2023
Эммау хүрэх бидний зам
2023 оны 7-р сар


“Эммау хүрэх бидний зам,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Ирээд, Намайг дага

Лук 24:13–35

Эммау хүрэх бидний зам

Аврагч бидэнд үргэлж ойр гэдгийг мэдэхэд туслах таван энгийн үйл ажиллагаа

Зураг
Есүс шавь нарынхаа хамт Эммау хүрэх замд

Эммау хүрэх замд, зургийг Вэнди Б.Кэллэр, HavenLight-ийн зөвшөөрлөөр нийтлэв

Миний аав намайг 4 настай байхад хорт хавдраар өөд болсон юм. Би түүнийг яагаад үхэх ёстой байсан талаар бодож өссөн. Би Бурханаас амьдрал яагаад ийм шударга бус байдаг тухай асуудаг байлаа. Арван жилийн дараа, 14 настай байхдаа би номлогчидтой уулзсан. Тэднийг бидэнд зааж байх үед үнэнийг зааж байгаа учир бид сонсох ёстой гэж ээж маань боддог байв. Биднийг Сүмд нэгдэх үед Есүс Христийн сайн мэдээ, авралын төлөвлөгөөний талаарх ойлголт миний амьдралд үнэхээр хэрэгтэй үедээ орж ирсэн юм.

Хожим нь намайг ариун сүмд эцэг эхтэйгээ лацдан холбуулж байх үед ээж минь надад “Би аавын чинь энд байгааг мэдэрч байна” гэж шивнэж билээ. Лацдан холболтоос ирдэг адислалын талаар би бодож байхдаа Их Эзэн манай гэр бүлийг мэддэг байсан бөгөөд бид өөрсдөө мэдээгүй ч Тэрээр бидэнтэй байнга хамт байсныг ойлгосон.

Та Аврагч өөрийг тань мэддэг гэж бодож байсан уу? Тэр танд тулгарсан саад бэрхшээл, асуудлыг мэддэг болов уу? Та Түүнтэй хамт алхаад, ярилцах боломж олдвол Тэр танд юу хэлэх байсан бол?

Тэр тэдэнтэй хамт алхсан

Есүс Христийн үхлээс гурав хоногийн дараа Түүний хоёр шавь Иерусалимаас 12 км зайд (7 бээр) орших Эммау тосгонд хүрэх замаар алхаж байлаа. Нэгэн үл таних хүн тэдэнтэй зам нийлэхэд тэд өөрсдийн бодол, санаа зовнилд автсан байв.

Үл таних хүн тэднээс ингэж асуув. “Та нар бие биентэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа.”

Шавь нар “Назарын Есүсийн тухай” саяхан болсон үйл явдлыг ярив. Тэд Есүсийг Израилыг гэтэлгэхээр ирсэн байсанд итгэсэн байсан. Гэвч Есүс шударга бусаар яллагдаж, цовдлуулжээ. Христийг хамгийн сайн мэддэг хүмүүс Түүнийг үхлээс амилсан гэж хэлж байсан талаар тэд бас хэлэв.

Үл таних хүн тэднийг “Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ” гэж дууджээ. Тэрээр судрууд юу заасныг мөн Христ хэрхэн бошиглолыг биелүүлснийг сануулан хэлэв. Энэ нь шавь нарыг баяр баяслаар дүүргэв.

Тэд Эммауд ирэнгүүтээ тэрхүү үл таних хүнээс “Бидэнтэй хамт байгаач” гэж хүсжээ. Үдийн зоог дээр тэр үл таних хүн талх адисалж, хуваалаа. Гэнэт шавь нар мөнөөх үл таних хүн огтхон ч үл таних хүн биш харин Аврагч өөрөө байсныг таньжээ! (Лук 24:13–32-ыг үзнэ үү.)

Тэр бидэнтэй хамт байдаг

Бид тэр хоёр шавь Аврагчтай хамт алхсан мөртлөө яагаад Түүнийг таньсангүй вэ гэж гайхаж магад. Бид Түүнийг бидэнтэй хамт алхаж байгааг хэр удаан ойлгодоггүй бол оо? Ихэнхдээ бид Аврагчийг бидний хажууд байгааг анзаардаггүй бөгөөд харин өдөр тутмын сорилт бэрхшээл, баяр баясалдаа анхаардаг.

Тэр бидэнтэй хэрхэн хамт байж, тэмцэж, ажиллаж, уйлдгийг бид хардаггүй. Хэрэв бид анзаарвал, өөрсдийн хамгийн гунигтай мөчүүдэд ч Түүнийг бидэнтэй хамт байгааг мэдэрч, Түүний дараах үгсийг сонсох болно. “Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд” (Дуулал 46:10, тодотгол нэмэгдсэн; мөн Сургаал ба Гэрээ 101:16-г үзнэ үү).

Бидний хувийн зам

Энэ амьдралд бидний хүн нэг бүрд хүрэх газар бий. Аян замдаа бид өвдөж эсвэл өөрсдийн сул дорой байдалтай тэмцэж магадгүй. Бидэнд санхүүгийн эсвэл амжилт ололт, эд баялаг, бардам байдлаас үүдэлтэй сорилтууд тулгарч болно.

Бид Эммау хүрэх өөрсдийн замаар явахдаа ганцаараа алхах шаардлагагүй. Бид Аврагчаас “бидэнтэй хамт байгаач” гэж хүсэж болно. Түүнд ойртоход бидэнд туслах таван энгийн үйл ажиллагаа бий.

Зураг
Залбирч байгаа эмэгтэй

Зураг чимэглэлийг Ловэтта Рэйс Кайро

1. Өдөр бүр залбир

Бидний өдөр тутмын амьдралд залбирал хамгийн эхэнд байх ёстой. Залбирал бидэнд Тэнгэрлэг Эцэгийн нөхөрлөл, удирдамжийг хүлээн авахад тусалж чадна. Бид Түүний Хүүг дагахад шаардагдах хүч чадлыг болон Ариун Сүнсний хүчийг, ялангуяа бодол санаа минь биднийг нүгэл рүү хөтлөх үеүдэд гуйж болно.

Залуу Иосеф Смит хариулт авахаар Бурханаас гуйж байх үедээ дайсан түүнийг зогсоохыг оролдож байсныг мэдсэн (Иосеф Смит—Түүх 1:16). Иосефын адилаар бид уйгагүй залбирч, Тэнгэрлэг Эцэг биднийг сонсохдоо хэзээ ч цааргалдаггүй гэдэгт итгэх ёстой. Тэр бидэнд Өөрийн цаг хугацаа, хариултын талаар ойлгоход туслах болно.

Зураг
Дэлгээстэй судрын ном

2. Судрууд дээр найрла

Аврагч судруудыг судалж, бидэнд үлгэр жишээ үзүүлсэн. Тэр заах үедээ судруудаас байнга эш татдаг байв. Судраас тогтмол судлах нь бидэнд цэвэр бөгөөд чөлөөтэй сэтгэх оюун ухаан, Бурханы үгийг нандигнан хүлээн авах зүрх сэтгэл, үйлчлэхэд бэлэн гартай байхад тусалдаг.

Судруудыг судлах үед Ариун Сүнс биднийг сайныг үйлдэх хүслээр дүүргэдэг. Судрууд сүнслэг зүйлсийг олж харах бидний харааг хурцлах болно. Судрууд бидэнд тусламж хэрэгтэй хүмүүсийн хэрэгцээг олж харахад тусална. Бид тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах Аврагчийн үлгэр жишээг дагахаар адислагдана (Мозая 18:8–9-ийг үзнэ үү). Дараа нь бид өдөр тутмын даалгавраа биелүүлэх үедээ хэзээ ч ганцаараа алхахгүй. Аврагч бидэнтэй алхам бүрд хамт байх болно.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

3. Амьд бошиглогчдыг дага

Бид өөрсдийн хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, бусад бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн зөвлөгөөг дагах ёстой. Тэгснээр Эммау хүрэх бидний зам аюулгүй, тодорхой байх болно. Тэд биднийг аюулгүй удирдан чиглүүлж, Аврагч бидэнтэй хамт байгаа гэдгийг мэдэхэд тусална.

Зураг
Хүрэлцэхээр тэмүүлж буй хоёр гар

4. Түүнийг хамт байхад урь

Бид Есүс Христийн талаар суралцаж, зарлигуудыг нь дагах үедээ Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байхад урьдаг. Бидний амьдралд үзүүлдэг Түүний нөлөөг бид хүлээн зөвшөөрч суралцдаг.

Эммау хүрэх зам дээр шавь нар Аврагчтай хамт алхаж, ярьж, зүрх сэтгэл дотроо шатаж байгаагаа мэдэрцгээсэн (Лук 24:32). Тэдний Түүнд хандан “Бидэнтэй хамт байгаач” (Лук 24:29) гэсэн гуйлт мөн бидний гуйлт байх ёстой.

Шавь нар нь Аврагчийг таних үед Тэр гэнэт тэдний нүдэнд харагдахгүй алга болсон юм. Шавь нар тэр даруй Иерусалим руу буцаж, төлөөлөгчдөд Аврагчийг амилсныг гэрчлэв. Тэднийг гэрчилж байх үед Их Эзэн дахин “тэдний дунд зогсож байлаа” (Лук 24:36). Тэр бидний дунд байх үед бид ч бас Түүнийг мэдэрч чадна.

Зураг
Ариун ёслолын ус түгээх тавиур

5. Гэрээгээ тогтмол шинэчил

Есүс Христийн сайн мэдээний гэрээ, ёслолууд бидний мөн чанарыг өөрчлөх чадалтай. Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлсэн. “Бид мөнхийн зарчмуудыг шүтэж, хэрэгжүүлснээр Бурханд илүү ойртож, хайрлах чадавхаа нэмэгдүүлдэг.” 1 Жишээ нь, Баптисм Их Эзэнд биднийг цэвэршүүлэх боломжийг олгодог. Хэрэв бид итгэлтэй, дуулгавартай байвал ариун сүмийн гэрээ, ёслолууд биднийг Эцэг, Хүүгийн аль алиных нь оршихуйд хэзээ нэг өдөр хамт амьдрахад бэлтгэх болно.

Ариун ёслол нь бидэнд санан дурсахад тусалж, гэрээнүүдээ шинэчилж, наманчилж, дахин оролдож үзэх боломжийг олгодог. Бид ариун ёслолоос хүртэх үедээ Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг санаж, зарлигуудыг нь дагана гэдгээ дахин амлахад бэлэн байгаагаа харуулдаг. Ийнхүү бид Түүний Сүнс үргэлж бидэнтэй хамт байх болно гэсэн амлалтыг авдаг. (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү.) Бид байгуулсан гэрээ, үйлдсэн ёслолуудаа ямагт санаж байх ёстой.

Зураг
Есүс бусдад мутраа сунгаж байгаа нь

Аврагч ойр байх болно

Эммау хүрэх өөрсдийн маань зам дээр Аврагч биднийг Өөр дээр нь ирж, Түүн дотор баясахыг хайраар урьдаг. Бид өдөр бүр залбирч, судрууд дээр найрлаж, амьд бошиглогчдыг дагаж, Аврагчийг өөрсөдтэйгөө хамт байхад урьж, гэрээнүүдээ хүндэтгэн сахих үед Тэр бидэнтэй ойр байх болно. Эммау хүрэх зам дээрх шавь нарын мэдэж авсны адил бид Есүс Христ амилсан, Тэр үнэхээр амьд бөгөөд биднийг хайрладаг гэдгийг мэдэх болно.

Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Тэр бидэнтэй хамт байж, биднийг зам дээр минь аюулгүй удирдан чиглүүлэхийг хүсдэг.