2023
Ариун сүм доторх өдөөлт
2023 оны 7-р сар


“Ариун сүм доторх өдөөлт,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Ариун сүм доторх өдөөлт

Их Эзэний өргөө бол илчлэлтийн өргөө. Ариун сүмд олон удаа орох тусам бидний илчлэлт хүлээн авах магадлал нэмэгддэг.

Зураг
Тэксасын Хюстон ариун сүм

Тэксасын Хюстон ариун сүмийн гэрэл зураг, Стив Скотт Т.Жэксон

Их Эзэний өргөө бол зөвхөн авралын ажлыг гүйцэтгэдэг ариун барилга төдийгүй их, бага өдөөлт ирдэг, бидний бодгалийн шархыг эдгээдэг, Их Эзэн зүрх сэтгэлийг маань санаанд оромгүй байдлаар хөдөлгөдөг илчлэлт хүлээн авах газар юм.

Өвөрмөц мэдрэмж

Намайг Тэксасын Хюстон ариун сүмд ёслолын ажилтнаар үйлчилж байх үед мотоциклтой бүлэг хүн ариун сүмийн машины зогсоолд ирж зогсон, ариун сүмд орж болох эсэхийг асуусан юм. Ариун сүмийн ерөнхийлөгч Ричард Саттон тэр хүмүүст ариун сүмийн зорилгыг мөн ариун сүмд ороход зөвшөөрлийн бичиг хэрэгтэй байдаг талаар тайлбарлав. Тэдний ахлагч хамтрагчтайгаа хамт анхааралтай сонсож байлаа.

Тэгээд тэр ахлагч “Би танай барилгын хажуугаар өнгөрөх үедээ нэг зүйлийг мэдэрсэн. Би мэдрэмжээ тайлбарлаж чадахгүй ч үнэхээр өвөрмөц мэдрэмж байсан болохоор ямар учиртай болохыг олж мэдэхийг хүссэн юм” гэж хэлэв.

Тэр хоёр илүү их зүйл мэдэхийг хүсэж байсан тул ерөнхийлөгч Саттон тэднийг номлогчидтой уулзуулахаар төлөвлөжээ.

Нэг жил хагасын дараа ерөнхийлөгч Саттоны ариун сүм дэх ажлын өрөөний хаалгыг нэг хүн тогшив. Тэр хүн “Та намайг санахгүй байгаа байх. Гэхдээ хэсэг хугацааны өмнө би мотоциклтой найзуудтайгаа энд ирж, ороод гарсан шүү дээ. Тэр үед би энэ газрыг зөвхөн гаднаас нь хараад өнгөрсөн. Өнөөдөр би дотроос нь харахаар ирлээ” гээд, ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ өргөн харуулав.

Зураг
Ариун сүмийн гадна алхаж буй эмэгтэй

Хоёр дахь хэл

Дийн, Бонни хоёрыг Боливийн Кочабамба ариун сүмд ахмад номлогчоор үйлчлэхээр дуудах үед Бонни эмээж байлаа. Тэр хэзээ ч испани хэл сурч байгаагүй бөгөөд шаардлагатай ёслолуудыг гүйцэтгэх мөн бусадтай сайн мэдэхгүй хэлээр харилцаж чадах эсэхдээ эргэлзэж байв. Санваарын адислалаар түүнд испани хэл ашиглан, амаар болон сүнслэг байдлаар харилцах чадвартай байх болно гэж амласан юм.

“Би ариун сүмээс гадуур испани хэлээр нэг их ярьж чадахгүй. Харин Их Эзэний өргөөнд испаниар ярих нь амархан юм шиг надад санагддаг” гэж тэр хэлсэн.

Нөхөртэйгөө гэртээ буцаж ирээд, Ютагийн Огдэн ариун сүмийн испани хэл дээрх ёслолд оролцсоны дараа ариун сүмд анх удаа зочилсон хүмүүс түүний гайхалтай аялгыг онцолж байлаа.

Баяр баяслыг мэдрэхийн тулд ямар нэг зүйл хий

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаарх бусдын туршлагаас бүхэл өдрийн турш сүнслэг урам авч болно. Гэхдээ бид өөрсдөө тэрхүү баяр баясгаланг бодитой мэдрэхийн тулд ямар нэг зүйл хийх ёстой”1 гэжээ.

Ариун сүмд биднийг баяр баясгалан, сүнсний мэдрэмж, өдөөлт, баталгаа хүлээж байна. Тэнд дэлхийн хаана ч байхгүй ярьж, ойлгодог тэнгэрлэг хэл байдаг. Бид ариун сүмд зөвхөн орох гэж бус харин илчлэлт хүлээн авахаар орох үед ариун сүмд Их Эзэний бидэнд өгөхийг хүсдэг илчлэлтүүдийг авдаг. Ариун сүмд ирсэн сүнслэг өдөөлтийн зарим жишээ энд байна.

  • Кот д’Ивуараас ирсэн Мартин Гори амьдралынхаа чухал асуудлаар ариун сүмд удирдамж эрэлхийлсэн бөгөөд түүний залбирал аль хэдийн хариулагдсан гэсэн гайхалтай баталгааг хүлээн авчээ. Энэ бол Оливэр Каудерид Их Эзэний заасан “Надад хандан залбирсан тэр шөнийг оюундаа санагтун. … Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй бил үү?” гэсэн зарчим юм. (Сургаал ба Гэрээ 6:22, 23).

  • Рэнди Бронсон Ютагийн Пэйсон ариун сүмийн ойролцоо амьдардаг бөгөөд олон жилийн турш гэр бүлийн түүхийн судалгаа явуулж байгаа юм. “Би нэг идэвх султай хүүтэй бөгөөд түүний төлөө юу хийж чадахаа тэр бүр мэддэггүй. Тиймээс би түүний нэрийг залбирлын жагсаалтад хийгээд зогсохгүй ариун сүмд чин сэтгэлээсээ залбирч, түүний төлөө юу хийж чадахаа мэдэхийг хичээдэг. Би түүний төлөө юу хэлж, хийж чадахаа бага багаар ойлгож байгаа.”

  • Стэфани Факрэлл Хилл “Та бол сайн ээж” гэж Ютагийн Логан ариун сүмд нэгэн танихгүй хүнд хэлжээ. “Та яаж мэдэж байгаа юм бэ?” гэж тэрхүү залуу ээж эргэлзсэн байдалтай асуулаа. Хилл эгч “Би танай хүүхэд гарыг чинь будчихсан байхыг харсан. Ариун Сүнс намайг танд хэл гэж өдөөсний дагуу л би тэгж хэлсэн” гэв. Тэр залуу ээж гараа нуухыг оролдож байсан юм. Сэтгэл нь тайвширсан тэрээр одоо өөрийгөө бусдын нүдний бай гэж бодохоосоо илүүтэй хүлээн зөвшөөрөгдсөн байгаагаа мэдэрчээ.

Ариун сүм бол өвөг дээдсээ аврах газар төдийгүй гэрээний зам дээр биднийг болон бусдыг чиглүүлэх илчлэлт хүлээн авахад туслах газар юм. Ерөнхийлөгч Нэлсон “Хүн нэг бүрд зөвхөн Их Эзэний өргөөнд хүлээн авах боломжтой сүнслэг байдлын байнгын хүчирхэгжүүлэлт болон заавар хэрэгтэй байдаг” хэмээн хэлсэн.2 Түүний ариун өргөөн дэх тэдгээр өдөөлт, мэдрэмж бидэнд Есүсийн адил харж, сонсож, амьдарсны дагуу амьдрахад тусална.  

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.