2023
Та Бурханд итгэдэг үү?
2023 оны 7-р сар


“Та Бурханд итгэдэг үү?,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Та Бурханд итгэдэг үү?

Найз минь надад асуудлаа ярих тэрхэн үед би нэг зүйлийг ойлгосон юм.

Зураг
Ярилцаж буй залуу эмэгтэй, залуу эрэгтэй хоёр

Зургийг Кэйти Докрилл

Би жаахан байхдаа сайн мэдээний үнэний талаар огтхон ч эргэлзэж байгаагүй. Гэсэн ч өсвөр насанд хүрээд, надад гэрчлэл үнэхээр байгаа эсэх эсвэл би эцэг эх, найз нөхдийнхөө итгэдэг зүйлсийг зүгээр л хүлээгээд авчихсан юм болов уу гэсэн бодол төрөх болсон юм. Би сайн мэдээ үнэн эсэхийг мэдэхээр залбирсан.

Энэ бүх бэрхшээлтэй үед маань улсын коллеж дээр танилцсан нэгэн залуу эмэгтэй намайг амьдралын зорилго, чиглэлээ ойлгосон харагдаж байна гэж хэлж билээ.

Тэр надаас “Чи Бурханд итгэдэг үү?” гэж асуусан.

Би Бурханд итгэдгээ мөн манай Сүм бидний Бурхантай харилцах харилцаа, амьдралын зорилгын тухай заадаг талаар хэлсэн. Би түүнд бошиглогч Иосеф Смитийн талаар болон Сэргээлтийн тухай ярьсан. Тэр анхааралтай сонсож байв.

Дараагийн ням гарагт би сүм дээрээс Иосеф Смит болон авралын төлөвлөгөөний тухай гарын авлагуудыг найздаа өгөхөөр авлаа. Гарын авлагуудыг уншиж дуусаад, Мормоны Номыг уншиж эхлэх үед нь би түүнийг сүмд авчрав.

Дараа нь тэр надад ахтайгаа их дотно байсан талаараа хэлсэн юм. Түүний ах орон нутгийн нислэгийн үзүүлбэрт оролцдог онгоцны нисгэгч байжээ. Харамсалтай нь, биднийг танилцахын өмнөх зун тэрээр үзүүлбэр үзүүлж байгаад амиа алдсан байв. Ахынх нь үхэл түүнд хүнд туссан бөгөөд ах нь өөрийгөө шашингүй үзэлтэн гэж хэлж байсанд тэр санаа зовдог байлаа. Тэр түүний одоогийн нөхцөл байдлыг мөн Бурханы өмнө хэрхэн зогсож байгааг мэдэхийн тулд залбирсаар байв.

Түүнийг надад асуудлаа ярих тэрхэн үед би нэг зүйлийг ойлгосон юм. Энэ бол гэрэл, үнэний талаарх цэвэр мэдрэмж байв. Бидний танилцсан явдал зүгээр нэг тохиолдол байгаагүйг би ойлгосон. Харин Бурхан сэтгэлдээ шархтай энэ залуу эмэгтэйн чин сэтгэлийн залбирлыг сонсож, хариулсан байлаа.

Тэнгэрлэг Эцэг намайг ойлгож, Өөрийнх нь мутар дахь зэмсэг гэж үзэн, энэ эмэгтэйн залбиралд хариулсныг би мэдээд, дарууссан юм. Энэ туршлагаар дамжуулан, сайн мэдээг үнэн гэдгийг мэдэхээр залбирсан миний залбиралд хариулсан Түүний агуу мэргэн ухааныг би ойлгосон.

Бэлтгэлээ хангасныхаа дараа би амьдралынхаа хамгийн чухал хоёр жилийг өнгөрүүлэхээр үүргэвчээ бэлдэв. Энэ үеэр найз маань дүүтэйгээ номлогчийн хичээл авсан. Тэд хоёулаа Сүмд нэгдэж, номлолд ар араасаа үйлчилсэн билээ. Номлолын минь дараа найз маань надаас ахынх нь төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийг хүссэн.

Бидний хүссэн арга замаар эсвэл хүссэн цаг хугацаанд биш ч Бурхан чин сэтгэлийн залбирлыг сонсож, хариулдгийг би мэднэ.