2010–2019
Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг мэдэх нь мөнхийн амь мөн
Аравдугаар сар 2014


Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг мэдэх нь мөнхийн амь мөн

Бурхан, Христ хоёр бол зорилгоороо нэгдмэл, жинхэнэ Эцэг, Хүү хоёр---салангид, ялгаатай, ангид биес юм.

Олон жилийн өмнө надад эрин үе бүрийн бошиглогчдын сүүлчийн гэрчлэлийг судлах боломж тохиосон билээ. Бүгд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын тухай хүчирхэг гэрчлэл хуваалцсан байлаа.

Би эдгээр гэрчлэлийг бас эдгээртэй адил өөр олон гэрчлэлийг олон жилийн туршид уншихдаа, Тэнгэрлэг Эцэг ууган Хүүдээ хэчнээн их хайртай хийгээд Есүс Эцэгийнхээ хүслийг дуулгавартай дагаснаараа хайраа хэрхэн харуулсныг ойлгохдоо сэтгэл минь ихэд догдолдог юм. Бид Тэднийг болон бие биенээ хайрладаг тэдний хайрыг мэдэхэд шаардлагатай зүйлсийг хийснээрээ “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агууг”1 нь---бүр мөнхийн амийг олж авах болно гэдгийг би гэрчилж байна. Учир нь “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”2

Бид мөнх амийн бэлгийг хэрхэн хүлээн авч чадах вэ? Энэ нь энэ өглөөний ярьсан мөн заасан хувийн илчлэлтээр дамжин ирдэг.

Та нар Бурхан байдгийг анх удаа мэдэж, Түүний хайрыг мэдэрсэн үеэ санадаг уу? Би багадаа оддоор дүүрэн тэнгэрийг ширтэн хараад тунгаан бодож, Бурханы оршихуйг мэдэрдэг байлаа. Өчүүхэн жижиг шавжнаас эхлээд тэнгэр баганадсан өндөр моддыг хүртэл Бурханы бүтээлүүдийн нүд булаам үзэсгэлэнт сайхныг хараад миний сэтгэл догдлон хөдөлдөг байж билээ. Би энэ дэлхийн үзэсгэлэнт сайхныг хараад Тэнгэрлэг Эцэг надад хайртайг мэдсэн юм. Би өөрийгөө Түүний сүнсэн хүүхэд гэдгийг, бид бүгд Бурханы хөвгүүд, охид гэдгийг мэдсэн.

Намайг үүнийг яаж мэдсэн юм бол? хэмээн та нар гайхаж магадгүй. Судруудад “Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг мэдэх нь заримд нь Ариун Сүнсээр өгөгддөг … бусдад нь хэрэв тэд итгэлтэй хэвээр байх аваас тэд түүнчлэн мөнх амьдралтай байж болохын тулд тэдний үгст итгэх нь өгөгддөг болой”3 гэж заасан байдаг. Миний ойлгосноор энэ нь зарим хүн бусдын гэрчлэлээс үүрд хамааралтай байх болно гэсэн үг биш юм.

Би Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийн тухай эцэг эх, багш нар болон миний хичээнгүйлэн судалдаг судрууд, ялангуяа Ариун Сүнсээр заалган сурч мэдсэнээр миний гэрчлэл өсч хөгжсөн юм. Намайг итгэлээ ашиглан, зарлигуудыг дуулгавартай дагасан үед миний сурч мэдсэн зүйл үнэн гэдгийг Ариун Сүнс гэрчилдэг байлаа. Ийнхүү би гэрчлэлийг өөрөө олж авсан юм.

Энэхүү үйл явцад хувийн илчлэлтийг эрэлхийлэх нь чухал юм. Нифай бид бүгдийг: “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно”4 хэмээн урьсан байдаг.

Би найман насанд хүрэхээсээ өмнө баптисмын тухай илүү ихийг мэдэхийг эрэлхийлэн судруудыг судалж, залбирдаг байлаа. Би гишүүнээр батлагдахдаа Ариун Сүнсний бэлэг хүлээн авах юм байна гэдгийг мэдсэн. Бас Бурхан, Христ хоёр бол зорилгоороо нэгдмэл, жинхэнэ Эцэг, Хүү хоёр---тус тусдаа, ялгаатай хувь хүмүүс гэдгийг би ойлгож эхэлсэн. “[Тэд] эхлээд биднийг хайрласан учраас бид [Тэднийг] хайрладаг юм.”5 Тэд хэрхэн бие биенээ хайрладаг хийгээд бидний сайн сайхны төлөө хэрхэн хамтран ажилладгийг миний бие олон удаа ажиглаж мэдсэн билээ. Энэхүү үнэнийг заадаг олон судраас заримыг нь сонсоно уу:

Тэнгэрлэг Эцэг бидний мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай заахдаа Есүс Христийг “Миний Хайрт мөн эхлэлээс Сонгогдсон Хайрт Хүү минь”6 хэмээн нэрлэсэн байдаг. Эцэг дэлхийг бүтээхдээ үүнийг “[Өөрийн] Төрсөн Ганц”7 Хүүгээр хийлгэсэн юм.

Есүсийн эх Мариад “Хамгийн Дээдийн Хүү”8-г төрүүлэх болно гэж хэлсэн байдаг. Есүс бага залуудаа Тэрээр “Эцэгийнхээ гэрт байх ёстой”9 гэдгээ эхдээ хэлсэн юм. Хэдэн жилийн дараа Аврагчийг баптисм хүртэх үед Тэнгэрлэг Эцэг тэнгэрээс түүнд хандан, “Энэ бол Миний Хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог”10 гэж хэлсэн.

Есүс дараах үгсээр шавь нартаа хэрхэн залбирахыг заасан юм:

“Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсагдаг.

“Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.”11

Тэрээр Никодемд, “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн”12 хэмээн заасан юм. Мөн Тэрээр Өөрийн гайхамшгуудыг, “Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлсийг түүнчлэн хийдэг”13 хэмээн тайлбарлажээ.

Цагаатгалын цаг ойртоход Есүс: “Аав аа, цаг нь ирлээ. … Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав”14 гэж хэлсэн юм. Дараа нь бидний нүглийн хүнд ачаа дарамт Түүн дээр ирэхэд Тэрээр, “Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш харин Таны хүслээр болог”15 хэмээн гуйсан. Есүс загалмай дээр өнгөрүүлсэн сүүлчийн хормууддаа, “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” гэж залбираад “Аав аа, Таны гарт би сүнсээ даатгая”16 гэж чанга дуугаар хашгирчээ.

Дараа нь “нас барагсдаас тэрээр амилагдсаны дараа түүний Эцэгийн хаант улсад орохын тулд урагш гарч ирэх хүчийг тэдэнд [өгөхийн] тулд”17 нас барагсдын сүнснүүдэд айлчилсан юм. Аврагч амилалтынхаа дараа Магдалын Мариад үзэгдэж, “Би Миний Эцэг ба та нарын Эцэгт очно”18 хэмээн хэлсэн билээ.

Есүсийг Америк тив дэх хүмүүс дээр хүрч очиход Эцэг нь Түүнийг танилцуулан, “Миний Хайрт Хүүг, миний ихэд таалсан түүнийг, би өөрийнхөө нэрийг алдаршуулсан түүнийг болгоогтун”19 хэмээн хэлсэн билээ. Есүс ариун сүмд буй хүмүүсийн дунд бууж ирээд Өөрийгөө танилцуулахдаа, “Болгоогтун, би бол Есүс Христ. … Би дэлхийнхний нүглүүдийг өөр дээрээ авснаар Эцэгийг алдаршуулсан билээ”20 гэжээ. Тэрээр Өөрийн сургаалыг зааж, тайлбарлахдаа:

“Энэ бол Эцэгийн надад өгсөн тэрхүү сургаал билээ; мөн би Эцэгийн тухай гэрчилж, мөн Эцэг миний тухай гэрчил[дэг].”21

“Үнэнээр … Эцэг бид хоёр нэг юм”22 гэжээ.

Эцэг Хүү хоёр бол ялгаатай ангид хүмүүс ба биес гэдгийг гэрчилсэн загварыг бид эдгээр судруудаас харж чадаж байна уу? Тэгвэл Тэд хэрхэн нэг байх билээ? Учир нь Тэд нэгэн бие биш харин зорилгоороо нэгдмэл, “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах[ад]”23 адил тэгш юм.

Есүс бол Бурхан, гэхдээ Тэр Эцэгтээ хандан залбирч, Эцэгийнхээ хүслийг биелүүлж байна гэж хэлснээрээ тусдаа ангид бие гэдгээ үргэлж нотолдог. Тэрээр нифайчуудын дундах тохинууллынхаа үеэр, “Эцэг минь, дэлхийн төлөө бус харин дэлхийгээс надад таны өгсөн тэдний төлөө … би залбирч байна. Эцэг минь, та надад байдгийн адил би тэдэнд байж болохын тулд, би тэднээр алдаршуулагдаж болохын тулд би залбирч байна”24 хэмээн гуйсан.

Бид үүнийг санах юм бол сайн мэдээний сэргээлт нэг биш харин хоёр алдар суут биес хүрч ирснээр эхэлсэн нь гайхмаар зүйл биш юм. Үүнээс гадна Бошиглогч Иосеф Смит анхны үзэгдлийнхээ талаар, “Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан, мөн нөгөөх уруугаа зааж—Энэ бол миний Хайртай Хүү. Түүнийг сонс! Хэмээн хэлсэн юм25 гэж гэрчилсэн.

Гуйвшгүй итгэлээр аль сүмд нэгдэх ёстойгоо мэдэхээр ойн цоорхой руу очсон залуу бошиглогч тэндээс буцахдаа цорын ганц үнэн Бурхан, Түүний илгээсэн Есүс Христ хоёрын тухай мэдлэг ба гэрчлэлтэй болсон байлаа. Тиймээс Иосеф өөрөөсөө өмнөх үеийн бошиглогчдын адил мөнхийн амь руу хөтөлдөг үнэнийг дэлхийд сэргээх зэмсэг болсон юм.

Та бүхэн бас Тэнгэрлэг Эцэгээ болон “бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн [гэрчилсэн] энэхүү Есүсийг”26 судруудаас болон энэхүү ерөнхий чуулганаас эрж хайж болно. Та нар ийнхүү хувийн гэрч болох хувийн илчлэлтийг эрж хайснаар Тэнгэрлэг Эцэг та нарыг Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн, Ариун Сүнс хэмээн бидний мэддэг сүнсэн хүнээр дамжуулан үнэнийг өөрсдөө олж мэдэх тусгай арга замаар хангасныг нээн илрүүлэх болно.

“Мөн та нар эдгээр болон өнөөдөр миний хуваалцсан зүйлсийг хүлээн аваад та нар Бурхан Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.

Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”27

Ах эгч нар аа, Тэнгэрлэг Эцэг маань энэхүү мэдлэгийг яг одоо эрэлхийлээсэй хэмээн биднээс хүсч байгааг би гэрчилж байна. Бошиглогч Хиламаны үгс: “Санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг …, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь гэдгийг санагтун”28 хэмээн тоосноос хашгирч байна. Үнэндээ бид унахгүй байх болно.

Энэхүү бат бөх суурь нь Есүс Христ юм. Тэр бол “Тэнгэрийн хад”.29 Бид Түүн дээр байшингаа баривал хожмын өдрүүдэд бороо орж, үер буун, салхи үлээсэн ч гэсэн бид унахгүй байх болно. Учир нь бидний гэр орон, бидний гэр бүл Христ дээр суурилагдсан болохоор бид унахгүй байх болно.30

Ийм гэр орон бол “алдар суугийн өргөө”31 гэдгийг би гэрчилж байна. Ийм гэр оронд бид хамтдаа цуглаж, Тэнгэрлэг Эцэгтээ хандан Есүс Христ, Түүний Хайртай Хүүгийн нэрээр залбирдаг билээ. Бид ийм гэр оронд Тэднийг алдаршуулан, талархал өргөдөг. Энд бид Ариун Сүнсийг болон “[Түүний бидэнд өгсөн] мөнх амьдралын, бүр селестиел хаант улсын алдар суугийн амлалтыг”32 хүлээн авдаг.

Бидний Аврагч бол Есүс Христ бөгөөд Тэр амьд гэдэг онцгой гэрчлэлээ би хэлж байна. Мөн Тэнгэрлэг Эцэг маань бидэнд хайртай бөгөөд биднийг харж хамгаалж байдаг. Бидэнд энэ эрин үед биднийг удирдаж, чиглүүлэх Ерөнхийлөгч Томас С.Монсон байдаг. Энэ нь үнэн гэдгийг явж мөн энэ мэдлэгийг эрэлхийлэх хүн бүрд Ариун Сүнс гэрчилдэг билээ. Есүс Христийн нэрээр, амен.