2012
Үгээр хүчирхэгжсэн нь
2012 оны аравдугаар сар


Үгээр хүчирхэгжсэн нь

Зураг
young man with a backpack

Гэрэл зургуудыг Хосуэ А.Рена болон Глориа Хаяатт

Өсвөр насныхан судрууд тэдэнд зааж, тэднийг тайтгаруулж, удирдсан тухай гэрчилдэг.

Цээжилсэн судар нь тэдэнд тусалсан тохиолдлын тухай ярихыг бид залуучуудаас хүссэн юм хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Г.Скотт 2011 оны аравдугаар сарын ерөнхий чуулган дээр хэлжээ. Тэдний хариултаас доор нийтлэв.

Миний сэтгэл санаанд ирсэн амар амгалан

“Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно” (С ба Г 121:7).

Олон жилийн турш надад хамгийн их тайтгарал өгсөн судар бол Бошиглогч Иосеф Смит Либерти шоронд байхдаа Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж гуйсан залбирал болох Сургаал ба Гэрээ121:7 юм. Би семинарт явж байхдаа энэ шүлгийг цээжилсэн бөгөөд тайтгарал хэрэгтэй болсон үед уг шүлгийг санадаг. Тэнгэр дэх Эцэг минь надад хайртай бөгөөд миний сорилт бэрхшээлүүдийг нэг бүрчлэн мэддэгийг энэ шүлэг надад сануулдаг. Сэтгэл санаа гонсгор, сул доройгоо мэдэрсэн үедээ амар амгалан байхын тулд би энэ шүлгийг ашигладаг.

Нэг удаа би тэнд байх ёсгүй нэг үдэшлэгийг орхиж гарахад энэ шүлэг надад тусалсан. Найз нар маань надад архи уух, тамхи татахыг санал болгоход би эелдгээр татгалзсан. Энэ шүлэг итгэл бишрэлийнхээ төлөө бат зогсоход хэрэгтэй хүч чадлыг өгч,

хүнд шийдвэр гаргахад надад тусалсан юм. Би найзтайгаа таван жил үй зайгүй нөхөрлөж байлаа. Бид хоёр хамт спортоор хичээллэж, аялалд хамт яван, долоо хоногийн амралтын өдөр бүрийг хамт өнгөрүүлдэг байлаа. Гэтэл найз маань арай ахмад насны өөр найз нартай болж, тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлдэг болсон бөгөөд би тэдэнтэй хамт байхыг хүсдэггүй байлаа. Эцэстээ би түүнтэй найз хэвээр үлдэх үү эсвэл Мэргэн Ухааны Үг болон ариун явдлын хуулийн талаарх итгэлээсээ няцах уу гэдгийн аль нэгийг сонгоход тэр намайг хүргэсэн билээ. Иймд би их гутарсан. Итгэдэг зүйлийнхээ төлөө бат зогсох нь ийм хэцүү байх юм гэж би огт мэддэггүй байжээ. Гэвч би шинэ найзуудтай болохоор сонгож, бүх зүйл сайн сайхан болно хэмээн Иосеф Смитэд өгсөн Тэнгэрлэг Эцэгийн амлалтыг дотроо үргэлж санадаг байлаа.

Итгэл бишрэлээсээ няцахаас дор юм байдаггүй. Иймээс би зөвийг сонгосноороо жинхэнэ бөгөөд өнө удаан үргэлжлэх баяр баясгаланг мэдэрсэн билээ. Энэ судар миний гэрчлэлийг бэхжүүлж, хэрэг болсон үед надад тусалсан юм.

Лорен Ж. нaс 16, Aрканзас, АНУ

Сул дорой зүйлүүд хүчирхэг болдог.

Хэдэн сарын өмнө ахлах сургуулийн элсэлтийн шалгалт болоход би шалгалтанд бэлтгээгүйгээ мэдэрсэн. Шалгалтаа сайн өгөх боломжгүй гэдгийг би мэдэж байлаа. Тиймээс би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирлаа. Намайг залбирч байхад дараах судрын үгс санаанд минь орж ирсэн: “Хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө (Ифер 12:27).

Тулгарсан сорилт бэрхшээлийг даван туулах хүч чадлын төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахад Тэр намайг адисалж, сул талаа ялахад тусалдгийг би мэдсэн билээ. Их Эзэнд асуудлаа танилцуулах нь миний гаргаж чадах хамгийн зөв шийдвэр байлаа. Тэр бол хамгийн гарамгай багш. Тиймээс Тэр надад тусалсныг би мэднэ.

Ирвин O. нaс 16, Эль Сальвадор

Байнга залбир

“Ялан дийлэгч болж гарахын тул чи ямагт залбир; тийм ээ, чи Сатаныг ялж гарахын тулд, мөн түүний ажлыг дэмжиж байдаг Сатаны зарц нарын гараас зугтаахын тулд буюу” (С ба Г 10:5).

Энэ шүлэг надад уруу таталтыг эсэргүүцэхэд тусалдаг. Би хийх гэж байгаа ямар нэг зүйлээ буруу гэдгийг мэдсэн үед энэ шүлэг болон түүний захиас миний санаанд орж ирдэг. Энэхүү өдөөлтийн дараа би залбирах бүрдээ тулгарсан уруу таталтыг даван туулахад хэрэгтэй тусламжийг хүлээн авдаг.

Жесс Ф. нас 17, Юта, АНУ

Би чамтай хамт байна

“Зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун, учир нь чамд эдгээр нь олон байх болно; гэвч тэдгээрийг тэсвэрлэ, учир нь, харагтун, би чамтай бүр чиний өдрүүдийн төгсгөл хүртэл хамт байх болно” (С ба Г 24:8).

Энэ судрыг цээжилсэн нь ялангуяа айдас төрж, ганцаардсан үед надад адислал болдог. Энэ шүлгийг санасан үед би зориг орж, санаа сэтгэл сайхан болдог. Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бидэнд ялангуяа хүнд сорилт бэрхшээл тулгарсан үед удирдамж, дэмжлэг хэрэгтэй байдаг. Зарим үед ирээдүй бүрхэг буюу урам хугармаар байхад ч гэсэн Их Эзэнд итгэж, Түүний халуун тэврэлтийг мэдэрч чадна гэдгийг би мэднэ.

Намайг бага байхад хэрэв би хийх ёстой зүйлээ хийвэл Их Эзэн үргэлж миний дэргэд байх болно гэдгийг гэрт болон Хүүхдийн Хэсэгт надад заадаг байлаа. Надад ингэж заадаг байсан болохоор бас энэ судрын ачаар би Түүнд үргэлж итгэн найдаж болно гэдгийг мэдсэн билээ.

София И. нас 15, Уругвай

Гэрэл зургуудыг Вэлдэн С.Андэрсэн болон Кристиан Илбанез