Ерөнхий чуулган
Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт

Энэхүү чуулганы цаг хугацаанд Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан өгөх захиасан дээр найрлахыг би та бүгдээс хүсэж байна.

Хайрт ах, эгч нар аа, Ерөнхий чуулгандаа тавтай морил. Та нартай хамт байх үнэхээр сайхан байна. Өнгөрсөн зургаан сарын туршид та нар бодол санаанаас минь гарахгүй байлаа. Би та нарын талаар болон та нарын төлөө залбирсан. Сүүлийн хэдэн долоо хоногт би энэхүү чуулган нь тэдгээр адислалыг эрэлхийлсэн бүх хүнд илчлэлт авах, эргэцүүлэн бодохыг эрэлхийлсэн цаг мөч байхын төлөө хичээн залбирсан.

Бид Чуулганы төвөөс та нарт хандан дахин ярьж байгаадаа баяртай байна. Ихэнх суудал хоосон байгаа ч Табэрнэклын найрал дууны зарим дуучин бидэнтэй хамт байгаа нь алхам урагшилсан сайхан явдал юм. Бараг бүхэлдээ онлайнаар явагдах энэхүү чуулганд та бүхэн байгаа байгаа газраасаа тавтай морилно уу.

Бид Ковид-19 болон үүний янз бүрийн хувилбарын хор нөлөөтэй тэмцсээр байна. Бидний зөвлөгөөг мөн эрүүл мэндийн салбарын болон оршин суугаа газрынхаа засгийн газрын зөвлөмжүүдийг мөрдөж байгаад бид талархаж байна.

Бид Ерөнхий чуулган бүрийг Их Эзэний зааснаар хуралдуулдаг. 1 Он жил өнгөрөх тусам чуулган явуулах хэлбэр өөрчлөгдсөөр ирсэн. Намайг залуу байхад Ерөнхий чуулган гурав юм уу дөрвөн өдөр үргэлжилдэг байлаа. Сүүлд нь хоёр өдөр болж богиноссон. Үе үеийн Ерөнхий чуулганы захиас бүрийг чин сэтгэлээсээ залбирч, маш их сүнслэг бэлтгэл хийсний үр дүнд хүргэдэг.

Ерөнхий эрх мэдэлтнүүд болон Сүмийн ерөнхий албан тушаалтнуудын өгөх захиас бидний Аврагч, Есүс Христ, Түүний нигүүлсэл, Түүний хязгааргүй гэтэлгэгч хүчинд төвлөрөх болно. Дэлхийн түүхэн цаг үеүдээс өнөө үед Аврагчийн тухай мэдлэг бодгаль бүрд зайлшгүй хэрэгтэй байна. Бид бүгдээрээ Есүс Христийг болон Түүний сургаалыг дагахыг сонговол, дэлхий даяар хохирол сүйрэл дагуулдаг сөргөлдөөнүүд болон хувь хүний амьдрал дахь асуудлууд ямар хурдан шийдэгдэж болохыг төсөөлөөд үз дээ.

Энэ бодлын хүрээнд би та бүгдийг энэхүү чуулганаар цэвэр үнэнийг болон Христийн цэвэр сургаал, цэвэр илчлэлтийг олж сонсоход урьж байна. Зарим хүн эргэлздэг ч зөв, буруу гэж үнэхээр байдаг. Туйлын үнэн буюу мөнхийн үнэн гэж үнэхээр байдаг. Хүмүүсийн дийлэнх нь үнэнийг хаанаас эрэлхийлэхээ мэдэхгүй байгаа нь бас нэгэн тахал болоод байна. 2 Өнөөдөр, маргааш та бүгдийн сонсох зүйл цэвэр үнэн гэдгийг би баталж байна.

Христийн цэвэр сургаал бол хүчирхэг. Үүнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг эрэлхийлдэг хүн бүрийн амьдрал өөрчлөгддөг. Христийн сургаал нь гэрээний замыг олж, замаасаа хазайхгүй байхад тусалдаг. Энэхүү нарийн боловч сайн тэмдэглэгдсэн замаар явбал эцэст нь Бурханд байгаа бүхнийг авах эрхтэй болно. 3 Эцэгт байгаа бүхнээс илүү үнэ цэнтэй зүйл гэж үгүй!

Эцэст нь хэлэхэд, зүрх сэтгэлдээ байгаа асуултууддаа цэвэр илчлэлт хүлээн авах нь энэ чуулганыг үнэ цэнтэй бөгөөд мартагдашгүй болгох болно. Энэ хоёр өдөрт Их Эзэний таныг сонсоосой хэмээн бэлдсэн зүйлсийг сонсохын тулд Ариун Сүнсний тохинууллыг та хараахан эрэлхийлээгүй байгаа бол одоо эрэлхийлэхэд би уриалж байна. Энэхүү чуулганы цаг хугацаанд Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан өгөх захиасан дээр найрлахыг би та бүгдээс хүсэж байна. Эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж сураарай.

Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм. Бид Түүний гэрээт хүмүүс. Их Эзэн Өөрийн ажлыг цаг хугацаанд нь яаравчлуулна 4 хэмээн тунхагласан бөгөөд өдрөөс өдөрт яаравчлуулсаар байна. Бид Түүний ариун ажилд оролцох аз завшаантай хүмүүс билээ.

Илүү их гэрэл, мэдлэг, үнэнийг эрэлхийлж буй бүх хүнд би адислалаа үлдээе. Би та нарт хайртай гэдгээ Есүс Христийн ариун нэрээр илэрхийлж байна, амен.