2023
Энэрлээр тохинуулах
2023 оны 7-р сар


“Энэрлээр тохинуулах,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Тохинууллын зарчим

Энэрлээр тохинуулах

Бид хайрлаж байгаагаа энгийн арга замаар үзүүлснээр томоохон өөрчлөлтийг авчирч чадна.

Зураг
placeholder altText

Доркас ядууст тусалсан нь, Харолд Коппинг © Providence Collection / GoodSalt.com сайтын зөвшөөрөлтэй

Энэрлийн үлгэр дуурайл

Табита (Доркас гэдгээрээ танигдсан) нь Иоппад амьдардаг байсан Есүс Христийн шавь юм. Тэр “сайн үйл, өглөгөөр дүүрэн нэгэн” (Үйлс 9:36) гэдгээрээ танигдсан эмэгтэй байв. Тэр бусдын төлөө маш олон зүйл хийдэг байсан учир хайрлагдсан нэгэн байлаа. Аврагчийн адил тэрээр өөрийн амьдралыг үйлчлэхэд зориулсан. Түүнд өөрчлөлт гаргах ур чадвар, авьяас билэг байв.

Түүний ур чадваруудын нэг нь дээл, хувцас урлах байсан бөгөөд ядаж л зарим нь тусламж хэрэгтэй бэлэвсэн эмэгтэйчүүдэд очдог байлаа. Түүний бэлгийг хүлээн авсан хүмүүст тэрээр тэнгэр элч байсан юм. Петрийг түүн дээр нас барсных нь дараа ирэхэд, “Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлан зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлэв” (Үйлс 9:39). Түүнийг үхлээс амилуулахдаа Петрийн сэтгэл ихэд хөдөлсөн байсан бөгөөд олон хүнийг Аврагчид итгэхэд хүргэжээ (Үйлс 9:40–42).

Энэрлээр тохинуулах

Энэрэл бол Есүсийн биднийг гэсэн мөн нэг нэгэндээ үзүүлэхийг хүссэн хайр юм. Энэ бол хөршөө өөрийн адил хайрлаж (Матай 22:37–39-ийг үзнэ үү), тэдэнд өөрсдөд тань хэрхэн хандаасай гэж хүсдэгийн адил өрөвч сэтгэл, тэвчээр, нигүүлслээр хандана гэсэн үг (Матай 7:12-ыг үзнэ үү). Энэ нь өөрсдийнхөө хүлээн авсан бэлэг, авьяас чадвараар Табитагийн адил тэдэнд үйлчилнэ гэсэн үг юм.

Бидний хийдэг зүйлс анхаарал татахааргүй байсан ч хайрлаж байгаагаа энгийн арга замаар үзүүлснээр бид томоохон өөрчлөлтийг авчирч чадна. Хэрэв та оёх авьяастай бол энэ нь үйлчлэх арга зам байж болох ч та зүлэг хадагч дээр оёдлын машинаас илүү сайн ажилладаг байж болно. Эсвэл танд сайн сонсож, хэрхэн жинхэнэ найз байхыг мэддэг байх бэлэг байж болно.

Энэрлийг хөгжүүлэх

Бид Христийнхтэй адил энэрэх зан чанарыг хэрхэн хөгжүүлж болох вэ?

  • Энэрэл бол Есүс Христийн үнэнч дагалдагч бүх хүнд Тэнгэрлэг Эцэгийн өгдөг бэлэг юм. “Та түүний хайраар дүүргэгдэж болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбир” (Моронай 7:48).

  • Мормон энэрлийн талаар ийн заасан. “Энэрэл бол удаан тэсвэрлэдэг, мөн сайхан сэтгэлтэй, мөн атаархаж жөтөөрхөх нь үгүй, мөн онгирч хөөрдөггүй, өөрийнхийгөө эрэлхийлдэггүй, амар өдөөн хатгагддаггүй, ямар ч хилэнцтийг боддоггүй, мөн алдаст баясах нь үгүй, харин үнэнд баясдаг, бүх зүйлийг хүлцдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг” (Моронай 7:45). Эдгээр нь зөвхөн хайраар дүүрэн байгаагаа хэлэх арга зам биш бөгөөд харин энэ чадваруудыг хөгжүүлснээр тэдгээр нь хайрлах чадварыг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх шинж чанаруудтай холбогддог.

  • Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх нь өрөвч сэтгэлтэй болгодог.1 Бид бусдыг ойлгохыг эрэлхийлснээр энэрлээ хөгжүүлэх илүү их боломжийг олж авдаг. Дэмжлэг үзүүлж, хайр мэдрүүлсэн арга замаар асуулт тавьж, тэвчээр гарган, ойлгох хүсэлтэйгээр сонс.

  • Энэрлийг мэдрүүлэх дадлага хий. Өөрийн цаг хугацаа, бусад нөөц бололцоог хэрэгтэй хүмүүст нь зориулж, тэднийг уучил. Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) “Уучлал, хайр хоёр ихэр мэт үргэлж хамт байх ёстой. Бусдыг буруу юм хийснийх нь төлөө буруутгах нь сэтгэл санааны хувьд эдгэхэд нь саад болдог. Гагцхүү өршөөл л эдгээх хүчтэй”2 гэж заасан.

Эх сурвалж

  1. Өрөвч сэтгэлээр номлох нь,” Лиахона, 2023 оны 6-р сар, х. 20–21-ийг үзнэ үү.

  2. Томас С.Монсон, “Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим”, 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган.