2012
Бразилийн залуус гэр бүлийн түүхийг ариун сүмийн ажилтай холбож байна
2012 оны аравдугаар сар


Бразилийн залуус гэр бүлийн түүхийг ариун сүмийн ажилтай холбож байна

Хосе А.Москао нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэйг ойлгов: Бразилийн Кампинас ариун сүмд ирж буй залуус ёслолуудад оролцох хоорондоо маш их цагийг дэмий сууж, хүлээж өнгөрөөдөг байв.

Ариун сүмийн ойролцоох гэр бүлийн түүхийн төвийн захирал Москао ах ариун сүм хол учраас маш олон залуус ариун сүм рүү олон хоног аялах хэрэгтэй болдог ба ихэвчлэн бүлэг болон явж, тэндээ хэдэн өдөр хоноглодог гэдгийг мэддэг ажээ. Баптисмд оролцох, хоол идэх мөн ариун сүмд ёслолуудыг хийлгэж буй эцэг эх, удирдагчдаа хүлээх хооронд тэдэнд цаг их гардаг.

Тиймээс тэдгээр залууст чөлөөт цагаараа ариун сүмийн эргэн тойронд зугаалах боломж олгох хэрэгтэй гэж тэр боджээ.

Тэр бодлоо үйлдэл болгожээ.

Урилга

Тэр залуусыг гэр бүлийн түүхдээ урьж, тэдэнд хэрхэн FamilySearch индексжүүлэлтийг хийхийг зааж эхэлсэн гэнэ.

Эхлээд залуусын зарим нь ичиж, халширч байсан байна. Гэсэн ч Москао ах амьд бошиглогчдын үгст дуулгавартай байж, хүмүүсийг харанхуйгаас гэрэлд авчрах тухай ярихад залуусын сэтгэл нь хөдөлж байсныг дурдсан юм (Давид A.Беднар, “Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эргэх болно,” Лиахона and Ensign, 2011 оны 11-р сар, 24–27-г үз).

Ариун сүм болон гэр бүлийн түүхийн төв нэг дор орших нь маш чухал бөгөөд тэгснээр ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажил нь нэгэн агуу ажлын хоёр хэсэг гэдгийг гадаад байдлаараа харуулдаг. Бразилийн Кампинас ариун сүмийн ерөнхийлөгч Жорж А.Өүкс ариун сүмд ирж буй залуус суралцаж эхэлж байгаа нь сайхан хэрэг гэжээ.

Тэр мөн “Тэднийг гэр бүлийн түүх болон индексжүүлэх ажилд оролцуулснаар тэдний ариун сүмийн аялалын гол зорилго нь нас барагсдын төлөө баптисм хүртэх болсон юм. Одоо индексжүүлэх ажил нь тэдний ажлын нэг хэсэг болоод байна” гэжээ.

Оршил

Залуусыг төвд ирэх үед Москао ах болон уг төвд сайн дураараа ажилладаг номлогчид тэдэнд дараах зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь тусалж, товч мэдээлэл өгдөг байна.

  • Тэд Сион ууланд аврагчид болж байна (Обадиа 1:21-г үз).

  • Тэд бошиглогчийн дуудлагыг дагаж байна (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эргэх болно”-г үз).

  • Тэд бүртгэлийн газар болон сүмийн он удаан жил мартагдсан хальс, тоосонд дарагдаж үлдсэн номнуудын харанхуйгаас хүмүүсийг аварч байна. Индексжүүлэх ажил нь тэдгээр нэрсийг гэрэлд авчирдаг бөгөөд гэр бүлүүд нь тэднийг эрж олоход амархан болдог.

  • Энэ ажилд нэгдсэнээр тэд “үүрдийн сайн мэдээнд хамаарах бүх сэдвээс хамгийн алдартай нь болох нас барагсдын төлөөх баптисмд” (С ба Г 128:17) оролцдог.

  • Тэд гэр бүлүүдийг адисалдаг, нас барагсдыг гэтэлгэх агуу ажилд цаг заваа зарцуулж байна.

  • Бид бүгд Бурханы гэр бүлийн нэг хэсэг. Иймээс тэд өөрсдийн танихгүй хүмүүсийн нэрсийг индексжүүлэхийн сацуу гэр бүлдээ давхар тусалдаг.

  • Тэд хэрхэн индексжүүлэхийг ойлгосноор гэр бүлдээ болон тойрог, салбарынхаа бусад залууст индексжүүлэлтийг хийхэд туслах боломжтой болдог.

Москао ах болон номлогчид гэр бүлийн түүхийн төвийн компьютерийг ашиглан өсвөр насныханд хэрхэн индексжүүлэлтийг эхэлж, гэртээ очоод програмыг суулгаж, ашиглах талаар заадаг. Тэнд нэгэнт ойлгосон бол “агуу их эрч хүчтэйгээр ажиллаж эхэлдэг” гэж Москао ах хэллээ.

Гэр бүлийн түүхийн ажлыг хийх урам зориг

Энэхүү урам зоригийг бид тоон үзүүлэлтээс харж болно. 2012 оны эхний хоёр сард л гэр бүлийн түүхийн төвөөр зочлогчид 6,370 нэрийг индексжүүлсэн байна. Эдгээр нэрсийн 3,305-ыг 12-оос 18 насны залуучууд хийсэн байна. Индескжүүлэх ажлын цар хүрээ ихэссэнээр Кампинас гэр бүлийн түүхийн төв өглөө 8:00-аас орой 6:00 хүртэл сунгасан цагаар ажиллаж, заримдаа 10:00 хүртэл ажилладаг болсон байна.

Залуус хэдийгээр ариун сүмийг орхиж гэр рүүгээ явдаг байсан ч индексжүүлэх ажлыг орхидоггүй байлаа. Тэд гэртээ ирсэн үедээ Москао ахын хэлдгээр “өнөөдөр Сүмд байгаа 170,000 идэвхтэй индексжүүлэгч армийн” үүргээ биелүүлсээр байна. Маш олон залуус индексжүүлэх ажлыг хийснээр Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь болон Хувийн хөгжил дэвшлийнхээ зорилгыг биелүүлж байна.

Сайн нөлөө үзүүлэх нь

Энэ жилийн эхээр Бразилийн Эспирито Санто, Вила Велагийн 16 настай Изабела ээж, эгчийнхээ хамт ариун сүм рүү аялсан бөгөөд аяллынх нь сүүлийн өдөр эмээ нь нас бараад нэг жил болж буй өдөр таарсан байна. Изабела эмээгийнхээ өмнөөс баптисм хүртэж, ээж нь эмээгийнх нь төлөө өөр бусад ёслолуудыг хийлгэжээ.

“Би тэр аяллын үеэр ямар нэгэн сайн зүйл хийх ёстойгоо мэдэрсэн. Би индексжүүлэлтийг сурахыг хүссэн бөгөөд Хосе Москао ахаас тусламж авсан.

Би эмээгийнхээ төлөө баптисм хүртэх үед Сүнс надад хүчтэйгээр нөлөөлсөн. Хөшигний цаана мянга мянган хүмүүс цөхрөлтгүй хүлээж байгаа бөгөөд тэдэнд миний тусламж хэрэгтэй гэдгийг би ухаарсан. Би үйлчлэхэд цаг заваа зориулж, тэдгээр хүмүүсийн төлөө их зүйлийг хийж чадах байснаа ойлгосон. Индексжүүлэлт нь хайрын үйлчлэл юм” хэмээн Изабела ярив.

Ариун сүмийн аяллын үеэр Бразилийн Кампинас ариун сүмийн дүүрэг дэх залуус баптисмын ёслолуудад оролцож, тэдгээрийн хооронд гарсан чөлөөт цагаараа FamilySearch индексжүүлэх ажилд оролцдог болжээ.

Хосе А.Москаогийн гэрэл зураг