2013
Тулаанд бэлтгэсэн нь
аравдугаар 2013


Тулаанд бэлтгэсэн нь

Зураг
Ахлагч Эдуардо Гаваррэт

Бид Аврагч, Эзэдийн Их Эзэнд итгэл найдвараа тавьснаар бэлтгэгдэж, тулаанд бүдэрч ялагдахгүй байх болтугай.

1485 онд III Ричард Английн хаан байв. Тэр үед улс төр тогтворгүй байсан бөгөөд Ричард хаан сэнтийгээ нэг бус удаа хамгаалах шаардлагатай болсон ажээ. Харин тэр 8,000-10,000 хүнтэй армитай, туршлагатай цэргийн жанжин, эрэлхэг зоригт, ухаалаг дайчин эр байв.

Мөн тэр жил Английн хаан ширээнд санаархагч, Ричмондын Өөрлийн Хэнри Тюдор Ричардтай сөргөлдөн: Босвөртийн Талбай гэдэг газарт түүнтэй тулалджээ. Хэнри, Ричардтай адилгүй нь дайн байлдааны туршлага нимгэнээс гадна цэрэг нь ердөө 5,000 хүнтэй байв. Гэвч иймэрхүү тулалдаануудад, түүний дотор Ричардын эсрэг тулалдаанд оролцож явсан сайн зөвлөхүүд язгууртнууд түүнд байлаа. Тулалдааны өглөө болоход Ричард ялах болно гэдэг нь юм бүхнээс тодорхой байлаа.

Нийтийн мэдэх нэгэн эмгэнэлт домог 1485 оны 8 р сарын 22-нд болсон үйл явдлын тухай товчхон өгүүлсэн байдаг. Тэр өглөө Ричард Хаан болон түүний цэргүүд Хэнригийн цэрэгтэй тулалдахаар бэлтгэж байлаа. Тулалдаанд ялагч нь Английн хаан болно. Ричард тулалдааны өмнөхөн хайртай аргамаг хүлэг нь бэлэн байгаа эсэхийг үзээд ир гэж агтчинаа явуулсан аж.

“Морийг түргэн тахал” гэж агтчин төмрийн дарханд тушаасан гэнэ. “Хаан цэргийнхээ түрүүнд аргамаг хүлгээ унан тулалдахыг хүсч байна.”

Төмрийн дархан түүнийг хүлээх хэрэгтэй гэжээ. “Би сүүлийн хэдэн долоо хоног хааны цэргийн бүх морьдыг тахалсан. Харин одоо төмөр авахаар явах хэрэгтэй байна” гэж дархан хариулжээ.

Тэвчээр муутай агтчин хүлээж чадахгүй гэж. “Хааны дайснууд одоохон давшаад ирнэ, бид тэднийг тулалдааны талбарт тосон тулалдах ёстой.” “Байгаа юмаараа морийг тахал.”

Ингэж тушаахад төмрийн дархан чадах бүхнээ хийж, морины дөрвөн тахыг савхан төмрөөр хийж, тахуудыг алхаар давтсаны дараа морины туурайнд гурвыг нь хадсан аж. Гэвч дөрөв дэх тахыг хадах гэтэл хадаас байсангүй.

“Одоо нэг эсвэл хоёр хадаас хэрэгтэй байна. Бас хадаасуудыг давтахад цаг хэрэгтэй шүү дээ” гэж төмрийн дархан агтчинд учирлажээ.

Гэвч, агтчин хүлээж чадсангүй, “Тулалдааны бүрээ үлээж байна шүү дээ!” “Байгаа юмаараа аргалж болохгүй юү?” гэв.

Төмрийн дархан чадах бүхнээ хийгээд ч дөрөв дэх тах морины хөлд бөх тогтоно гэсэн баталгаа өгч чадахгүй гэжээ.

“Тахыг дээрээс нь хадчих” гэж агтчин тушаав. “Бушуулаач, тэгэхгүй бол Ричард Хаан та бид хоёрт хоёуланд нь уурлана шүү.”

Тулалдаан удалгүй эхлэв. Ричард Хаан цэргүүдээ зоригжуулахын тулд тулалдааны талбар дундуур хөндлөн гулд давхин, “Урагшаа давшаад! Урагшаа! Урагшаа!” гэж хашгиран тулалдаж байлаа.

Гэтэл Ричард тулалдааны талбарыг бүхэлд нь хартал хэсэг цэрэг нь ухарч байв. Тэрээр бусад цэргүүд нь ухрахаас айж, ухарч байгаа цэргүүд дээр очиж, тулалдаанаа үргэлжлүүлэхэд тэднийг зоригжуулахын тулд тэдний зүг хуй салхи мэт хурдлан давхилаа. Гэвч Ричардыг тэдэнд хүрэхээс өмнө морь нь бүдэрч таварцаглан унахад хаан газарт хол шидэгджээ. Төмрийн дархны айж болгоомжлон, муухан хадсан нөгөөх тах хааныг яаран давхихад морины хөлнөөс мултарч унасан ажээ.

Ричардыг газраас харайн босоход морь нь босоод давхиад явчихаж. Хэнригийн цэргийг дайран ирэхэд Ричард илдээ агаарт өндөрт өргөн даллаж, “Морь! Морь! Хаант улсаа би ганцхан мориноос өглөө!” хэмээн хашгирч байжээ.

Гэвч нэгэнт оройтсон байлаа. Тэр үед Ричардын цэргүүд Хэнригийн дайран ирсэн цэргүүдээс айж, зугтааж байлаа. Ингээд тэд ялагдах нь тэр. Тэр үеэс хойш хүмүүс

Хадаасгүй бол тах хэрэггүй,

Тахгүй бол морь хэрэггүй,

Морьгүй бол тулалдаанд ялагдана,

Тулалдахгүй бол хаант улсыг алдана,

Тиймээс морины тахны хадаас юм бүхнээс илүү чухал юм гэсэн нэгэн зүйр үгийг ярьдаг болсон гэнэ.1

Зарчмуудаа бататгах нь

Би энэ түүхийн тухай эргэцүүлэн бодоод, муухан хадсан морины тахны хадаас мэтийн өчүүхэн зүйл үйл явдал орвонгоороо эргэхэд хэрхэн нөлөөлж болохыг ойлгосон юм. Бид хадаасгүй морины тахыг сайн мэдээний зарчмуудтай зүйрлүүлж болно. Сайн мэдээний зарчмууд болон тэдгээртэй холбоотой үнэт зүйлс ба практик үйл ажиллагаанууд хангалтгүй байх нь биднийг уруу таталт болон нүгэл хилэнцийн эсрэг тулалдааны талбарт гар мухардаж, хүчин мөхөсдөхөд хүргэж болно.

Бидний амьдралд бас манай гэр бүлүүдэд ямар зүйлс хэвшил болоогүй байна вэ? Бид хувийн болон гэр бүлийн залбирлыг үл тоомсорлодог бил үү? Судруудыг хичээнгүйлэн судлахад хайрамжгүй ханддаг уу? Гэр бүлийн үдшийг тогтмол хийдэг бил үү? Аравны нэгээ бүрэн төлдөг бил үү? Ах эгч нартаа үйлчилдэг үү? Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахидаг бил үү? Ариун сүмд ордог бил үү? Бид хөршүүдээ хайрладаг уу?

Бид бүгд амьдралдаа үнэлэлт өгч, өөртөө юу дутагдаж байгааг ямар зарчим эсвэл дадал хэвшлийг хувийн амьдрал болон гэр бүлдээ илүү бат бөхөөр төлөвшүүлэх хэрэгтэй байгааг мэдэх ёстой. Бид тэрхүү зарчим эсвэл дадал хэвшлийг олж тогтоосны дараа уг зарчмаар бүрэн дүүрэн амьдарч, зөв зүйлийг дэмжин хамгаалахад өөрийгөө болон гэр бүлээ илүү сайн бэлтгэхийн төлөө сулхан хадсан хадаасыг чангалахын тулд тууштай, шаргуу ажиллах хэрэгтэй.

Их Эзэн Сургаал ба Гэрээнд “Авралын дуулгыг, мөн та нар дээр миний юүлэх Сүнсний минь илдийг, мөн та нарт илчлэх миний үгийг авагтун” (27:18) хэмээн зөвлөсөн байдаг.

Аврагч Өөрийн итгэлтэй үйлчлэгчдэд, “Тэдний гар миний мутар байх болно, мөн бибээр тэдний халхавч мөн бамбай нь байх болно; мөн бибээр тэдний бүсийг бүслэх болно, мөн тэд миний төлөө эрэлхэгээр тулалдах болно; … мөн зэвүүцлийнхээ галаар тэднийг хамгаалах болно би” (С ба Г 35:14) хэмээн амласан юм.

“Хүлэг морьдыг тулаанд мордоход бэлэн болгосон ч, “ялалт нь ЭЗЭНий гарт байдаг” (21:31) гэдгийг бид үргэлж санаж явах ёстой. “Христэд ирэгтүн мөн түүгээр төгөлдөржигтүн” (Moронай 10:32) гэсэн Моронайн урилгыг бид дагах ёстой. Бид Аврагч, Эздийн Их Эзэнд итгэл найдвараа тавьснаар нүгэл хилэнцийн эсрэг тулаанд бүдэрч ялагдахгүй байх болно.

Эшлэлүүд

  1. “For Want of a Horseshoe Nail,” хянан тохиолдуулсан Виллиам Ж.Бэннэт, The Book of Virtues: A Treasury of Great Moral Stories (1993), 198–200-г үзнэ үү.

Зураг чимэглэлийг Грэг Ньюболд