2013
Зүгээр л инээмсэглээд үгүй гэж хэл
аравдугаар 2013


Зүгээр л инээмсэглээд үгүй гэж хэл

Энэ өгүүллийг бичигч Филиппиний Метро Манилад амьдардаг.

Би архи уух саналаас татгалздаг байсан, гэтэл компаний ерөнхийлөгч ганц аяга дарс уухыг надад санал болгов.

Зураг
A woman being offered alcoholic drinks.

Зураг чимэглэлийг Сюди Мкколлан

Би нэг зун Филиппиний Байкол дахь нэг арал дээр дадлага хийсэн юм. Далайн үзэсгэлэнт байдал гайхамшигтай сайхан байснаас би өглөө бүр далайг ширтэн зогсдог байлаа.

Харин орой болохоор айдаг байв. Учир нь буудал дахь хүмүүс архидан, үдэшлэг хийдэг байлаа. Дадлага хийж байсан биднийг иймэрхүү үдэшлэгүүдэд олон удаа урьсан. Үдэшлэгт оролцохгүй байх нь тэдэнд хүндэтгэлгүй хандсан болох учир бид үдэшлэгт нь оролцох ёстой байв.

Анхны үдэшлэг нь шинэ дадлага хийж байгаа хүмүүст баяр хүргэх үдэшлэг байлаа. Би үдэшлэгт оролцохоос айж байлаа. Учир нь тэд надад архи уухыг санал болгох нь бараг ойлгомжтой байсан бөгөөд би хэрхэн татгалзахаа сайн мэдэхгүй байлаа. Би тойргийнхоо нэг найз руу утасдсан бөгөөд тэр миний итгэлийг нэмэгдүүлсэн гайхамшигтай сайхан зөвлөгөө өгсөн юм.

Үдэшлэг эхлэхэд тэд надад архи уухыг санал болгосон ч аз болоход шахсангүй. Хамт дадлага хийж байсан нөхөд маань архи уухгүй байх миний шийдвэрийг зөвшөөрсөн учир тэр шөнийн хувьд архи уух дараачийн саналуудаас татгалзах нь амар байлаа. Дараа нь өөр нэгэн үдэшлэгийн үеэр компаний ерөнхийлөгч ирсэн юм. Тэр нэг шил ламбаног (наргилын самраар хийдэг тэр нутгийн дарс) авчрав. Тэр орж ирээд удалгүй дарс аягалж байхыг би харав. Тэгээд тэр “Та нар архи ууж сурах хэрэгтэй” гэж хэлээд дадлага хийгчдийн нэгэнд аягатай дарсыг өгөв. Тэр эмэгтэй дарсыг тэр дор нь уучихав.

Миний зүрх хүчтэй цохилж эхлэв. Удахгүй миний ээлж болно. “Би ууж болохгүй. Би ууж болохгүй” гэж амандаа шивнэлээ. Тэгтэл ерөнхийлөгч надад аягатай дарс өгч байгааг би харлаа. Би юу хийхээ мэдэхгүй байв. Хамт дадлага хийж байсан нөхөд маань миний юу хийхийг хүлээн харж байлаа. Би ерөнхийлөгч рүү инээмсэглэн, “Уучлаарай, эрхэм ээ, би архи уудаггүй” гэж даруухнаар хэллээ.

Түүний урам хугарна гэдгийг би мэдэж байв. Тэр надаас яагаад архи уудаггүйг асуухад “Би Мормон хүн” гэж хариулав.

“Би ийм шашны тухай сонсоогүй юм байна. Харин хоол хүнсний нэг төрөл юм шиг сонсогдлоо” гэж түүнийг хэлэхэд бүгд инээлдэв.

Би ч бас инээв, гэхдээ түүнийг хошигносонд биш, харин би зөв зүйл хийснээ мэдэж байсан болохоор инээсэн юм.

Архи уухыг хэн ч надад дахин санал болгосонгүй. Гэвч найз нар минь хүртэл намайг шоолсон хэвээр байлаа. Тэр байтугай нэг хүн надад сүмийн гишүүд архи уудаггүй гэж төсөөлөгдөхгүй байгаа болохоор намайг худал хэлж байна гэж хэлсэн юм. Тэр үед би сүмийн гишүүдэд тохиолддог дарамт шахалтуудыг мэдэрсэн юм.

Тэр арал дээр дадлага хийсэн нь зөвхөн эрдэм мэдлэгийн талаар төдийгүй бас сүнслэг байдлын хувьд надад олон сургамж өгсөн юм. Элэглэн тохуурхах нь хэзээ ч зогсохгүй байж болох ч Их Эзэний Сүнс намайг үргэлж зөвийг хийхэд удирдах болно гэдгийг би мэдсэн юм.