Ерөнхий чуулган
Есүс Христийн сайн мэдээний гайхамшгууд
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Есүс Христийн сайн мэдээний гайхамшгууд

Түүний сайн мэдээ бидэнд найдвар, амар амгалан, баяр баясгаланг авчирч, зөвхөн одоо байгаа төдийгүй ирээдүйн тоолшгүй олон үе удмыг маань адислах болно.

Мабухай! Би та бүхэнд Филиппиний гайхамшигт гэгээнтнүүдийн хайр, халуун дулаан инээмсэглэлийг хүргэж байна. Филиппиний арлуудад анхны номлогчид ирсний 60 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Өнөөдрийн байдлаар, 123 гадсанд 23 номлол, Сүмийн 800 000 гаруй гишүүн байна. Одоо ажиллаж байгаа, баригдаж байгаа болон зарлагдсан нийт 7 ариун сүм байна. Энэ бол үнэхээр гайхамшиг юм. Бид 2 Нифай 10:21-р шүлгэн дээрх “Их Эзэний амлалтууд далайн арлууд дээрх тэдэнд агуу их билээ” гэсэн бошиглол биелэхийг өөрсдийн нүдээр үзэж байна.

Зураг
Ерөнхийлөгч Хинкли Филиппинд

Түүнчлэн энэхүү гайхамшиг 1961 онд Манилад ахлагч Гордон Б.Хинклигийн залбиралдаа хэлсэн бошиглолын биелэл юм. “Бид энэ нутгийн ард түмэн өөрсөд дээр нь ирэх хүмүүст найрсаг, зочломтгой, эелдэг, энэрэнгүй хандаж мөн [олон хүн] тийм ээ, Эзэн минь, олон мянган хүн энэхүү захиасыг хүлээн авч адислагдах болтугай хэмээх адислалыг Танаас гуйж байна. Та тэднийг сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрах урам зориг, сэргэг оюун ухаан, ойлгох зүрх сэтгэл, хүлээн авах итгэлээр адисална уу” хэмээн хэлсэн (Филиппин, Америкийн дайны дурсгалын оршуулгын газар, 1961 оны 4-р сарын 28).

Зураг
Рэвиллогийн гэр бүл

Сайн мэдээний гайхамшиг олон мянган итгэлтэй хожмын үеийн гэгээнтэнд төдийгүй улс орон, ард түмэнд эерэг өөрчлөлтүүдийг авчирсан юм. Би үүний амьд гэрч билээ. Эцэг эх маань өмнөд нутгийн Минданао арал дахь Сүмд нэгдэхэд би зургаан настай байсан. Тухайн үед улс даяар ганцхан номлол байсан бөгөөд нэг ч гадас байгаагүй. Би эцэг эхийнхээ Аврагчийг дагах зориг, хүч чадал, хичээл зүтгэлд мөнхөд талархаж явдаг. Би тэднийг болон Филиппин дэх Сүмийн бүх анхдагчийг хүндэтгэдэг. Тэд дараагийн үеийг адислах замыг нээсэн.

Мормоны Номон дээр Хаан Бенжамин “Мөн үүнээс гадна, Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой” (Moзая 2:41) хэмээн хэлсэн байдаг.

Бид сайн мэдээний зарчим, ёслолуудад дуулгавартай байж, тэдгээрийн дагуу амьдарснаар адислагдаж мөн өөрчлөгдөж, Есүс Христтэй илүү адил болохоор хөрвөгддөг. Сайн мэдээ нь филиппин гэгээнтнүүдийг төдийгүй миний гэр бүлийг ийнхүү адисалсан. Сайн мэдээ бол үнэхээр аз жаргалтай, элбэг хангалуун амьдралд хүргэх зам юм.

Сайн мэдээний анхдагч зарчим бол Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл мөн. Филиппинчүүдийн олонх нь угаасаа Бурханд итгэдэг. Есүс Христэд итгэхэд мөн залбирлынхаа хариултыг хүлээн авч чадна гэдгийг мэдэхэд бидэнд хялбар байдаг.

Зураг
Обэдозагийн гэр бүл

Үүний тод жишээ бол Обэдозагийн гэр бүл юм. Обэдоза ах намайг залуу эрэгтэй байхад салбарын ерөнхийлөгч байсан. Обэдоза ах, эгч хоёрын хамгийн том хүсэл бол Манила ариун сүмд гэр бүлтэйгээ лацдан холбогдох явдал байв. Тэд Манилагаас 1600 километрийн зайд, Жэнэрал Сантос хотод амьдардаг байсан. Есөн гишүүнтэй ​​гэр бүлийн хувьд ариун сүм рүү явах боломжгүй зүйл мэт санагдаж байлаа. Гэхдээ асар үнэтэй ширхэг сувд худалдаж авахын тулд өөрт байсан бүхнээ зарсан худалдаачинтай адил (Матай 13:45–46-г үзнэ үү) энэхүү гэр бүл ариун сүмийн аяллын төлөө байшингаа зарахаар шийдсэн ажээ. Тэдэнд буцаж ирэх гэр орон байхгүй учраас Обэдоза эгчийн санаа зовниж байлаа. Гэвч Обэдоза ах эхнэрээ тайвшруулан, Их Эзэн хэрэгцээг маань хангана гэж хэлжээ.

Тэд 1985 онд гэр бүлтэйгээ ариун сүмд үүрд мөнхөд лацдан холбогдсон. Ариун сүмд тэд юутай ч зүйрлэшгүй баяр баясгалан, үнэлж баршгүй сувдыг олж авсан юм. Мөн Обэдоза ахын хэлсний дагуу Их Эзэн тэдний хэрэгцээг хангажээ. Манилагаас буцаж ирэхэд, сайхан сэтгэлтэй танилууд нь тэдэнд амьдрах газар өгч, эцэст нь тэдний гэр бүл өөрсдийн гэсэн гэр оронтой болсон. Их Эзэн Өөрт нь итгэх итгэлээ харуулдаг хүмүүсийг анхаарч халамжилдаг.

Сайн мэдээний хоёр дахь зарчим бол наманчлал. Наманчлал бол нүглээ орхиж, уучлал эрэхээр Бурхан руу эргэхийг хэлнэ. Энэ нь оюун ухаан, зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид өдөр тутам арай илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” гэж заасан (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67).

Наманчлал нь савантай тун төстэй. Залуу химийн инженер байхдаа би Филиппинд савангийн үйлдвэрт ажиллаж байсан. Би саванг яаж хийдгийг мөн энэ нь хэрхэн үр дүнгээ өгдөг талаар сурсан. Тосыг шүлттэй мөн бактерийн эсрэг бодистой холих үед энэ нь бактери, вирусыг устгах хүчтэй бодис болдог. Савантай адил, наманчлал бол цэвэрлэгч бодис юм. Энэ нь бидэнд өөрсдийн цэвэр бус зүйлс, авч хаях хэрэгтэй тээглэх чулуунаас ангижрах боломжийг олгодог учраас бид Бурхантай хамт байхуйц зохистой болдог; учир нь цэвэр бус нэг ч зүйл тэнгэрийн хаант улсыг өвлөж чадахгүй (Алма 11:37).

Наманчлалаар дамжуулан бид Есүс Христийн цэвэршүүлэх, ариусгах хүчийг ашигладаг. Энэ нь хөрвөлтийн үйл явцын түлхүүр хэсэг юм. Энэ нь Мормоны Номон дээрх Антай-Нифай-Лихайн хүмүүст тохиолдсон. Тэд хэзээ ч итгэл алдрахааргүй тийм бүрэн дүүрэн хөрвүүлэгдсэн леменчүүд байсан билээ (Алма 23:6–8-ыг үзнэ үү). Тэд дайны зэр зэвсгээ булсан бөгөөд дахин хэзээ ч аваагүй. Тэд гэрээгээ зөрчихөөс илүү, амиа өгөхийг илүүд үзсэн. Мөн тэд үүнийг батлан харуулсан. Тэдний золиос гайхамшгуудыг авчирсан гэдгийг бид мэднэ. Тэдний эсрэг тулалдсан хэдэн мянган хүн зэр зэвсгээ хаяж, хөрвүүлэгдсэн. Хэдэн жилийн дараа, тэдний залуу хөвгүүд хүчирхэг дайчид болоод хүнд хэцүү тулалдааны эсрэг үнэмшмээргүй байдлаар хамгаалагдсан юм!

Зураг
Ахлагч Рэвиллогийн аав

Миний гэр бүл болон Филиппиний олон гэгээнтэн мөн ижил хөрвүүлэлтийн үйл явцыг туулсан. Бид Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч Сүмд нэгдэхдээ, сайн мэдээтэй нийцэхийн тулд амьдрах арга зам, ёс заншлаа өөрчилсөн. Бид буруу уламжлалуудаа орхих хэрэгтэй болсон юм. Би үүнийг аавынхаа сайн мэдээнээс суралцаж, наманчилсан тэр зүйлээс харсан. Тэр маш их тамхи татдаг байсан ч тамхиа хаяад, дахиж нэг ч удаа тамхиндаа хүрээгүй. Тэр өөрчлөгдөх шийдвэр гаргасан учраас түүний дөрвөн үе адислагдсаар байна.

Зураг
Рэвиллогийн гэр бүлийн үр удам

Наманчлал биднийг ариун ёслолуудаар дамжуулан Бурхантай гэрээ байгуулж, гэрээнүүдээ сахихад удирддаг. Аврал, өргөмжлөлийн эхний ёслол бол нүглээсээ ангижрахын төлөөх усанд умбуулан гүйцэтгэх баптисм юм. Баптисм бидэнд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах, Их Эзэнтэй гэрээ байгуулах боломжийг олгодог. Бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртсэнээр энэхүү баптисмын гэрээгээ шинэчлэх боломжтой болдог. Энэ нь ч бас гайхамшиг юм!

Ах, эгч нар аа, би та бүхнийг өөрсдийн амьдралд энэхүү гайхамшгийг авчрахад урьж байна. Есүс Христэд ирж, Түүнд итгэх итгэлээ ашиглан наманчлахыг болон аврал, өргөмжлөлийн ёслолууд дахь гэрээнүүдийг байгуулж, сахихыг сонго. Энэ нь танд Христийн буулгыг авч, Бурханлаг чанарын хүч, адислалуудыг хүлээн авах боломжийг олгох болно (Сургаал ба Гэрээ 84:20-ийг үзнэ үү).

Би Есүс Христ үнэхээр байдаг, Тэр амьд мөн бидний хүн нэг бүрийг хайрладаг гэдгийг гэрчилж байна. Түүний сайн мэдээ бидэнд найдвар, амар амгалан, баяр баясгаланг авчирч, зөвхөн одоо байгаа төдийгүй ирээдүйн тоолшгүй олон үе удмыг маань адислах болно. Филиппиний гэгээнтнүүдийн сайхан, дулаахан инээмсэглэлийн учир шалтгаан энэ билээ. Энэ нь Христийн сайн мэдээний болон сургаалын гайхамшиг юм. Би Есүс Христийн ариун нэрээр үүнийг гэрчилж байна, амен.