2013
Маттью эргэж ирэх болов уу?
аравдугаар 2013


Маттью эргэж ирэх болов уу?

Нэрийг нууцлав

Манай тойрогт сүнслэг байдлын хувьд хүчирхэг залуу эрэгтэйчүүд олон байдаг байв. Гэвч манай хүү Маттью авто машин болон механик сонирхдог, үүнийгээ Маттьютай хуваалцдаг сүмийн гишүүн бус нэг залуутай танилцсан юм. Харамсалтай нь, энэ залуугийн гэр бүл шашныг үнэлдэггүй ажээ. Эцэг эх хоёр нь гэртээ архи уух, тамхи татахыг зөвшөөрдөг бөгөөд ёс суртахууны хувьд цэвэр ариун байх нь чухал гэдэгт итгэдэггүй.

Маттью Хөвгүүдийн Скаутад дээд зэрэглэлийн болзлыг хангасан ч, Скаутын ёс суртахууны жишгүүдээр амьдрахаа больсон учраас уг зэрэглэлийг түүнд гардуулах хуралд очоогүй ажээ. Би түүний Скаутын бүх шагналыг цуглуулж, жаазанд хийлээ. Тэгээд жаазан дахь шагналуудыг тэр хэзээ нэгэн цагт үнэлэх болно гэж бодоод далд хийв. Маттью 16-тай байхдаа тамхи татаж, архи уун, хууль бус эм тариа хэрэглэдэг болов. Тэр сургуулиа хаяж, найз охинтойгоо өөр газар руу нүүв. Бид түүнийг хоёр жил бараг харсангүй.

Бид бүр яахаа ч мэдэхээ болиод байлаа. Бид түүнийг гэр бүл болон итгэлдээ эргэн ирэх эсэхийг мэдэхгүй байлаа. Гэвч бид дуулгаваргүй хүүгийнхээ төлөө Алмагийн үзүүлсэн үлгэр жишээг дагахаар шийдсэн юм. Алма хүүгээ үргэлж хайрлан, тэрээр “үнэний мэдлэгт авчрагдаж” (Moзая 27:14) болохын тулд итгэлтэйгээр залбирдаг байлаа.

Их Эзэн Маттьюгийн амьдралд хөндлөнгөөс оролцохын төлөө бид байнга залбирч, түүнийг хэчнээн их хайрладгаа үгээр болон үйлдлээр илэрхийлэх боломж бүрийг ашигладаг байлаа. Бид хүүгээ гэртээ ирэхэд түүнийг шүүмжилсэн эсвэл шүүсэн гэж бодохоор ямар нэг зүйлийг огт хэлдэггүй, зүгээр л түүнтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлдэг байсан.

Маттью нэг өдөр гэртээ ирээд бидэнтэй ярилцахыг хүсч байгаагаа хэллээ. Тэр сүмийн тухай асуусан нэг охинтой үдэшлэг дээр танилцсанаа ярилаа. Хариултыг нь мэдэхгүй гэж тэр охинд хэлэхээс өмнө Маттьюгийн амнаас үгс аяндаа урсан гарсан гэнэ. Маттью түүнийг асуултууд асуухад тэр дор нь хариулж байгаагаа анзаарчээ. Маттью хэлсэн зүйлсээ хэрхэн мэдсэнээ санасангүй, гэвч түүний хэлсэн үгс үнэн гэдгийг мэдэж байлаа. Тэр сайн мэдээнд итгэсэн хэвээр байсан атлаа, яагаад ийм байдлаар амьдарч байснаа гайхжээ.

Гурван хоног тунгаан бодсоны эцэст тэр амьдарч байсан амьдралынхаа хэв маягийг орхихоор шийдсэн гэнэ. Тэр сайн мэдээний дагуу амьдрах шинэ амьдралаа эхлэхэд туслалцаа хүсэхээр гэртээ ирсэн ажээ.

Маттью өөртэй нь адил сорилтыг даван туулсан, өөр нэг мужид амьдардаг үеэл рүүгээ утасдаж өөртэйгөө хамт байхыг хүсчээ. Үеэл нь зөвшөөрч Маттью түүнтэй хамт сүмийн цуглаанд оролцож эхэлсэн ба наманчлалын үйл явцдаа тусламж авахын тулд бишоптойгоо уулзжээ. Тэр хайр, дэмжлэгийг мэдэрч, сүмийн идэвхтэй гишүүн болсон.

Хэсэг хугацааны дараа тэр нүдэнд дулаахан, шударга нэгэн эмэгтэйтэй танилцав. Тэд бие биедээ хайр сэтгэлтэй болж, ариун сүмд гэрлэсэн.

Би тэдний анхны хүүхдийг төрөхөд айлчилж очихдоо хүүгийнхээ Скаутын шагналуудыг хийсэн жаазаа авч очив. Маттьюгийн сэтгэл догдолж, жаазыг гэрийнхээ ил харагдах газарт бахархалтайгаар өлгөсөн юм.

Залуу Алмад тохиолдсон шиг хүү дээр минь тэнгэр элч хүрч ирээгүй. Гэвч Маттью үнэнд эргэж ирсэн нь үнэхээр гайхамшиг байлаа.