2018
Бүлэг 5: Бүхнээ алдлаа
2018 оны долоодугаар сар


Ингээд өнгөрдөг байж

Энэ бол Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх нэртэй Сүмийн шинэ дөрвөн боть түүхийн номны 5-р бүлэг юм. Уг ном 14 хэл дээр хэвлэгдэн гарах бөгөөд Gospel Library аппликэйшны Сүмийн түүх хэсэгт болон онлайнаар saints.lds.org вэбсайт дээр тавигдана. Уг номын 1-р боть энэ оны сүүлээр хэвлэгдэн гарах хүртэл дараагийн хэдэн бүлгийг ирэх дугаарууддаа нийтлэх болно. Тэдгээр бүлэг нь Gospel Library аппликэйшн болон saints.lds.org вэбсайт дээр 47 хэлээр тавигдах юм.

Зураг
Орчуулагдсан хуудаснууд
Зураг
Joseph Smith being comforted by his parents

Devastating Weight of 116 Pages, Квани Пови Виндэр

Иосефыг алтан ялтсуудыг гэртээ авчирсны дараа эрдэнэсийн ангуучид олон долоо хоногийн туршид хулгайлах гэж оролджээ. Цэдгийг хамгаалахын тулд тэр нэг газраас нөгөө рүү шилжүүлэн, аавынхаа ажлын өрөөний зуух болон шалан доор мөн хураасан буудайн дотор нууж байв. Тэр огтхон ч анхаарлаа сулруулсангүй.

Хөршүүд нь хэрэгт дурлан гэрт нь ирж, цэдгийг үзүүлээч хэмээн гуйдаг байжээ. Хүмүүс мөнгө төлж үзье гэсэн ч Иосеф үргэлж татгалздаг байв. Хэрэв ялтсуудыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх юм бол тэдгээр нь хамгаалагдах болно хэмээх Их Эзэний амлалтад тэр итгэж, тэдгээрийг хамгаалахаар эрс шийдэмгий байлаа.1

Энэ бүхэн түүнд ялтсуудыг нягтлан шинжилж, Урим ба Туммимын талаар илүү ихийг олж мэдэхэд байн байн саад болдог байв. Хөрвүүлэгч чулуунууд ялтсуудыг орчуулахад туслах ёстой гэдгийг тэр мэдэж байсан ч үзмэрч чулуунуудыг эртний хэлийг уншихад огт хэрэглэж үзээгүй байлаа. Тэр ажлаа эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байсан ч хэрхэн хийхээ сайн мэдэхгүй байв.2

Харин Иосефыг ялтсуудыг судалж байхад Палмирагийн нэр хүндтэй газрын эзэн Мартин Харрис гэгч түүний ажлыг сонирхох болжээ. Мартин Иосефын аавтай ойролцоо настай байсан бөгөөд заримдаа түүнийг газар дээрх ажилдаа туслуулахаар хөлсөлдөг байж. Мартин алтан ялтсуудын талаар сураг дуулсан байсан ч Иосефын ээжийг гэрт нь ирж, хүүтэй нь уулз хэмээн урих хүртэл тэдгээрийг чухал гэж боддоггүй байлаа.3

Мартиныг ирэх үед Иосеф гадуур ажиллаж байсан учраас тэр Эмма болон гэр бүлийнх нь бусад гишүүнээс ялтсуудын талаар асууж лавлажээ. Иосефыг гэртээ ирэхэд Мартин гараас нь бариад, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэв. Иосеф түүнд алтан ялтсуудын тухай болон тэдгээрт бичсэн зүйлсийг орчуулан, хэвлэ хэмээх Моронайн зааварчилгааны тухай ярив.

“Хэрэв энэ нь чөтгөрийн ажил бол би үүнд оролцохгүй” хэмээн Мартин хэлсэн байна. Харин энэ нь Их Эзэний ажил бол тэр Иосефт үүнийг дэлхийд тунхаглахад нь туслахыг хүсэж байв.

Иосеф Мартинд хайрцган дотор байсан ялтсуудыг бариулж үзүүлжээ. Мартин ямар нэгэн хүнд зүйл дотор нь байна гэдгийг мэдсэн ч энэ нь алтан ялтсууд мөн эсэхэд эргэлзэж байлаа. “Чиний үгэнд итгээгүйд намайг битгий буруутгаарай” хэмээн тэр Иосефт хэлэв.

Харин Мартин шөнө дөлөөр гэртээ ирж, унтлагынхаа өрөөнд ороод, Иосефын хийж байгаа зүйл бурханлаг ажил мөн гэдгийг мэдэх юм бол байгаа бүхнээ зориулна гэдгээ Бурханд амлан залбирчээ.

Залбирч байхдаа Мартин намуухан зөөлөн дуу хоолой бодгальд нь ярихыг сонсов. Тэр мөчид ялтсууд Бурханаас ирсэн гэдгийг мөн Иосефт захиасыг нь хуваалцахад туслах ёстой гэдгээ тэр мэджээ.4

1827 оны сүүлээр Эмма жирэмсэн болсноо мэдэж, эцэг эхдээ захидал бичив. Иосеф тэр хоёр гэрлээд бараг жил болж байсан ба эцэг эх нь үүнд дурамжхан хэвээр байлаа. Гэвч Хэйлсүүд гэр бүлийнхнийхээ хажууд төрөх боломжийг Эммад олгон, залуу хосыг Хармонид эргэн ирэхийг зөвшөөрөв.

Хэдийгээр Иосеф өөрийн эцэг эх, ах дүү нараас холдох хэрэгтэй болсон ч явах дуртай байсан юм. Нью Йоркод хүмүүс ялтсуудыг хулгайлах гэж оролдож байсан ба шинэ газар руу нүүх нь Их Эзэний ажлыг хийхэд шаардагдах амар тайван, ганцаар байх боломжийг түүнд олгох байлаа. Харамсалтай нь тэр өртэй байсан тул түүнд нүүхэд шаардагдах мөнгө байсангүй.5

Санхүүгийн асуудлаа зохицуулах зорилгоор тэр хотын төв рүү зарим өрөө төлөхөөр оржээ. Дэлгүүрт төлбөрөө хийж байх зуур Мартин Харрис түүн рүү дөхөж ирээд, “Ноён Смит, энэ тавин долларыг ав. Би үүнийг Их Эзэний ажлыг хийгээрэй хэмээн танд өгч байна” гэж хэлэв.

Иосеф мөнгийг нь авахдаа тээнэгэлзсэн ч эргүүлэн төлөхөө амлахад Мартин санаа зовох хэрэггүй гэж хэлжээ. Мөнгө нь бэлэг байсан бөгөөд өрөөнд байгаа бүх хүнийг сайн дураараа өгсөн гэдгийг нь гэрчлэхийг тэр хүссэн байна.6

Удалгүй Иосеф өрөө ч төлж, тэргэндээ эд зүйлсээ ачив. Дараа нь тэр Эмматай хамт алтан ялтсуудыг вандуйтай торхонд нуугаад, Хармонийг зорилоо.7

Хосууд ойролцоогоор долоо хоногийн дараа Хэйлсүүдийн цэлгэр том гэрт ирэв.8 Тун удалгүй Эммагийн аав алтан ялтсуудыг харуулахыг шаардсан ч Иосеф зөвхөн хадгалж буй хайрцгаа л үзүүлж чадна гэв. Үүнд нь уурласан Исаак түгжээтэй хайрцгийг авч үзэхэд хүнд байсан ч эргэлзсэн хэвээр үлджээ. Дотор нь юу байгааг үзүүлэхгүй юм бол гэрт нь байлгахыг зөвшөөрөхгүй хэмээн тэр хэлэв.9

Эммагийн аавын дэргэд орчуулга хийх тийм ч амар байсангүй. Гэхдээ Иосеф чадлаараа хичээж байлаа. Эммагийн тусламжтай тэр ялтсууд дээрх олон сонин үсгийг цаасан дээр хуулбарлан буулгав.10 Үүний дараа тэр хэдэн долоо хоногийн турш тэдгээрийг Урим ба Туммимаар орчуулах гэж үзжээ. Үүнийг хийхэд хөрвүүлэгчээр харахаас илүү зүйлийг түүнээс шаардаж байв. Тэр үсгүүдийг судалж байхдаа даруу байж, итгэлээ хөгжүүлэх ёстой байлаа.11

Хэдэн сарын дараа Мартин Хармонид ирэв. Их Эзэн түүнийг Нью Йорк хот руу явж, эртний хэл судлаачидтай уулз хэмээн дуудсан гэж тэр хэлжээ. Тэр өөрсдийгөө үсгүүдийг орчуулж чадна байх гэж найдаж байв.12

Иосеф ялтсуудаас өөр хэд хэдэн үсгийг хуулбарлан авч, орчуулж бичсэн цаасаа Мартинд гардуулсан байна. Эмма тэр хоёр зүүн зүг рүү нэртэй эрдэмтэдтэй уулзахаар явж буй найзаа харсаар үлдэв.13

Зураг
facsimile of characters from the Book of Mormon

Мормоны Номын ялтаснууд дээрх үсгүүдийн зураглал.

Мартин Нью Йоркт ирээд, Колумбийн коллежийн латин, грек хэлний эрдэмтэн профессор Чарльз Антонтой уулзахаар очжээ. Профессор Антон нь Мартинаас бараг арван таван насаар дүү хүн байсан ба грек, ромын соёлын тухай нэртэй толь бичгийг хэвлүүлэн гаргасан гэдгээрээ олонд танил болсон нэгэн байв. Тэр бас америкийн индианчуудын талаарх түүхийг цуглуулж эхэлсэн байв.14

Антон өөрт нь саад болоход дургүй, хатуу чанга эрдэмтэн байсан ч Мартиныг хүлээн авч, үсгүүд болон Иосефын орчуулгыг судалжээ.15 Хэдийгээр уг профессор египет хэлийг мэдэхгүй ч уг хэлний талаарх зарим судалгааг уншиж танилцсан байсан тул яаж харагддагийг нь мэдэж байв. Үсгүүдийг харж байхдаа тэр египет хэлтэй төстэй талууд байгааг олж хараад, Мартинд орчуулгыг зөв хэмээн хэлжээ.

Мартин ч түүнд өөр үсгүүдийг үзүүлэхэд Антон тэдгээрийг бас судлав. Тэдгээрийн дунд эртний олон хэлний үсгүүд орсон байна хэмээн хэлээд Мартинд үнэн болохыг нь баталсан гэрчилгээ өгчээ. Түүнчлэн үсгүүдийг Самуел Митчилл хэмээх Колумбид заадаг байсан өөр нэгэн эрдэмтэнд үзүүлэхийг тэр зөвлөсөн байна.16

“Тэр эртний хэлнүүдийг сайн сурсан бөгөөд таны сэтгэлд нийцсэн хариултыг өгнө гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Антон хэлжээ.17

Мартин гэрчилгээг нь халаасандаа хийгээд яг гарах гэж байтал Антон түүнийг эргүүлэн дуудав. Тэр Иосефыг хаанаас алтан ялтсуудыг олсон гэдгийг мэдэхийг хүсэж байлаа.

“Бурханы нэгэн тэнгэр элч үүнийг түүнд илчилсэн” хэмээн Мартин хариулсан байна. Мөн ялтсуудын орчуулга дэлхийг өөрчлөн, устгагдахаас аварна хэмээн гэрчилжээ. Одоо түүнд тэдгээр нь үнэн гэсэн баталгаа байгаа тул тэр фермээ зарж, олсон мөнгөө орчуулгыг хэвлүүлэхэд хандивлана гэдгээ хэлсэн байна.

Антон “Гэрчилгээг чинь хараадахъя” гэжээ.

Мартин ч гэрчилгээг халааснаасаа гаргаж ирээд, түүнд өгөв. Харин Антон гэрчилгээг хэдэн хэсэг болгон ураад, тохинуулагч тэнгэр элч мэтийн зүйл байдаггүй хэмээн хэлсэн аж. Хэрэв Иосеф ялтсуудыг орчуулъя гэж бодож байгаа л юм бол Колумбид авчран, эрдэмтдээр орчуулуулах хэрэгтэй гэв.

Ялтсуудын нэг хэсэг нь лацдагдсан бөгөөд тэдгээрийг үзүүлэхийг Иосефт хориглосныг Мартин түүнд тайлбарлалаа.

Антон “Би лацдагдсан номыг уншиж чадахгүй” гэж хэлэв. Мөн тэр Иосеф түүнийг мэхэлж байгаа байх хэмээн сануулаад, “Зальхай этгээдүүдээс болгоомжил” гэж хэлсэн байна.18

Мартин профессор Антоныг орхин гараад, Самуел Митчиллтэй уулзжээ. Тэр Мартиныг эелдгээр хүлээн авч уулзан, түүний түүхийг сонсож, үсгүүд болон орчуулгыг нь харж танилцав. Тэр утгыг нь гаргаж чадахгүй байсан ч египетийн дүрс үсэгтэй төстэй бөгөөд устаж алга болсон ард түмний бичиг байна хэмээн хэлжээ.19

Мартин удалгүй хотоос явж, Хармонид ирсэн бөгөөд тэрээр Иосефт эртний алтан ялтсууд мөн тэдгээрийг орчуулах хүч байгаа гэдэгт хэзээ хэзээнээс илүү ихээр итгэх болсон байв. Тэр профессоруудтай хийсэн ярилцлагынхаа талаар Иосефт яриад, хэрэв Америкийн хамгийн боловсролтой эрчүүдийн зарим нь номыг орчуулж чадахгүй байгаа юм бол тэр орчуулгыг хийх хэрэгтэй хэмээн хэлжээ.

“Би чадахгүй. Учир нь би боловсролгүй нэгэн билээ” гэж Иосеф сандран хариулсан байна. Гэхдээ Их Эзэн түүнд ялтсуудыг орчуулахад туслах хөрвүүлэгчийг бэлдсэн гэдгийг тэр мэдэж байлаа.20

Мартин ч хүлээн зөвшөөрөв. Тэр Палмира руу буцаж очин, ажил төрлөө эмхэлж цэгцлээд, аль болох хурдан эргэн ирж, Иосефын бичээчээр үйлчлэхээр төлөвлөжээ.21

Зураг
Smith home in Harmony

Пеннсильванийн Хармони дахь Иосеф, Эмма Смит хоёрын гэр.

1828 оны 4-р сард Эмма, Иосеф хоёр Эммагийн эцэг эхийн гэрээс холгүй, Сасквиеханна голын эрэг дээрх байшиндаа амьдарч байв.22 Төрөх нэлээн дөхсөн ч Иосефыг цэдгийг орчуулж эхэлснээс хойш тэр ихэвчлэн бичээчээр нь ажилладаг байлаа. Нэгэн өдөр Иосеф орчуулж байгаад нүүр нь гэнэт хувирснаа, “Эмма, Иерусалимыг тойрсон хана байсан юм уу?” гэж асуужээ.

Тэр Библи дээр дүрслэн бичсэн зүйлсийг санаад, “Тийм ээ” гэж хариулав.

Иосеф “Өө, би хууртагдсан байна гэж айлаа” хэмээн санаа нь амарсан байдалтай хэлсэн гэдэг.23

Түүх, судрын талаарх нөхрийнх нь мэдлэг нимгэн байсан ч орчуулгын ажилд нь огт саад болохгүй байсанд Эмма гайхдаг байжээ. Иосеф арайхийн нэг уялдаа холбоотой захидал бичдэг байв. Гэсэн ч түүнийг ямар ч ном, гар бичмэлгүйгээр цэдгийг хэлж бичүүлж байхад Эмма хажууд нь олон цагаар суудаг байсан юм. Зөвхөн Бурхан л түүнийг сүнслэгээр өдөөн орчуулуулж байсныг тэр мэдэж байлаа.24

Удалгүй Мартин Палмирагаас буцаж ирэн, бичээчээр нь ажиллах болсноор Эммад хүүхдээ төрүүлэхээсээ өмнө амсхийх боломж олгов.25 Гэвч амрахад тийм ч хялбар байсангүй. Мартинтай хамт эхнэр Люси нь Хармонид ирнэ гэж зүтгэсээр ирсэн ба Мартиныхан хоёулаа хурц ааштай хүмүүс байлаа.26 Иосефыг санхүүгээр дэмжих гэсэн Мартины хүсэл Люсид сэжигтэй санагдаж мөн тэр өөрийг нь Нью Йорк руу авч яваагүйд ууртай байв. Хармони руу орчуулгад туслахаар явах гэж байгаагаа хэлэхэд нь тэр нөхрөө дагаж, ялтсуудыг үзэх зорилгоор ирсэн байлаа.

Люсигийн сонсгол муудаж эхэлсэн байсан ба хүмүүсийн хэлж байгаа зүйлийг ойлгохгүй бол заримдаа тэр өөрийг нь шүүмжилж байна гэж тусгаж авдаг байв. Мөн тэр бусдын хувийн орон зайг хүндэлж үзнэ гэдгийг мэддэггүй байлаа. Иосеф өөрт нь ялтсуудыг үзүүлэхээс татгалзахад тэр байшинг нь нэгжин, гэрийнх нь авдар, шүүгээ, чемоданыг хүртэл онгичиж эхэлжээ. Үүнээс болж Иосефт ялтсуудыг ойд нуухаас өөр сонголт байсангүй.27

Люси ч удалгүй гэрээс нь явж, хөршийнд нь амьдрах болжээ. Эмма авдар, шүүгээгээ эргүүлэн эзэмших болсон ч Люси хөршүүдэд нь Иосеф Мартины мөнгийг авах гэж байна хэмээн ярих болов. Олон долоо хоногийн туршид бөөн асуудал тарьсны эцэст Люси Палмира дахь гэр рүүгээ явжээ.

Амар амгалан дахин тохиож, Иосеф, Мартин хоёр орчуулгыг хурдацтай хийж эхлэв. Үзмэрч, илчлэгч хэмээх тэнгэрлэг үүрэг хариуцлагаа гүйцэтгэх Иосефын чадвар хөгжиж байлаа. Хөрвүүлэгчдээр буюу өөр үзмэрч чулуугаар харснаар тэр ялтсууд өмнө нь байна уу эсвэл тэдгээрийг Эммагийн маалинган даавуунд ороон ширээн дээр тавьсан байна уу гэдгээс үл хамааран орчуулж чадаж байлаа.28

Дөрөв, тав, зургаадугаар сарын эхэн хүртэл Иосеф цэдгийг нэгэн жигд хэлж бичүүлж байгааг Эмма сонсдог байв.29 Тэр удаан боловч тод хэлж, заримдаа Мартин түүний хэлснийг гүйцээж бичсэнийхээ дараа “биччихлээ” гэж хэлэх хүртэл нь хүлээдэг байв.30 Заримдаа Эмма бичээч хийдэг байсан бөгөөд дундуур нь завсарлага авах юм уу амарсныхаа дараа Иосеф хүнээр хэлүүлэлгүйгээр үргэлж орхисон газраасаа эхлүүлж чаддаг байсанд гайхдаг байжээ.31

Удалгүй Эммагийн төрөх цаг ч дөхлөө. Гар бичмэлийн цаас ч зузаарч, Мартин эхнэртээ орчуулгыг уншуулах юм бол тэр үнэ цэнийг нь олж харан, тэдний ажилд оролцохоо болино гэдэгт улам бүр итгэх болжээ.32 Тэр бас өөрийнхөө цаг зав, хөрөнгө мөнгийг Бурханы үгийг урагш авчрахад туслахад зориулж байгаад нь Люсиг баярлана байх хэмээн найдаж байв.

Нэг өдөр Мартин гар бичмэлийг хэдэн долоо хоног Палмира руу авч явахыг зөвшөөрөөч хэмээн Иосефоос гуйжээ.33 Гэрт ирээд Люси Харрисын хэрхэн авирласныг санасан Иосефт уг санаа таалагдахгүй байв. Гэхдээ өөр олон хүн түүний үгэнд итгээгүй байхад түүнд итгэсэн Мартиныг тэр баярлуулахыг хүсэж байлаа.34

Яахаа мэдэхгүй байсан Иосеф удирдамж авахаар залбирсан бөгөөд Их Эзэн түүнд Мартинд хуудаснуудыг өгч болохгүй хэмээн хариулсан байна.35 Гэхдээ эхнэртээ үзүүлэх юм бол бүх зүйлийг өөрчилнө гэдэгт Мартин ихэд итгэлтэй байсан учраас Иосефоос дахиж асуухыг хүсжээ. Иосеф асуусан боловч хариу нь урьдын адил байв. Мартин түүнд шахалт үзүүлэн гурав дахь удаагаа асуухыг хүсэхэд энэ удаад Бурхан тэдэнд хүссэнээрээ хий хэмээн хариулсан байна.

Хэрэв Мартин хуудаснуудыг түгжээтэй саванд хийж, зөвхөн гэр бүлийнхээ хэсэг хүнд л үзүүлэх юм бол хоёр долоо хоног авч явж болно гэж Иосеф түүнд хэлжээ. Мартин тэгнэ хэмээн амлаад, гартаа гар бичмэлийг барьсаар Палмира руу буцсан аж.36

Мартиныг явсны дараа Моронай Иосеф дээр ирээд, хөрвүүлэгч чулуунуудыг авч явав.37

Мартиныг явсны дараах өдөр Эмма нэлээн зовсны эцэст хүү төрүүлжээ. Хүү нь турьхан, өвчтэй байсан тул удаан амьдарсангүй. Энэ үйл явдлын дараа Эмма бие, сэтгэл зүйн хувьд туйлдаж ядарсан байсан ба заримдаа түүнийг үхлийн ирмэгт хүрлээ дээ гэж бодогдох үе ч тохиолдож байлаа. Иосеф түүнийг үргэлж асран халамжилж, нэг хэсэгтээ л түүний дэргэдээс салаагүй юм.38

Хоёр долоо хоногийн дараа Эммагийн бие тэнхэрч, тэр Мартин болон гар бичмэлийн талаар бодох болжээ. “Надад нэг л хэцүү, тавгүй санагдаад байна. Ноён Харрис тэдгээрээр юу хийж байгаа талаар ямар нэг сураг сонсохгүй л бол сэтгэл амрахгүй нь” гэж тэр Иосефт хэлэв.

Тэр Мартиныг ол хэмээн шахан шаардсан ч Иосеф түүнийг орхихыг хүссэнгүй. “Ээжийг маань ир гэж хэл хүргэ. Чамайг байхгүй хооронд тэр надтай хамт байна” хэмээн тэр хэлэв.39

Иосеф хойд зүг рүү явах шуудангийн тэрэгт суужээ. Тэр Их Эзэний хэлсэн үгийг сонсолгүй Мартинд гар бичмэлийг өгснөөрөө Түүнийг гомдоосон байх вий гэхээс аяллын турш олигтой хоол ч идэж бас унтаж ч чадсангүй.40

Түүнийг Манчестер дэх эцэг эхийнхээ гэрт ирэхэд нар мандаж байлаа. Смитийнхэн өглөөний ундаа идэхээр бэлдэж байсан ба Мартиныг тэдэнтэй нэгд хэмээн урин, хэл хүргэв. Найман цаг гэхэд ширээн дээр хоол унд бэлэн болсон байсан ч Мартин ирээгүй л байлаа. Түүнийг хүлээх зуур Иосеф болон гэрийнхэн нь түгшиж эхлэв.

Эцэст нь дөрвөн цаг өнгөрсний дараа Мартин урдах газраа ширтсээр, гэр рүүгээ удаан гэгч холоос алхан ирж яваа харагдлаа.41 Тэр хашааны дэргэд зогсон, хашлаган дээр суунгаа малгайгаа нүд рүүгээ буулгав. Дараа нь тэр дотогш орж чимээгүй суулаа.

Гэрийнхэн нь Мартиныг хоол идэх гэж байгаа мэт халбага сэрээ авснаа доош унагаахыг харав. “Би бодгалиа алдлаа! Би бодгалиа алдлаа” хэмээн шанаан тушаагаа гараараа дарсаар тэр уйлав.

Иосеф үсрэн босож, “Мартин, чи гар бичмэлийг алдчихсан юм уу?” гэлээ.

“Тийм ээ, алга болсон, би хаана байгааг нь мэдэхгүй” гэж Мартин хариулав.

“Өө, Бурхан минь, Бурхан минь! Ингээд өнгөрдөг байж” хэмээн гараа зангидсаар Иосеф гасаллаа.

Тэр шалан дээгүүр нааш цааш холхисоор, юу хийхээ мэдэхгүй байв. “Буцаад яв” гэж тэр Мартинд хэлэв. “Дахин хай” гэхэд нь

Мартин “Ямар ч хэрэггүй. Би гэрийнхээ нүх булан бүрийг нэгжсэн. Тэр ч бүү хэл ор, дэрээ хүртэл урж үзсэн. Байхгүй гэдгийг нь би мэдэж байна” гэв.

“Би эхнэртээ ийм үлгэр сонсгохоор очно гэж үү” гэж Иосеф дуу алдав. Энэ мэдээг сонсоод эхнэр нь үхнэ байх хэмээн тэр айж байлаа. “Би Их Эзэний өмнө ямар нүүрээрээ очих билээ?” гэв.

Ээж нь түүнийг тайвшруулах гэж оролдон, хэрэв даруухнаар наманчлах юм бол Их Эзэн уучилж магадгүй хэмээн хэлжээ. Харин энэ үед эхний удаа хэлэхэд нь л Их Эзэний үгийг дагаагүйдээ өөрөө өөртөө уурласан Иосеф эхэр татан уйлж байлаа. Тэр үлдсэн цагт олигтой юм ч идсэнгүй. Тэр орой тэндээ үлдээд, Иосеф дараа өглөө нь Хармони руу явжээ.42

Люси сэтгэл нь зовсоор түүнийг явахыг харав. Гэр бүлийнхнийх нь хувьд итгэж найдаж байсан мөн сүүлийн хэдэн жилийн туршид тэдэнд баяр баясгалан авчирч байсан тэр зүйл нь ганцхан агшны дотор замхран алга болсон мэт санагдаж байлаа.43

Эшлэлүүд

  1. Joseph Smith—History 1:59; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 8, in JSP, H1:236–38 (draft 2); Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [1]–[2]; Knight, Reminiscences, 3.

  2. Knight, Reminiscences, 3–4; Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [1]–[3]; Joseph Smith History, circa Summer 1832, 1, in JSP, H1:11.

  3. “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, Aug. 1859, 167–68; Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [3]–[4]; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 8, in JSP, H1:238 (draft 2). Сэдэв: Мормоны Номын гэрчүүд

  4. “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, Aug. 1859, 168–70.

  5. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 8–9, in JSP, H1:238 (draft 2); Knight, Reminiscences, 3; “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, Aug. 1859, 170.

  6. Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [6]; Lucy Mack Smith, History, 1845, 121.

  7. “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, Aug. 1859, 170.

  8. “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, Aug. 1859, 170; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:240 (draft 2).

  9. Isaac Hale, Affidavit, Mar. 20, 1834, in “Mormonism,” Susquehanna Register, and Northern Pennsylvanian, May 1, 1834, [1].

  10. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:240 (draft 2); Knight, Reminiscences, 3.

  11. Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [3]; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:240 (draft 2); “Letter from Elder W. H. Kelley,” Saints’ Herald, Mar. 1, 1882, 68; мөн Сургаал ба Гэрээ 9:7–8 (Revelation, Apr. 1829–D, at josephsmithpapers.org)-ийг үзнэ үү.

  12. Joseph Smith History, circa Summer 1832, 5, in JSP, H1:15; Knight, Reminiscences, 3. Topic: Book of Mormon Translation (Сэдэв: Мормоны Номын орчуулга)

  13. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:238–40 (draft 2); Joseph Smith History, circa Summer 1832, 5, in JSP, H1:15.

  14. MacKay, “Git Them Translated,” 98–100.

  15. Bennett, “Read This I Pray Thee,” 192.

  16. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:240 (draft 2); Bennett, Journal, Aug. 8, 1831, in Arrington, “James Gordon Bennett’s 1831 Report on ‘The Mormonites,’” 355.

  17. [James Gordon Bennett], “Mormon Religion—Clerical Ambition—Western New York—the Mormonites Gone to Ohio,” Morning Courier and New-York Enquirer, Sept. 1, 1831, [2].

  18. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:240–42 (draft 2); Jennings, “Charles Anthon,” 171–87; Bennett, “Read This I Pray Thee,” 178–216.

  19. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:244 (draft 2); Bennett, Journal, Aug. 8, 1831, in Arrington, “James Gordon Bennett’s 1831 Report on ‘The Mormonites,’” 355; Knight, Reminiscences, 4. Topic: Martin Harris’s Consultations with Scholars (Сэдэв: Мартин Харрис эрдэмтэдтэй зөвлөлдсөн нь)

  20. Joseph Smith History, circa Summer 1832, 5, in JSP, H1:15; Исаиа 29:11–12; 2 Нифай 27:15–19.

  21. Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [8]; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:244; Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 289–90.

  22. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:244 (draft 2); Isaac Hale, Affidavit, Mar. 20, 1834, in “Mormonism,” Susquehanna Register, and Northern Pennsylvanian, May 1, 1834, [1]; Agreement with Isaac Hale, Apr. 6, 1829, in JSP, D1:28–34.

  23. Briggs, “A Visit to Nauvoo in 1856,” 454; see also Edmund C. Briggs to Joseph Smith, June 4, 1884, Saints’ Herald, June 21, 1884, 396.

  24. Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 289–90; Briggs, “A Visit to Nauvoo in 1856,” 454.

  25. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:244 (draft 2); Isaac Hale, Affidavit, Mar. 20, 1834, in “Mormonism,” Susquehanna Register, and Northern Pennsylvanian, May 1, 1834, [1].

  26. Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [8].

  27. Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [3]–[5], [8]–[9].

  28. Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [9]–[10]; Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 289–90.

  29. 1829 онд Иосеф, Оливер Каудери хоёрыг орчуулгын ажлаа хийж байхад Эмма Смит тэдэнтэй хамт нэг өрөөнд ажиллаж байсан гэдгээ хожим нь дурсан ярьсан байдаг ба 1828 онд Иосеф, Мартин нарыг орчуулж байхад ч мөн адил хамт байсан байх магадлалтай. (Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290.)

  30. William Pilkington, Affidavit, Cache County, UT, Apr. 3, 1934, in William Pilkington, Autobiography and Statements, Church History Library; “One of the Three Witnesses,” Deseret News, Dec. 28, 1881, 10.

  31. Briggs, “A Visit to Nauvoo in 1856,” 454; Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 289–90.

  32. Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [10]; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:244; Joseph Smith History, circa Summer 1832, 5, in JSP, H1:15; Knight, Reminiscences, 5; and Historical Introduction to Preface to the Book of Mormon, circa Aug. 1829, in JSP, D1:92–93-ийг үзнэ үү.

  33. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9, in JSP, H1:244 (draft 2); Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [10].

  34. Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [10]–[11]; book 7, [1].

  35. Joseph Smith History, circa Summer 1832, 5, in JSP, H1:15.

  36. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9–10, in JSP, H1:244–46 (draft 2); Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [1]; Knight, Reminiscences, 5.

  37. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 9–10, in JSP, H1:244–46 (draft 2).

  38. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [1]–[2]. Topic: Joseph and Emma Hale Smith Family (Сэдэв: Иосеф болон Эмма Хэйл Смитийн гэр бүл)

  39. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [1]–[2].

  40. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [2]–[4].

  41. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [5].

  42. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [5]–[7]. Topic: Lost Manuscript of the Book of Mormon (Сэдэв: Мормоны Номны алдагдсан гар бичмэл)

  43. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [7]. Topic: Lucy Mack Smith (Сэдэв: Люси Мак Смит)