2017
Андрей ба муухай үг
April 2017


Aндрей ба муухай үг

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

“Би наманчлан, илүү сайн хийж, залбирахыг хичээх болно.” (Children’s Songbook, 98).

Зураг
Andrei and the Bad Word

“Чи хараалын үг хэлдэггүй болохоороо өөрийгөө бусдаас илүү сайн гэж бодож байна уу?” хэмээн Николай завсарлагаанаар хэлэв.

“Энэ чинь худлаа шүү дээ” гэж Андрей хариуллаа.

“Тэгвэл чи нэг хараалын үг хэлээд үз дээ? Ердөө л ганцхан үг. Нэг үг хэллээ гээд чи үхэхгүй. Бүгд л хараал хэлдэг шүү дээ” гэв.

Андрей мөрөө хавчаад, “Би зүгээр л хэлэхийг хүсэхгүй байна” гэж хариуллаа.

Андрей хараал хэлэх нь буруу мөн Ариун Сүнсийг холдуулдаг гэдгийг мэдэж байв. Тэр мөн Ариун Сүнсийг өөртэйгөө хамт байлгахыг хүсжээ. Тиймээс тэр хараал хэлсэнгүй.

Андрейг шинэ сургуульд шилжиж ирэхэд, зургаадугаар ангийнхнаас өөртэй нь найзлахыг хүссэн цорын ганц хүн байсан нь Николай байв. Гэтэл Николайн өдөр бүр хараал хэлдэг нь түүнийг залхааж байлаа. Мөн өдөр бүр Андрей үгүй гэж хэлэхээс ч залхаж эхлээд байв. Түүнээс гадна Николай түүнтэй найзлахаа болих вий, тэгэх юм бол ганцаардах байх гэхээс бас эмээж байлаа.

Хичээл тарсны дараа Николай “За, ганцхан хараалын үг хэлчихээч. Тэгвэл би чамаас дахин хэл гэж шалгаахгүй” гэж хэллээ.

Эцэст нь Андрей залхмаар байдлаас гарахын тулд арай гайгүй нэг муу үг хэлэв.

Николай ч толгой дохиод, “Сайн байна. Чи одоо бидний нэг боллоо” гэлээ.

Үүний дараа Николайн бусад найз Андрейтэй ярьдаг болов. Тэд түүнтэй хамт үдийн хоолоо идэн, завсарлагаанаар хөл бөмбөг тоглодог байлаа. Гэхдээ Николайн найзуудтай хамт байхад яг л шигддэг элсэн дээгүүр явж байгаа мэт байдаг байв. Тэр тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлэх тусам илүү адилхан ярьж, үйлддэг болж ирэв. Тэд бүгд хараал хэлдэг байсан. Маш их гээч. Тэд инээлдэн, бие биенээ доромжилдог байв. Тэд бас багш нарынхаа тухай бүдүүлэг зүйл ярьж, уурлан, үргэлж муухай аашилдаг байлаа. Андрей аажим аажмаар уурлан бухимдах болж, олон шалтгаанаар хараал хэлэх болов.

Андрей нэг орой аав, ээжийгээ явсан хойгуур Катя эгчтэйгээ юу үзэх тухайд маргалдлаа. Андрейг бодож ч амжаагүй байтал хараалын үг амнаас нь гарав.

Катя гайхаж цочирдон, “Би ээжид хэлнэ дээ” гэлээ.

Андрей унтлагынхаа өрөө рүү гүйж орон, хаалгаа савж хаагаад, “Энэ хүмүүс чинь яачихаад байгаа юм бэ? Яагаад бүгдээрээ үргэлж миний уурыг хүргэж байдаг юм бэ?” гэж бодов. Аав, ээж хоёр нь гэртээ эргэж ирэхэд Андрей хаалгаа бага зэрэг онгойлгоод, Катягийн “Ээж ээ, Андрей над руу хараалын үг хэлсэн” гэхийг сонсов.

Ээж нь “Юу? Андрей хэзээ ч хараалын үг хэлж байгаагүй шүү дээ” гэж гайхан дуу алдахыг сонслоо.

Андрей хаалгаа хаагаад, орон дээрээ пид хийтэл унав. Тэр хараал хэлдэг болсноосоо хойш ямар их өөрчлөгдсөн талаараа бодлоо. Ариун Сүнс мэдрээгүй маш их удсан байв.

Андрей орныхоо хажууд өвдөг сөгдөөд, “Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, намайг муухай аашлан, уурладаг болсонд уучлаарай. Хараал хэлдэг болсныг маань уучлаач. Би илүү сайн байх болно” гэж залбирлаа.

Андрейг залбирахад дулаахан мэдрэмж зүрх сэтгэлийг нь дүүргэв. Тэр хараал хэлдэг болсноосоо хойш анх удаа үнэхээр аз жаргалтай байлаа. Бурхан түүнд хайртай гэдгийг мэдэж мөн Ариун Сүнсийг мэдэрчээ. Тэр өршөөгдсөн гэдгээ мэдэрч мөн өөрчлөгдөж, илүү сайн болж чадна гэдгээ мэдэж байв.

Тэр залбирсныхаа дараа ээждээ үнэнээ хэлэн, Катягаас уучлалт гуйв. Үүний дараа сэтгэл нь онгойжээ. Наманчилсан болохоор сайхан байв.

Маргааш нь Андрей сургууль дээрээ Николайн бүлгийнхэнтэй үдийн хоол идсэнгүй. Харин таньдаггүй өөр хүүхдүүдийн хажууд суужээ. Цаг хугацаа шаардагдах ч гэсэн Андрей сайн, аз жаргалтай, хараал хэлдэггүй хүүхдүүдтэй найз болно гэдгээ мэдэж байв. Яг л түүн шиг.