2017
Алдагдсан түрийвч
April 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Алдагдсан түрийвч

Зураг
lost wallet

Зураг чимэглэлийг Уилсон Ж.Онг

Би саяхан шинэ газар руу нүүсэн бөгөөд Сүмийн хэдэн гишүүнээс гэр орныхоо ажилд туслахыг хүссэн юм. Тэднийг тусалж байх хооронд би ажлаа хийж дуусгахад шаардлагатай эд материалыг худалдаж авахаар гарлаа. Би ажлаа хийж дууссаныхаа дараа түрийвчээ байхгүй байгааг анзаарав. Түрийвчин дотор миний бүх хувийн бичиг баримтаас гадна өглөөхөн үйлчлүүлэгчээсээ хүлээн авсан мөнгө байсан учраас би маш их тэвдлээ. Би худалдан авалт хийсэн газар руугаа буцаж, явсан замаараа явж шалгасан боловч олсонгүй. Гэр рүүгээ буцаж очоод, хаа нэгтээ унагасан байж магадгүй гэж хайсан боловч бас л олсонгүй. Би ч бүх бичиг баримтаа шинээр авах хэрэг гарах нь дээ гэж бодож эхэллээ. Тэгээд гэрээсээ гарах гэж байтал найз маань “Чи залбирсан уу?” гэж асуув.

Тэр даруй “Мэдээж, би аль хэдийн залбиралгүй дээ!” гэсэн бодол зурсхийв.

Үнэн хэрэгтээ би чин сэтгэлээсээ залбираагүй байсан юм. Харин би өөрийнхөө хүслийг Тэнгэрлэг Эцэгт тулгаж, түрийвчээ олоход туслах үүргийг Түүнд оногдуулсан байлаа. Яг тэр үед би Исаиа 55:8 дахь “Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” хэмээх судрыг санасан юм.

Намайг ням гарагт сүм дээр очиход урьд өдөр нь надтай хамт байсан гишүүн түрийвчээ олоосой гэж Тэнгэрлэг Эцэгт чин сэтгэлээсээ залбирсан тухайгаа хэллээ. Тэр намайг түрийвчээ олох юм байна гэж мэдэрснээ хэлэв. Дараа нь би хувиараа судраас судлахаар сууж, Далын ахлагч асан Жин Р.Күкийн Receiving Answers to Our Prayers (Залбирлынхаа хариултыг хүлээн авах нь) үгийг уншиж эхэлсэн юм. Эхний хуудсанд минийхтэй адил асуудлын тухай түүх байв. Ахлагч Күкийн хүү түрийвчээ гээсэн тул гэр бүл нь хамтдаа цуглараад, түрийвчийг олохын төлөө Их Эзэнд хандан залбирсан байна.

Энэ үйл явдлын талаар уншсаныхаа дараа би сурсан зүйлээ хэрэгжүүлэхээр эхнэр, хүүхдүүдээ цуглууллаа. Бид тойрог болоод, хүн нэг бүр залбирч, энэ нь Их Эзэний хүсэл мөн юм бол түрийвчийг олоход тусална хэмээн найдаж гуйв.

Би залбирлын хүчийг өмнө нь харж байсан бөгөөд дараа нь ганцаараа үлдэн, Тэнгэрлэг Эцэгээс эхнэр, хүүхдүүдийн минь итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд залбиралд маань хариулахыг гуйсан юм.

Маргааш нь нэгэн эрэгтэй над руу утсаар ярьж, мөнгөтэй түрийвчийг маань олсон гэж хэллээ. Залбирлыг маань хариулж, гэр бүлийн минь итгэл хүчирхэгжсэн учраас би яг л хүүхэд шиг мэгшин уйлж билээ.

Тэнгэрлэг Эцэг харж хандах маш олон хүүхэдтэй ч бидний хүн нэг бүрд Өөрийн цаг хугацаа, тааллаар хариулдаг гэдгийг би мэднэ.