Ерөнхий чуулган
Дахин найд
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Дахин найд

Бурханд болон нэг нэгэндээ найдах нь тэнгэрийн адислалыг авчирдаг.

Би хүүхэд байхдаа нэг удаа гэрээсээ зугтах тухай хальт бодож билээ. Надад хэн ч хайргүй гэж балчир хөвгүүний гэнэн бодлоор ийн бодсон юм.

Гярхай ээж минь харин намайг сонсож, хайртай гэдгээ баталсан. Гэртээ би аюулгүй байсан юм.

Гэрээсээ явмаар бодол танд төрж байсан уу? Гэрээсээ явах бодол нь ихэвчлэн өөртөө, нэг нэгэндээ эсвэл Бурханд итгэл алдарснаас үүдэлтэй байдаг. Итгэл алдрах үед дахин яаж итгэж найдах билээ гэж бид боддог.

Гэртээ ирж байгаа, харьж байгаа бол Бурхан биднийг тосохоор ирдэг хэмээх захиасыг өнөөдөр би та бүгдэд хүргэж байна. 1 Бид дахин итгэж найдахад шаардагдах итгэл ба зориг, мэргэн ухаан ба ялган таних ухааныг Түүн дотроос олж чадна. Үүнтэй адилаар Тэр биднийг нэг нэгэндээ зориулан гэрлээ асаалттай байлгахыг мөн илүү өршөөнгүй, бие биеэ бага шүүж байхыг хүсдэг. Ингэснээр Түүний Сүм анх удаа болон эргэн ирж байгаа бидэнд гэртээ байгаа мэт санагдах газар болж чадна.

Найдах гэдэг нь итгэлээр үйлддэг үйлдэл. Бурхан бидэнд хэлснээ биелүүлдэг. Гэвч хүний итгэл найдвар дараах тохиолдлуудад алдагддаг. Үүнд:

  • Найз, бизнесийн хамтрагч эсвэл бидний итгэдэг хүмүүс худал хуурмаг байх, бидэнд гэм хүргэх юм уу биднийг ашиглахад 2

  • Гэрлэсэн хань нь үнэнч биш байхад

  • Бидний хайрладаг хэн нэгэн цаг бусаар нас барах, гэмтэх эсвэл өвдөхөд

  • Сүмийн түүх, бодлого журам зэрэг сайн мэдээний талаар гэнэтийн асуулттай тулгарахад эсвээс хэн нэгэн манай сүмийг үнэнийг нуун дарагдуулсан эсвэл үнэнийг хэлээгүй гэж хэлэхэд

Эдгээрийн дэргэд тодорхой бус хэдий ч адилхан чухалчлан авч үзэх ёстой бусад асуудал байдаг.

Бид Сүмд байх хэрэгтэй гэж боддоггүй, Сүмд зохицохгүй байгаа мэт мэдрэмжтэй эсвэл бусад хүн биднийг шүүдэг гэж мэдэрдэг байж магадгүй.

Эсвэл бид шаардлагатай бүхнийг хийсэн ч нэг л биш байж болох юм. Ариун Сүнсийг мэдэрсэн хувийн туршлага байгаа ч Бурхан амьд эсвэл сайн мэдээ үнэн гэдгийг хараахан мэдрээгүй байж ч болно.

Өнөөдөр олон хүн хүмүүс хоорондын харилцаанд болон орчин үеийн нийгэмд найдах найдвараа сэргээх агуу хэрэгцээг мэдэрдэг. 3

Итгэлцлийн талаар эргэцүүлэн бодоход, бид Бурхан бол үнэний Бурхан гэдгийг, Тэр “худал хэлж эс чадах[ыг]” 4 мэднэ. Үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг гэдгийг бид мэднэ. 5 Үргэлжлэн ирэх илчлэлт ба сүнслэг өдөөлт нь өөрчлөгдөж буй нөхцөл байдалд ч үл өөрчлөгдөх үнэнийг багтаадаг.

Гэрээг зөрчих нь зүрхийг шархлуулдаг гэдгийг бид мэднэ. “Би болчимгүй юм хийсэн, намайг хэзээ нэгэн цагт уучлах уу?” гэж нөхөр нь асуудаг. Эхнэр, нөхөр хоёр дахин бие биедээ итгэж найдахаар гар гараасаа хөтлөлцөнө. Өөр газарт, шоронд хоригдож буй хүн “Хэрвээ би мэргэн ухааны үгийг дагасан бол энд байхгүй байх байсан даа” гэж бодно.

Их Эзэний гэрээний зам дээрх баяр баясгалан, Түүний Сүм дэх дуудлагууд бол Бурханы биднийг гэх мөн бидний бие биеэ гэх итгэл ба хайрыг мэдрэх урилга гэдгийг бид мэднэ. Ганц бие хүмүүс төдийгүй Сүмийн бусад гишүүн Сүм даяар болон нийгэмдээ тогтмол үйлчилдэг.

Сүнслэг өдөөлтөөр, бишопын зөвлөл нэгэн залуу хосыг тойргийн нярайн ангид үйлчлүүлэхээр дууджээ. Нөхөр нь эхэндээ буланд хөндийхөн суучхаад, оролцохгүй байлаа. Яваандаа тэр хүүхдүүдтэй хамт инээдэг болов. Хэсэг хугацааны дараа тэр хос талархлаа илэрхийлсэн юм. Үүнээс өмнө эхнэр нь хүүхэдтэй болохыг хүсдэг ч нөхөр нь хүсдэггүй байжээ. Харин одоо тэд үйлчлэлийнхээ ачаар өөрчлөгдөж, нэгдмэл болсон байна. Мөн энэ нь тэдний гэр бүл, гэр оронд хүүхдүүдтэй байхын баяр хөөрийг авчирчээ.

Өөр нэгэн хотод бага насны хүүхдүүдтэй залуухан ээжийг тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дуудахад тэр өөрөө төдийгүй нөхөр нь ихэд гайхаж, балмагдсан ч дуудлагыг хүлээн авчээ. Төд удалгүй цас мөсөн шуурганы улмаас тог тасарч, дэлгүүрийн тавиурууд хоосорч, орон гэрүүд хөлдөж эхлэв. Тэдний гэр бүлд тог, халаалт байсан тул энэхүү залуу гэр бүл үүдээ өгөөмрөөр нээн, хэд хэдэн хүн төдийгүй гэр бүлийг гэртээ байлгаж шуурганаас хамгаалжээ.

Биднийг итгэлээрээ хүнд хүчир зүйл хийх үед найдвар маань бодит болдог. Үйлчлэл ба золиос нь зүрх сэтгэлийг цэвэршүүлж, чадварыг маань нэмэгдүүлдэг. Бурханд болон нэг нэгэндээ найдах нь тэнгэрийн адислалыг авчирдаг.

Хорт хавдрыг давж гарсныхаа дараа нэгэн итгэлтэй ах машинд мөргүүлжээ. Өөрийгөө өрөвдөхийн оронд тэрээр “Би энэ туршлагаас юу сурч болох вэ?” хэмээн залбирчээ. Эрчимт эмчилгээний тасагт байхдаа тэрээр нөхөр, хүүхдүүдийнхээ төлөө санаа зовниж буй нэгэн сувилагчийг сүнслэг өдөөлтөөр анзаарч харав. Өвдөлтөөсөө болж зовж буй өвчтөн Бурханд найдаж, бусдад тусалснаар хариултаа олдог.

Порнографын асуудалтай ахыг өрөөнийх нь гадаа хүлээж байхад, гадасны ерөнхийлөгч түүнд хэрхэн туслахаа олж мэдэхийг хүсэн залбирна. “Хаалгаа нээгээд, түүнийг оруул” гэсэн тодорхой мэдрэмж түүнд ирэв. Бурхан тусална гэж итгэж найдсандаа санваарын удирдагч хаалгаа нээж, уг ахыг тэврэн авав. Тэд хоёул зүрх сэтгэлийг өөрчлөх хайр, Бурханд болон нэг нэгэндээ найдах найдлагыг мэдэрчээ. Уг ах хүчирхэгжиж зориг орон, нүглээ наманчилж, өөрчлөгдөж эхэлсэн.

Хувь хүн бүрийн нөхцөл байдал ялгаатай боловч сайн мэдээний зарчмууд ба Ариун Сүнс бидэнд бусдад найдаж болох эсэхээ мөн хэзээ, хэрхэн дахин найдахаа мэдэхэд тусалдаг. Найдвар тасарч, урвалтыг мэдрэхэд урам хугарч, гутардаг нь үнэн. Бас хүмүүний харилцаанд дахин найдах итгэл, зориг хэзээ бий болохыг мэдэх хэрэгцээ ч бас бодит байдаг.

Бурханд хүндлэл үзүүлэх, хувийн илчлэлт авах талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та хэнд баталгаатай найдаж болох эсэхэд эргэлзэх шаардлагагүй” 6 гэж хэлсэн. Бид Бурханд үргэлж найдаж болно. Их Эзэн биднийг өөрсдөөс маань илүү сайн мэдэж бас илүү их хайрладаг. Түүний дуусашгүй хайр болон өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх төгс мэдлэг Түүний гэрээ, амлалтуудыг хөдөлшгүй, баттай болгодог.

Сударт гардгаар “цаг хугацааны явцад” 7 бид найдах хэрэгтэй. Бурханы адислалаар, цаг хугацааны явцад тууштай итгэлтэй, дуулгавартай байх аваас бид шийдэл, амар амгаланг олж чадна.

Их Эзэн ийн тайтгаруулдаг.

“Шөнөд уйлаан байж болох ч, Өглөөд баярын уухай ирдэг.” 8

“Ачаагаа Эзэнд даатган, Түүний байнгын халамжид итгэн найд.” 9

“Тэнгэр анагаахгүй шаналал гэж дэлхийд үгүй.” 10

Бурханд болон Түүний гайхамшгуудад найд. 11 Бид болон бидний харилцаа өөрчлөгдөж чадна. Их Эзэн Христийн Цагаатгалаар дамжуулан бид хувиа хичээсэн эгэл байдлаа орхиж; номхон, даруухан, 12 итгэл болон зохих найдлагаар дүүрэн Бурханы хүүхэд болж чадна. Бид наманчлахдаа нүглээ хүлээж мөн орхидог бөгөөд Их Эзэн тэдгээрийг цаашид санах нь үгүй хэмээсэн. 13 Энэ нь Тэр мартана гэсэн үг биш. Харин Тэр гайхалтайгаар санахгүй байхыг сонгодог бөгөөд бид ч бас санах хэрэггүй.

Ухаалгаар ялган танихад туслах Бурханы сүнслэг өдөөлтөд найд. Их Эзэн тушаасан 14 учир бид бусдыг зөв цаг үед, зөв арга замаар өршөөж чадах төдийгүй, ингэхдээ “могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй” 15 байж чадна.

Заримдаа зүрх сэтгэл хамгийн их харуусаж, гэмшсэн үед бид Ариун Сүнсний тайтгарал, удирдамж чиглүүлгийг илүү нээлттэй хүлээн авдаг. 16 Буруушаах, өршөөхийн аль аль нь буруу үйлийг таньж мэдсэнээр эхэлдэг. Буруушаалт ихэвчлэн өнгөрсөнд төвлөрдөг. Өршөөл нь ирээдүйг харж, эрх чөлөөг эрэлхийлдэг. “Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ.” 17

Төлөөлөгч Паул “Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ?” гэж асуугаад, “Үхэл ч, амь ч, … өндөр ч, гүн ч, … өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй” 18 хэмээн хариулсан. Гэвч биднийг Бурхан, Есүс Христ хоёроос гагцхүү бид өөрсдөө л салгаж чадна. Исаиа “Нүглүүд чинь Түүний нүүрийг Та нараас далдалжээ” 19 гэж хэлсэн.

Бурханлаг хайр ба хуулийн дагуу бид өөрсдийн сонголт, тэдгээрийн үр дүнд хариуцлага хүлээдэг. Гэхдээ бидний Аврагчийн цагаатгагч хайр бол “хэмжээлшгүй бөгөөд мөнхийнх юм.” 20 Бид гэртээ харихад бэлэн болсон үед хэчнээн “хол” 21 байгааг үл харгалзан Бурхан агуу нинжин сэтгэлээр биднийг угтан авахад бэлэн байдаг бөгөөд Өөрт байгаа хамгийн сайныг баяртайгаар өгдөг. 22

Ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк “Бидний Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхэд бүрийг аврахыг хүсдэг. … Тэр шударга ёс, нигүүлслээрээ бидний ажил үйлсийн төлөө хамгийн дээд шагналыг бидэнд өгөх болно, мөн өгч чадах бүхнээ бидэнд өгнө, бас үүний эсрэгээр хэрэв бидэнд шийтгэл оногдуулах боллоо гэвэл хамгийн бага шийтгэл оногдуулах болно гэдэгт би итгэдэг” 23 гэж хэлсэн байдаг.

Загалмай дээрээс бидний Аврагчийн Эцэгээсээ хүссэн энэрэнгүй гуйлт нь “Аав аа, тэднийг уучлаач” гэх болзолгүй гуйлт бус, харин “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” 24 гэх үгс байсан юм. Өөрсдийн хэн байгаад болон мэдлэг, үйлдлүүдийнхээ төлөө Бурханы өмнө төдийгүй өөрсдийнхөө өмнө хариуцлага хүлээдэг учир бидний сонгох эрх, эрх чөлөө утга учиртай байдаг. Талархууштай нь, бидний хүсэл зорилго, үйлдлүүдийн дагуу төгс шүүнэ хэмээн бид Бурханы төгс шударга ёс, нигүүлсэлд найдаж болно.

Бид эхэлсэн шигээ буюу биднийг Түүн дээр болон бие бие дээрээ ирэхэд өгдөг Бурханы энэрлээр төгсгөдөг.

Хоёр хүүтэй хүний талаар Есүс Христийн ярьсан сургаалт үлгэрийг та нар санаж байна уу? 25 Нэг хүү нь гэрээсээ яваад өөрт оногдсон өв хөрөнгөө үрэн таран хийдэг. Тэрээр ухаан суусныхаа дараа гэртээ харихыг эрэлхийлдэг. Нөгөө хүү нь “олон жилийн турш” 26 зарлигуудыг дагасан учир дүүгээ гэртээ ирэхэд угтан авахыг хүсээгүй.

Ах, эгч нар аа, Есүс биднээс зүрх сэтгэл, харилцан ойлголцол, энэрэл хайр, даруу байдлаа нээж, өөрсдийгөө хоёр дүрээр хоёулангаар нь харахыг хүсэж байгаа тухай бодно уу?

Эхний хүү эсвэл охин шиг бид төөрөн одож, хожим нь гэртээ харихыг эрэлхийлж болно. Бурхан биднийг оруулахаар хүлээж байдаг.

Нөгөө хүү эсвэл охин шиг хүмүүс Түүн дээр гэртээ ирэхэд биднийг хамтдаа баярлахыг Бурхан биднээс аядуухан хүсдэг. Биднийг өөрсдийн цуглаан, чуулга, анги, үйл ажиллагааг нэг нэгэндээ нээлттэй, өөриймсөг, аюулгүй, гэртээ байгаа мэт байлгахыг Тэр биднээс хүсдэг. Бид бүгдээрээ найрсаг байдал, ойлголцол, харилцан хүндлэлээр дамжуулан Их Эзэнийг даруухнаар хайдаг бөгөөд Түүний сэргээгдсэн сайн мэдээний адислал бүх хүнд хүрэхийн төлөө залбирч, хүлээн авдаг.

Бидний амьдралын аян хувь хүнийх боловч бид Бурханд болон бие биедээ мөн өөрсдөдөө найдаж байж Бурхан Эцэгт болон Түүний Хайрт Хүүд эргэн очиж чадна. 27 “Бүү ай, гагцхүү итгэ” 28 хэмээн Есүс учирласан. Бошиглогч Иосефын адил бид Тэнгэрлэг Эцэгийн халамж анхааралд эргэлзэлгүй найдах болтугай. 29 Хайрт ах, эгч, найз нар аа, өнөөдөр Түүний танд амлаж буй итгэл, найдварын гайхамшгийг дахин эрж хайж үзнэ үү. Есүс Христийн ариун бөгөөд эрхэм нандин нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Лук 15:20-ийг үзнэ үү.

  2. Жишээлэхэд, бусдын үлдээсэн бизнесийн их хэмжээний зээлийг олон жил хөдөлмөрлөн төлсөн хүмүүсийг би мэдэх бөгөөд тэднийг хүндэлдэг.

  3. Итгэлцэл бол нийгэм дэх хүмүүний баялгийн нэн шаардлагатай бүрдэл хэсэг бөгөөд энэ нь эдийн засаг, нийгэм, улс төрийн хөгжил болон эрүүл байдалд нөлөөлдөг (жишээ нь: Франсис Фүкүяма, Trust: The Social Virtues and the Creation of Prosperity [1995], 3–59-ийг үзнэ үү.

  4. Ифер 3:12-ыг, мөн Инос 1:6-г үзнэ үү.

  5. Сургаал ба Гэрээ 93:24-ийг, мөн Иаков 4:13-ыг үзнэ үү.

  6. Рассэлл М.Нэлсон, “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт,” Liahona, May 2018, 95 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119.

  7. “Цаг хугацааны явцад Сион тэнгэрт дээш аваачигдав” (Мосе 7:21)

  8. Дуулал 30:5

  9. How Gentle God’s Commands,” Hymns, no. 125; Түүнчлэн Дуулал 55:22: “Cast Thy Burden upon the Lord,” Hymns, no. 110 дээр “Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ” хэмээх судар гардаг.

  10. Come, Ye Disconsolate,” Hymns, no. 115.

  11. Алма 5:13-ыг үзнэ үү.

  12. Moзая 3:19-ийг үзнэ үү.

  13. Сургаал ба Гэрээ 58:42–43-ыг үзнэ үү.

  14. Сургаал ба Гэрээ 64:10-ыг үзнэ үү.

  15. Матай 10:16-г мөн Алма 18:22-ыг үзнэ үү.

  16. 3 Нифай 9:20-ийг үзнэ үү.

  17. Иохан 3:17

  18. Ром 8:35, 38–39

  19. Исаиа 59:2

  20. Aлмa 34:10

  21. Лук 15:20

  22. Хамгийн сайхан хувцас, бөгж, гутал, мөн тарган тугал (Лук 15:22-ыг үзнэ үү).

  23. Бага Ж.Рүбэн Кларк, Conference Report, 1953 оны 10-р сар, 84.

  24. Лук 23:34-ийг, мөн Матай 6:12-ыг үзнэ үү. “Бид өртөнгүүдээ уучилсны адил өөрсдийн минь өрийг уучлаач” гэдэг нь өршөөгдөх бидний чадвар мөн өршөөх бидний хүсэлтэй холбоотой.

  25. Лук 15:11–32-ыг үзнэ үү.

  26. Лук 15:29

  27. Сургаал ба гэрээ 84:20-д заасанчлан, бид сэргээгдсэн ёслол, гэрээнүүдээр дамжуулан “бурханлиг чанарын хүчний” адислалуудыг хүртэж чадна.

  28. Марк 5:36; мөн Лук 8:50-ийг үзнэ үү.

  29. “Иосеф Смитийн анхны залбирал,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 14-ийг үзнэ үү.