2018
Үйлчлэхэд хэцүү цагт
2018 оны долоодугаар сар


Үйлчлэхэд хэцүү цагт

Зохиогч нь Филиппинийн Сантьягод амьдардаг.

Би ийм хэцүү ааштай хүнийг яаж харж халамжлах юм бэ?

Зураг
serving hands

Зургийг Крис Форнок

Миний даван туулахад хамгийн хэцүү байсан зүйлүүдийн нэг нь миний өөрийн “Надад хамаагүй” гэх хандлага байсан юм. Хэрвээ хийж байгаа зүйл минь сонирхол татахгүй бол би хүмүүстэй тэвчээргүй, хөндий харьцдаг байсан.

Нэгэн хичээлийн амралтаар маань надаас 76 настай өвөөгөө халамжлахыг хүсэхэд энэ бүхэн өөрчлөгдсөн юм. Бид түүнийг “Дэди” гэж дууддаг байсан. Тэр цус харваснаасаа болоод биеийн тал хэсэг нь мэдээгүй болсон байв. Гэр бүлийнхэн маань түүнийг хоёр сарын турш халамжлахыг надаас хүсэхэд би яаж хийхээ төсөөлж ч чадахгүй байв.

Би өглөө эртлэн босоод, түүний өглөөний хоолыг бэлтгэх, усанд ороход нь туслах мөн эмийг нь бэлдэх хэрэгтэй байв. Би өдөр тутам дасгалаа хийхэд нь бас алхахад нь тусалдаг байсан. Тэр сайн алхаж чадахгүй байсан болохоор би үргэлж түүний хажууд байж, усанд ороход нь бас бие засахад нь ч хажууд нь байдаг байв. 18 настай охины хувьд энэ нь хамгийн хэцүү байлаа.

Энэ бүхнээс гадна, түүнтэй хамт байхад ер нь л хэцүү байдаг байсан. Тэр Сүмийн гишүүн биш байсан бөгөөд минийхээс өөр зарчим баримталдаг байв. Тэр үргэлж хашгичин, хэзээ ч инээмсэглэдэггүй бас байнга “Би үхэх гэж байна” гэж үглэдэг, харамслаар дүүрэн амьдралтай хүн байв. Түүний энэ хандлагаас болж бид хоорондоо ойр дотно байхад хэцүү байлаа.

Эхлээд би өөрийн хийх ёстой зүйлээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг байсан ч тэр нь бүтсэнгүй. Тиймээс би хандлагаа өөрчилж, бүх л чадлаараа зүтгэхээр шийдсэн юм.

Ийм шинэ хандлагатайгаар долоо хоног байсны дараа Дэдидээ үйлчлэх нь надад баяр хөөр авчрах болов. Би илүү тэвчээртэй болж, түүний зовлонг ойлгож эхэлсэн. Би түүнд үйлчилж байхдаа түүнтэй хамт байх цагаа дарамт гэж үзэхээ больж, харин түүнтэй цагийг сайхан өнгөрөөх боломж гэж бодож эхэлсэн.

Дэди ч өөрчлөгдсөн. Царайгаа барайлгасан энэ хөгшин инээсэн, зөөлөн ааштай өвөө болж хувирсан юм. Тэр бүр өсвөр үеийнхэнд зориулсан (Especially for Youth) дуунуудыг ч сонсох дуртай болж билээ.

Нэг орой би түүний чимээ гаргахыг нь сонсоод, юу хийж байсныг нь олж мэдэхээр өрөө рүү нь шагайсан юм. Тэр анх удаагаа залбирч байжээ. Түүний энэ өөрчлөлтөөс би өдөр бүр урам авдаг болов.

Би одоо коллеждоо эргээд явж байгаа ч гэр бүлийнхэнтэйгээ сард хоёр удаа Дэди дээр айлчлахаар очдог. Бид түүнтэй хамт хоол идэж, түүнд дуу дуулж өгдөг. Түүний эрүүл мэнд муудсан болохоор миний түүнд өгч чадах хамгийн хүчирхэг бэлэг бол түүний төлөө залбирах юм.

Би Дэдигээ халамжлах боломжтой байсандаа талархаж байна. Яагаад гэвэл энэ нь бусдад юуг өгөх чадвартайгаа харахад надад тусалсан. Хайр маш хүчирхэг бөгөөд Дэди бид хоёрын хоёулангийнх нь зүрх сэтгэлийг зөөлрүүлсэн. Би золиослол болон нинжин сэтгэлийн учир утгыг ойлгож авсан. Энэрэл хайр үнэхээр зүрх сэтгэл бүрийг гэгээрүүлдэг!