн зогсоолд хүрч чадахгүй. Чиглэлээ тодорхойл, дарвуулаа хийсгэ, залуураа чиглүүл, тэгээд урагш яв гэсэн дохио бидэнд ирдэг.

Хүчирхэг Бисмаркд тохиолдсон зүйл хүнд ч бас тохиолдож болно. Хөдөлгүүрийн тийрэлтийн болон сэнсний хүч нь зүг чигийг мэдрэгч, эрчим хүч ашиглагч, нүдэнд үл үзэгдэх, бичил хэмжээтэй боловч туйлын чухал залуурын хүчнээс гарсан удирдлагагүй бол ямар ч ашиггүй юм.

Бидний Эцэг далай тэнгист аялдаг далайчдад зүг чигийг заахын тулд нар, сар, одод зэрэг огторгуй дахь гараг эрхсүүдийг бүтээсэн. Амьдралын харгуйгаар аялах үед Тэрээр бидэнд тод томруун газрын зураг өгсний хамт зорьсон газартаа хүрэх замыг зааж өгдөг. Тэр биднийг тойруу зам, аюул осол, урхинаас болгоомжлохыг анхааруулдаг. Биднийг буруу замд оруулах хүмүүст болон өнгөлөн далдалсан нүгэл хилэнцийн хэлбэрүүдэд өөрсдөө хууртаж болохгүй. Үүний оронд бид түр бодоод залбирдаг бөгөөд “Ирж, намайг дага”2 гэсэн Их Эзэний намуухан хэлэх урилга бидний бодгалийн гүнд хүртэл шивнэх тэрхүү намуун зөөлөн дуу хоолойг сонсдог.

Гэвч үүнийг сонсдоггүй, дуулгавартай дагадаггүй, өөрсдийн хүссэн замаар явахыг илүүд үздэг хүмүүс бас байдаг. Тэд ихэвчлэн бид бүхнийг хүрээлэн байдаг сэтгэл татам, хорхой хүргэм уруу таталтуудад бууж өгдөг.

Санваартнуудын хувьд бид хэцүү цаг үед дэлхийд ирсэн юм. Бид хаа сайгүй зөрчилдөөндөө идэгдсэн ээдрээтэй дэлхийд амьдарч байна. Улс төрийн далд явуулга улс үндэстнүүдийн тогтвортой байдлыг үгүй хийж, дарангуйлагчид эрх мэдлийг гартаа авч, мөн нийгмийн зарим хэсэг нь байнга дарлагдаж, боломжуудаа алдаж, бүтэлгүйтлийн мэдрэмжтэй хоцорч байна. Хүмүүний цэцэрхэл бидний чихэн дээр цэцэг ургуулж, нүгэл хилэнц биднийг хүрээлэн бүсэлж байна.

Бидний үүрэг хариуцлага бол Тэнгэрлэг Эцэгийн бидэнд бэлдсэн бүх алдар суут адислалуудыг хүлээж авахуйц зохистой амьдрах явдал юм. Бид хаана ч явсан санваар бидэнтэй хамт явдаг. Бид ариун газруудад зогсож байна уу? Та нарт эсвэл та нарын санваарт харшлах газруудад орж эсвэл тийм үйл ажиллагаануудад оролцож өөрсдийгөө болон санваараа эрсдэлд оруулахаас өмнө үр дагаврыг нь бодож үзээрэй.

Бурханы санваарт томилогдсон бид өөрчлөлт хийж чадна. Бид хувийн цэвэр ариун байдлаа хадгалж мөн санваартаа хүндэтгэлтэй хандсанаар бусад хүний дагах зөв шударга үлгэр жишээ болдог. Төлөөлөгч Паул, “Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол”3 хэмээн анхааруулжээ. Тэрээр бас Христийн дагалдагчид “дэлхийд гэрэл мэт үзэгдэх”4 ёстой гэж бичсэн байдаг. Зөв шударга байдлын үлгэр жишээ үзүүлэх нь улам харанхуй болж буй дэлхийг сайн сайхнаар гэрэлтүүлж чадна.

Сүмийн дөрвөн ерөнхийлөгчийн зөвлөхөөр үйлчилсэн ерөнхийлөгч Н.Элдон Таннэрыг та нараас олон нь санаж байгаа. Тэрээр аж үйлдвэрийн салбарт болон Канадын засгийн газарт ажиллах хугацаандаа, мөн Есүс Христийн Төлөөлөгчийн хувьд зөв шударга байдлын гандан бууршгүй үлгэр жишээ үзүүлсэн юм. Тэр бидэнд сүнслэгээр өдөөгдсөн “Сайн мэдээний заасан зүйлүүдээр амьдрахаас илүү агуу баяр баясал болон амжилтыг авчирдаг зүйл гэж байхгүй. Үлгэр жишээ бай. Сайны нөлөө бай” гэсэн зөвлөгөөг өгсөн билээ.

Тэрээр цааш нь: “[Бурханы] сонгосон үйлчлэгчдийн хувьд тэр бидэнд санваарыг мөн түүний нэрээр үйлдэх хүчийг өгсөн учраас бидний хүн нэг бүр ямар нэгэн ажилд урьдчилан томилогдсон байдаг. Хүмүүс таны удирдах чадварт итгэж байгаа бөгөөд та хувь хүмүүсийн амьдралд нэг бол сайнаар эсвэл муугаар нөлөөлж, энэхүү нөлөө нь олон үе дамждаг гэдгийг үргэлж санаарай”5 гэж хэлжээ.

Эрэгтэйчүүдээр дамжин ажилладаг Бурханы хүч бол дэлхий дээрх хамгийн агуу нөлөө бөгөөд биднийг үнэхээр хүчирхэгжүүлдэг. Мөнх бус байдлын далайд аюулгүй аялахын тулд бидэнд Мөнхийн далайчин буюу агуу Иеховагийн удирдамж хэрэгтэй. Бид тэнгэрлэг тусламж олж авахын тулд үргэлж эрэлхийлэн, залбирдаг билээ.

Бурханд хандаагүй хүний тухай та бидний сайн мэдэх жишээ бол Адам, Ева хоёрын хүү Каин юм. Хүчирхэг чадавхтай боловч эр зоригийн хувьд сул дорой Каин шунал, атаархал, дуулгаваргүй байдал, тэр ч байтугай аллагаас болж өөрийг нь аюулгүй байдал болон өргөмжлөлд удирдах байсан хувийн залуураа гацаасан юм. Каин тэнгэрлэг зүйлсийг дэлхийн зүйлсээр сольсноороо унасан билээ.

Өөр нэг үед Бурханы нэгэн үйлчлэгч ёс бус хаанаар соригджээ. Тэнгэрийн нөлөөгөөр дэмжигдсэн Даниел ханан дээрх бичээсийн утгыг хаанд тайлбарлаж өгсөн. Нил ягаан өнгийн дээл, хүзүүний алтан зүүлт, эрх мэдэл зэрэг шагналыг өөрт нь санал болгоход Даниел, “Бэлгүүдээ өөртөө үлдээж, эсвэл шагналаа өөр хэн нэгэнд өгөгтүн”6 гэж хэлжээ. Агуу баялаг болон эрх мэдлийг Даниелд амласан бөгөөд эдгээр шагнал нь Бурханы бус харин дэлхийн зүйлүүдийг төлөөлсөн учраас Даниел эдгээрээс татгалзаж, итгэлтэй хэвээр үлдсэн билээ.

Бурханыг шүтэн бишрэхийг түүнд хориглосон хэдий ч Даниел Түүнийг шүтэн биширснээс болж арслангийн үүрэнд хаягдав. Маргааш өглөө нь юу болсныг Библид өгүүлдэг, “Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүний биед ямар нэг гэмтэл байсангүй. Яагаад гэвэл тэр … Бурханд итгэсэн бөлгөө.”7 Итгэлтэй хэвээр байх Даниелын шийдвэр төгс байдал зайлшгүй шаардлагатай болсон үед тэнгэрлэг тусламж хийгээд аюулгүй байдлыг авчирсан юм. Бид мөнхийн гэртээ буцаж очих үйлсэд итгэлтэй хэвээр байх юм бол ийм хамгаалалт болон аюулгүй байдал бидэнд ирэх болно.

Түүхийн он тоолол шилэн цагийн элс шиг цаг хугацаа улиран одож буйг харуулдаг. Шинэ тоглогчид амьдралын тайзан дээр гарч ирдэг. Энэ цаг үеийн асуудлууд бидний санааг зовоодог. Сатан дэлхийн түүхийн туршид Аврагчийн дагалдагчдыг устгах гэж шаргуу ажилласаар ирсэн. Хэрэв бид түүний уруу таталтад бууж өгөх юм бол хүчирхэг Бисмарктай адил биднийг аюулгүй байдал руу удирдаж чадах залуураа алдах болно. Харин орчин үеийн хөгжил дэвшлийн гайхамшгуудыг эдэлдэг ч гэсэн бид өөрчлөгддөггүй зүг чигийн талаар мэдрэх мэдрэмжийн төлөө, зам мөрөө ухаалаг хийгээд зөвөөр тодорхойлж, үүнийгээ дагахын тулд Бурханаас тусламж эрдэг билээ. Тэнгэрлэг Эцэг маань бидний чин сэтгэлийн гуйлтыг хариулахгүй өнгөрөхгүй. Бид тэнгэрлэг тусламж эрэлхийлбэл бидний залуур Бисмаркийн залууртай адил эвдрэхгүй.

Бид хувийн аяллаа эхлэн, амьдралын далай дундуур аюулгүй хөвөх болтугай. Бид өөрсдийнхөө эргэн тойронд байгаа нүгэл хилэнц, уруу таталтуудыг эс хайхран Даниел шиг зоригтой, үнэнч бөгөөд итгэлтэй хэвээр байх болтугай. Бидний гэрчлэл итгэлийг маань бүхий л арга замаар устгахыг хичээх хэн нэгэнтэй тулгарах үед “би гуйвуулагдаж чадахгүй бөлгөө”8 хэмээн тунхагласан Нифайн дүү Иаковынх шиг гүн гүнзгий, бат хүчирхэг байх болтугай.

Ах нар аа, итгэлийн залуур бидний замыг удирдаж байгаа цагт, бид ч бас Бурханы өргөө болох гэртээ аюулгүй хүрч Түүнтэй үүрд мөнх хамт амьдрах болно. Энэхүү зорилго бидний хүн бүрийн хувьд биелэх болтугай гэж би өөрсдийн Аврагч ба Гэтэлгэгч, Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.