2013
Үүрэгт ажлаа сайн хий
аравдугаар 2013


Үүрэгт ажлаа сайн хий

2012 оны гуравдугаар сарын 4-нд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль дээр болсон Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх цугларалт дээр залуучуудад хандан хэлсэн үгээс. Хэлсэн үгийг англи хэлээр бүрнээр нь уншихыг хүсвэл www.lds.orgfundamental-premises-of-our-faith хаягаар орно уу lds.org/broadcasts/archive/ces-devotionals/2012/01?lang=eng.

Зураг
Ахлагч Квинтин Л.Күк

Зөв шударга бай. Гэр бүлээ төлөвшүүл. Гэр бүлээ тэтгэх тохиромжтой арга замыг ол. Дуудлагатаа үйлчил. Бурхантай уулзахаар бэлтгэ.

Ерөнхийлөгч Дэвид O.Маккэй (1873–1970) Шотландад номлогчоор үйлчилж байхад нь тохиолдсон нэг түүхийг олон удаа ярьсан байдаг. Тэр номлолд ирснээсээ хойш удалгүй гэрээ санаж, ойролцоох түүхийн дурсгалт газар Шөрлинг Цайзыг үзэж, хэдэн цагийг тэнд өнгөрүүлдэг байжээ. Тэр хамтрагчтайгаа түүхэн дурсгалт цайзыг үзээд буцаж явахдаа, “Чи хэн ч байлаа гэсэн, үүрэгт ажлаа сайн хий” хэмээн Шекспирийн хэлсэн бололтой эдгээр үгсийг чулуун дээр сийлэн хаалган дээрээ хадсан байшингийн дэргэдүүр өнгөрдөг байв.

Ерөнхийлөгч Маккэй энэ үйл явдлыг эргэн санаж, “Би өөртөө эсвэл доторх Сүнсэндээ, ‘Чи бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн. Түүгээр ч барахгүй, чи бол энд Их Эзэн Есүс Христийн төлөөлөгч шүү дээ. Чи Сүмийн төлөөлөгч байх үүрэг хариуцлагыг хүлээн авсан хүн” хэмээн өөртөө хэлсэн гэж билээ. Тэгээд би тэр өдрийн үдээс өмнө хийсэн зүйлийнхээ [тухай] бодлоо. Бид хоёр түүхийн дурсгалт газар үзэж, түүхэн заавар, мэдээлэл олж авсан, үүнд миний сэтгэл их догдолсон. … Гэвч энэ чинь номлолын ажил биш шүү дээ. … Би нөгөөх чулуун дээрх надад хандсан захиасыг хүлээн авлаа. Тэгээд бид тэр үеэс хойш Шотланд дахь номлогчдын хувьд үүрэгт ажлаа сайн хийхийг хичээдэг болсон.”1

Энэхүү маш чухал захиас түүнд асар их нөлөө үзүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч Маккэй үүнийг амьдралынхаа үлдсэн хугацаанд сүнслэг удирдамж болгон ашигласан ажээ. Тэр ямар ч үүрэг хүлээлээ гэсэн чадах бүхнээ хамгийн сайнаар хийж байхаар шийджээ.

Үнэн дүр төрхөө нуухаас зайлсхий

Сүмийн залуу үеийнхэн та нарт байгаа сайныг үйлдэх агуу чадварыг харахад та нарын ирээдүйн төлөө миний санаа зовдог зүйл юу байх билээ? Би та нарт ямар зөвлөгөө өгч болох вэ? Нэгдүгээрт, та нар үнэн дүр төрхөө нууж баг өмсөн өөрөө хэн билээ гэдгээсээ мөн ямар хүн болохыг хүсдэгээсээ огт өөр хүн болж харагдах хүчтэй дарамт шахалттай учрах болно.

Сүмийн түүхийн эхэн үед Бошиглогч Иосеф, Эмма хоёр 11 настай ихрүүд Жозеф, Жюлия нартайгаа хамт Огайогийн Хайрамд Жон Жонсон, Алис Жонсон нарын гэрт байжээ. Хоёр хүүхэд нь хоёул улаан бурхнаар өвчилсөн байв. Иосеф бяцхан хүүтэйгээ хамт үүдний ойролцоо дугуйтай намхан орон дээр унтаж байв.

Нүүрээ хараар будсан хэсэг хүмүүс шөнө хаалгаар дайран орж ирээд Бошиглогчийг чирж гарган, зодож, түүний болон Сидней Ригдонгийн биенд давирхай түрхжээ.

Танхайрагчдын энэхүү дайралтын хамгийн эмгэнэлтэй үр дагавар нь аавыг нь гадаа чирж гаргах үеэр бяцхан Жозефыг шөнө хүйтэн агаарт гадаа гаргаснаас тэр хүнд хатгаа авсан явдал юм. Үүний балгаар бяцхан хөвгүүн хэдхэн хоногийн дараа энджээ.2

Бошиглогч, түүний ах Хайрум хоёрын амийг хөнөөхөд оролцсон хүмүүс бас үнэн дүр төрхөө нуухын тулд нүүрээ хараар будсан байлаа.3

Хүн үнэн дүр төрхөө нуух нь хэзээ хэзээнээс илүү амар хялбар болсон өнөө үед баг өмсөхгүй байж, “итгэлдээ үнэнч байх” нь чухал зарчмууд юм. Амь насаараа хохирогчид итгэлдээ үнэнч байсан учраас егүүтгэгдсэн юм.4

Биднийг буруу сонголт хийхээс хамгаалдаг агуу хамгаалалтуудын нэг нь үнэн дүр төрхөө нуух аливаа баг өмсөхгүй байх явдал мөн. Хэрэв танд үнэн дүр төрхөө нуумаар санагдвал, энэ нь аюулын ноцтой дохио, хийх ёсгүй зүйлийг танаар хийлгэх гэсэн Сатаны арга хэрэгслүүдийн нэг гэдгийг мэдэгтүн.

Үзэн ядалт, хорсол, муйхар санаагаар дүүрэн, нэргүй нийтлэлүүдийг хүмүүс өнөө үед онлайнд тавьж байгаа нь тэд үнэн дүр төрхөө нуудгийн нийтлэг жишээ мөн. Зарим хүмүүс үүнийг шатаалт гэдэг.

Төлөөлөгч Паул бичсэн нь:

“Бүү мэхлэгд. Муу нөхөр сайн хэвшлүүдийг эвддэг.

“Та нар ямар байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг байхгүй байна” (1 Коринт 15:33–34).

Чөтгөрийн харилцаа нь зөвхөн муу зан чанар биш гэдэг нь тодорхой юм. Хэрэв хожмын үеийн гэгээнтнүүд хичээвэл, Бурханы тухай мэдлэггүй эсвэл Аврагчийн тухай гэрчлэлгүй хүмүүст тэд сайнаар нөлөөлж чадна.

Хүний нэр төрийг гутаан доромжлох, хэн нэгнийг муу хүн гэж бусдад ойлгуулахын тулд интернетийг аливаа хэлбэрээр ашиглах нь хүлээн зөвшөөрч болшгүй үйлдэл юм. Хүмүүс үнэн дүр төрхөө нууж баг өмссөнөөрөө ийм төрлийн үйлдэлд оролцох илүү их магадлалтай байдаг. Энэ нь ойлголт мэдлэгээ нэмэгдүүлэх зорилгоор буурь суурьтай ярилцах боломжийг үгүй болгодог. Энэ нь бас Аврагчийн заадаг үндсэн зарчмуудад харш юм.

Аврагч Өөрийгөө дэлхийг яллахын тулд бус харин түүнийг аврахын тулд ирсэн гэдгийг тайлбарласан билээ. Тэгээд Тэрбээр яллах гэдэг нь юу гэсэн утгатайг ийн дүрслэн тайлбарлажээ:

“Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм.

“Учир нь өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэл рүү гарч ирдэггүй.

“Харин үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл рүү ирдэг гэлээ” (Иохан 3:19–21; мөн шүлэг 17–18-ыг үзнэ үү).

Зөв шударга хүмүүс үнэн дүр төрхөө нуухын тулд баг өмсөх шаардлагагүй юм.

Үнэн итгэлийнхээ дагуу үйлд

Та өөрийн зан чанарыг хөгжүүлж, Христтэй илүү адилхан болоход туслах зүйлсийг хийхэд цаг заваа зориулснаар үнэн итгэлийнхээ дагуу үйлдэх болно. Та нарын хэн нь ч өөрийн амьдралыг “Бурхантай уулзахаар бэлтгэх” (Aлма 34:32) цаг гэхээсээ илүү зугаа цэнгэл, тоглоом наадмын үе гэж үздэггүй гэдэгт би найдаж байна.

Үүрэгт ажлаа биелүүлэх болон цагийг үр бүтээлтэй ашиглахын гайхамшигт жишээг бид Дэлхийн II Дайны төгсгөлөөр Япон дахь АНУ-ын эзэмшлийн зэвсэгт хүчинд тэнгисийн цэрэг байсан Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Л.Том Пэрригийн амьдралаас харж болно. Ахлагч Пэрри дараах түүхийг Аврагчийн тухай онцгой гэрчлэлээ бичихдээ хуваалцжээ.

“Дэлхийн II Дайн төгсөж, энх тайвны гэрээнд гарын үсэг зурсны дараа Японы эрэгт очсон анхны усан цэргүүдийн нэг нь би байлаа. Миний амьдралд тохиосон хамгийн гунигтай үйл явдлын нэг нь сүйрч балгас болсон Нагасаки хотод очсон явдал байв. Хотын ихэнх хэсэг бүрэн устаж сүйрсэн байлаа. Зарим цогцсуудыг оршуулж ч амжаагүй байв. Хотод эзэмшлийн цэрэг орж ирсний дараа бид штабаа байгуулаад ажилдаа орсон билээ.

“Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан бөгөөд биднээс цөөхөн нь илүү ихийг өгөхийг хүсч байсан юм. Бид хариуцсан санваартан руугаа очиж, Христийн сүмүүдийг сэргээн босгоход туслах эрхийг бидэнд олгохыг хүссэн юм. Дайны үеийн засгийн газрын хязгаарлалтын улмаас эдгээр сүмүүд үйл ажиллагаагаа бараг зогсоосон байв. Бид юу ч үгүй болтлоо эвдэрч сүйрсэн барилга байгууламжийг засан, Христийн шашны ёслолуудыг дахин хийх боломжтой болгохын төлөө сайн дурын бүлэг байгуулж, чөлөөт цагаараа цуглааны байруудыг засварлаж, сэргээн будахаар боллоо.

“… Бид дайны турш үйлчлэх боломжгүй байсан сүмийн удирдагчдыг олж, тэднийг сүмдээ буцаж ирэхийг уриалсан юм. Тэдгээр хүмүүс Христэд итгэх итгэлээ дахин эрх чөлөөтэйгөөр үргэлжлүүлж чадсан бөгөөд энэ нь бидний хувьд агуу үйл явдал болсон юм.

“Бид Нагасаки хотоос гэртээ харих боллоо. Би үүнийг хэзээ ч мартахгүй. Гэртээ харих галт тэргэнд суух үеэр биднийг тэнгисийн бусад явган цэргүүд шоолж байлаа. Тэдэнд баяртай гэж хэлэх найз охид нь хажууд нь байлаа. Тэд биднийг Японд байхын баяр цэнгэлийг амссангүй хэмээн шоолж байв. Тэд биднийг зөвхөн ажил хийж, хана шавардан цагийг дэмий өнгөрөөсөн гэж боддог байлаа.

“Яг энэ мөчид галт тэрэгний буудлын ойролцоох довыг даван Христийн шашинтан 200 гаруй япон хүн ‘Урагшаа, Христийн цэргүүд ээ’ дууг дуулан ирж, бидэнд баахан бэлэг өгсөн юм. Тэд төмөр замын дагуу эгнэн зогсож, галт тэрэг хөдлөх үед бид гараа сунган салах ёс гүйцэтгэж билээ. Бидний сэтгэл бүр ярьж ч чадахааргүй болтлоо их хөдөлж байв. Учир нь бид дайны дараа тэр улсад Христийн сүмийг сэргээхэд өчүүхэн ч болов хувь нэмэр оруулсандаа туйлын баяртай байсан билээ.5

Цаг заваа хэрхэн ашиглах сонголтоо тунгаан бодож, санаачилгатай бай. Би та нарыг сүсэг бишрэлийнхээ тухай хүн бүхэнд зарлаад бай, эсвэл гаднах байдлаараа итгэлтэй хүний дүр эсгэж бай хэмээн хэлээгүйг та нар Ахлагч Пэрригийн жишээнээс харж болно. Ийм байвал танд өөрт тань бас сүмд ичгүүртэй хэрэг болно. Та нар ямар хүмүүс болох ёстой билээ, тийм л хүмүүс болох талаар би ярьж байна.

Тохирох зорилго тавь

Миний гурав дахь зөвлөгөө та нарын анхаарлаа төвлөрүүлбэл зохих зорилгуудын талаар юм. Ахлагч Пэррийг Японд тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байхтай ойролцоо нэгэн үед Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэр Дэлхийн II Дайны төгсгөлөөр Японд агаарын цэргийн хүчинд алба хааж байжээ.

Би 2004 онд Ерөнхийлөгч Пакэр болон бусад хүмүүсийг дагалдан Японд очсон юм. Тэрбээр өөрийн зарим алхмуудыг эргэн харж, тэр үед гаргасан шийдвэрүүд болон зарим туршлагаа тунгаан бодсон юм. Би түүний зөвшөөрснөөр зарим бодол санааг нь хуваалцья.

Ерөнхийлөгч Пакэр Окинавагийн эргээс хол орших нэгэн арал дээр болсон үйл явдлын тухай өгүүлсэн юм. Тэр энэ арлыг цөл дэх өөрийн уул гэж үзсэн ажээ. Түүний хувийн бэлтгэл болон бусад гишүүдтэй уулзсан нь сайн мэдээний сургаалуудад итгэх итгэлийг нь гүнзгийрүүлсэн байна. Гэвч түүнд нэг л зүйл дутагдаад байлаа. Энэ нь үнэн гэдгийг нь аль хэдийн мэдэрсэн зүйлийнх нь баталгаа баттай мэдлэг байв.

Ерөнхийлөгч Пакэрын намтрыг бичигч энэ тухай өгүүлэхдээ: “Өөрийн эрж хайсан амар амгалангийн баталгааны оронд тэрбээр гэм зэмгүй хүмүүсийн эсрэг тамын дайныг биеэр туулсан юм. Тэрээр ганцаараа байж тунгаан бодохоор нэг өдөр далайн арал дээрх өндөр толгой дээр гарчээ. Тэр тэнд нэгэн цагт сайхан байшин байсан бололтой эвдэрхий байшингийн үлдэгдэл, түүний ойролцоо хаягдсан амтат төмсний талбайг харлаа. Тэр бас хатсан төмснүүдийн дунд хоёр хүүхэдтэйгээ хамт алагдсан нэгэн эхийн хүүр байхыг харжээ. Харсан зүйл нь түүнийг гүн уй гашууд автуулсны зэрэгцээ өөрийн гэр бүлийг бас бусад бүх гэр бүлийг хайрлах мэдрэмж түүнд төрсөн ажээ.”6

Тэр дараа нь түр хугацааны хоргодох байранд орж, бясалган, тунгаан бодож, залбирчээ. Ерөнхийлөгч Пакэр энэ үйл явдлыг эргэн санаж, сүнсний баталгаа хэмээн миний нэрлэсэн зүйлийг дүрсэлсэн юм. Амьдралдаа өөрийн хийх ёстой зүйлсэд тэрээр сүнсээр нөлөөлөгдсөнөө мэдэрсэн ажээ. Тэрээр одоо үйлчилж байгаа ариун, дээд дуудлагатаа дуудагдана гэж огт төсөөлж байгаагүй нь мэдээж юм. Түүний зорилго нь Аврагчийн сургаалд онцгой ач холбогдол өгөн, багш болох байсан ажээ. Тэр зөв шударгаар амьдрах болно гэсэн шийдвэр гаргав.

Энэхүү шийдвэр нь тэрээр зөв зохистой эхнэр авч, өнөр өтгөн гэр бүлээ хамтдаа өсгөн хүмүүжүүлэх болно гэсэн тод томруун байдлаар түүнд ирсэн ажээ. Энэ залуу цэрэг сонгосон ажил нь боломжийн нэмэгдэл, хангамжтай байна гэдгийг мөн хайрт хань нь зарим нэг материаллаг юмгүй амьдрах хүсэлтэй байж өөртэй нь адил эрхэмлэх зүйлстэй байх хэрэгтэй гэдгийг ухаарч ойлгожээ. Донна Пакэр эгч Ерөнхийлөгч Пакэрт төгс хань нь байсан, одоо ч байгаа билээ. Тэд хэзээ ч багтаж ядсан их мөнгөтэй байгаагүй ч өөрсдийгөө ядуу зүдүү гэж боддоггүй байлаа. Тэд 10 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд их золиослол хийсэн ажээ. Одоо тэд 60 ач зээ, 80 гаруй ачинцар, зээнцэртэй болоод байна.

Бидний зорилго дэлхийн эрхэмлэдэг зүйлс дээр олонтоо үндэслэгддэг учраас би энэхүү үнэн түүхийг хуваалцлаа. Авралын ёслолуудыг хүлээн авсан гишүүдийн хувьд нэн чухал элементүүд нь нэлээд энгийн юм. Зөв шударга бай. Гэр бүлээ төлөвшүүл. Гэр бүлээ тэтгэх тохиромжтой арга замыг ол. Дуудлагатаа үйлчил. Бурхантай уулзахаар бэлтгэ.

Аврагч сургахдаа, “элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм” (Лук 12:15) гэжээ.

Улс орон ба нийгмээ цогцлон байгуул

Хувийн харьцаа хандлага, зан байдал, гаргадаг шийдвэрүүдээс гадна, хэрэв та нар ямар үеийнхэн байх ёстой, тийм л байх юм бол, та нар амьдардаг улс орноо, нийгмээ цогцлон байгуулах болно. Та нарын үеийнхэн шударга ёсыг болон шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах хэрэгтэй. Бидний өвлөсөн Иудей-Христийн шашны өв бол Тэнгэр дэх бидний Эцэгийн төлөвлөгөөнд зөвхөн үнэ цэнэтэй төдийгүй амин чухал юм. Бид энэхүү өвийг ирээдүйн үеийнхэнд зориулж хамгаалах хэрэгтэй. Бид сайн хүмүүстэй, түүний дотор бүх шашны хүмүүстэй ялангуяа биеэ авч яваа байдлаараа Бурханы өмнө хариуцлагаа ухамсарладаг сайн хүмүүстэй нэгдэн нийлэх хэрэгтэй. Эдгээр нь “Чи хэн ч байлаа гэсэн, үүрэгт ажлаа сайн хийж бай” гэсэн зөвлөгөөг ойлгодог хүмүүс юм. Иудей-Христийн шашинтны үнэт зүйлс ба шашин шүтэх эрх чөлөөг амжилттайгаар өргөжүүлэн хөгжүүлэх нь танай үеийнхнийг ямар хүмүүс байх ёстой вэ тийм л агуу үеийнхэн болгоно.

Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн чуулга өнөөдөр дэлхийд бий болсон сорилт бэрхшээлүүдтэй холбогдуулан, та бүхэн амьдарч байгаа улс орныхоо улс төрийн үйл явцад хэрхэн зохих ёсоор оролцох тухайд онцгой санаа тавьдаг билээ. Сүм улс төрийн тэмцэлд төвийг сахидаг бөгөөд намууд болон тэдний нэр дэвшигчдийг дэмждэггүй. Гэвч манай гишүүд сайн засгийн газрыг хамгаалах зарчим дээр үндэслэн, өөрсдийн сонгосон улс төрийн нам болон түүний нэр дэвшигчдийг дэмжихэд бүрэн оролцохыг бид хүсэн хүлээдэг билээ. Энэ талаарх бидний сургаал тодорхой юм: Сайн бөгөөд “үнэнч шударга … мөн ухаалаг хүмүүс хичээнгүйлэн эрэлхийлэгддэг байх ёстой” (С ба Г 98:10).

Бид та нарт маш их итгэдэг. Өмнөх үеийнхний байгуулаагүй хаант улсыг та нар байгуулж чадна гэдэгт Сүмийн удирдлага бат итгэлтэй байдаг билээ. Бид та нарыг хайрладаг, та нарт итгэдэг төдийгүй бас та нарын төлөө залбирч, та нарыг адисалдаг билээ. Та нарын үеийнхний амжилт Сүмийг цаашид төлөвшүүлэх болон хаант улсын өсөлт хөгжилтөд туйлын чухал гэдгийг бид мэднэ. Бид та бүхнийг баг өмсөхөөс зайлсхийснээр үүрэгт ажлаа сайн хийж, үнэн дүр төрхийнхөө дагуу үйлдэн, зөв зорилгууд дэвшүүлж, улс орноо болон нийгмээ цогцлон байгуулахын төлөө үргэлж залбирдаг.

Эшлэлүүд

  1. Дэвид O.Маккэй, Францис M.Гиббонс, Дэвид O. Маккэй: Бурханы бошиглогч, дэлхийн төлөөлөгч (1986), 45.

  2. Maрк Л.Стэйкэр, “Remembering Hiram, Ohio,” Ensign, 2002 оны 10-р сар, 32, 35-ыг үзнэ үү.

  3. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 24-ийг үзнэ үү.

  4. “Итгэлдээ үнэнч байх нь,” Hymns, no. 254.

  5. Л.Toм Пэрри, “Joy—for Us and Others—Comes by Following the Savior,” http://lds.org/prophets-and-apostles/what-are-prophets-testimonies?lang=eng.

  6. Люсил К.Тэйт, Боид K.Пакэр: A Watchman on the Tower (1995), 58–59.

Ахлагч Квинтин Л.Күкийн гэрэл зургийг Крэг Даймонд; гэрэл зураг чимэглэлийг Скотт Дэйвис

Ахлагч Л.Том Пэрри Японд байхдаа үүргээ сайн биелүүлсэн ажээ.

Ахлагч Л. Том Пэрригийн гэрэл зураг © IRI

Ерөнхийлөгч Боид К.Пакэр зөв зорилгууд тавьж ажиллах чадвараар адислагджээ.

Ерөнхийлөгч Боид К.Пакэрын гэрэл зураг, хувилан олшруулж болохгүй