2010–2019
“Тийм ээ, Их Эзэн минь, би Таныг дагах болно”
Аравдугаар сар 2014


“Тийм ээ, Их Эзэн минь, би Таныг дагах болно”

Их Эзэн “Над уруу ир,” “Намайг дага,” “Надтай хамт алх” зэрэг үгсийг ашиглан, биднийг урьдаг. Нөхцөл байдал бүрд энэ нь үйлдэхийг хүссэн урилга байдаг юм.

“Учир нь болгоогтун, Их Эзэн бүх үндэстнүүдэд, өөрийн үгийг, тийм ээ, мэргэн ухаанаар, заах заримыг тэдний өөрсдийнх нь үндэстгэн хийгээд хэлтнээс өгдөг болой.”1 Надад эх хэл дээрээ мэдрэмжээ хуваалцах энэхүү боломж олдсоноор энэ судар өнөөдөр дахин биеллээ олж байна.

Би 1975 онд Уругвай Парагвай номлолд залуу номлогчоор үйлчилж байлаа. Номлолын эхний сард маань бүсийн удирдагчид сайн мэдээний зарчмуудыг харуулах үйл ажиллагааг зохион байгуулж билээ. Бүсийн номлогч бүрийн нүдийг боогоод, соёлын танхим руу хөтлөх замаар явах ёстой гэж хэлэв. Бид алхаж эхлэхээсээ өмнө удирдагчийнхаа дуу хоолойг сонсоод, дараа нь түүнийг дагах ёстой байсан юм. Гэсэн ч аяллын туршид биднийг будлиулж, замаас минь хазайлгахад хүргэх хэд хэдэн дуу хоолой бас бидэнд сонсдох болно гэж хэлэв.

Би дуу хоолойнуудыг сонссоны дараа тэр дундаас “Намайг дага” хэмээн хэлэх нэгэн дуу хоолойг дагахдаа зөв хоолойг дагаж байгаа гэдэгтээ итгэлтэй байлаа. Бид ариун ёслолын танхимын дэргэдэх соёлын танхимд ирэхэд, биднээс нүднийхээ боолтыг авахыг хүслээ. Би нүдний боолтоо тайлсныхаа дараа хоёр бүлэг байгааг, мөн би буруу дуу хоолойг дагасан бүлэг дотор зогсож байгаагаа харав. Би гайхан, “яахын аргагүй зөв хоолой шиг л сонсогдсон доо” гэж өөртөө хэлж билээ.

39 жилийн өмнөх энэхүү туршлага надад гүн нөлөөлсөн тул би “дахин хэзээ ч буруу дуу хоолойг дагахгүй” гэж өөртөө амлаад, “Тийм ээ, Их Эзэн минь, би Таныг дагах болно” гэж хэлсэн юм.

Би энэ туршлагыг Аврагчийн бидэнд өгдөг хайраар дүүрэн урилгатай холбомоор байна:

“Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэднэ. …

“Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм.”2

“Түүнийг дага” хэмээх урилга нь бидний хүлээн авч болох хамгийн энгийн, шулуун шударга мөн хүчирхэг урилга билээ. Энэ нь андуурч боломгүй тодорхой дуу хоолойноос ирдэг.

Их Эзэн “Над уруу ир,” “Намайг дага,” “Надтай хамт алх” зэрэг үгсийг ашиглан, биднийг урьдаг. Нөхцөл байдал бүрд энэ нь зүгээр ч нэг урилга бус, үйлдэхийг хүссэн урилга байдаг юм. Бошиглогчдын Бошиглогч, багш нарын Багш, Бурханы Хүү, Мессиа бүх хүн төрөлхтөнд энэхүү урилгыг өгсөн билээ.

“Над уруу ир” хэмээх урилга

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир.”3

Сүмийн гишүүн бус хүмүүс ээ, та нар “Та Мормоны Номыг унших уу? Та залбирах уу? Та сүмд ирэх үү? Та Есүс Христийн үлгэр жишээг дагаж, эрх мэдэлтэй хүмүүсээр баптисм хүрэх үү?”4 гэж асуух номлогчдын дуу хоолойгоор дамжуулан энэ урилгыг хүлээн авах болно. Та өнөөдөр энэ урилгад хэрхэн хариулах вэ?5

Би та нарыг энэхүү урилгыг хүлээж аван, “Тийм ээ, Их Эзэн минь, би Таныг дагах болно!” гэж хариулаасай хэмээн урьж байна.

Уругвай улсын Минасын Карлос Бадиола болон түүний гэр бүлийнхэн номлогчидтой уулзаж байв. Ахлагчид хичээлүүд дээрээ маш олон асуулт асуудаг байсан учраас тэд хөрш айлынхаа гишүүн бус үзэсгэлэнт 14 настай охин Нормаг туслуулахаар урьжээ. Норма тэр жил Библээс суралцаж байсан ба үнэхээр сайн сурагч байлаа. Тиймээс номлогчдыг асуулт асуухад Норма хариулдаг байсан бөгөөд тэр бол “алтан сонирхогч” байв. Тэр өдрийн хичээл нь Мэргэн ухааны үгийн талаар байжээ.

Тэр номлогчдоор хичээл заалгасныхаа дараа гэртээ ирээд, юу хийх хэрэгтэйгээ мэджээ. Тэрээр ээждээ “Ээж ээ, одооноос надад сүүтэй кофе битгий өгөөрэй. Зүгээр л сүү ууя” гэж хэлэв. Энэхүү хариулт нь номлогчдын өгсөн Христийг дагах урилгыг хүлээн авах түүний хүслийг тод илэрхийлж байлаа.

Карлос Бадиола, Норма хоёр хоёулаа баптисм хүртсэн юм. Хожим нь Нормагийн ээж, аав, ах, дүү нар түүний үлгэр жишээг даган баптисм хүртжээ. Норма бид хоёр жижиг боловч хүчирхэг салбарт хамтдаа өсөж, том болцгоосон бөгөөд хожим нь намайг номлолоосоо ирсний дараа бид гэрлэсэн юм. Түүнтэй хамт байхад Аврагчийг дагахад илүү хялбар байдгийг би үргэлж мэддэг байлаа.

Энэхүү урилгыг хүлээн авсан Сүмийн гишүүн ариун ёслолоос хүртсэнээрээ долоо хоног бүр амлалтаа шинэчилдэг.6 Амлалтын нэг хэсэг нь бусадтай харьцахдаа шударга байж, зарлигуудыг дагах байдаг бөгөөд энэ бүгдийг хийснээр “Тийм ээ, Их Эзэн минь, би Таныг дагах болно!”7 гэж тэд хэлдэг.

“Намайг дага” хэмээх урилга

Их Эзэн “Намайг дага” хэмээх урилгыг залуу баян захирагчид өгсөн юм. Баян эр амьдралынхаа туршид зарлигуудыг дагадаг байжээ. Тэр өөр юу хийх хэрэгтэйгээ асуухдаа “Ирээд, Намайг дага”8 хэмээх тодорхой урилгатай хамт хариултаа хүлээн авсан юм. Урилга нь энгийн байсан ч гэсэн, золиослол шаардаж байлаа. Мөн энэ нь шийдвэр, үйлдлээс гадна хичээл зүтгэлийг шаардаж байв.

Бошиглогч Нифай: “Мөн [Есүс] хүмүүний үрст: Та нар намайг дагагтун хэмээсэн бөлгөө. Иймийн тул, хайрт ах дүү нар минь, бид Эцэгийн зарлигуудыг сахихдаа бэлэн байхаас бусдаар бид Есүсийг дагаж чадах уу?”9 гэсэн асуултаар өөрсдийгөө шалгахад урьжээ:

Түүний дуу хоолойг сонсож, дагах “Түүн рүү ир” хэмээх урилга нь эхнээсээ номлогчдын захиас байсан бөгөөд олон хүнд амьдралаа сайжруулан өөрчлөхөд тусалсан юм.

Тавин жилийн өмнө номлогчид аавын маань цаг засварын мухлагт цагаа засуулахаар ирж билээ. Сайн номлогчдын л адил тэд аав, ээжтэй маань сайн мэдээний тухай ярилцах боломжийг алдаагүй юм. Аав номлогчдыг, ээж Христийг дагах захиас, урилгыг хүлээн авсан бөгөөд тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ээж маань сүмийн итгэлтэй гишүүн хэвээрээ байна. Тэр “Тийм ээ, Их Эзэн минь, би Таныг дагах болно!” гэж хэлсэн юм.

Та нар Түүнд ирэхээр хичээхдээ бие махбод ба сүнсний аль алиных нь ачаа дарамтаас чөлөөлөх хүчийг олж аван, илүү аз жаргалтай байхад тань туслах дотоод өөрчлөлтийг мэдрэх болно.

“Надтай хамт алх” хэмээх урилга

Инох хэцүү бөгөөд хатуу зүрх сэтгэлтэй хүмүүст сайн мэдээг номлохоор дуудагдсан юм. Тэр өөрийгөө үүнд бэлтгэгдсэн гэж бодохгүй байлаа. Тэр үүнийг хийж чадах эсэхдээ ч эргэлзэж байв. Их Эзэн эргэлзээг нь арилган, “Надтай хамт алх” хэмээн урьж, түүний итгэлийг хүчирхэгжүүлсэн юм. Энэхүү урилга нь хараагүй хүний хувьд таяг нь юм шиг, эсвэл найз нөхрийнх нь гар мэт байж, алхаж ядан байгаа хүмүүсийг чиглүүлэн удирддаг. Инох Аврагчийн гараас атгаж, Түүнтэй хамт алхсанаар өөрийнх нь хөл чангарч буйг мэдэрч, агуу номлогч, бас бошиглогч болсон билээ.10

“Надад ир,” мөн “Намайг дага” гэдэг нь хувийн шийдвэр юм. Бид энэ урилгыг хүлээн авснаар илүү шийдвэр төгс болж, “Түүнтэй хамт алхаж” чаддаг. Бид энэхүү түвшинд эхний урилгыг хүлээн авсны үр дүнд Аврагчтай илүү ойрхон харилцаатай болдог.

Норма бид хоёр “Над уруу ир” мөн “Намайг дага” хэмээх урилгыг хувь хувьдаа хүлээн авсан бөгөөд дараа нь хамтдаа нэг нэгнээ дэмжиж, Түүнтэй хамт алхаж сурсан.

Түүнийг эрэлхийлж, дагах хичээл зүтгэл, шийдэмгий байдлынхаа үр дүнд бид шаардлагатай адислалуудаараа шагнагдах болно.

Энэ бол агуу хичээл зүтгэлээр Аврагчийн хувцасны хормойд хүрсэн эмэгтэйн11 жишээ, мөн шийдэмгий байдал нь амьдрал дахь гайхамшгийнх нь түлхүүр болсон хараагүй эр Бартимаиусын12 жишээ юм. Энэ хоёр тохиолдолд бие махбод ба сүнсний аль аль нь эдгэрсэн билээ.

Түүний хувцасны хормойд гараа сунган хүргэж, урилгыг нь хүлээн аваад, “Тийм ээ, Их Эзэн минь, би Таныг дагах болно!” гэж хэлцгээ. Тэгээд Түүнтэй хамт алхацгаа.

“Над уруу ир,” “Намайг дага,” “Надтай хамт алх” гэдэг нь хүлээн авсан хүмүүсийн хувьд амьдралыг нь өөрчилж, “[надад] хилэнцтийг хийх хүслийг үгүй болж, харин үргэлж сайныг хийх”13 хүсэл байна гэж хэлэхэд хүргэх дотоод сэтгэлийн өөрчлөх хүч бүхий урилга юм.

Энэхүү өөрчлөлтийн үр дүнд та эргэн тойрныхоо хүмүүсийн “сул доройчуудад тусал[ж], доош унжсан гарнуудыг өргө[н], сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгох”14 хүчтэй хүслийг мэдрэх болно.

Бид “Түүнтэй хамт алхахын” тулд ямар алхмуудыг өнөөдөр хийх хэрэгтэй вэ?

  1. Христийн илүү сайн дагалдагч болох хүсэлтэй бай.15

  2. Түүнд итгэх итгэл тань өсөж болохын тулд энэ хүслийнхээ төлөө залбир.16

  3. Замыг тань гэрэлтүүлж, өөрчлөгдөх хүслийг тань хүчирхэгжүүлэх мэдлэгийг судруудаас эрэлхийл.17

  4. “Тийм ээ, Их Эзэн минь, би Таныг дагах болно!” хэмээн хэлж, үйлдэх шийдвэрийг яг одоо гарга. Үнэнийг мэдсэн ч үүнийгээ үйлдэл болгохгүй бол таны ертөнц өөрчлөгдөхгүй.18

  5. Эдгээр зарчмыг өдөр бүр хэрэгжүүлснээр шийдвэртээ үнэнч бай.19

Бидний хайрт бошиглогч Томас С.Монсоны үгс Аврагчийн урилгыг хүлээн авах таны хүслийг үйлдэл болгоход урамшуулах болтугай. Ерөнхийлөгч Монсон: “Зовлонд автагдсан уй гашууны Хүн хэн бэ? Сүр жавхлангийн Хаан, түмэн цэргийн Эзэн хэн бэ? Тэр бол бидний Багш бөгөөд бидний Аврагч. Тэр бол Бурханы Хүү. Мөн Тэр бол Авралын маань Бурхан юм. Тэрээр ‘Намайг дага’ хэмээн биднийг дууддаг. Тэрээр ‘Явж, үүний адил үйлдэгтүн’ хэмээн зааварладаг. Тэрээр ‘Миний тушаалуудыг сахь’ хэмээн биднээс хүсдэг”20гэж хэлсэн.

Бид шүтэн биширч, Бурханд амлалт өгөх түвшингээ ахиулах шийдвэрийг гарган, Түүний урилгад тод бөгөөд чангаар “Тийм ээ, Эзэн минь, би Таныг дагах болно!”21 хэмээн хариулах болтугай. Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр, амен.