2018
Бид ариун сүмд юу хийдэг вэ?
2018 оны долоодугаар сар


Амьдралын бэлтгэл

Бид ариун сүмд юу хийдэг вэ?

Зураг
baptismal font

Ариун сүм бол Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд ойртож чадах ариун газар юм. Ариун сүмд бид чухал үнэнийг заалгаж, санваарын ёслолуудад (ариун нандин ёслолуудад) оролцож мөн Бурхантай гэрээ байгуулдаг (ариун амлалтууд авдаг) бөгөөд эдгээр нь биднийг Түүний дэргэд эргэж очиход бэлтгэдэг.

Бид өөрсдийнхөө төлөө болон өөрсдийн өвөг дээдсийн төлөө ариун сүмийн ёслолуудыг хүлээж авч чаддаг. Жишээлбэл, амьд байхдаа зохих эрх мэдэлтэй хүнээр баптисм хүртэх боломжгүй байсан өвөг дээдсийнхээ болон бусдын өмнөөс өсвөр үеийнхэн баптисмуудад оролцож болдог. Насанд хүрэгчдийн оролцдог ариун сүмийн бусад ёслолд хишиг хүртэх, лацдан холбуулах (ариун сүмийн гэрлэлт гэх мэт) зэрэг ёслол багтдаг.

Өвөг дээдсийнхөө төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлуулах

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь дэлхий дээр амьдарч байсан, хариуцлага хүлээх чадвартай хүн бүрийн авралд шаардлагатай юм (Иохан 3:5-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч олон хүн сайн мэдээний талаар сонсолгүй эсвэл авралын ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан. Есүс Христийн ач ивээл, нигүүлслээр дамжуулан эдгээр адислалыг хүлээн авах арга зам хүн болгонд зориулагдан бэлтгэгдсэн билээ. Ариун сүмүүдэд, Сүмийн зохистой гишүүд нас барагсдын өмнөөс баптисмыг гүйцэтгэж болдог. Сүнсний дэлхийд сайн мэдээг номлодог (С ба Г 138-ыг үзнэ үү) бөгөөд сонссон хүмүүс нь үүнийг болон өөрсдийнх нь өмнөөс гүйцэтгэгдсэн ёслолуудыг хүлээн зөвшөөрөхөөр сонгож болдог.

Хишиг хүртэх

Хишиг гэдэг үг “бэлэг” гэсэн утгатай. Ариун сүмийн хишиг бол Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд Тэрээр энд онцгой адислалуудыг танд “тэнгэрийн хүчээр” (С ба Г 95:8) өгдөг.

Та Сүмд нэгдэхдээ баптисм, гишүүний баталгаа гэсэн хоёр ёслолыг хүлээн авсан. Түүнчлэн ариун сүмийн хишгийг хоёр хэсгээр хүлээж авдаг. Эхлээд та анхны ёслолуудыг хүлээн авах бөгөөд бэлгэдлээр болон зохих ёсоор цэвэр болж, “угаагдан” мөн тэнгэрлэг өв, мөнхийн чадавхынхаа талаар онцгой адислал хүлээн авдаг. Хоёр дахь хэсэгт та Бүтээлт, бидний дэлхий дээрх зорилго, Есүс Христийн Цагаатгал, номлол зэргийг багтаасан авралын төлөвлөгөөний талаар илүү суралцах үедээ хишгийнхээ үлдсэн хэсгийг хүлээж авдаг.

Хишгийн үеэр бид Бурханд дуулгавартай байж, Есүс Христийг дагаж мөн ёс суртахууны хувьд цэвэр байж, Бурханы хаант улсыг барихад туслах чанд амлалтуудыг өгдөг. Хэрэв бид гэрээнүүдээ сахивал Бурханы бүх мөнхийн адислалыг хүлээн авах амлалт бидэнд өгөгдсөн юм.

Лацдан холболт

Бурханы төлөвлөгөөний төвд гэр бүлүүд байдаг нь бидний аз жаргалын төлөө билээ. Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх нь санваарын лацдан холбох эрх мэдлээр дамжуулан авах, ариун сүмд хүртэх боломжтой дээд адислал юм. Энэ эрх мэдэл нь Есүсийн төлөөлөгчдөдөө ярьсан тэрхүү эрх мэдэл юм (Maтай 16:19-ийг үзнэ үү). Ариун сүмийн лацдан холболт эхнэр, нөхрийг хооронд нь мөн хүүхдүүдийг аав, ээжтэй нь холбож, өөрсдийн хийсэн гэрээнд үнэнч байснаар мөнхөд хамтдаа байх боломжийг олгодог.