Ерөнхий чуулган
Түүхээ бичихдээ Христийг урь
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Түүхээ бичихдээ Христийг урь

Өгүүллээ итгэл дүүрэн байлгаж, өөрийн Жишээ үзүүлэгч, Аврагч Есүс Христийг дага.

Би өөртөө хандсан хэдэн асуултаар хэлэх үгээ эхэлье.

  • Та амьдралдаа ямархуу маягийн хувийн түүх бичиж байна вэ?

  • Таны дүрсэлдэг зам шулуун уу?

  • Таны түүх эхэлсэн газраа буюу тэнгэрлэг гэртээ эргэн ирж төгсдөг үү?

  • Таны түүхэд үлгэр жишээ болохуйц хүн гардаг уу? Тэр нь Аврагч Есүс Христ мөн үү?

Аврагч бол “итгэлийг маань Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч” 1 гэдгийг би гэрчилж байна. Та Түүнийг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болгохоор урих уу?

Тэр төгсгөлөөс эхлэл хүртэл мэднэ. Тэр бол тэнгэр, газрын Бүтээгч юм. Тэр биднийг Өөрт нь болон Тэнгэрлэг Эцэгтээ гэртээ эргэн ирээсэй хэмээн хүсдэг. Тэр бидэнд хэрэгтэй бүхнийг хийсэн бөгөөд биднийг амжилттай байгаасай хэмээн хүсдэг.

Түүхээ Түүн рүү хандуулахад бидэнд юу саад болдог гэж та бодож байна вэ?

Өөрийгөө дүгнэхэд энэ жишээ тус болж болох юм.

Сайн өмгөөлөгч хөндлөнгийн шалгалтын үеэр таныг хариултыг нь мэдэхгүй асуултаа гэрчид барагтай бол тавихгүй гэдгийг мэдэж байдаг. Ийм асуултын хариуд та өөрөө төдийгүй шүүгч, шүүхийн иргэдийн төлөөлөгч таны мэдэхгүй зүйлийг сонсох болно. Та магадгүй таныг цочирдуулсан мөн хэрэгт зориулж боловсруулсан өгүүлэмжтэй тань зөрчилдсөн хариултыг авч болох юм.

Өмгөөлөгчийн хувьд хариултыг нь мэдэхгүй асуултаа гэрчээс асуух нь ухаалаг бус хэдий ч бидний хувьд харин ч эсрэгээрээ. Бид нигүүлсэнгүй Аврагчийнхаа нэрээр хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтээ асуулт тавьж болох бөгөөд бидний асуултад хариулдаг гэрч бол үргэлж үнэнийг гэрчилдэг Ариун Сүнс юм. 2 Ариун Сүнс нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой төгс эв нэгдэлтэй хамтран ажилладаг учраас Ариун Сүнсний илэрхийлэл найдвартай гэдгийг бид мэднэ. Тэгвэл бид яагаад заримдаа Ариун Сүнсээр бидэнд илэрхийлэгддэг ийм тэнгэрлэг тусламж буюу үнэнийг гуйхдаа эргэлздэг вэ? Уг гэрч нь зөвхөн нөхөрсөг төдийгүй үргэлж үнэнийг хэлдэг байхад бид хариултыг нь мэдэхгүй асуулт тавихдаа яагаад хойш суудаг вэ?

Хүлээн авч магадгүй хариултаа хүлээн зөвшөөрөхөд бидэнд итгэл дутаж байж ч болох юм. Магадгүй бидний доторх эгэл эрэгтэй эсвэл эмэгтэй аливааг Их Эзэнд бүрэн хандуулж, Түүнд бүрэн дүүрэн итгэхдээ эргэлзэж байж ч болох юм. Тиймээс бид Мастер Зохиогчийн засварлаагүй, өөрсдөдөө зориулан бичсэн аятайхан хувилбар бүхий түүхийг дагахаар сонгосон байж ч магадгүй. Бидний өөрсдөдөө зориулан бичиж буй түүхэд тийм ч сайн нийцэхгүй хариулт авахгүйн төлөө бид асуулт тавихыг хүсдэггүй.

Үнэндээ, биднээс цөөн хэд нь л өөрсдийг маань цэвэршүүлэх сорилт бэрхшээлийг бичиж буй түүхдээ нэмж оруулах байх. Гэхдээ бид уншсан түүхийнхээ гол дүрийн хувьд тэмцлээ даван туулж байгаа гайхалтай оргил үед дуртай байдаггүй гэж үү? Сорилт бэрхшээл бол бидний дуртай түүхүүдийг сэтгэл хөдөлгөм, мөнхийн, итгэл үнэмшилтэй, ярих дуртай болгодог бүрэлдэхүүн хэсэг юм. Бидний түүхэд бичигдэн ордог гайхалтай тэмцлүүд биднийг Аврагчтай улам адил болгож, Түүнтэй улам ойртуулж, цэвэршүүлдэг.

Давид хүү Голиатыг ялан дийлэхийн тулд аварга биетийг сөрөн зогсох ёстой болсон. Давид хонио хариулахаар буцаад явсан бол аятайхан түүх байх байв. Гэвч тэр арслан, баавгай зэргээс хургыг аварч байсан туршлагаа эргэцүүлэн бодсон юм. Энэ бүх баатарлаг үйлс түүнд Бурханаар өөрийн түүхийг бичүүлэх итгэл, зориг өгөн, тэрээр “Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна” 3 гэж тунхаглажээ. Бурханыг ялуулах хүсэлтэй, Ариун Сүнсийг сонсох чихтэй, Аврагчийг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болгоход бэлэн байснаар Давид хүү Голиатыг ялж, ард түмнээ аварсан.

Мэдээж, сонгох эрх чөлөөний эрхэм зарчим бидэнд өөрийн түүхийг бичих боломжийг олгодог бөгөөд Давид ч хонио хариулахаар гэртээ харьж болох байсан. Гэхдээ Есүс Христ биднийг Өөрийн мутар дахь бурханлаг зэмсэг, үзүүрлэсэн харандаа болгон ашиглаж, бүтээл туурвихад бэлэн байна! Хэрэв би Түүнийг зөвшөөрөх итгэлтэй байж, Түүнд өөрийнхөө түүхийн зохиогч байхыг зөвшөөрвөл Тэр намайг үзүүрлэсэн харандаа, Өөрийн мутар дахь зэмсэг болгон нигүүлсэнгүйгээр ашиглах болно.

Естерийн түүх бол Бурханыг амьдралдаа ялуулсан бас нэг гайхалтай жишээ юм. Өөрийгөө хамгаалж, аюулгүй байлгахад анхаарсан өгүүллийг баримтлахын оронд тэрээр итгэлээ ашиглан өөрийгөө Их Эзэнд бүрэн даатгажээ. Хаман Перс дэх бүх иудей хүнийг устгахаар төлөвлөж байв. Естерийн хамаатан Мордехаи энэ хуйвалдааны тухай мэдээд, Естерт захидал бичиж, ард түмнийхээ өмнөөс хаантай ярилцахыг ятгав. Хааныг дуудаагүй байхад явж очсон хүнд үхэх ял оноох болно гэдгийг Естер түүнд учирлажээ. Гэвч тэр асар их итгэл гарган, Мордехаигаас иудейчүүдийг цуглуулж, өөрийнх нь төлөө мацаг барихыг гуйв. “Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ” 4 хэмээн тэр хэлэв.

Мөнх бус нүдээр харахад, эмгэнэлтэй төгсөж болох байсан ч Естер өөрийнх нь түүхийг бичихийг Аврагчид зөвшөөрсөн юм. Аз болоход, хаан Естерийг хүлээн авснаар үл барам Перс дэх иудейчүүд ч аврагджээ.

Естерийн дайтай зоригийг биднээс бараг шаарддаггүй нь мэдээж боловч Бурханыг амьдралдаа ялуулж, түүхийнхээ эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болохыг Түүнд зөвшөөрөх нь Түүний зарлигуудыг болон Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахихыг биднээс шаарддаг. Зарлиг, гэрээнүүдээ сахиснаар бид Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээн авах харилцааны сувгийг нээдэг. Бид Сүнсний илэрхийлэлтээр дамжуулан бидэнтэй хамт бидний түүхийг бичилцэж буй Багшийн мутрыг мэдрэх болно.

2021 оны 4-р сард бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднээс, хэрэв бид Есүс Христэд илүү итгэлтэй бол юу хийж болох талаар бодож үзэхийг хүссэн. Бид Есүс Христэд илүү итгэлтэйгээр, хариултыг нь мэдэхгүй асуултаа тавьж, үнэнийг гэрчилдэг Ариун Сүнсээр дамжуулан хариулт илгээхийг Тэнгэрлэг Эцэгээс Есүс Христийн нэрээр гуйх болно. Хэрэв бид илүү итгэлтэй байсан бол асуулт тавьж, өгүүллээ аятайхан байлгахад нийцэхгүй байсан ч хүлээн авсан хариултдаа өөрсдийгөө нийцүүлэхэд бэлэн байх болно. Есүс Христэд итгэх итгэлээр үйлдсэнээр ирдэг амлагдсан адислал бол Түүнийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгчөө болгох итгэл маань нэмэгддэг явдал юм. Ерөнхийлөгч Нэлсон бид “илүү их итгэл шаардсан зүйлийг хийснээр илүү их итгэлтэй болдог” 5 хэмээн тунхаглан хэлсэн.

Тиймээс үргүйдлээс болж хүүхэдгүй байгаа хосууд өөрсдөдөө зориулж бичсэн өгүүлэлдээ гайхамшигтай төрөлтийг багтаасан ч хүүхэд үрчилж авах эсэх талаараа итгэлтэйгээр асууж, хариултыг нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн байж болох юм.

Ахмад хосууд өөрсдөдөө зориулж бичсэн өгүүлэлдээ, ажиллах илүү цагийг оруулсан боловч номлолд үйлчлэх, явахад бэлэн болсон эсэхээ асууж болох юм. Эсвэл “хараахан болоогүй” гэсэн хариулт авч магадгүй ч тэд яагаад гэртээ жаахан байх хэрэгтэй байснаа түүхийнхээ дараагийн бүлгүүдэд олж мэдэж болно.

Өсвөр насны залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэй спорт, эрдэм шинжилгээ, хөгжмийн аль нь илүү чухлыг итгэлтэйгээр асууж, төгс гэрч болох Ариун Сүнсний өдөөлтийг дагахад бэлэн байж болох юм.

Бид яагаад Аврагчийг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөгч байгаасай гэж хүсдэг вэ? Тэр бидний чадавхыг төгс мэддэг учраас биднийг хэзээ ч төсөөлж байгаагүй газар луу хөтлөх болно. Тэр биднийг Давид эсвэл Естер болгож магадгүй. Тэр биднийг дайчилж, Өөртэй нь илүү адил болгохын тулд цэвэршүүлэх болно. Илүү итгэлтэй үйлдсэнээр хүлээн авах зүйлс нь Есүс Христэд итгэх бидний итгэлийг өсгөх болно.

Ах, эгч нар аа, ердөө нэг жилийн өмнө бидний хайрт бошиглогч “Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихад та бэлэн үү?” 6 хэмээн асуусан. Би энэ бошиглолын асуулт дээр нэмээд, “Та Бурханыг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болгохыг зөвшөөрөх үү?” хэмээн даруухнаар асууж байна.

Илчлэл номоос бид үйлсийнхээ дагуу Бурханы өмнө зогсож, амьдралын номоос шүүгдэх болно гэдгийг мэдэж авдаг. 7

Бид өөрсдийн амьдралын номын дагуу шүүгдэх болно. Бид өөрсдөдөө зориулж аятайхан өгүүлэл бичихийг сонгож болно. Эсвэл бид Мастер Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгчид бидний түүхийг бидэнтэй хамт бичилцэхийг, Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихыг зөвшөөрч болно.

Христийг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болгогтун!

Ариун Сүнсийг өөрийнхөө гэрч болгогтун!

Явж буй зам тань шулуун, Бурханы дэргэд амьдрахуйц, таныг тэнгэрийн гэр лүү тань хөтлөх түүхийг бичээрэй.

Сайн түүх бүрийн нэг хэсэг болох бэрхшээл, зовлон зүдгүүрийг Есүс Христэд ойртох, Түүнтэй илүү адил болох хэрэгсэл болгоцгооё.

Тэнгэр нээлттэй байгааг ойлгуулсан түүхийг ярьж өгцгөөе. Бурхан Ариун Сүнсээр дамжуулан Өөрийн хүслийг танд мэдүүлэхийг хүсэж байгаа тул хариултыг нь мэдэхгүй байгаа асуултуудаа асуу.

Өөрийн өгүүллийг итгэл дүүрэн байлгаж, Жишээ үзүүлэгч, Аврагч Есүс Христийг дага. Есүс Христийн нэрээр, амен.