Ерөнхий чуулган
Миний дотоод сэтгэлийн зүйлс
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Миний дотоод сэтгэлийн зүйлс

Та ямар зүйлсийг тунгаан боддог вэ? “Таны хувьд ямар зүйлс хамгийн чухал вэ?” “Таны дотоод сэтгэлийн зүйлс юу вэ?”

Ах, эгч нар аа, бидний нандигнадаг Чуулганы төвд ийнхүү дахин зогсож байгаа минь төлөөлөгч Петрийн “Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо” 1 гэсэн үгсийг надад санагдуулж байна.

Миний өнөөдөр хэлэх үгс эцэг Лихайгаа нас барсны дараа хүмүүсийнхээ талаар цэдэглэсэн бошиглогч Нифайн үгс дээр төвлөрөх болно. Нифай “Мөн эдгээрийн дээр өөрийн дотоод сэтгэлийн зүйлийг би бичих ажгуу” 2 хэмээн бичсэн.

Би энэ шүлгийг уншихдаа зүйлс гэдэг үг “өөрийн дотоод сэтгэл” гэдэгтэй хоршихуйц сайхан эсвэл сүнслэг, гайхалтай үг биш гэж боддог байлаа. Гэвч би зүйлс гэдэг үг судруудад 2354 удаа гардаг болохыг мэдэж авсан. 3 Жишээ нь, Мосе номд “Бибээр Эхлэл мөн Төгсгөл мөн Бүхнийг Чадагч Бурхан болой; өөрийн Төрсөн Ганцаар эдгээр зүйлүүдийг бүтээлгэсэн” 4 гэсэн байдаг. Мөн Нифай, “Болгоогтун, сэтгэл минь Их Эзэний зүйлүүдэд баясаж; мөн зүрх минь өөрийн үзсэн мөн сонссон зүйлийг үргэлж тунгаадаг” 5 гэж хэлсэн.

Нифайн үгсээс “Та ямар зүйлсийг тунгаан боддог вэ?” “Таны хувьд ямар зүйлс чухал вэ?” “Таны дотоод сэтгэлийн зүйлс юу вэ?” зэрэг асуултууд урган гардаг.

Асуулт тавьснаар бидний дотоод сэтгэлийн зүйлс ихэнх тохиолдолд тодорхой болж, бэхэждэг.

Зураг
Ахлагч Расбанд алсын зайн нэгэн хуралд оролцож байгаа нь
Зураг
Өсвөр үеийнхний онцгой цугларалт
Зураг
Залуучуудын нэвтрүүлэг

Цар тахлын үеэр би шууд нэвтрүүлэг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан томоохон болон бага хэмжээний онцгой цугларалтууд дээр дэлхийн өнцөг булан бүрийн өсвөр үеийнхэнтэй уулзаж, тэдэнд байгаа асуултуудын талаар ярилцсан.

Арван дөрвөн настай Иосеф Смит дотоод сэтгэлийнхээ гүнд буй асуултыг Их Эзэнээс асуусан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Асуултуудаа Их Эзэнээс болон бусад найдвартай эх сурвалжаас асуу. Бошиглогчийн амьдралаас ямар нэг өө сэв олох эсвэл судраас ямар нэг алдаа хайх зорилгоор бус, харин итгэх хүслээр суралц. Өөрийн эргэлзээг бусад эргэлзэгчтэй хуваалцан, улам лавшруулах хэрэггүй. Сүнслэг зүйлсээс суралцахдаа Их Эзэнээр удирдуулахыг зөвшөөр” 6 гэсэн билээ.

Өсвөр үеийнхэн надаас юунд, яагаад итгэдэг талаар байнга асуудаг.

Би нэгэн залуу эмэгтэйн гэрт цахимаар айлчилснаа санаж байна. Би түүнээс Төлөөлөгч анх удаа гэрт нь ирж буй эсэхийг асуухад, Тэр инээмсэглээд “Тийм ээ” гэж хурдан хариулав. Тэр надаас “Би ямар ямар чухал зүйлсийг мэдэх ёстой вэ?” гэсэн зөв асуултыг асуусан.

Би хариулахдаа “өөрийн дотоод сэтгэлийн зүйлсийг” буюу сүнсний өдөөлтийг сонсоход намайг бэлтгэдэг, анхаарлыг сүнслэг зүйлсэд төвлөрүүлж, сайн мэдээн дэх ажил болон амьдралд маань зорилго өгдөг тэр зүйлсийн талаар ярьсан юм.

Би та бүхэнтэй “өөрийн дотоод сэтгэлийн зүйлс[ээс]” заримыг нь хуваалцъя. Энэ зүйлс Есүс Христийн жинхэнэ шавь болохыг эрэлхийлж буй бүх хүнд хамаатай. Арван зүйл хэлбэл санахад амархан байх. Өнөөдөр би та нарт долоон зүйлийг нь хэлж, та нар өөрсдийн туршлагаас найм, ес, арав дахийг нь олохыг хүсэж байна.

Нэгдүгээрт, Бурхан Эцэг, бидний Аврагч Есүс Христ хоёрыг хайрла.

“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” 7 гэсэн эхний агуу зарлигийг Есүс буулгасан.

Ерөнхийлөгч Нэлсон Их Эзэний Сүмийг удирдахаар дуудагдахдаа Тэнгэрлэг Эцэг Бурханд болон Түүний Хүү Есүс Христэд үнэнч гэдгээ тунхаглан, “Би Тэднийг мэддэг, хайрладаг бөгөөд Тэдэнд болон та нарт өөрийн эцсийн амьсгал хүртлээ үйлчилнэ гэдгээ амлаж байна” 8 гэж хэлсэн.

Тиймээс эхлээд, Эцэг, Хүү хоёрыг хайрла.

Хоёрдугаарт, “чи хөршөө хайрла.” 9

Энэ зүгээр нэг сайхан санаа төдий биш, харин хоёр дахь агуу зарлиг юм. Таны хөршид таны хань, гэр бүл, тойргийн гишүүд, хамт ажилладаг, хамт нэг байранд амьдардаг, манай сүмийн гишүүн бус, тусламж хэрэгтэй байгаа хүмүүс гээд шулуухан хэлэхэд бүх хүн орно. “Чи хөршөө хайрла” гэсэн зарлигийн мөн чанарыг “Бие биенээ хайрлаач” 10 дуулалд илэрхийлсэн байдаг.

Ерөнхийлөгч Нэлсон бидэнд “Бид Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлах юм бол хариуд нь Тэрээр бидний зүрх сэтгэлийг бусдын сайн сайхны [төлөө эргүүлдэг]” 11 гэж сануулсан билээ.

Гуравдугаарт, өөрийгөө хайрла.

Олон хүнд үүнийг хийх нь хэцүү байдаг. Өөрсдийгөө хайрлах нь бусдыг хайрлахаас яагаад амаргүй байдаг нь хачирхалтай биш гэж үү? Гэсэн хэдий ч Их Эзэн, “Чи хөршөө өөрийн адил хайрла” 12 хэмээн айлдсан. Тэрээр бидний доторх бурханлаг чанарыг эрхэмлэдэг учраас бид ч бас тэгэх ёстой. Биднийг алдаа дутагдал, харуусал гуниг, өөрийгөө голсон мэдрэмж, урам хугарал, уур хилэн, нүглийн хүнд ачаа үүрсэн үед Аврагчийн Цагаатгал тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу бидний дотоод сэтгэлийг өргөдөг зүйлсийн нэг юм.

Дөрөвдүгээрт, зарлигуудыг сахь.

Их Эзэн, “Та нар Намайг хайрладаг бол зарлигуудыг минь сахь” 13 хэмээн тодорхой хэлсэн. Өдөр бүр илүү сайн байж, илүү сайныг үйлдэж, зөв шударга байдалд урагш тэмүүл.

Тавдугаарт, үргэлж Ариун сүмд орохоор зохистой бай.

Би үүнийг Их Эзэнд зөвшөөрөгдсөн байх гэж нэрлэдэг. Танд ариун сүмд орох боломж байгаа эсэхээс үл хамааран хүчинтэй ариун сүмийн эрхийн бичигтэй байх нь таныг чухал зүйл болох гэрээний зам дээр баттай төвлөрүүлдэг.

Зургаадугаарт, баяр хөөртэй, зоригтой бай.

“Зоригтой байгтун, мөн бүү эмээ,” 14 хэмээн Их Эзэн айлдсан. Яагаад? Бидний алхам тутамд сорилт бэрхшээл тулгарч байхад хэрхэн ийм байх вэ? “Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсож байх болно” 15 гэсэн Их Эзэний амлалтын ачаар бид үүнийг хийж чадна.

Ерөнхийлөгч Нэлсон сэргээгдсэн сайн мэдээг “баяр баяслын захиас!” 16 хэмээн тодорхойлж, “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдалтай биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой” 17 гэж тайлбарласан.

Долоодугаарт, Бурханы амьд бошиглогчийг дага.

Энэ нь миний жагсаалтын долоодугаарт байгаа ч өнөө үеийн ач холбогдлынх нь хувьд оюун санаанд маань эн тэргүүнд байдаг.

Бидэнд өнөөдөр дэлхий дээр Бурханы бошиглогч байгаа! Энэ нь таны хувьд ямар утга учиртайг хэзээ ч бүү үл тоомсорлоорой. Би үгийнхээ эхэнд нэгэн залуу эмэгтэйг дурдсаныг санаж байгаа байх. Тэр ямар зүйлс хамгийн чухал болохыг мэдэхийг хүссэн. “Амьд бошиглогчийг дага” гэж би тухайн үед хэлсэн ба өнөөдөр ч гэсэн дахин онцолж байна.

Бид энэ цаг үед Бурханаар дуудагдсан бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр удирдуулдаг учраас сүмийн хувьд онцгойрдог. Та тэдний зөвлөгөөг сонсож, дагах юм бол хэзээ ч буруу зам руу хөтлөгдөхгүй гэдгийг би амлаж байна. Хэзээ ч!

Бид сүнслэг байдал, ёс журам, шударга байдал, хүндлэл дайралтад өртөж буй цаг үед “энд тэнд шидэгдэн” 18 амьдарч байна. Бид сонголт хийх ёстой. Бидэнд Их Эзэний дуу хоолой Түүний бошиглогчдоор дамжин ирж, бидний айдсыг үргээж, итгэл найдварыг нэмэгдүүлдэг. Ерөнхийлөгч Нэлсон ярихдаа Их Эзэнийг төлөөлөн ярьдаг билээ.

“Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр гэж Эзэн айлдаж байна” 19 гэдгийг бидэнд сануулах судар, сургаалаар бид адислагдсан.

Сирийн цэргийн агуу жанжин Нааман уяман өвчтэй байсан ба бошиглогч Элиша өөрийг нь эдгээж чадна гэж сонссон байлаа. Элиша Нааманд Иордан голд долоон удаа усанд орвол цэвэр болно гэж хэлүүлэхээр элчээ илгээв. Нааман сэтгэл дундуур байлаа. Иордан голоос илүү дээр гол мөрөн байсан нь мэдээж. Мөн бошиглогч Элиша өөрийг нь эдгээнэ гэж найдаж байтал яагаад элч ирсэн юм бол? Нааман уурласаар буцсан бөгөөд зарц нар нь түүнийг ятгаж: “Тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү?” 20 хэмээжээ. Эцэст нь Нааман Иордан голд долоон удаа булхаж, эдгэрсэн.

Нааманы түүх бидэнд өөрсдийн бодол, өөрсдийн хүлээлт, өнөөгийн хэм хэмжээнд тохирох хэсгүүдийг бошиглогчийн зөвлөгөөнөөс шилж, сонгохын эрсдэлийг сануулдаг. Бошиглогч биднийг эдгээхийн тулд бидний өөрсдийн Иорданы гол руу байнга чиглүүлдэг.

Бидний сонсож, тунгааж, дагаж болох хамгийн чухал үгс бидний амьд бошиглогчоор илчлэгддэг. Би ерөнхийлөгч Нэлсоны хамт зөвлөлийн хуралд сууж, Сүмийн болон дэлхийн чухал асуудлуудыг ярилцаж, түүгээр дамжин илчлэлтүүд ирэхийг харсан гэдгээ гэрчилж байна. Тэр Их Эзэнийг, Түүний арга замуудыг мэддэг бөгөөд Бурханы бүх хүүхэд Их Эзэн Есүс Христийг сонсоосой гэж хүсдэг.

Олон жилийн турш бид бошиглогчийг жилд хоёр удаа ерөнхий чуулганаар үг хэлэхийг сонссоор ирсэн. Гэвч өнөөгийн нарийн төвөгтэй асуудлуудын улмаас, ерөнхийлөгч Нэлсон хэлэлцүүлэг, 21 олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, 22 онцгой цугларалт, 23 тэр ч байтугай хэвлэлийн бага хурал 24 дээр олон удаа үг хэлэх болсон. Би түүнийг илүү их талархлыг уриалсан, дэлхий дээрх бүх ах, эгчийн оролцоог илүү ихээр дэмжсэн, бидний хувийн амьдралд амар амгалан, найдвар, баяр хөөр, эрүүл мэнд, эдгэрлийг нэмэгдүүлсэн гүн гүнзгий утга учиртай илчлэлтийн захиасыг бэлтгэж, толилуулж байгааг ажигласан.

Ерөнхийлөгч Нэлсон авьяаслаг харилцагч, гэхдээ үүнээс чухал нь тэрээр Бурханы бошиглогч юм. Энэ талаар бодоход гайхалтай боловч түүний тодорхой чиглүүлэг биднийг өнөөдөр дэлхий дээр түгэж буй худал хуурмаг, заль мэх, дэлхийн арга замуудаас хамгаална гэдгийг ойлгох нь маш чухал. 25

Бошиглолын нөмрөг нь үнэндээ илчлэлт юм. 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар зарласан “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинд өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг” дээр Их Эзэн энэ ажлыг чиглүүлж буйг онцолсон. Энэхүү тунхагт Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга “Тасралтгүй өгөгдсөөр байгаа илчлэлтээр дамжин амлагдсан Сэргээлт урагш явсаар байгааг бид баяртайяа тунхаглаж байна. Бурхан ‘бүх юмсыг Христ дотор нэгтгэх’ (Ефес 1:10) тул дэлхий эргэлт буцалтгүй өөрчлөгдөх болно” гэсэн байдаг. 26

“Христ дотор[х бүх юмс]” 27 болон “өөрийн дотоод сэтгэлийн зүйлс” 28 нь энэ Сүмийн, энэ сайн мэдээний, энэ хүмүүсийн гол утга учир юм.

Би өнөөдөр хуваалцсан Бурхан Эцэг, бидний Аврагч Есүс Христ хоёрыг хайрла; хөршөө хайрла; өөрийгөө хайрла; зарлигуудыг сахь; үргэлж ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зохистой бай; баяр хөөртэй, зоригтой бай; Бурханы амьд бошиглогчийг дага гэсэн “миний дотоод сэтгэлийн” долоон зүйлийг бодож үзэхэд та нарын хүн нэг бүрийг уриалж үгээ төгсгөе. Би та нарыг өөрсдийн найм, ес, арав дахь зүйлийг олж тодорхойлоход урьж байна. Та өөрийн чин сэтгэлийн “зүйлсийг” бусадтай хуваалцаж, тэднийг залбирч, тунгааж, Их Эзэний удирдамжийг эрэлхийлэхэд уриалах арга замуудыг бодоорой.

“Миний дотоод сэтгэлийн зүйлс” надад эрхэм байдгийн нэгэн адил таных мөн танд эрхэм байх болно. Эдгээр зүйл нь Сүм болон амьдралын бүхий л хэсэг дэх бидний үйлчлэлийг хүчирхэгжүүлнэ. Тэдгээр нь биднийг Есүс Христэд үнэнч байлгаж, бидэнд гэрээнүүдийг маань сануулж, Их Эзэний мутарт аюулгүй гэдгээ мэдрэхэд тусалдаг. Бид Түүний үнэнч шавь болохыг, Тэр Эцэгтэй нэг байдгийн адил Түүнтэй нэг байхыг эрэлхийлэхэд бидний дотоод сэтгэл “хэзээ ч өлсөж, бас цангахгүй, харин [Түүний хайраар] ханасан бай[гаасай]” 29 хэмээн Тэр хүсдэгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.