2013
Авралын ажил дахь бидний үүрэг
аравдугаар 2013


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Авралын ажил дахь бидний үүрэг

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд сүмийн үйл ажиллагаанаас ямар нэг шалтгаанаар хөндийрсөн ах эгч нар аа, аврах хэрэгцээ нь мөнхийн чухал ач холбогдолтой зүйл юм. Сайн мэдээг нэгэнтээ бүрэн хүлээн авч, түүгээр амьдарч байсан ийм хүмүүсийн тухай бид мэддэг бил үү? Хэрэв мэддэг бол, тэднийг аврах ямар үүрэг бидэнд байдаг вэ?

Өндөр настай, бэлэвсэн болон өвчтэй хүмүүсийн дундаас алдагдсан тэдэнд илүү анхаарал тавь. Тэднээс маш олон нь ганцаардал хэмээх хуурай, эзгүй цөлд төөрч алдагдсан байдаг. Насных нь наран хэвийж, эрүүл мэнд нь доройтон, эрч хүч нь суларч, найдварын гэрэл нь хэзээ ч байгаагүйгээр бүүдийсэн үед тусламжийн гар, өрөвч энэрэнгүй зүрх сэтгэл тэднийг өргөн дэмжиж чадна.

Мэдээж хэрэг, аврах хэрэгтэй бусад хүмүүс байгаа. Зарим хүмүүс нүгэлтэй тэмцэлдэж байхад бусад нь айдас, идэвхгүй байдал, ойлголт төсөөлөлгүйгээс болж, төөрч будилж явна. Тэд ямар ч шалтгаантай байсан, сүмийн үйл ажиллагаанаас өөрсдийгөө холдуулан хөндийрүүлсэн байдаг. Хэрэв сүмийн идэвхтэй гишүүд бидэнд тэднийг аврах хүсэл төрөхгүй бол тэд алдагдсан хэвээр үлдэх нь бараг л тодорхой юм.

Зам заах хүн

Би нэлээд дээр үед сүмээс хөндийрсөн нэгэн хүнээс захидал хүлээн авч билээ. Энэ захидал маш олон гишүүдэд тохиолддог зүйлийн тухай өгүүлсэн байлаа. Тэр хэрхэн идэвхгүй болсон тухайгаа дүрслэн өгүүлсний дараа ингэж бичсэн байлаа:

“Надад их юм байсан, харин одоо өчүүхэн бага зүйлтэй үлджээ. Би аз жаргалгүй байгаа бөгөөд бүх зүйл буруугаар эргээд байгаа юм шиг санагдаж байна. Хэдийгээр би сайн мэдээний сургаалуудаар бүрэн амьдраагүй ч сайн мэдээний тухай гэрчлэл надад үргэлж байсан. Би та бүхнийг залбирахыг хүсч байна.

“Одоо энд байхгүй байгаа, төөрөлдсөн хожмын үеийн гэгээнтнүүд биднийг битгий мартаарай. Би сүм хаана байдгийг мэднэ, гэхдээ заримдаа надад зам заан, урам хайрлаж, айдсыг минь зайлуулан, гэрчлэлээ хэлж байх хэн нэгэн хэрэгтэй юм шиг санагддаг.”

Би энэ захидлыг уншиж байхдаа Английн Лондон дахь Виктори ба Альбертын Музей хэмээх дэлхийд алдартай уран зургийн үзэсгэлэнгүүдийн нэгийг үзсэнээ саналаа. Тэнд 1831 онд Жозеф Маллорд Виллиам Төрнэрийн зурсан, гоёмсог жаазтай урлагийн хосгүй гайхамшигт нэгэн уран зургийн бүтээл байдаг. Энэ зурагт тэнгэрийг харанхуйлах бараан үүлс, үхэл, аюулын харанга дэлдэн, хуйлран давалгаалах догшин далайг дүрсэлжээ. Их далайд ганцаархнаа үлдсэн нэгэн усан онгоцны гэрэл алс тэртээд сүүмэлзэнэ. Өмнө талд нь аврах том завь хөөсрөн давалгаалах усанд дээр дээр шидэгдэн усан онгоцны зүг тэмүүлнэ. Аврах завь хуйлран хүрхрэх далайн давалгаа руу шумбан ороход эрчүүд хүчлэн сэлүүрдэж байв. Эрэг дээр нэгэн эхнэр хоёр хүүхэдтэйгээ бороонд шалба норж, шуурганд балбуулан зогсоно. Тэд сэтгэл түгшин, далай руу ширтэнэ. Би зургийг товчхоноор юу гэж нэрлэмээр юм бэ? гэж бодоод Аврахаар гэж нэрлэв.1

Амьдралын хүнд сорилтуудын дунд аюул алхам тутамд тохиолдож болно. Эрэгтэй, эмэгтэйчүүд, хөвгүүд, охид ганцаардаж, аюул сүйрэлтэй тулгардаг. Хэн гэр орныхоо ая тух болон гэр бүлээ орхин аврах завийг удирдаж, хүмүүсийг аврахаар явж чадах вэ?

Бидний үүрэг давж даашгүй зүйл биш. Бид Их Эзэний зараалд байгаа болохоор Түүний тусламжийг авах эрхтэй билээ.

Их Эзэн үйлчлэлийнхээ үед Галилын загасчдыг тороо орхин Өөрийгөө дага гэж дуудахдаа “Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно” гэсэн билээ.2 Бид чадлынхаа хэрээр тэдэнд тусалснаар эрэгтэй, эмэгтэй загасчдын үүргээ биелүүлэх болтугай.

Бидний үүрэг бол тэднийг Түүний үгэн дээр найрлуулан, Түүний Сүнсний нөхөрлөлд баясаж болохын тулд Их Эзэний зоогийн ширээнд авчирч, “цаашид харь хүмүүс болон гадны хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил Бурханы гэр бүлийнх” болоход нь туслахын тулд аюулгүй байдлаас холдож хөндийрсөн хүмүүсийг аврахын тулд тэдэнд хүрэх явдал юм.3

Хайрын зарчим

Сүмийн үйл ажиллагаанд эргэж ирэх болон зан төлөв, дадал зуршил, үйлдлүүдийг өөрчлөхөд ихээхэн хэмжээгээр нөлөөлдөг үндсэн хоёр шалтгааныг би олж мэдсэн юм. Нэгдүгээрт, хэн нэгэн мөнхийн боломжуудыг нь тэдэнд үзүүлж, тэдгээр боломжуудыг олж авахаар шийдэхэд нь тэдэнд тусалсан тэр хүмүүс эргэж ирдэг. Тэдгээр идэвх султай гишүүд нь олж авах боломжтой тэр төгс зүйлүүдийг нэгэнт мэдэрсэн бол одоогийн байгаа байдалдаа үргэлжлүүлэн сэтгэл хангалуун байж чадахгүй.

Хоёрдугаарт, зарим хүмүүс хайртай хүмүүс нь эсвэл “ариун хүмүүсийн адил нутгийн иргэд” нь Аврагчийн анхааруулга зөвлөгөөг дагаж, хөршүүдээ өөрийн адил хайрлан, бусдад мөрөөдлөө биелүүлж, зорилгоо ойлгоход нь тусалсан4 учраас сүмд эргэж ирдэг.

Энэхүү үйл явцын хөдөлгөгч хүч нь хайрын зарчим байсан бөгөөд үргэлж байх болно.

Төрнэрийн зурган дээрх далайн давалгаанд шидэгдэн, амь дүйн тэмцэлдэж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ, өөрт нь туслах хүмүүс ирж, аврахыг хүлээж буй манай идэвхгүй олон гишүүдтэй адил юм. Тэдний зүрх сэтгэл тусламж хүсч байна. Эцэг эхчүүд охид, хөвгүүдийнхээ төлөө залбирдаг. Эхнэрүүд нөхөртөө туслахын тулд залбирдаг. Заримдаа хүүхдүүд эцэг эхийнхээ төлөө залбирдаг.

Бүрэн нөхөрлөлийн бидэнд санал болгох бүх зүйлүүдээс тэд хүртэж болохын тулд бидэнд идэвх султай гишүүдийг аварч мөн тэднийг Есүс Христийн сайн мэдээний баяр баясалд эргүүлэн авчрах хүсэлтэй байхын төлөө би залбирч байна.

Өндөр настай, бэлэвсэн, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон идэвх султай, мөн зарлигуудыг дагадаггүй бидний эргэн тойронд байгаа хүмүүсийг аварч болохын тулд бид тэдгээр хүмүүст хүрэх болтугай. Бид тэдэнд тусламжийн гараа сунгаж, өрөвч энэрэнгүй зүрх сэтгэлээр хандах болтугай. Ингэснээр бид тэдний зүрх сэтгэлд баяр баясгаланг авчирч, мөнх амьдралын замыг дагахад нь бусдад тусалснаар ирдэг агуу сэтгэл ханамжийг мэдрэх болно.

Эшлэлүүд

  1. Дээрх уран зургийн нэр нь Далайн шуургатай амь дүйн тэмцэлдэж, аюулын харанга дэлдсэн (Цэнхэр гэрлэн дохио өгсөн) усан онгоц руу хөдөлсөн аврах завь ба баг юм.

  2. Maтай 4:19

  3. Eфес 2:19

  4. Матай 22:39-ийг үзнэ үү.

Энэхүү захиасаас заах нь

Та айлчилж очдог хүмүүсээсээ сүмд явахад хэцүү байгаа хэн нэгнийг мэддэг эсэхийг асуух талаар бод. Та нэг хүнийг сонгоод түүнийг гэр бүлийн үдэшт эсвэл хоолонд урих зэргээр түүнд хайраа үзүүлэх арга замуудын талаар ярилцаж болно.

Далайн шуургатай амь дүйн тэмцэлдэж, аюулын харанга дэлдсэн (Цэнхэр гэрлэн дохио өгсөн) усан онгоц руу хөдөлсөн аврах завь ба баг, ЖОЗЭФ МАЛЛОРД ВИЛЛИАМ ТӨРНЕР © Виктори ба Альбэрт Музей, Лондон, www.vandaimages.com