2023
Аврагчийн сайн мэдээг хуваалцах бидний дуудлага
2023 оны 7-р сар


“Аврагчийн сайн мэдээг хуваалцах бидний дуудлага,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Аврагчийн сайн мэдээг хуваалцах бидний дуудлага

Бурханы үйлчлэгчдийн хувьд бид Аврагчийн амьдрал, сургаал, Цагаатгал, сэргээгдсэн сайн мэдээгээр дамжуулан бидэнд өгсөн найдварыг хуваалцахаар дуудагдсан.

Зураг
Таблет харж буй хоёр номлогч ахлагч

Би Англид залуу номлогч байхдаа, дэлхийн 2-р дайны үеэр амь насанд аюултай, аймшигтай үйл явдлыг үзэж туулсан нэгэн хүнд хамтрагчтайгаа хамт заасан юм. Тэр хуурай газрын зэвсэгт тулаанд оролцдог байсан бөгөөд аймшигт дайралтад өртсөн усан онгоцноос амьд гарч, Англид гэртээ буцаж ирсэн байв. Тэр эцэст нь Англид ирээд, гэртээ эсэн мэнд буцаж ирсэндээ сэтгэл нь маш их хөдөлж, хөөрч баярласандаа өвдөглөн сууж, газрыг үнсэж талархлаа илэрхийлсэн аж.

Биднийг түүнд Сэргээлтийн талаар зааж, Иосеф Смитийн тухай тайлбарлах үед тэр уйлж билээ. Тэр нүдэндээ нулимстайгаар, хүлээн авсан итгэмээргүй гэмээр гэрчлэлээ дүрсэлж ярьсан юм. Сэргээлтийн захиас өөрт нь Английн газар шороонд эсэн мэнд буцаж ирэх үед төрж байсантай адил мэдрэмжийг өгч байгааг тэр тайлбарлав. Тэрээр өөрт нь мөнхийн хувь тавилан байсан гэдгийг мэдэрчээ.

Зураг
Англи дахь номлогчдын бүлэг

Британийн номлолд Жэффри Р.Холландтай (дээд талын эгнээнд зүүн талаасаа долоо дахь нь) хамт үйлчилсэн ахлагч Квинтин Л.Күк (дээд талын эгнээнд баруун гар талаас тав дахь) “Сэргээгдсэн сайн мэдээ нь тодорхой бус цаг үед Бурханы хүүхдүүдэд хэрэгтэй гэрлийг санал болгодог” хэмээн хэлсэн.

Баруун талын гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Бурханы үйлчлэгч байх бидний дуудлага

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид бол Бурханы үйлчлэгчид билээ. Түүний үйлчлэгчдийн хувьд бидний номлол бол Англид миний зааж байсны адил Өөрийн амьдрал, сургаал, Цагаатгал, сэргээгдсэн сайн мэдээгээр дамжуулан Аврагчийн санал болгосон найдварыг бусадтай хуваалцах явдал юм (3 Нифай 27:13–14-ийг үзнэ үү). Энэ нь эргэлзээ, цөхрөл, харанхуйд автсан дэлхийд биелүүлэхэд амаргүй даалгавар боловч сэргээгдсэн сайн мэдээ нь тодорхой бус цаг үед Бурханы хүүхдүүдэд хэрэгтэй гэрлийг санал болгодог.

Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсон дэлхийд Есүс Христийн сайн мэдээ урьд өмнөхөөс ч илүү хэрэгтэй байна гэж тунхаглаад, “Түүний сайн мэдээ бол хүмүүнийг айж цочирдох үед туслах цорын ганц хариулт юм. Энэ нь Их Эзэний шавь нартаа өгсөн ‘бүх ертөнцөөр явж, сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун’ [Марк 16:15, тодотгол нэмэгдсэн; мөн Матай 28:19-ийг үзнэ үү] хэмээх удирдамжийн ач холбогдлыг онцолдог. Бурханыг сонсож, амьдралдаа Түүнийг ялуулах боломж олгох бүх хүнтэй бид Есүс Христийн хүч чадал, амар амгаланг хуваалцах ариун нандин үүрэгтэй” гэж хэлсэн. Ерөнхийлөгч Нэлсон “Бидний хүн нэг бүрд Израилыг цуглуулахад гүйцэтгэх үүрэг бий”1 гэж нэмж хэлжээ.

Зураг
Утас харж буй хоёр номлогч эгч болон нэгэн гэр бүлийн хос

Энэ үүргийг биелүүлэх нэг арга зам бол бүрэн цагийн номлогчоор үйлчлэх дуудлагыг хүлээн авах юм. Саяхан ерөнхийлөгч Нэлсоны онцолсончлон, бүрэн цагийн номлолд үйлчлэх үүрэг хариуцлага нь хожмын үеийн цугларалтыг тохиолгохоор томилогдсон залуу эрэгтэйчүүдийн үндсэн үүрэг гэдгийг бид мэднэ. Тэдний хувьд номлогчийн ажил бол “санваарын үүрэг хариуцлага” юм. Залуу эмэгтэйчүүдийн хувьд номлолд заавал үйлчлэх шаардлагагүй ч ерөнхийлөгч Нэлсон тэдэнд Их Эзэнээс өөрсдийг нь үйлчлүүлэх эсэхийг асуухад урьсан билээ. “Энэ ажилд та нарын оруулдаг хувь нэмэр үнэхээр агуу!” гэж тэр хэлсэн. Бас мэдээж нөхцөл боломж нь бүрдвэл Их Эзэнд ахмад хосуудын үйлчлэл хэрэгтэй байдаг. Тэрээр “Тэдний хүчин чармайлтыг юугаар ч орлуулшгүй”2 гэж хэлсэн.

Израилыг цуглуулах бас нэгэн арга зам бол “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” (Мозая 18:9) болох гэрээгээ санах явдал юм. Гэрчлэгч болж зогсохын тулд бидэнд бүрэн цагийн номлогчийн дуудлага хэрэггүй. Бид сайн мэдээний дагуу амьдарч, бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилж, уруу таталт, хавчлагатай тулгарах үедээ хүчтэй байж; үг, үйлдлээрээ гэрчлэлээ хуваалцсанаар бусдыг Есүс Христэд ойртуулдаг.

Сайн мэдээг хуваалцах нь номлолд аль хэдийн үйлчилсэн хүмүүсийг ч тэвдүүлж болно. Гэсэн ч Аврагчийн талаар хүчтэй гэрчлэлтэй байгаа үед бид өөрийн эрхгүй мэдэж байгаа зүйлсээ гэрчилдэг.

Зураг
Инээмсэглэж байгаа эмэгтэй

Гэрчлэлийн ач холбогдол

Хэрхэн гэрчлэлээ хүчирхэгжүүлж, илүү үр дүнтэй номлох вэ? Бид зөвхөн амьд бошиглогчийнхоо зөвлөгөөг дагах хэрэгтэй. Бидний гэрчлэл дараах зүйлсийг хийснээр өсдөг. Үүнд:

  • “Сүнслэг инерцээ хурдасгах3

  • Их Эзэнд зориулан цаг гаргах4

  • Сүнслэг сууриа бэхжүүлэх5

  • Бурханыг амьдралдаа ялуулах6

  • Түүнийг сонсох7 зэрэг орно.

Бид ерөнхийлөгч Нэлсоны үгсээс суралцаж, түүний зөвлөгөөг анхаарснаар Аврагч, Түүний сайн мэдээ, Сэргээлтийн үед гүйцэтгэсэн бошиглогч Иосеф Смитийн үүрэг, Мормоны Номын үнэн байдал, орчин цагийн бошиглогч, төлөөлөгчдийн дуудлага зэргийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэх болно. Хүчирхэг гэрчлэл хөшигний хоёр талд байгаа Израилыг цуглуулах ерөнхийлөгч Нэлсоны бошиглолын дуудлагад анхаарлаа хандуулах хүслийг маань нэмэгдүүлж, биднийг бэлтгэх болно.

Сайн мэдээг үр дүнтэй хуваалцахын тулд авьяаслаг уран илтгэгч байх шаардлагагүй. Бид сайн мэдээний сургаалын жижиг, нарийн ширийн зүйл бүрийг мэддэг байх шаардлагагүй. Бид хэдэн арван судар цээжлэх шаардлагагүй. Бид өндөр боловсрол эзэмшсэн байх ч хэрэггүй. Тэдгээр нь бидэнд захиасаа хуваалцахад тусалдаг ч хөрвүүлгийн жинхэнэ хүч даруу зүрх сэтгэл, эрч хүчтэй гэрчлэл, Ариун Сүнсний өгдөг баталгаанаас ирдэг.

Бошиглогч Иосеф Смит “Ямар ч хүн сайн мэдээг Ариун Сүнсгүйгээр зааж чадахгүй”8 гэж хэлсэн.

“Шатах мэт мэдрэмж”

1830 онд Бригам Янг сэргээгдсэн сайн мэдээний захиасыг номлогчдоос сонссоныхоо дараа, тэдний зааж буй зүйлсийн үнэнийг өөрөө олж мэдэхийг хүсжээ. Тэр Мормоны Номын тухай, үүнийг гэрчилсэн хүмүүс болон бошиглогч Иосеф Смитийн талаар нэгд нэгэнгүй судлав.

Тухайн үеийн номлогчдын ямар нэгэн зүйл Бригамын зүрх сэтгэлд хүрсэн аж. “Тэдний гэрчлэл надад шатах мэт мэдрэмж өгсөн”9 гэж тэр хэлсэн юм.

Тэрхүү номлогчдын нэг болох Элэазэр Миллэр Сүмийн гишүүн болоод ердөө дөрөвхөн сар болсон байв.10 Тэр өнөөгийн номлогчдын хэлээр “шинэков” байсан бөгөөд олон хүний өмнө ярихдаа маруухан байлаа. Гэхдээ энэ бүхэн огт хамаагүй байсан юм.

Зураг
Элэазэр Миллэр

Элэазэр Миллэр

Олон жилийн дараа ерөнхийлөгч Бригам Янг “Гэвч уран илтгэх ур чадваргүй хүн ‘Ариун Сүнсний хүчээр би Мормоны Ном үнэн [бөгөөд] Иосеф Смит бол Их Эзэний бошиглогч гэдгийг би мэдэж авсан’ хэмээн хэлэхийг зөвхөн сонсоход л уг хүнээс гарах Ариун Сүнс ойлголтыг минь гэрэлтүүл[ж], гэрэл, алдар суу мѳн мѳнх бус байдал миний ѳмнѳ [байлаа]” гэсэн юм.

Элэазарыг тэрхүү гэрэл, алдар суу хүрээлсэн байсан учир гэрчлэлийг нь үнэн гэдгийг ерөнхийлөгч Янг хувьдаа мэдэж авчээ.

Ерөнхийлөгч Янг “Дэлхий ертөнцийн өөрийнх нь бүхий л мэргэн ухаан, алдар суу, хаад, эрх мэдэлтнүүдийн чамин тансаг байдал Бурханы үйлчлэгчийн эгэл даруу гэрчлэлийн хажууд өчүүхэн ч ач холбогдолгүй болж хувирдаг”11 гэж хэлсэн.

Бидний баяр хөөр хэчнээн агуу билээ

Бошиглогч Иосеф Смит “Бүх зүйл хэлэгдсэний дараа хамгийн агуу, хамгийн чухал үүрэг бол сайн мэдээг номлох юм” хэмээн тунхагласан билээ.12

Бурханы хаант улсын гишүүдийн хувьд гэрээнүүдээ хүндэтгэх гэдэгт сайн мэдээг хуваалцах явдал багтдаг. Сайн мэдээг хуваалцах бол хөршөө өөрийн адил хайрлаж буй хайрын хамгийн дээд хэлбэрийн нэг юм (Матай 22:37–39-ийг үзнэ үү). Сайн мэдээг хуваалц гэдэг нь Аврагчийн агуу тушаал.

Христэд бодгалиудыг авчрахад тусалсан бидний зарим нь Бурханы хүүхдүүдийг аврахаар хөдөлмөрлөж буй хүмүүст амлагдсан мөнхийн баяр хөөрийг амссан (Сургаал ба Гэрээ 18:15–16-г үзнэ үү). Би Англид залуу номлогчоор үйлчлэхдээ бүрэн цагийн номлолд хамт үйлчилсэн хамтрагчид, уулзсан хүмүүс, Бурханы сүрэгт ирэхэд бидний тусалсан Түүний эрдэнэт хөвгүүд, охидын талаар одоог хүртэл дурсан боддог. Дараа нь миний амьдрал үндсээрээ өөрчлөгдсөн.

Өөрийн хувийн туршлагаас хэлэхэд, эх орондоо эсвэл харь нутагт байгаа “дэлхийд Түүний үнэнийг хуваалцдаг”13 хүмүүст өгсөн Тэргүүн зөвлөлийн “Таныг залбиралтайгаар мѳн даруухнаар Түүнд үйлчлэхэд Их Эзэн таныг элбэгээр адислах бѳгѳѳд шагнах болно. Түүний хүүхдүүдийн дунд ажиллах үед чинь ѳмнѳ нь тохиолдож байсан туршлагаас тань илүү их баяр баясгалан таныг хүлээж байна”14 гэх амлалтыг би давтан хэлмээр байна.