2010–2019
Эцэг эхчүүд: Хүүхдүүдийнхээ хамгийн чухал багш нар
Аравдугаар сар 2014


Эцэг эхчүүд: Хүүхдүүдийнхээ хамгийн чухал багш нар

Эцсийн эцэст гэр орон бол Есүс Христийн сайн мэдээг заах төгс тохиромжтой орчин юм.

Бэн Карсон, “Би чинь бүх тавдугаар ангийнхан дотроо хамгийн муу сурагч байсан шүү дээ” гэж өөрийнхөө тухай хэлжээ. Нэг өдөр Бэнийг математикийн шалгалтад 30 бодлого бодоход ард нь сууж байсан сурагч алдааг нь засч, шалгалтын ажлыг түүнд буцааж өгсөн гэнэ. Багш, хатагтай Виллиамсон сурагч бүрийг нэрээр нь дуудаж, авсан оноог нь хэлүүлж эхлэв. Эцэст нь Бэний ээлж болоход тэр ичсэндээ амандаа сулхан бувтнав. Хатагтай Виллиамсон түүнийг “9” гэж хэллээ гэж бодоод 30 онооноос 9 оноо авсан нь Бэний хувьд том амжилт гэжээ. Тэгтэл Бэний ард сууж байсан сурагч, “Ес биш ээ! … Тэр ганцыг ч … зөв бодоогүй” гэж хашхирав. Тэр үед би шалан доогуур ороод алга болчихмоор байсан хэмээн Бэн ярьж билээ.

Яг тэр үед Бэний ээж Соня өөрийн гэсэн асуудалтай тулгараад байв. Тэрээр өнөр бүлийн 24 хүүхдийн нэг нь байсан бөгөөд дөнгөж гуравдугаар ангийн боловсролтой, уншиж чаддаггүй байв. Тэр 13-тайдаа гэрлээд салсан бөгөөд хоёр хүүтэй, тэднийгээ Детройтын гэмт хэргийн үүр болсон ядуу дүүрэгт өсгөсөн ажээ. Гэсэн хэдий ч тэр эмэгтэй бие дааж амьдрах лут чадвартай байснаас гадна хэрэв тэд өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийх юм бол Бурхан түүнд болон хөвгүүдэд нь туслах болно гэдэгт бат итгэдэг байлаа.

Нэг өдөр түүний болон хөвгүүдийнх нь амьдралд эрс өөрчлөлт гарсан юм. Түүгээр гэр орнoo цэвэрлүүлдэг, амжилттай яваа хүмүүс өөрсдийн гэсэн номын сантай бөгөөд тэд ном их уншдаг болохыг тэр анзаарсан ажээ. Тэрээр ажлынхаа дараа гэртээ ирээд Бэний дүүтэйгээ хамт үзэж байсан зурагтыг унтрааж, үндсэндээ дараах зүйлийг ярьсан байна: Хөвгүүд минь, та нар зурагт хэтэрхий их үзэж байна. Та хоёр одооноос эхлээд долоо хоногт гурван хөтөлбөр л үзэж болно. Чөлөөт цагаараа та хоёр номын санд очиж, долоо хоногт хоёр ном уншаад надад мэдэгдэж бай.

Хөвгүүд мэл гайхаж орхив. Сургуульд л ном уншихыг шаарддаг байсныг эс тооцвол би амьдралдаа ганц ч ном уншаагүй гэж Бэн хэлэв. Хөвгүүд эсэргүүцэж, дургүйцэн гомдоллож маргасан ч огт нэмэр болсонгүй. Тэгэхэд Бэн, “Ээж биднээс юу хүсч байгаагаа маш тодорхой хэллээ. Энэ дүрэм надад таалагдаагүй, гэвч ээж биднийг сайн хүмүүс болгохоор шийдсэн нь миний амьдралын зам мөрийг өөрчиллөө” гэж боджээ.

Тийнхүү энэ нь Бэний амьдралд үнэхээр агуу өөрчлөлт авчирсан аж. Тэр долдугаар ангид орохдоо сурлагаараа ангидаа толгой цохидог болов. Тэр Иелийн Их Сургуульд тэтгэлгээр сурч, дараа нь Жонс Хопкинсийн анагаах ухааны сургуулийг төгсөж, 33-тайдаа уг сургуулийн Хүүхдийн мэдрэлийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, дэлхийд нэрд гарсан мэс засалч болжээ. Тэр ийм амжилтад хэрхэн хүрсэн юм бол? Энэ нь амьдралдаа олон сайн сайхан зүйлээр дутагдсан сайхь эмэгтэй эх хүний дуудлагаа эрхэмлэн биелүүлснээс ихээхэн хамааралтай юм.1

Судруудад эцэг эхчүүдийн үүргийн талаар “наманчлалын сургаал, амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл хийгээд баптисм хүртээх мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг” (С ба Г 68:25) хүүхдүүддээ заах нь тэдний үүрэг мөн гэж заасан байдаг.

Бишоп болон Ням гаргийн анги, Залуу эмэгтэйчүүдийн эсвэл Залуу эрэгтэйчүүдийн бүлэг биш харин эцэг эхчүүд бид үр хүүхдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш нар, үлгэр жишээ байх ёстой. Хүүхдүүдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш нарын хувьд бид тэдэнд Цагаатгалын хүч хийгээд үнэн бодит байдал, тэдний хэн болох хийгээд бурханлаг хувь тавилангийнх нь тухай зааж чадна. Ингэснээр дээр нь барьж босгох бат бөх суурийг бид тэдэнд тавьж өгөх болно. Эцсийн эцэст гэр орон бол Есүс Христийн сайн мэдээг заах төгс тохиромжтой орчин юм.

Жил орчмын өмнө би Ливаны Бейрутэд томилолтоор очоод 12 настай Сара охины талаар мэдсэн юм. Эцэг эх мөн хоёр ах нь Румынд Сүмд хөрвөсөн ч Сараг дөнгөж 7 настай байхад тэд эх орон руугаа буцах шаардлагатай болжээ. Эх оронд нь Сүм байсангүй, сүмийн нэгжүүд зохион байгуулагдаагүй, Ням гаргийн анги эсвээс Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөр байсангүй. Таван жилийн дараа энэ гэр бүл Бейрутэд нэг салбар байгааг олж мэдээд, намайг тэнд очихоос өмнөхөн 12 настай охин Сарагаа баптисм хүртэг хэмээн хоёр ахтай нь хамт уг салбар руу явуулсан байжээ. Би тэнд байхдаа авралын төлөвлөгөөний талаар онцгой цугларалт зохион байгуулсан. Сара олон удаа гараа өргөж, асуултуудад хариулж байлаа.

Би Сараг сүмтэй бараг холбоогүй шахам байдгийг мэдээд цуглааны дараа түүн рүү хүрч очин, “Сара, чи тэдгээр асуултын хариултыг яаж мэдсэн юм бэ?” гэж асуув. “Ээж надад заасан” гэж тэр шууд хариуллаа. Тэд Сүм байхгүй орчинд сайн мэдээг гэр орондоо судалсан ажээ. Ээж нь түүний хувьд сайн мэдээний хамгийн чухал багш байв.

Инос хэлэхдээ, “Мөнх амьдрал бас гэгээнтнүүдийн баяслын талаар эцгийнхээ ярьж байсныг олонтаа сонссон тэр үгс зүрх сэтгэлд минь гүнзгий шингэсэн байв” (Инос 1:3) гэжээ. Иносын сайн мэдээний хамгийн чухал багш хэн байсан нь эргэлзээгүй юм.

Аав минь задгай зуухны дэргэд тухтай нь аргагүй суугаад эсвэл хэвтээд судрууд болон бусад сайн номуудыг уншихад би дэргэд нь суудаг байснаа санадаг. Аав судрын болон Шекспирийн зохиолын эшлэлүүдээс гадна сурч мэдэх, чээжлэх хэрэгтэй шинэ үгс бүхий картуудыг цамцныхаа халаасанд хадгалж явдаг байсныг, мөн хоолны үеэр сайн мэдээний асуулт, ярилцлага өрнүүлдэг байсныг би бас санаж байна. Өндөр настай хүмүүстэй уулзахаар очихдоо аав намайг олон удаа дагуулж явсныг би санаж байна. Аав бид хоёр тэгж явахдаа хэн нэгэнд мөхөөлдөс авахаар эсвэл өөр хэн нэгэнд тахианы махан зууш авахаар зогсдог байснаа, мөн салах ёс гүйцэтгэж гар барихдаа тусламж хэрэгтэй байгааг нь мэдсэн хэн нэгэнд дугтуйтай мөнгө гардуулдаг байсныг би санадаг. Аавтайгаа адилхан байх хүслээ, тэрхүү сайхан мэдрэмжээ би санадаг.

90 орчим настай ээж минь дундын өмчлөлийн сууцныхаа гал тогооны өрөөнд хоол хийгээд хийсэн хоолоо царан дээр тавиад гардаг байсныг би санаж байна. Хаашаа явах нь вэ? гэж намайг асуухад ээж, “Аа, би өндөр настнуудад хоол аваачиж өгөх гэсэн юм” гэж хариулдагсан. “Ээж минь, та өөрөө өндөр настай шүү дээ” гэж би дотроо боддог байлаа. Миний сайн мэдээний хамгийн чухал багш байсан аав, ээж хоёртоо би хэзээ ч хангалттай талархал илэрхийлж чадахгүй юм.

Эцэг эхчүүд бидний хийж чадах хамгийн утга учиртай зүйлсийн нэг нь хүүхдүүддээ зөвхөн залбирлын хэвшмэл загварыг биш, харин түүний хүчийг заах явдал юм. Би 17 орчим настай байхдаа орныхоо дэргэд өвдөг сөгдөн, үдшийн залбирлаа хэлж билээ. Ээж надад мэдэгдэлгүй хаалганы цаана зогсож байгаад намайг залбирч дуусахад “Tэд ээ, чи сайн эхнэр олоход өөртөө туслахыг Их Эзэнээс гуйв уу?” гэж асуув.

Ээжийнхээ асуултад би хэчнээн их гайхсан гээч. Энэ бол миний санаанд огт ороогүй зүйл байв. Би зөвхөн сагсан бөмбөг, хичээл сургуулийнхаа талаар л боддог байлаа. Тиймээс намайг “Үгүй ээ, үгүй” гэж хариулахад ээж, “Гэхдээ, хүү минь, ингэж гуйх хэрэгтэй; энэ чинь чиний амьдралдаа гаргах ёстой хамгийн чухал шийдвэр байх болно” гэж билээ. Эдгээр үг миний зүрх сэтгэлд гүнзгий нөлөөлсөн учраас би дараачийн зургаан жилийн турш сайн эхнэр олоход туслахыг Бурханаас гуйн залбирсан юм. Тийм ээ, Тэр миний залбиралд үнэхээр хариулсан!

Эцэг эхчүүд бид үр хүүхдэдээ мөнхийн үр дагавартай зүйлсийн талаар залбирахыг--ороо бусгаа энэ дэлхийд ёс суртахууны хувьд цэвэр ариун, дуулгавартай байх, зөв зүйлийг хамгаалах зоригтой байх хүч чадлын төлөө хэрхэн залбирахыг зааж чадна.

Манай өсвөр үеийнхний олонх нь үдшийн залбирал хийдэг гэдэгт эргэлзэх хэрэггүй ч тэднээс олон нь өглөө бүр хувиараа залбирдаг хэвшилтэй болох гэж зүдэрдэг байж магадгүй. Бид эцэг эхчүүдийн хувьд, мөн тэдний сайн мэдээний хамгийн чухал багш нарын хувьд энэ асуудлыг залруулж чадна. Мормоны Номын үед ямар эцэг эхчүүд хөвгүүдээ яггүй хүчтэй дайсны дайралтаас хамгаалах цээжний хуяг, бамбай, илдгүйгээр тулааны талбар руу явахыг зөвшөөрдөг байсан бол? Гэтэл биднээс хэчнээн олон нь хүүхдүүдээ Сатан болон түүний тоо томшгүй уруу таталттай нүүр тулгарах хамгийн аюултай тулалдааны талбар руу залбирлын хамгаалах хүчнээс ирдэг сүнсний хуяг, бамбай, илдгүйгээр гэрээсээ өглөө бүр гарч явахыг зөвшөөрдөг бол? “Ямагт залбир,… чи Сатаныг ялж гарахын тулд” (С ба Г 10:5) хэмээн Их Эзэн хэлсэн юм. Эцэг эхчүүд бид хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлд өглөө бүр залбирдаг хэвшлийг мөн түүнээс ирдэг хүч чадлыг төлөвшүүлэхэд тусалж чадна.

Бид бас хүүхдүүддээ цаг заваа хэрхэн ухаалаг ашиглахыг зааж чадна. Бид зарим үед хүүхдүүдээ хайраар, мөн Соня Карсон шиг хатуу чанд шийдвэр гарган, олон тохиолдолд тэдний амьдралд дангаараа ноёрхох болсон телевиз болон бусад электрон хэрэгслээр зугаацан өнгөрүүлдэг цагийг нь хязгаарлах хэрэгтэй. Бид үүний оронд сайн мэдээн дээр төвлөрсөн илүү үр өгөөжтэй үйл ажиллагаануудад хүүхдүүдийнхээ цаг завыг чиглүүлэх хэрэгтэй байж магад. Тэд эхлээд дургүйцэн, гомдоллож болох ч бид Соня Карсон шиг алсын хараатай байж, шаргуу үргэлжлүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд маань хэзээ нэгэн цагт бидний хийсэн зүйлийг ойлгож, түүнд талархах болно. Бид үүнийг хийхгүй юм бол өөр хэн хийх юм бэ?

Бид бүгд үр хүүхдийнхээ төлөө өөрсдийн хамгийн шилдэг сүнслэг, оюунлаг болоод бүтээлч хүч чармайлтыг зориулдаг уу? Эсвэл бид байгаа бүхнээ Сүмийн дуудлагадаа эсвэл ажил мэргэжилдээ зориулсны дараа үлдсэн цаг, авьяас чадвараа тэдэнд зориулдаг уу? гэсэн асуултыг өөрөөсөө асууж болно. Ирэх амьдралд бишоп эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч гэхчилэн албан тушаал байх эсэхийг би мэдэхгүй, харин эхнэр, нөхөр, эцэг, эх гэсэн нэр эцэс төгсгөлгүй олон дэлхийд үргэлжлэн оршиж, хүндэтгэл хүлээсэн хэвээр байх болно гэдгийг мэднэ. Энэ нь дэлхий дээрх эцэг эхчүүд бид, эцэг эхийнхээ үүрэг хариуцлагад хүндэтгэлтэй хандах нь туйлын чухал болохын нэг шалтгаан юм. Тиймээс бид ирэх амьдрал дахь энэхүү илүү агуу хэрнээ одоогийнхтой адил үүрэг хариуцлагадаа бэлтгэж чадна.

Эцэг эхчүүд бид Бурхан хэзээ ч биднийг ганцаардуулан орхихгүй гэсэн бат итгэлээр үргэлжлүүлж болно. Бурхан тэнгэрлэг тусламж санал болгохгүйгээр бидэнд хэзээ ч үүрэг хариуцлага ноогдуулдаггүй гэдгийг би гэрчилж байна. Бид эцэг эхийнхээ хувьд бурханлаг үүрэг хариуцлагаа ухамсарлан, Бурхантай хамтран ажиллаж, үр хүүхдэдээ сайн мэдээний хамгийн чухал багш нар, хамгийн сайн үлгэр жишээ нь байх болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Эшлэл

  1. Бэн.Карсон, Gifted Hands: The Ben Carson Story (1990)-ыг үзнэ үү.