2013
Түүний замыг дага
аравдугаар 2013


Түүний замыг дага

Аврагчтай адилхан болох нь алгуураар хэрэгжих насан туршийн үйл явц бөгөөд та өдөр бүр жижиг алхмуудаар эхлэх хэрэгтэй.

Зураг
Christ walking with sheep in the background.

Судрууд биднийг Есүс Христтэй адилхан болж, “Түүний хэрхэн явсанчлан өөрөө бас тийн явдаг” (1 Иохан 2:6) байхад урамшуулан дэмждэг билээ. Гэвч энэхүү эхний алхмыг хийх нь ялангуяа та хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол хэцүү байж болно.

Миний сайн мэдээг номло: Номлолын үйлчлэлийн удирдамж номоос та тусламж олох болно. Энэхүү удирдамжийг та зөвхөн бүрэн цагийн номлогчдод зориулсан гарын авлага гэж та бодож магадгүй, гэвч энэ нь Аврагчтай адилхан болох зорилго тавьж хэрэгжүүлэхэд тань тусалж чадах агуу ном юм. 6-р бүлэг нь Христийн есөн онцгой зан чанарыг ойлгож, эзэмшихэд тань туслах зорилготой юм.

Христийнхтэй адил зан төлөвийг хөгжүүлэхийн тулд Миний сайн мэдээг номло удирдамж болон судруудыг хэрхэн ашиглах тухай зөвлөмжүүд энэ бүлэгт байдаг.

  • Эхлэхийн тулд Миний сайн мэдээг номло удирдамжийн 6-р бүлгийн төгсгөл дэх Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх нь-ээс үзнэ үү (хуудас 140). Энэ үйл ажиллагаа нь ямар зан чанарууд эдүгээ таны сүнсний хүч чадал болж байгаа болон ямар зан чанаруудыг хөгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байгааг тодорхойлоход тань тусалж чадна.

  • Үйл ажиллагааг дуусгасны дараа анхаарал төвлөрүүлэх нэг зан чанарыг залбирч сонго. Сонгосон зан чанарынхаа талаар 6-р бүлэг дээрх хэсгүүдийг уншихыг бод.

  • Энэхүү зан чанарыг хөгжүүлэхэд өөрт тань туслах тодорхой, хэмжиж болохуйц зорилгууд тавь. Зорилго дээрээ ажиллах цаг гарга. Тэгээд өсөлт хөгжилтөндөө үнэлэлт өг. Жишээ нь, хэрэв та хайраар дүүрэн болохыг хичээж байгаа бол, долоо хоногийн турш өдөр бүр гурван удаа ах эсвэл эгчийнхээ талаар сайн зүйлүүдийг нь хэлэх зорилго тавьж болно. Тэр долоо хоногийнхоо төгсгөлд зорилгоо хэрхэн хэрэгжүүлснээ дүгнэж, үргэлжлүүлэхэд тань туслах өөрчлөлтүүдийг оруулж болно.

  • Миний сайн мэдээг номло удирдамжид зан чанар бүрийн талаар судлах судрууд байдаг. Та жагсаасан судруудыг залбирч судлан, унших үедээ төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэж болно.

  • Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхийн тулд Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуй. Тодорхой тусламж хүс. Жишээ нь “Ах эгч нар маань миний юмыг авахад уурладгаа болих хүч чадлыг надад өгөөч” гэж хэлж болно. Таны залбирал тодорхой байх тусам Их Эзэний хариултыг таних нь төдийчинээ хялбар болох болно.

Бидний Аврагч Есүс Христтэй адил болох нь алгуураар хэрэгжих насан туршийн үйл явц мөн. Зарим үед энэ нь маш хэцүү байж мэднэ. Гэвч бүү цөхөр. Их Эзэн бидэнд ийн амласан юм: “Гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үйлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон гэрэлтдэг” (С ба Г 50:24). Бид гэрэл ба үнэнийг хүлээн авч, судлан, амьдралдаа хэрэгжүүлж, Бурханыг өдөр бүр дагаснаар өөрсдийн Аврагч Есүс Христтэй улам адилхан болно гэдэгт итгэлтэй байж болно.

Түүнийг эрэлхийлэх нь, Лиз Лэмон Свиндл, хуулбар хийж болохгүй; гэрэл зураг чимэглэлийг © Shayla Мэри Фөрсов; суурь зураг © iStock/Thinkstock; чамин хээ угалз © Hemera/Thinkstock

Ням гарагийн хичээлүүд

Энэ сарын сэдэв: Христтэй илүү адил болох нь