Ерөнхий чуулган
Аврагчийн хувиршгүй нинжин сэтгэл
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Аврагчийн хувиршгүй нинжин сэтгэл

Бусдыг өрөвдөх сэтгэлийн илэрхийлэл нь Есүс Христийн сайн мэдээний гол мөн чанар юм.

Аврагчийн дэлхий дээр тохинуулж байхдаа заасан хамгийн гайхалтай зарчмуудын нэг бол бусдад өрөвч нинжин сэтгэлээр хандах явдал байсан юм. Фарисай хүн болох Симоны гэрт очсон Есүсийн түүхийг авч үзсэнээр, энэхүү зарчмын тухай болон амьдралд хэрхэн хэрэглэгддэг талаар эргэцүүлэн бодоцгооё.

Есүсийг Симоны гэрт байхад орж ирсэн, нүгэлтэй хэмээн тооцогдож байсан нэгэн эмэгтэйн талаар Лукийн сайн мэдээнд өгүүлдэг. Уг эмэгтэй гэмшсэн уруу дорой байдалтай, Есүс дээр ирээд, нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тосолдог. 1 Өөрийгөө энэхүү эмэгтэйгээс ёс суртахууны хувьд илүү дээр гэж үзсэн ихэрхүү гэрийн эзэн дотроо шүүмжилсэн, бардам зангаар “Энэ хэрэв эш үзүүлэгч мөн юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учиртайсан” 2 гэж бодов.

Тэрхүү фарисай хүний ‘бусдаас илүү ариун’ гэх хандлага Есүсийг болон өнөөх эмэгтэйг буруугаар шүүмжлэхэд хүргэсэн. Гэвч бүхнийг мэддэг Аврагч Симоны бодлыг мэдэж, агуу мэргэн ухаанаар түүний ихэрхүү занг сөрөн, Өөр шиг нь онцгой зочныг гэртээ найрсгаар хүлээн аваагүйд түүнийг зэмлэсэн юм. Чухамдаа Есүсийн фарисай хүнийг шууд зэмлэсэн явдал Есүс үнэхээр бошиглолын бэлгийг эзэмшсэн гэдгийг мөн даруу, гэмшсэн зүрхтэй энэ эмэгтэй наманчилсан байсан төдийгүй нүгэл нь өршөөгдсөн гэдгийг гэрчилжээ. 3

Энэ түүх Есүсийн дэлхий дээрх тохинуулж байх үеийн бусад олон үйл явдлын адилаар Түүн рүү ирэх бүгдийг, ялангуяа Түүний тусламж хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүст Аврагч ямар ч ялгаварлалгүйгээр, өрөвч сэтгэлээр хандан үйлддэг байсан гэдгийг дахин харуулдаг. Эмэгтэйн Есүст үзүүлсэн гэмшил, сүсэг бишрэл бүхий хайр чин сэтгэлээсээ наманчилж байгаагийнх нь мөн нүглээсээ өршөөгдөхийг хүсэж буйн нотолгоо байв. Гэвч Симоны өөрийгөө бусдаас дээгүүр авч үзэх үзэл хатуу зүрх сэтгэлтэй нь нийлээд, 4 тэрхүү гэмшсэн сүнсийг ойлгоход саад болсон төдийгүй түүнийг дэлхийн Аврагчид хайхрамжгүй, хүндэтгэлгүй хандахад хүргэжээ. Түүний хандлагыг харахад, амьдралынх нь хэв маяг түүний дүрэм журмыг чанд хатуу, хоосон дагах явдлаас мөн бардамнал, хуурамч ариун байдлаар дамжуулан харагдсан итгэл үнэмшлийнх нь гадаад илрэлээс илүүгүй гэдэг нь илэрхий харагдсан. 5

Энэ түүхэн дээрх Есүсийн өрөвч нинжин, хувь хүн рүү чиглэсэн тохинуулал нь бидний хөрштэйгөө хэрхэн харьцах төгс загварыг харуулдаг. Судруудад Аврагч хэрхэн тухайн цаг үед амьдарч байсан хүмүүстэй гүн гүнзгий, хувиршгүй нинжин сэтгэлээр харьцаж, зовж шаналж байсан мөн “хоньчингүй хонь мэт хаягдан туйлдсан” тэдэнд тусалж байсан талаарх тоймгүй олон жишээг өгүүлдэг. 6 Тэр бие махбодын болон сүнслэг ачаа дарамтаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй байгаа хүмүүст нигүүлслийн мутраа сунгасан билээ. 7

Есүсийн өрөвч хандлага энэрэлд, тухайлбал Түүний цагаатгагч золиосны гол чанар болох Түүний цэвэр ариун, төгс хайранд үндэслэгддэг. 8 Өрөвч нинжин сэтгэл нь ариусалд хүрэхийг хичээгчдийн үндсэн мөн чанар бөгөөд энэхүү тэнгэрлэг мөн чанар нь гашуудах тэдний хамт гашуудах, бусдыг ойлгох, нигүүлсэнгүй, эелдэг байх зэрэг Христийн бусад шинж чанартай нягт холбогддог. 9 Чухамдаа бусдыг өрөвдөн хайрлах сэтгэлийн илэрхийлэл нь Есүс Христийн сайн мэдээний үндсэн мөн чанар бөгөөд Аврагчтай бид сүнслэг байдал болоод сэтгэл санааны хувьд ойр байгаагийн илэрхий нотолгоо юм. Цаашилбал, энэ нь бидний амьдралын хэв маягт нөлөөлж буй Түүний нөлөөллийн түвшнийг харуулж, бидний сүнсний хэр хэмжээг илэрхийлдэг.

Есүсийн өрөвч нигүүлсэнгүй үйлдэл тохиолдлын эсвэл гүйцэтгэх ёстой даалгавруудын жагсаалтад суурилсан үүргийн илрэл байгаагүй. Харин энэ нь Бурханыг мөн Түүний хүүхдүүдийг хайрлах Аврагчийн цэвэр хайрын, тэдэнд туслах хувиршгүй хүсэл эрмэлзлийнх нь бодит байдлын өдөр тутмын илрэл гэдгийг анзаарах нь ач холбогдолтой.

Есүс хүмүүсийн хэрэгцээг холоос ч таньж мэдэж чаддаг байсан. Тийм ч учраас Есүс нэгэн зуутын даргын зарцыг эдгээмэгцээ 10 Капернаумаас Найн хот руу явсан нь гайхаад байх зүйл биш билээ. Тэнд Есүс бэлэвсэн эмэгтэйн нас барсан ганц хүүд босоод амьдар хэмээн тушаахдаа, дэлхий дээрх тохинууллынхаа хамгийн элгэмсүү зөөлөн гайхамшгуудын нэгийг үйлдсэн юм. Есүс тэрхүү өрөвдөм эхийн гүн гүнзгий шаналлыг мэдрээд зогсохгүй, амьдралынх нь хүнд хэцүү нөхцөл байдлыг мэдэрч, түүнийг гэх чин үнэн өрөвч нинжин сэтгэлдээ Тэрээр хөтлөгдсөн. 11

Бидний эргэн тойронд нүгэлтэй эмэгтэй болох Найны бэлэвсэн эмэгтэйн адил олон хүн биднээр тайтгаруулж, анхаарал тавиулж, бидний нэг хэсэг байхыг мөн тэдэнд бидний санал болгох ямар ч тусламжийг хүлээн авахыг эрэлхийлсээр байна. Бид бүгд Их Эзэний мутарт зэмсэг болж чадахаас гадна тусламж хэрэгтэй байгаа хүмүүст Есүсийн адилаар өрөвч сэтгэлээр үйлдэж чадна.

Би маш ноцтой уруул, тагнайн сэтэрхийтэй төрсөн нэгэн бяцхан охиныг таньдаг. Тэр дөнгөж мэндэлснийхээ дараах хоёр дахь өдрөө олон цуврал хагалгааны анхны хагалгаанд орох ёстой болсон юм. Үүнтэй адил бэрхшээлийг туулсан хүмүүсийг гэх чин зүрхний өрөвч нинжин сэтгэлээс улбаалан, мөнөөх охин болон түүний эцэг эх энэхүү хүнд бодит байдалтай нүүр тулж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх, тэднийг ойлгох, сэтгэл санааны тусламж үзүүлэхийг эрмэлздэг. Тэд саяхан надад бичсэн бөгөөд ийн хуваалцсан юм. “Охинд маань тохиолдсон бэрхшээлээр дамжуулан тайтгарал, дэмжлэг, урам зориг хэрэгтэй байгаа гайхалтай хүмүүстэй уулзах боломж бидэнд тохиосон. Хэсэг хугацааны өмнө гэхэд л, одоо 11 настай охин маань ийм бэрхшээлтэй тулгарсан нэгэн нялх хүүхдийн эцэг эхтэй ярилцсан. Ярилцаж байхдаа охин маань цар тахлын улмаас зүүж байсан амны хаалтаа хэсэгхэн зуур тайлсан ба ингэснээр уг эцэг эх хэдий хүүхэд нь бэрхшээлээ шийдвэрлэхийн тулд дараагийн хэдэн жилийн турш их зүйл туулах шаардлагатай ч найдвар байгаа гэдгийг харах боломжтой байсан юм. Аврагч биднийг өрөвдөн энэрдэгтэй адил, зовж шаналж байгаа тэдэнд өрөвч нинжин сэтгэлээ харуулах боломж байсанд бид маш их талархаж байна. Биднийг өөр хэн нэгний өвдөлтийг хөнгөвчлөх бүрд өөрсдийн маань өвдөлт багасаж буй мэт санагддаг.”

Эрхэм найзууд аа, бид Аврагчийн үлгэрлэснээр, амьдралынхаа хэв маягт өрөвч сэтгэлийн хандлагыг зориуд нэвтрүүлэхийг хичээх үедээ хүмүүсийн хэрэгцээг илүү их мэдэрдэг болох болно. Ийнхүү мэдрэг байдал маань өсөхийн зэрэгцээ чин үнэн сонирхол ба хайр бидний үйлдэл бүрд нэвчин шингэнэ. Их Эзэн бидний хүчин чармайлтыг олж харж, хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөлрүүлэх, “доош унжсан гар[тай]” 12 тэдэнд туслах Түүний мутар дахь зэмсэг болох боломжуудаар биднийг адислах нь тодорхой.

Хайрт Тэнгэрлэг Эцэгийн маань биднийг ойлгох сэтгэл, нигүүлсэл бид бүгдийн төгс бус байдалд хэрэгтэй тул фарисай хүн болох Симоныг зэмлэсэн Есүсийн зэмлэл бид хэзээ ч хөршөө хатуу ширүүн шүүж болохгүй гэдгийг тодорхой болгосон. Аврагч өөр нэгэн удаа “Нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ?” 13 хэмээн заасан зүйл нь үүнийг хэлж байгаа хэрэг биш гэж үү?

Хэн нэгний хандлага эсвэл хариу үйлдэлд нөлөөлдөг бүх нөхцөл байдлыг ойлгох нь амаргүй гэдгийг бид анхаарч үзэх хэрэгтэй. Гадна харагдах байдал хуурмаг байж болох ба энэ нь ихэнхдээ хэн нэгний зан чанарыг нарийн тодорхой илэрхийлдэггүй. Христ тухайн нөхцөл байдлыг бүх талаас нь тодорхой харж чаддагаараа 14 та биднээс ялгаатай. Аврагч бүх сул талыг маань мэддэг ч биднийг яаран зэмлэдэггүй бөгөөд цаг хугацааны явцад бидэнтэй үргэлжлүүлэн өрөвч нинжин сэтгэлээр ажиллаж, өөрсдийн нүдэн дэх дүнзээ холдуулахад тусалдаг. Есүс гаднах байдлыг бус, харин үргэлж зүрх рүү нь өнгийж хардаг. 15 Тэрээр “Гаднах төрхөөр нь бүү шүү” 16 гэж тунхагласан.

Одоо энэхүү асуултын талаар арван хоёр нифай шавьдаа өгсөн Аврагчийн мэргэн зөвлөгөөг авч үзье.

“Мөн шударга байх, та нарт миний өгөх шүүлтийн дагуу та нар энэ хүмүүсийн шүүгчид байх болно хэмээн та нарыг мэдээсэй хэмээнэ. Тиймийн тул, та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу.” 17

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.” 18

Энэ утгаараа, Их Эзэн бусдын дутуу дулимаг байдлыг шударга бусаар шүүхийг өөрсдийн үүрэг мэт үздэг хүмүүст шүүлт тавьдаг. Өөрсдийгөө зөв зүйтэй шүүлтэд нийцүүлэхийн тулд бид Аврагчтай адил болохыг эрэлхийлж, хувь хүмүүсийн төгс бус байдлыг өрөвч сэтгэлээр, тэр дундаа Түүний мэлмийгээр харах ёстой. Бид төгс төгөлдөрт хүрэх зам урт гэдгийг харгалзан үзсэний үндсэнд, фарисайн гэрт байсан наманчлагч эмэгтэйн адилаар Есүсийн хөлд суун, өөрсдийн төгс бус байдлыг нигүүлсэхийг гуйх нь мөн бусдаас мэдрэгдсэн төгс бус байдалд төвлөрөхөд хэт их цаг, эрч хүчээ зарцуулахгүй байх нь илүү дээр юм.

Эрхэм найзууд аа, Аврагчийн өрөвч нинжин сэтгэлийн үлгэр жишээг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх үед бидний хөршүүдийнхээ ариун журмыг магтан сайшаах чадвар өсөж, тэдний төгс бус байдлыг шүүмжлэх төрөлх араншин маань намдах болно. Бидний Бурхантай харилцах байдал сайжирч, амьдрал маань илүү амттай, мэдрэмж маань илүү зөөлөн болж, бид аз жаргалын хэзээ ч төгсөшгүй эх сурвалжийг олох болно. Бид хаврын өглөөний шүүдэр мэт аядуу зөөлөн үгс хэлдэг, амар амгаланг тогтоогчид 19 гэдгээрээ танигдах болно.

Бид бусдыг илүү удаан тэвчдэг, ойлгодог байгаасай мөн тэдний төгс бус байдалд тэвчээргүй ханддагийг маань Их Эзэний нигүүлсэнгүй төгс даруу байдал зөөллөөсэй гэж би залбирч байна. Энэ бол Аврагчийн бидэнд өгсөн урилга юм. Түүнийг амьд гэдгийг би гэрчилж байна. Тэрээр нигүүлсэнгүй, тэвчээртэй шавийн төгс үлгэр жишээ мөн. Би эдгээр үнэнийг Аврагч Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.