Ерөнхий чуулган
Христэд итгэснээр сүнслэг хуй салхитайгаа нүүр тулах нь
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Христэд итгэснээр сүнслэг хуй салхитайгаа нүүр тулах нь

Есүс Христэд итгэлтэй байж, Түүний зарлигуудыг сахиснаар бид зовлон бэрхшээлийг хамгийн сайн давж гардаг.

Өнгөрсөн 6 жилийн турш би хайрт Аннатайгаа хамт Техас дахь Мексикийн булангийн ойролцоо амьдарсан бөгөөд Нэгдсэн Улсад дэгдэж байсан хамгийн том хуй салхинуудын зарим нь тэнд бас дэгдэж, асар их сүйрлийг үлдээн, хүний амь нас хүртэл үрэгдсэн юм. Харамсалтай нь, сүүлийн хэдэн сар тэрхүү гамшиг хажуугаар өнгөрсөнгүй. Ямар нэгэн байдлаар үүнд өртсөн хүмүүсийг бид хайрлаж, тэдний төлөө залбирч явдгаа илэрхийлье. 2017 онд бид өөрсдөө Харви хар салхинд өртсөн бөгөөд тэр үед орсон хур тунадасны хэмжээ 150см хүрч байв.

Байгалийн хууль хуй салхины үүслийг захирдаг. Ийн үүсэхэд далайн хэм усны гадаргуугаас 50 метрийн гүн хүртэл, хамгийн багадаа +27 хэм байх ёстой. Салхийг далайн дулаан усны гадаргуу дээр хүрэхэд ус ууршин, агаарт хөөрч, шингэн хэлбэрт орно. Ингээд үүл үүсэж, салхи далайн гадаргуу дээр эргүүлэг үүсгэдэг.

Зураг
Хуй салхи

Хуй салхи асар том хэмжээтэй үүсэж, агаар мандалд 15240м буюу түүнээс өндөр, өргөнөөрөө хамгийн багадаа 200км хүрдэг байна. Сонирхолтой нь, хуй салхи газарт буухдаа хүчээ сэлбэдэг дулаан усны гадаргуу дээр байхаа болих учир хүч нь суларч эхэлдэг байна. 1

Та хэзээ ч сүйтгэгч хуй салхитай нүүр тулахгүй байж болно. Гэхдээ бидний хүн нэг бүр амар амгаланд маань заналхийлж, итгэлийг маань сорьдог сүнслэг хуй салхитай тулгарч байсан, тулгарсаар ч байх болно. Өнөөгийн дэлхий ертөнцөд тэдгээрийн давтамж, эрч хүч нэмэгдэх болсон. Аз болж Их Эзэн бидэнд тэдгээрийг баяр баясгалантай даван туулах баттай арга замыг өгсөн билээ. Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар бид “амар тайвныг маань сарниулан, зовлон биднийг дайрах тэр цагт найдвар тань бидний өмнө гэрэлтсэнээр аврал ойр гэдгийг мэдэцгээдэг” гэдэгт эргэлзэлгүй итгэж болно. 2

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.

“Гэгээнтнүүд ямар ч нөхцөл байдалд аз жаргалтай байж чадна. Бүтэлгүй өдөр, долоо хоног, тэр бүү хэл бүтэлгүй жил байсан ч гэлээ бид баяр баясгаланг мэдрэх боломжтой!

Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдалтай биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.

Бид амьдралаа Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой.” 3

Бодит хуй салхи байгалийн хуульд захирагддагтай адил сүнслэг хуй салхины үеэр баяр баясгаланг хэрхэн мэдрэх нь бурханлаг хуульд захирагддаг. Амьдралын шуургыг зоригтойгоор сөрөн зогсоход мэдэрдэг баяр баясгалан, зовлон зүдгүүр Бурханы өгсөн хуультай холбоотой. Ерөнхийлөгч Нэлсон “Тэдгээрийг зарлиг гэдэг ч тэдгээр нь өргөлтийн, таталцлын [болон] зүрхний цохилтыг захирдаг хууль мэт үнэн билээ” гэж хэлсэн юм.

Тэрээр цааш нь “Үүнийг ‘хэрэв та аз жаргалтай байхыг хүсвэл зарлигуудыг сахь’ гэх нэгэн энгийн томьёонд хураангуйлж болно” 4 гэж хуваалцжээ.

Эргэлзээ бол итгэл, баяр баясгалангийн дайсан юм. Далайн бүлээн ус нь хуй салхийг үүсгэх хүчээ авдаг үндэс суурь болдгийн адил эргэлзээ нь сүнслэг хуй салхийг үүсгэх хүчээ авдаг үндэс болдог. Итгэлтэй адил эргэлзээ ч мөн сонголт юм. Эргэлзэхийг сонгосноор бид үйлдүүлж, дайсны хүчинд бууж өгдөг ба энэ нь биднийг сул дорой, муу муухайд өртөмтгий болгодог. 5

Сатан биднийг эргэлзээ үүсэн хүчээ авдаг газар луу хөтлөн аваачихыг эрэлхийлдэг. Тэр биднийг итгэлгүй болгохын тулд зүрх сэтгэлийг маань хатууруулахыг эрэлхийлдэг. 6 Эргэлзээ үүсэн хүчээ авдаг газар нь дур булаам харагдаж болох юм. Учир нь амгалан тайван мэт харагдах бүлээн усанд байх нь биднээс “Бурханы амнаас урагш гардаг үг бүрээр амьдрахыг” 7 шаарддаггүй. Ийм усанд Сатан биднийг сүнслэг байдлын хувьд сонор сэрэмжээ сулруулахад уруу татдаг. Энэ анхааралгүй байдал нь сүнслэг байдлын хувьд итгэл үнэмшилгүй байхад урамшуулж, бид тэнд “хүйтэн ч биш, халуун ч биш” 8 болдог. Хэрэв бид Христэд зангуугаа тавиагүй бол эргэлзээ, дур татам зүйлс биднийг ноомой болгож, тэндээс гайхамшгийг ч, мөнхийн аз жаргалыг ч, мөн “сэтгэл[дээ] амралтыг” 9 ч олж чадахгүй.

Хуй салхи газар дээр буухдаа хүч нь сулардаг шиг Христ дээр сууриа тавихад эргэлзээ итгэлээр солигддог. Ийн бид сүнслэг хуй салхийг бодит байдлаар нь харж чаддаг болж, тэдгээрийг даван гарах чадавх маань өсөн нэмэгддэг. Тэгсэн үед “чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, энэ нь [биднийг] зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирч дийлэх хүчгүй байх болно, [бид] дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр … баривал унах аргагүй суурь болох хадны учир болой.” 10

Ерөнхийлөгч Нэлсон ийн заасан.

“Есүс Христэд итгэх итгэл бүх итгэлийн суурь бөгөөд бурханлаг хүчийг хүлээн авах зам болдог.

Их Эзэн биднээс Түүний төгс хүчинд хүрэхийн тулд төгс итгэлтэй байхыг шаарддаггүй ч итгэхийг хүсдэг.” 11

4-р сарын Ерөнхий чуулганаас хойш манай гэр бүл “сорилтуудаа хэзээ ч харж байгаагүй өсөлт болон боломж болгох[ын]” тулд Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ бэхжүүлэхийг эрэлхийлж байгаа. 12

Зээ охин Рүби маань хүчтэй, аливаа зүйлийг өөрөө гардан хийх зан чанараар адислагдсан нэгэн. Тэр төрөхдөө улаан хоолой нь гэдсэндээ холбогдоогүй төрсөн юм. Нялх байхдаа ч гэсэн Руби эцэг эхийнхээ тусламжтайгаар энэхүү сорилтыг ер бусын эр зориг гарган туулсан. Руби одоо таван настай. Тэр балчир ч гэсэн нөхцөл байдалдаа аз жаргалаа удирдуулахгүй байхын хүчирхэг үлгэр жишээ юм. Тэр үргэлж аз жаргалтай байдаг.

Өнгөрсөн 5-р сард Руби амьдралынхаа бас нэгэн хуй салхийг итгэлээр туулсан. Гар нь бас гүйцэд бойжоогүй төрсөн бөгөөд нөхөн сэргээх мэс засалд орох хэрэгтэй байсан юм. Энэхүү нарийн мэс ажилбарын өмнө бид түүнийг эргэж очин, Аврагчийн мутрыг гараараа атгасан хүүхдийг дүрсэлсэн сайхан зургийг түүнд өгсөн. Биднийг түүнээс сандарч байна уу гэж асуухад тэр “Үгүй ээ, би баяртай байна!” гэж хариулав.

Зураг
Руби гартаа Аврагчийн зургийн тэвэрсэн байгаа нь

Харин биднийг “Яагаад?” гэж асуухад,

Руби итгэлтэйгээр, “Яагаад гэвэл Есүс Христ миний гараас атгана гэдгийг би мэднэ” гэж билээ.

Руби гайхамшигтайгаар эдгэсэн бөгөөд тэр аз жаргалаар дүүрэн хэвээр байгаа. Бяцхан хүүхдийн цэвэр ариун итгэл нь биднийг өсөж томрох үед байнга уруу татдаг мунхаг эргэлзээнээс тэс өөр юм! 13 Гэхдээ бид бүгдээрээ хүүхэдтэй адил болж, итгэлгүй байдлаа орхих сонголтыг хийж болно. Энэ бол энгийн сонголт юм.

Үрээ хайрладаг нэгэн эцэг Аврагчид хандан “Та юуг ч чаддаг бол … бидэнд туслаач” 14 хэмээн гуйжээ.

Есүс түүнд:

“Хэрэв та чаддаг бол” гэв үү? Итгэлтэй хүнд бүх юм боломжтой гэхэд,

“Уг эцэг тэр дороо хашхирч, би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач” 15 хэмээн хэлсэн.

Энэхүү даруухан эцэг ухаалаг сонголт хийн, өөрийн эргэлзээнд биш, харин Христэд итгэх итгэлдээ итгэж найдсан юм. Ерөнхийлөгч Нэлсон “Гагцхүү таны итгэлгүй байдал л Бурхан таныг амьдралынхаа уулсыг нүүлгэх гайхамшгаар адислахад саад болно” 16 гэж хэлсэн.

Бурхан шаардлагаа мэдлэгтэй байхад биш, харин итгэлтэй байх түвшинд тавьсан нь юутай нигүүлсэнгүй вэ!

Алма:

“Бурханы үгэнд итгэх тэр нь адислагдсан болой.” 17

“[Учир нь], Бурхан бол түүний нэрэнд итгэдэг бүгдэд нигүүлсэнгүйг би та нарт хэлнэ, мөн та нарыг санаасай хэмээнэ би” 18 гэж заасан.

Тийм ээ, Бурхан эхлээд Өөрт нь итгээсэй хэмээн биднээс хүсдэг.

Есүс Христэд итгэлтэй байж, Түүний зарлигуудыг сахиснаар бид зовлон бэрхшээлийг хамгийн сайн давж гардаг. Бидний итгэл, дуулгавартай байдал өөрсдөд маань “[юу ч] тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран,” 19 өөрт байгаагаас илүү их хүч чадалтай биднийг холбодог. Тийм ээ, Бурхан биднийг итгэж, дуулгавартай байхад “тэр даруй адисалдаг.” 20 Үнэндээ биднийг Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлж, зарлигийг нь сахих үед цаг хугацаа улиран өнгөрөх тусам бидний нөхцөл байдал аз жаргалтай болж өөрчлөгдөн, “Христээр амьд болгогддог.” 21

Ах, эгч нар аа, өнөөдөр бид “эргэлзэхийг бус, харин итгэлтэй байхыг” 22 сонгох болтугай. “Зөв зам гэдэг нь Христэд итгэх явдал мөн.” 23 Биднийг “[Тэр] гарынхаа алган дээр сийлсэн.” 24 Тэр биднийг тогшиход хаалган дээр маань зогсож байдаг Аврагч, Гэтэлгэгч маань билээ. 25 Есүс Христийн нэрээр, амен.